Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2019/ДШМ/018

 

Э.Эд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч Э.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* /онлайн/, *******,

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2018/ШЦТ/302 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Эд холбогдох эрүүгийн 1814002410187 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Сартуул овогт Э.Э, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,

Э.Э нь 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр улсын дугааргүй мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.5-д заасан “...суурин газрын гаднах зам буюу 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад /зүүн гар тийш эргэх буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд/ түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно...” гэсэн заалт, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дугаар зүйлийн А/-д заасан “...согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багийн нутагт буюу сумын төвд байрлах Цагдаагийн хэсгийн байрны ертөнцийн зүгээр баруун урд талд ******* ******* дугаартай мотоциклтой мөргөлдсөн зам тээврийн осол гарч, ******* ******* дугаартай мотоциклийг жолоодож явсан иргэн Ч.Бын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Э.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Сартуул овогт Э.Эг авто тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар Э.Эий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар Э.Эд 1 жил хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, хэрэгжүүлэхийг нээлттэй хорих байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар Э.Эгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хохирогч *******оос сэтгэл санааны хохиролд 20.000.000 төгрөг нэхэмжилсэнийг хэрэгсэхгүй болгож, Э.Э нь хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар хэргийн газрын үзлэг хийсэн тухай СД нэг ширхэг, Э.Эгийн эрүүл мэндийн карт, рентген зураг, болон Э.Эгээс цус авсан дээж зэргийг эд мөрийн баримтаар тооцсон Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгчийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, СД-ийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэрэгт хадгалахаар, карт болон рентген зургийг эзэмшигч Э.Эд буцаан олгохоор, цусыг устгахыг Шүүхийн тамгын газарт тус тус даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар уг хэрэгт шүүгдэгч Э.Эгийн эзэмшлийн улаан өнгийн мотоцикль, 42 инчийн зурагт зэргийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож дээрх эд эүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Э.Эд буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар Э.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Э гаргасан давж заалдах гомдолдоо: Би өөрийнхөө буруутай үйлдэл буюу тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн буюу замын хөдөлгөөний дүрмийн 8.5-д заасныг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байна. Миний энэ буруутай үйлдлээс болж бусдын амь нас хохирсонд маш их харамсаж гэмшиж байна.

Надаас болж нэг эх үрээ алдаж, сэтгэлийн их зовлонд унасанд өдөр бүр бодож гэмшдэг билээ. Харин миний бие намайг буруутгаж байгаа бас нэг үндэслэл болох согтуурсан байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тухайн өдөр найзуудтайгаа хамт сууж байгаад өглөөний 11:00 цагийн үед 0.5 литр архинаас бага зэрэг уусан бөгөөд дараагийн архинаас ажилд орох гэж байгаа гэж хэлээд уугаагүй амсаад өгсөн, ингээд 12 цаг нилээн өнгөрч байхад гэртээ найзаараа хүргүүлсэн бөгөөд харингуутаа унтсан. Миний бие 8 цаг орчим унтаад босч ирээд шөлтэй хоол идсэн. Түүний дараа гэрээсээ гараад айлд очоод буцаж яваад осол гаргасан. Би гэрээсээ гарахад ямар нэгэн байдлаар согтуурч мансуураагүй унтаад сэрсэн, эрүүл байсан. Би мэдүүлэг өгөхдөө энэ байдлаа хэлсэн гэтэл эмнэлгийн ажилтаны хариуцлагагүй байдлаас болж миний цусны шинжилгээг шинжилгээнд тэнцэхгүй болгосон.

Мөн намайг осол гаргасны дараа айж сандарсан байхад эмнэлгийн ажилчид айж сандарсан архи үнэртүүлсэн байсан гэж мэдүүлсэн нь эргэлзээтэй санагддаг. Хэрэв би согтуурсан, мансуурсан байсан бол техник хэрэгсэл жолоодохгүй байх байсан. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж ял шийтгэлээс бага ч гэсэн хөнгөлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Э.Эгийн өмгөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалт буюу түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар гэснийг мөн заалтын /хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй/ гэснийг тус тус эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас болон шүүхээс Э.Эд холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчлэхдээ Э.Э согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг нь гэрч Б.Батцогт, ******* нарын мэдүүлгээр, мөн гэрч *******, *******гийн мэдүүлэг болон “...сийвэнд спиртийн зүйл тодорхойлох шинжилгээний шаардлагад тэнцэхгүй тул шинжилгээ хийх боломжгүй байна...” гэх нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэн Э.Эг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж зүйлчлэлийг хүндрүүлсэн нь шүүх хэргийг таамаглалд тулгуурлан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болно. Э.Эг тухайн хэрэгт холбогдох үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзсэн үндэслэл нь дээрх гэрчийн мэдүүлэг байх ба тухайн гэрчүүд нь таамаглалд тулгуурласан буюу мөрдөн байцаагчийн хөтөлсөн асуултад зөвхөн хариулсан шинжтэй байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг нь хоёр үндэслэлээр тогтоогдох ба нэг нь драйгер багажаар үлээлгэж тэмдэглүүлэх, нөгөө нь хэрэгт холбогдогчийн цуснаас авсан цусны дээжээр тогтоогдсон шинжээчийн дүгнэлтээр хөндлөнгөөс тогтоодог болохоос биш таамаглалд тулгуурласан шинжтэй байж болохгүй. Э.Эгийн цуснаас авсан дээжээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг нь хангалттай тогтоогдоогүй байна.

Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138/А131 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан "Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалган тогтоох журам"-н 2.4-т заасан ажиллагааг хийж, цус, шээснээс дээж авч хөндлөнгийн байгууллагаар тогтоох шаардлагатай байдаг ба энэ ажиллагаагаар Э.Эг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг нь тогтоогдоогүй. Гэтэл шүүх гэрчийн мэдүүлгийг үндэслэн хэргийг бүх талаас нь бүрэн гүйцэд бодитой тогтоох зарчмыг зөрчсөн. Шүүхийн шинжээчийн алдаатай хууль журмын дагуу явагдаагүй шинжилгээгээр, мөн тэдгээрийн ямар нэгэн алдаатай үйл ажиллагаанаас болж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордох ёсгүй. Шинжилгээгээр л тогтоогоогүй бол согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэл биш. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэдэг нь жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас согтолтын зэрэг 0.20 проммилээс дээш байх ойлголтыг хэлдэг ба энэ хэмжээнээс доош бол согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэл биш юм. Энэ нөхцөл байдлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт хэргийн материалд хуулийн хүрээнд авагдсан нэг ч нотлох баримт байхгүй.

Иймд Э.Эг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул шүүхээс Э.Энтүвшинд оногдуулсан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэж энэхүү гомдлыг бичиж байна.

Э.Э нь хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн, цаашид баримтаар учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, уг хэрэг болгоомжгүй байдлаар үйлдэгддэг, түүний ар гэр ахуй амьдралын нөхцөл байдал нь хүнд өөрөө энэ аваарын улмаас биедээ гэмтэл авч одоо ч гэсэн байнгын эмчилгээ хийлгэж эмнэлгээр хэвтэн эмчлүүлж байгаад шүүхээс цагдан хоригдсон. Тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд гадуур стортой, хагалгааны боолт зэргийг эмнэлгийн багаж хэрэгсэлээр хийлгэсээр байгаа, тэр үед авсан тархи толгойн гэмтэл нь одоо ч гэсэн эрүүл мэндэд нь нөлөөлж байнгын эм тариа хэрэглэж байдаг зэргийг харгалзан үзэж хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Э.Эгийн хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Э.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн хэрэг болох үед би архи уугаагүй эрүүл байсан гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийн зүйлчлэлийг өөрчилж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: /онлайн/ Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжин шүүх хуралдаанд оролцож байна. Э.Э нь согтуурсан байсан гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа. Иймд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэв.

Оролцсон прокуророос: Э.Эгийн үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүхээс гомдол эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл Э.Э нь 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр улсын дугааргүй мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.5-д заасан суурин газрын гаднах зам буюу 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад /зүүн гар тийш эргэх буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд/ түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно гэсэн заалт, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дугаар зүйлийн А-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багийн нутагт буюу сумын төвд байрлах Цагдаагийн хэсгийн байрны ертөнцийн зүгээр баруун урд талд ******* ******* улсын дугаартай мотоциклтой мөргөлдсөн зам тээврийн осол гарч, ******* ******* дугаартай мотоциклийг жолоодож явсан иргэн Ч.Бын амь насыг хохирсон үйл баримт болжээ.

Дээрх үйл баримт Э.Эд холбогдох эрүүгийн 1814002410187 дугаар хэрэгт авагдсан хохирогч *******, гэрч , , *******, , нарын мэдүүлэг, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаар шинжээчийн дүгнэлт, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 16 дугаар шинжээчийн дүгнэлт, ХХК-ийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 154 дүгээр дүгнэлт, Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 33/3 дугаар шинжээчийн дүгнэлтүүд, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр нэмэлт шинжээчийн дүгнэлт, Э.Э нь өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, дээр дурдагдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

Дээрх нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүдэгч Э.Эг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон түүнд хуульд заасан төрөл хэмжээний хүрээнд хорих ял оногдуулан шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ хувийн байдалд болон учруулсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Иймд шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Э.Э нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 70 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2018/ШЦТ/302 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эгийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 70 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                          ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

                      ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

                                        М.МӨНХДАВАА