| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0392/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/429 |
| Огноо | 2018-11-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2018/ШЦТ/429
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0392/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгч Ш.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Бт холбогдох эрүүгийн 1818000000467 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ш.Б 1975 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 43 настай, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ш.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 15 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг 85 дугаар брак байрны 04 тоотод байх өөрийн гэртээ бэр дүү Б.У-г “согтуу үедээ охиноо загнаж болохгүй” гэж хэлэхэд нь “чамд хамаагүй” гэж маргалдан эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ш.Б нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 15 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг 85 дугаар брак байрны 04 тоотод байх өөрийн гэртээ бэр дүү Б.Уыг “согтуу үедээ охиноо загнаж болохгүй” гэж хэлэхэд нь “чамд хамаагүй” гэж маргалдан эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч Ш.Бын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...манай охин хичээлээсээ ирээд буцаад гарах гэхээр нь би “хаачих гээд байгаа юм, гэртээ бай” гээд загнасан. Тэгсэн******* босож ирээд “та яагаад хүүхэд загнаад байгаа юм, архи уусан үедээ битгий хүүхэд загнаж бай” гээд байхаар нь уур хүрээд “чамд ямар хамаатай юм” гэж хэлсэн. Тэгээд хэрүүл маргаан хийгээд байхаар нь уур хүрээд цохичихсон.******* “та яагаад намайг цохиод байгаа юм” гэхээр нь “чамайг цохисон ч яадаг юм” гээд дахиад нүүр хэсэг рүү нь 3-4 удаа цохисон.
...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Хохирогчид нэхэмжилсэн 480000 төгрөгийг нь төлж барагдуулсан. ” гэх мэдүүлэг,
-Хохирогч Б.У-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр манай найз залуу ******* бид 2******ийн төрсөн эгч болох ******ийн гэрт очсон. Тэнд очсон чинь ****** эгч, *******, ****** нар 1 шил архи хувааж уусан. Тэр өдрөө ******* хот явах байсан учир би огт архи уугаагүй. Тэдний гэрт би байж байсан бөгөөд унтаж байгаад сэрсэн чинь ******ын охин хичээлээсээ ирчихсэн байсан. Буцаад давтлагандаа явлаа гэсэн чинь ****** ах “юун давтлага вэ?, гэртээ бай” гээд цүнхийг нь аваад шидчихсэн. Тэгэхээр нь би ****** ахад хандаад “хүүе яагаад байгаа юм бэ?” гэж хэлээд найз *******сэрээх гэсэн чинь ****** “наадахаа сэрээж яах гэж байгаа юм.” гээд шууд над руу дөхөж ирээд миний нүүр хэсэг рүү 3 удаа цохисон. Тэгэхээр нь би охиныг нь “цагдаа дуудаарай” гэж хэлсэн. Гэтэл дахиад нүүр, толгой руу цохиод байсан. Эхнэр нь согтуу унтаж байснаа сэрээд “юу болоод байгаа юм бэ?” гэхээр нь би ******т “танай нөхөр миний нүүр рүү цохичихлоо” гэсэн чинь “яахаараа миний нөхөр чамайг цохидог юм бэ?” гээд байсан.
...миний толгой байнга өвдөөд эмчилгээ хийлгэж байгаа. Миний нүүр хавдаад хөхөрсөн, нүд хөхөрч хавдаад сайн юм харахгүй байгаа.
...гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хэргийн 4-5, 8-9/,
-Зөрчлийн хэргийг харьяалалын дагуу шилжүүлэх санал /хэргийн 6/,
-Гэмт хэргийн талаар гомдол хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 7/,
-Гэрч Ц.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... манай охин Энхзул сургуулиасаа ирээд цайгаа уугаад хувцсаа солиод гарах гэхээр нь нөхөр Ш.Б охиндоо хандан “чи хаачих гээд байгаа юм, гэр орондоо бай” гэж хэлтэл цаанаас Б.У орж ирээд нөхөр Ш.Бт хандан “та одоо болиоч, яагаад хүүхэд рүү дайраад байгаа юм” гэж хэлсэн. Нөхөр Ш.Б “чамд хамаагүй, би өөрийнхөө хүүхдийг өөрөө мэдэж байна, битгий миний амьдрал руу ороод бай” гэж хэлээд хоорондоо маргалдаад хэрүүл хийж байхдаа манай нөхөр Ш.Б баруун гараараа Б.Уын хацар руу 1 удаа цохисон. Б.У “та яаж байгаа юм бэ?” гэж хэлэхэд нөхөр Ш.Б “би чамайг цохихоор яадаг юм” гэж хэлээд дахиад баруун гараараа баруун хацар руу нь 2-3 удаа цохиход*******ын хамарнаас цус гарахаар нь би дундуур нь ороод “та нар яагаад муудалцаад байгаа юм.” гэж хэлээд салгасан. Б.У цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хэргийн 11/,
-Гэрч Ц.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нэг мэдсэн чинь******* сэрээсэн бөгөөд*******ын хамарнаас нь цус гарчихсан, нүүр царай нь хавдчихсан байсан. Тэгээд юу болсон талаар асуусан чинь “****** намайг зодчихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь “яагаад ****** чамайг зодсон юм.” гэсэн чинь “****** охиноо загнаад байхаар нь боль гэж хэлсэн чинь зодчихлоо.” гэж хэлсэн. гэх мэдүүлэг /хэргийн 12/,
-Б.Уын биед тархи доргилт, хамар ясны цууралт, баруун, зүүн нүдний зовхи, дотор салст, хацар, хамрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1027 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 15/,
-Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /хэргийн 32-33/
-Өвчний түүхийн хуулбар /хэргийн 34-42/,
-Хохирогч, яллагдагч нараас гаргасан баталгаа /хэргийн 47-48/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь ямар нэгэн дарамт шахалтгүйгээр хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Шүүгдэгч Ш.Б, хохирогч Б.У нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Ш.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Ш.Бын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т хамаарч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Ш.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.У-н эрүүл мэндэд “тархи доргилт, хамар ясны цууралт, баруун, зүүн нүдний зовхи, дотор салст, хацар, хамрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учирсан /хэргийн 15/ бөгөөд хохирогч Б.У нь 480000 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч Ш.Б төлж барагдуулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хариу өгсөн /хэргийн 65/ зэргээр нотлогдож байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ш.Б нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 15 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг 85 дугаар брак байрны 04 тоотод байх өөрийн гэртээ бэр дүү Б.Уыг “согтуу үедээ охиноо загнаж болохгүй” гэж хэлэхэд нь “чамд хамаагүй” гэж маргалдан эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Ш.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ш.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Ш.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш.Б-г гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ш.Б-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар торгох ялын 500000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Ш.Б-т үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Ш.Бт анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ