Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2018/00134

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ЭХБУТ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: УБЦТС ТӨХК-д холбогдох,

дулаан дамжуулах бойлер болон бохирын ус татан зайлуулах шугам ашиглалтын зардалд 116.673.957 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Намнансүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Түмэнжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батдэлгэр, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                                                         

 

         Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь эрчим хүчний барилга угсралтын чиглэлээр 1966 оноос хойш Хан-Уул дүүрэг, 3 хороо, Ажилчны өргөн чөлөө хаягт тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа ба “УБЦТС” ТӨХК-ийн Баруун түгээх төвтэй хөрш залгаа байрладаг. Манай компани нь дулаан хангамжийг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх зорилгоор халаалтын цогц /Ялтсан бойлерийн систем/ төхөөрөмжийг угсарч тоноглон 2006 онд ашиглалтад оруулж өнөөдрийг хүртэл хөрш зэргэлдээ байрлах “УБЦТС” ТӨХК-ийн салбар Баруун түгээх төвийн халаалт,      дулааны        асуудлыг шийдвэрлэсээр ирсэн. Энэ халаалтын цогц төхөөрөмж нь цахилаан, эрчим хүчээр ажилдаг ба жил бүр 10 сарын 01-ээс дараа оны 05 сарын 01 хүртэл 7 сар тасралтгүй ажиллуулдаг. Уг төхөөрөмжийг цахилгаанаар ажиллуулахад тогтмол гардаг “УБЦТС” ТӨХК-ийн салбар Баруун түгээх төвийн эрчим хүч ашигласны төлбөрийг манай компани өнөөдрийг хүртэл сар бүр давхар төлсөөр ирсэн. Түүнчлэн энэ хугацаанд уг байгууламжтай холбоотой ашиглалтын болон урсгал зардлууд болох трансформаторын алдагдал, дулааны ялтсан бойлерын засвар үйлчилгээ, цахилгаан ашигласан төлбөр, дулааны шугам хоолойн засвар үйлчилгээг зөвхөн манайх дангаараа хариуцан өөрөөсөө гаргаж ирсэн. Бидний зүгээс энэ хугацаанд “УБЦТС” ТӨХК болон түүний салбар Баруун түгээх төвд олон удаа эрчим хүч ашигласны төлбөрөө төлөх, уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал, хүсэлт илгээж, шаардаж ирсэн ч өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй. Энэхүү төлөлт болон уг байгууламжтай холбоотой ашиглалтын болон урсгал зардлуудыг дангаараа төлж ирснээс болж манайх эрчим хүч ашигласны төлбөрөө төлж чадахгүйд хүрч, эдийн засгийн хүнд нөхцөл байдалд ороод байна. Манай компани холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авч, өөрийн хөрөнгөөр 800 метр урттай 150 мм-ийн диаметр бүхий ширмэн трубатай бохирын шугамыг “Говь” үйлдвэрийн урдуур явах бохирын төв шугам хүртэл хийж ашиглалтад оруулж өнөөдрийг хүртэл засвар үйлчилгээ, ашиглалтыг хариуцаж байна. Харин “УБЦТС” ТӨХК-ийн салбар  Баруун түгээх төв нь 1998 оноос хойш манай бохирын шугамыг ашиглан бохироо зайлуулж ирсэн ба талуудын хооронд байгуулсан “Бохир усны шугам ашиглалтын гэрээ”-ний дагуу бохир усны шугамын ашиглалт, засвар үйлчилгээ, бохир ус зайлуулахтай холбогдон гардаг гэрээнд заасан 220.000 төгрөгийн төлбөрөө 2007 оны 08 сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл төлөөгүй ба төлбөрөө төлөхийг удаа дараа албан бичгээр шаардаж ирсэн. “УБЦТС” ТӨХК, түүний салбар Баруун түгээх төвийн эдгээр үйлдэл нь манай компаний эдийн засагт ноцтой хохирол учруулсан төдийгүй цаашид энэ байдал үргэлжлэх юм бол улам хүнд байдалд оруулахаар байна. Иймд Иргэний хуулийн 135.3, 140.2, 106.2-т тус тус заасны дагуу “УБЦТС” ТӨХК болон Баруун түгээх төвөөс дулаан дамжуулах бойлерийг ашиглан халаалт, дулааны асуудлаа шийдвэрлэж ирсэнтэй холбоотой гарсан цахилгаан, эрчим хүчний зардал, бохир ус татан зайлуулах шугам ашигласны төлбөрт 132.242.262 төгрөг гаргуулна гэжээ.

 

      Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: Манай байгууллагын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайх уг конторын барилгыг анх 1997 онд хүлээн авснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч байгууллагатай хөрш зэргэлдээ үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд манайх өөрийн хэрэглэсэн цахилгаан, дулаан, ус \бохир цэвэр ус\ зэрэг бүх зардлуудыг зохих байгууллагуудад нь цаг хугацаанд нь төлж байгаа. Өөрөөр хэлбэл 2007 оноос 2017 оны хооронд ус хэрэглэсний 16.762.751 төгрөг, дулааны зардал 86.369.106 төгрөг, цахилгааны зардал 61.017.815төгрөг төлсөн. Гэтэл нэхэмжпэгч цахилгаан зардал, бохир ус татан зайлуулах шугам ашигласны төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч дулаан ашиглахтай холбоотой гарсан зардлаа 2 байгууллагад тэнцүү хэмжээгээр хувааж нэхэмжилж байгаа ба 2 байгууллагын хэрэглээг авч үзвэл маш зөрүүтэй, өөрөөр хэлбэл манай байгууллага бол 'згбай бүхий 3 давхар барилгыг халаадаг, харин нэхэмжлэгч 3 давхар барилгаас гадна олон том үйлдвэр, обьектуудтай учир  2 байгууллагын хэрэглээний 10%-д ч хүрэхгүй хэмжээний дулаан хэрэглэдэг. Манай дулааны 2007-2017 оны хооронд дулааны төлбөр төлсөн баримтаас тодорхой байгаа бөгөөд нэхэмжлэгчийн хувьд ч гэсэн дулааны төлбөрийн баримтаас дулааны хэрэглээ нь харагдах юм. Гэхдээ ялтсан бойллероор дамжиж буй дулааны хэдэн хувийг нэхэмжлэгч, хэдийг хариуцагч ашиглаж байгааг шууд хэлэх боломжгүй юм. Нэхэмжлэгч шаардлагадаа ялтсан бойлерийг ажилуулахад гарч буй цахилгааны төлбөрт жилд 10,787,832 төгрөг нэхэмжилснийг дулаанаар хангах сар буюу 7 сард хуваахад 1 сард 1,541,118 төгрөг буюу өөрөөр хэлбэл ялтсан бойллерийг ажиллуулахад сард ийм цахилгааны зардал гардаг гэж үзсэн байна. Тэгвэл нэхэмжлэгчийн 2016 оны 1 сараас 2017 оны 9 сар хүртэл хугацааны цахилгааны хэрэглээг үзэхэд дулаан хэрэглэж буй сарын цахилгааны төлбөр дулаан хэрэглэдэггүй сарын цахилгааны төлбөрийн хооронд нэг их зөрүү гарахгүй байна. Тэгэхээр ялтсан бойлерийг ажиллуулахад 1,541,118 төгрөгийн цахилгааны төлбөр гардаг гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

       Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЭХБУТ ХХК нь дулаан хангамжийг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх зорилгоор халаалтын цогц /Ялтсан бойлерийн систем/ төхөөрөмжийг тоноглон 2006 онд ашиглалтад оруулж өнөөдрийг хүртэл хөрш зэргэлэдээ “УБЦТС” ТӨХК-ийн Баруун түгээх төвийн халаалт, дулаан, халуун усны асуудлыг шийдвэрлэсээр ирсэн. ЭХБУТ ХХК болон “УБЦТС” ТӨХК-ийн Баруун түгээх төвийн халаалт, дулаан, халуун усны асуудлыг шийдвэрлэж ирсэн ялтсан бойлерийн системийг ажиллуулахтай холбоотойгоор элэгдлийн зардал, засвар үйлчилгээний зардал /материаллаг зардал, засварын зардал, машин механизм, хөдөлмөр хамгаалал, бусад зардал/, төлбөр хураамж /химийн шингэн, тоолуурын үнэ, тохиргоо, ус дүүргэлт, дулаан залгах үнэ/ зэрэг ашиглалтын зардлуудыг ЭХБУТ ХХК дангаараа хариуцаж ирсэн. Уг ялтсан бойлер нь жил бүр 10 сарын 01-ээс дараа оны 5 сарын 01 хүртэл 7 сар тасралтгүй цахилаан, эрчим хүчээр ажилладаг ба төлбөрийг манайх сар бүр давхар төлж ирсэн. ЭХБУТ ХХК нь дулааны асуудлаа шийдвэрлэхийн тулд дулааны төв шугамаас өөрийн зардлаар гадна дулааны шугамыг татаж тоолуурын хамт суурилуулсан ба өнөөдрийг хүртэл уг тоолуурын заалтын дагуу УБЦТС ТӨХК- Баруун түгээх төв болон ЭХБУТ ХХК-ийн халуун усны хэрэглээний зардльг нийтэд нь ганцаараа төлсөөр ирсэн. Учир нь анх суурилуулсан гадна дулааны шугамд суулгасан тоолуур нь нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэгдсэн ба ЭХБУТ ХХК болон УБЦТС ТӨХК-ийн Баруун түгээх төвийн хулуун ус хэрэглээний зардал нь энэ тоолуурын заалтын дагуу ЭХБУТ ХХК дээр гардаг. Манайх холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авч, өөрийн хөрөнгөөр 800 метр урттай 150 мм-ийн диаметр бүхий ширмэн трубатай бохирын шугамыг “Говь” үйлдвэрийн урдуур явах бохирын төв шугам хүртэл хийж ашиглалтад оруулж өнөөдрийг хүртэл засвар үйлчилгээ, ашиглалтыг хариуцаж байна. Харин “УБЦТС” ТӨХК-ийн Баруун түгээх төв 1998 оноос хойш бохирын шугамыг ашиглан бохироо зайлуулж ирсэн ба гэрээнд заасан 200.000 төгрөгийн төлбөрөө 2007 :арын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл огт төлөөгүй. Дулааны ялтсан бойлур ажиллуулахтай холбоотой гарсан халуун усны хэрэглээний зардал, бохирын шугамын ашиглалтын зардал дор дурдсан байдлаар гарган нэхэмжилж байна. Дулааны ялтсан бойлур ажилуулсаны зардал: Элэгдлийн зардал 16.839.020 төгрөг гарснаас УБЦС ТӨХК-ийн Баруун түгээх төвөөс гарах зардал 8.419.510 төгрөг, засвар үйлчилгээний зардал 47.433.964 төгрөгийн тал хувь 23.716.982 төгрөг, төлбөр хураамж 4.393.777 төгрөгийн тал 2.196.889 төгрөг, ялтсан бойлерийн системийг ажиллуулахад гарсан цахилгааны зардал 79.896.643 төгрөгийн тал зардал 39.948.321 төгрөг, халуун усны хэрэглээний зардал 51.184.511 төгрөгийн тал нь 25.592.256 төгрөг, бохирын шугам ашиглсны зардал 16.800.000 төгрөг, нийт 116.673.957 төгрөгийг УБЦТС ТӨХК-иас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаас 15.568.305 төгрөгөөс болон Баруун түгээх төвөөс татгалзаж байна. 2 байгууллага хөрш залгаа үйл ажиллагаа явуулж, дунд нь суурилагдсан байгууламжийг ашиглаж байгаа тул ашиглалтын зардлыг Иргэний хуулийн 135.3, 140.2, 106.2-т зааснаар шаардах эрхтэй гэв.

 

       Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь ялтсан бойлер ажиллуулахад гарсан зардал гэх элэгдлийн үйлчилгээний зардал, төлбөр хураамж, цахилгааны зэрэг зардлынхаа 50%-ийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 135.3-т заасан заалт нь нэхэмжлэлийн үндэслэл, маргаанд хамааралгүй зохицуулалт байна. Учир нь нөгөө талын эрхийг зөрчсөн барилга байгууламж манайх бариагүй, барилгууд ханаар тусгаарлагдсан тул 140.2 хамаарахгүй, зардал гаргуулах маргаанд 106.2 үйлчлэхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

ЭХБУТ ХХК нь УБЦТС ТӨХК болон Баруун түгээх төвд холбогдуулан дулаан дамжуулах бойлер ашиглалтын зардал болон бохирын ус татан зайлуулах шугам ашигласны төлбөрт 132.242.262 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 15.568.305 төгрөгийн шаардлагаас, шүүх хуралдаан дээр хариуцагч Баруун түгээх төвд холбогдох шаардлагаасаа тус тус татгалзаж, 116.673.957 төгрөгийг УБЦТС ТӨХК-иас гаргуулахаар шаардлагаа тодоруулжээ.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 135.3, 140.2, 106.2-т зааснаар хөрш залгаа газарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагаас ашиглалтын зардлаа шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь Иргэний хуулийн дээрх зохицуулалт нь нэхэмжлэлийн үндэслэлд хамааралгүй тул шаардах эрхгүй гэж мэтгэлцлээ.

Нэхэмжлэгч нь 2006 онд Монгол улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан гэрээний дагуу хэрэгжүүлсэн төслийн хүрээнд дулаан хангамжийг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх зорилгоор ялтсан бойлерийн системийн төхөөрөмжийг угсарч тоноглон ашиглалтад оруулжээ.

Энэхүү ялтсан бойлерыг ашигласны зардлын тал хувийг хариуцагчаас гаргуулахыг хүссэн “Эрчим хүчний барилгын трест” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь нэхэмжлэгч тал 135.3, 140.2, 106.2-т зааснаар шаардах эрхээ хэрэгжүүлнэ гэж тайлбарласан ба дээрх хуулийн зохицуулалтууд нь хөршийн нөлөөллийг хориглон хязгаарлах эрх юм.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг барих, ашиглахыг хориглох буюу хөшийн нөлөөлөл үүсэн тохиолдолд зөрчсөн үйлдлийг зогсоохыг шаардах эрх нэхэмжлэгчид үүсэх ба тухайн тохиолдолд нөлөөлөл үүсээгүй байна.

Иргэний хуулийн 140 дүгээр зүйлийн 140.2-т заасан зохицуулалт нь хөршүүдийн хэн нэг нь нөгөө хөршийн зөвшөөрөлгүйгээр хилийн заагийн байгууламжийг өөрчилсөн, буулгасан бол нөгөө хөрш нь Иргэний хуулийн 106.2-т зааснаар шаардах эрхээ хэрэгжүүлэх юм.

Түүнчлэн Иргэний хуулийн 106 дугаар зүйлд шаардах эрхийг хэрэгжүүлэх эрхтэй этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч байхаас гадна тухайн эд хөрөнгийг эзэмшиж буй этгээдийн эзэмшил нь хууль бус байх 2 нөхцлийн аль аль нь зэрэг бүрдсэн тохиолдолд шаардах эрхээ хэрэгжүүлэх тул нэхэмжлэгч нь шаардах эрхгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр дулаан дамжуулах бойлер ашиглалтын зардал болон бохирын ус татан зайлуулах шугам ашигласны төлбөрт 116.673.957 төгрөгийг Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3, 140 дүгээр зүйлийн 140.2, 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар УБЦТС ТӨХК-иас шаардах эрхгүй гэж дүгнэн ЭХБУТ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 739.170 төгрөгийг улсын орлогод үлдээв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас дулаан дамжуулах бойлер ашиглалтын зардал болон бохирын ус татан зайлуулах шугам ашигласны төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг өөр үндэслэлээр гаргахад энэхүү шийдвэр нь саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3, 140 дүгээр зүйлийн 140.2, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан УБЦТС ТӨХК-иас дулаан дамжуулах бойлер ашиглалтын зардал болон бохирын ус татан зайлуулах шугам ашигласны төлбөрт 116.673.957 төгрөг гаргуулахыг хүссэн ЭХБУТ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 739.170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь УБЦТС ТӨХК-ийн Баруун түгээх төвд холбогдох шаардлагаасаан татгалзсаныг баталсугай.  

 

4. Хариуцагчаас дулаан дамжуулах бойлер ашиглалтын зардал болон бохирын ус татан зайлуулах шугам ашигласны төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч нь өөр үндэслэлээр гаргахад энэхүү шийдвэр нь саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ