Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 179

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2016/0195/Э/ Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа, Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ, Шүүгдэгч Б.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буян овогт Бямбаагийн Гантулгад холбогдох эрүүгийн 201609000370 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцлээ. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 27-нд Сэлэнгэ аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг 17 дугаар байрны 2в тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд: Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ял шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Буян овогт Бямбын Гантулга Регистрийн дугаар: МО81032715. 1. Үйлдсэн хэргийн талаар: Шүүгдэгч Б.Гантулга нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Б.Эрдэнэцогттой бүлэглэн 2016 оны 04-р сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг Нарантолгойн 1-33 тоотод оршин суух иргэн П. Болормаагийн гэрт нэвтрэн орж хөлдөөгч, гитар зэрэг эд зүйл хулгайлж бусдад нийт 460000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Б.Гантулгын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тухайн өдрийн он сарыг санахгүй байна ямар ч байсан 2016 оны 04 дүгээр сар байсан санагдаж байна. Би нэг хэсэг Эрдэнэцогтынд амьдардаг байсан юм. Тэгэхэд хашаанд нь Болормаа гэх эмэгтэй амьдардаг байсан юм. Тэгээд нэг өдөр Болормаагийн гэр эзэнгүй цоожтой байсан тухайн өдөр их шуургатай өдөр байсан санагдаж байна. Би хаалганых нь цоожийг очиж татаж үзэхэд цоож нь их хэврэг юм шиг санагдаж байхаар нь таттал цоож нь онгойсон. Тэгэхээр нь би гэрт нь орж цагаан өнгийн хөнгөн цагаан сав 2 ширхэг, ширмэн тогоо 1 ширхэг, 10 литрийн бетон 2 ширхэг байсныг нь аваад захын арын замаар явж байгаад захын дундуур гардаг ганц машины зам байдаг юм. Тухайн замаар явж байхад түүхий эд авах цэг байхаар нь тухайн эд зүйлийг 5000 төгрөгт зарсан юм. Тэгээд мөнгөө аваад Эрдэнэцогт дээр очиж хамт архи уусан юм. Тэгээд маргааш нь билүү тухайн өдөр нь билүү сайн санахгүй байна согтуу байсан болохоор. Би Эрдэнэцогттой зах дээр архи ууж байгаад Болормаагийн гэр нь онгорхой байдаг юм байна лээ хоёулаа очиж гэрээс нь ороод хөлдөөгчийг нь аваад зарчихъя гэхэд Эрдэнэцогт тэгье гэхдээ ямар машинд хийх юм гэхээр нь би Соната маркийн автомашинд багтана гээд би захын урд байх зогсоол дээр очиж машин хөлсөлсөн юм. Хөлсөлж байхад Атарбаяртай таарсан юм. Тэгээд хулгай хийх гэж байгаа талаар Атарбаярт хэлээгүй юм. Тэгээд Атарбаяр, Эрдэнэцогт нарын хамт Болормаагийн гэр рүү явцгаасан юм. Тэгээд Болормаагийн гэрийн гадаа ирээд хашаа руу нь ороод цоожийг нь аваад гэрт нь ороод Эрдэнэцогтын хамт хөлдөөгчийг нь мөн гитар байхаар нь аваад гарсан юм. Болормаагийн гэрийн цоожийг нь би эхлээд нэг ороод гарахдаа зүүгээд орхисон юм. Ингээд тухайн машиндаа хийгээр захын ард талын хаалгаар ороод ногоо зардагийн хажууд зогсоож байгаад хөлдөөгчөө гаргаад тавихад их олон хүмүүс ирээд зарах юм уу? гээд тойроод байхаар нь хамгийн эхний үл таних эмэгтэйд 60,000 төгрөгөөр зарсан санагдаж байна. гэхдээ итгэлтэй биш байна. Тэгээд жолоочид нь 3500 төгрөг өгөөд явцгаасан юм. Атарбаяр манай том эгчийн хүүхэд байгаа юм, тухайн өдөр хөлдөөгчийг нь дийлэхгүй байж магадгүй гээд Атарбаярыг хамт авч явсан юм. Гэхдээ Атарбаярт хулгай хийх гэж байгаа талаар хэлээгүй, жолооч болон Атарбаярт эгчийн хөлдөөгчийн авч ломбарданд тавих гэж байгаа гэж хэлсэн юм. Тэр өдөр согтуугийн халуунд л хулгай хийсэн. Би урьд нь 2005 онд төмөр замын холбооны утас тасалснаас болж ял шийтгэгдэж байсан юм. Тэрнээс хойш өөр ямар нэгэн хууль бус үйлдэл хийж байгаагүй. Учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. Хохирогч нь гомдолгүй гэж байгаа. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг, Хохирогч П.Болормаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 04 дүгээр сарын 19-ээс 2016 оны 04-р сарын 21-ний хооронд тосгонд дүүгийндээ байсан юм. Манай гэр 2 хоног эзэнгүй байсан юм. Тэгээд би 2016 оны 04-р сарын 21-ний өдөр гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоожийг эвдсэн байсан. Тэгэхээр нь гэр дотор ороход гэрт байсан хөлдөөгч, ширмэн тогоо, гитар, 3 ширхэг хөнгөн цагаан сав зэрэг эд зүйл алга болсон байсан тэгээд би цагдаад хандсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/ Шүүгдэгч П.Болормаа нь шүүхэд 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие нь Б.Гантулгаас хохиролд 390.000 төгрөг авсан ба одоо надад хохирол, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ, Гэрч П.Энхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний түүхий эд авах цэгт их олон янзын сав суулга гэх зүйл ирдэг. Тухайн зүйлийг ямар хүн авчирч байгааг мэдэхгүй авдаг юм. 2016 оны 04 дүгээр сард 2 ширхэг 10 литрийн бетон, ширмэн тогоо нэг үл таних хүн заръя гэж ирж байсан санагдаж байна. Гэхдээ яг ямар хүн гэдгийг мэдэхгүй байна. Бүртгэлийн дэвтэр байгаа гэхдээ тухайн дэвтэрт би хөтлөхдөө бетон, тогоо гэж бүртэгдэггүй харин зэс, хөнгөн цагаан гэх нийт тухайн өдрийн авсан дүнгээ бичдэг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/ Гэрч Б.Энхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Болормаа л надад гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. ...Өчигдөр буюу 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Эрдэнэцогт надад Болормаагийн хөргөгчийг найз болох Тулгаа гэх залуутай хулгайлсан талаар хэлсэн юм. Хэд хоног мөнгө хайж явсан юм гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/ Гэрч Ц.Төмөртогоогийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би толгойт руу таксинд хааяа явдаг юм, ингээд хэдэн сарын хэдэн байсныг санахгүй байна намайг Буян захын зогсоол дээр зогсож байхад 2 үл таних хүн такси хайгаад яваад байсан тэгээд над дээр ирээд чиний машин багаж томтой юм байна манай эгчийнх рүү яваад тэндээс хөлдөөгч аваад ломбарданд тавих гэсэн юм гэхээр нь би зөвшөөрөөд толгойт руу явсан. Тэгээд Толгойтын цагаан худаг гэх газарт ирэхэд цэнхэр хаалгатай айл байсан. Тэгээд тухайн үл таних 2 залуу бууж тус хашаа руу ороод 10 минут болсон байх. Тэгээд хөлдөөгч аваад гараад ирсэн. Тэгээд миний машины багажинд хийгээд зах руу яваад тэгээд махны үүдэнд ирэхэд махны эмэгтэйчүүд тухайн залуусыг хөлдөөгч аваад бууж ирэхэд “Би авна, би авна” гээд шаагилдаж байгаад нэг эмэгтэй нь аваад явсан. Тэгээд тухайн хөлдөөгчөө зараад надад хөлсний мөнгө болох 3.500 төгрөг өгөөд тэгээд би явсан. Миний харснаар хашааны хаалгыг зүгээр онгойлгож орсон. Тэгээд тус хашаан дотор байсан монгол гэрийн цоожийг нь түлхүүрээр онгойлгож байсан. Цоож болон хаалгыг нь эвдлээгүй. Гитар байсан. Тогоо байгаагүй. Тус 2 залуу тогооны талаар ярьж байсан гэхдээ авч гарч ирээгүй. Дараа нь би гадуур халтуур хийж байгаад нэг харахад арын цонх дээр гитар байхаар нь суусан хүмүүс мартсан юм байх гэж бодоод Буян захын зогсоол дээр зогсож байхад тухайн хөлдөөгч зарсан залуугийн нэг нь гэхдээ яг хэн нь гэдгийг нь санахгүй байна би хүн танихдаа их муу. Ирээд машинд ирж гитараа орхичиж гэхээр нь би өгсөн чинь надад баярлалаа гээд 5.000 төгрөг өгсөн тэгээд аваад явсан. Архи үнэртэж байсан. Хэр согтуу байсныг нь би мэдэхгүй. Миний машины урд бас нэг залуу байсан. Тухайн залуу юу ч мэдэхгүй надтай адилхан гайхаад хараад байсан. Тэгээд хөлдөөгч авч гарч ирээд зах дээр зарж байхад тухайн залуу яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 21, 23-р хуудас/ Гэрч Н. Атарбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “Би тус өдөр хэдэн сарын хэдэн байсныг санахгүй байна, би зах дээр явж байхад Эрдэнэцогт болон Гантулга нар согтуу явж байсан тэгээд надтай таараад юм яриад байж байхад гурвуулаа хамт яваад эгчийн гэрээс хөргөгч аваад ломбарданд тавья гэхээр нь би авахгүй шүү дээ би явахгүй гэхэд хамт явья гээд байхаар нь хамт явсан. Тэгээд захын урдаас Соната-3 маркийн автомашинд Эрдэнэцогт, Гантулга нар суугаад намайг суу гэхээр нь би суусан. Тэгээд Толгойт руу явсан. Тэгээд Эрдэнэцогт, Гантулга 2 явж байхдаа эгчийн гэрээс хөлдөөгч аваад зах дээр зарчихья гэж ярьж байсан. Тэгээд нэг хаяг дээр ирээд Эрдэнэцогт Гантулга нар хашаа руу ороод гарч ирэхдээ хөлдөөгч, гитар барьсан гарч ирсэн. Тэгээд жолоочийн хамт зах дээр очоод тухайн хөлдөөгчийг 50.000 төгрөгөөр зарсан санагдаж байна. Ингээд бид 3 мөнгөөрөө архи аваад би архинаас нь уугаад тэгээд явсан. Эрдэнэцогт, Гантулга нар толгойтруу явсан юм. Дараа нь харин Гантулгатай зах дээр таарахад Болормаагийн гэрээс авсан хөлдөөгч Эрдэнэцогт бид 2 хулгайлсан юм аа, тэгээд одоо цагдаа дээр шалгагдаж байгаа гэсэн. Тэгэхээр нь би цагдаа дээр ирж уулзах болсон юм, намайг хамт хулгай хийсэн гэж бодож магадгүй гэж бодоод цагдаа дээр ирсэн юм. Гантулга бол манай хамаатан байгаа юм, манай ээж Нарантуяагийн дүү юм. Харин Эрдэнэцогт бол манай толгойтын ах байгаа юм, эртнээс таних юм” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/ Гэрч Н.Бүрэнзэвсэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Гантулга нь Буян зах дээр архи уугаад явж байдаг залуу байгаа юм. Хааяа захын ард гэрийн тооно хийж байгаа харагддаг юм. Хамгийн сүүлд хэзээ харснаа санахгүй байна. Ямар ч байсан сонгуулийн үеэр явж байгаа харагдсан. Буян захын урд хүмүүстэй архи уугаад явж байсан. Надаас мөнгө асууж байсан юм. Одоо хаана байгаа талаар надад мэдэх зүйл алга. Би уул нь тааралдаад цагдаад мэдэгдсэн юм. Цагдаа нар ирэхэд Гантулга явсан байсан юм. Эрдэнэцогттой их найзалдаг байсан. Харин сүүлийн үед Эрдэнэцогт нь харагдахгүй байгаа юм. Гантулгыг хаана амьдардаг талаар би мэдэхгүй. Эрдэнэцогт хөлдөөгч хулгайлаад цагдаад баригдсан гэж ярьж байсныг нь мэдэх юм байна” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/ 1. Яллагдагч Б.Эрдэнэцогт мөрдөн байцаалтад өгсөн: “...Би найз болох Гантулгатай захын доор архи уугаад байж байгаад /тухайн өдөр хэдэн сарын хэдэн байсныг санахгүй байна/ Болормаагийн гэр онгорхой байдаг юм байна лээ гэрт нь ороод хөлдөөгчийг нь авчихъя машинд хийгээд ирэх үү гэхээр нь би машинд яаж багтах юм портер маркийн автомашинд хийхгүй бол болохгүй байх, мөн өдөр байна шүү дээ гэхэд Гантулга Соната маркийн автомашинд багтана гэхээр нь чи олоод ирээч гээд би захын хойд хаалга дээр хүлээж байхад Гантулга нэг Соната маркийн автомашинтай ирсэн. Жолоочийг нь мэдэхгүй, дугаарыг нь санахгүй байна. Тэгээд Гантулга бид 2 толгойт орж Болормаагийн гэрийн гадна ирж хашаа руу ороод Гантулга хаалгыг нь онгойлгосон байсан. Тэгэхээр нь би ороод бид 2 дотор байсан эд зүйлийг нь гаргаад хөлдөөгч болон гитар байсныг нь аваад гарсан юм. Ингээд бид 2 тухайн хөлдөөгчийг аваад махны зах дээр очиж зогсож байгаад үл таних эмэгтэй хүн ирээд зарж байгаа юм уу? гэхээр нь би тийм гэтэл хэдээр зарж байгаа юм гэхээр нь би 60.000 төгрөг гэтэл 50.000 төгрөгөөр өгчих гэхээр нь за тэгье гээд зараад тус мөнгөөр нь бид 2 архи авч уусан юм. Гитар ямар ч байсан машины ард байсан, хөлдөөгч зарсны дараа гитараа яаснаа би мэдэхгүй байна. Гантулга хэлэхдээ намайг тасарсан байхад зарсан гэж хэлж байсан. Намайг машинд суусны дараа Гантулга, Атарбаярыг дуудаж хамт яваад эгчийнхээс хөлдөөгч аваад ирье гэж хэлсэн. Тэгээд Атарбаяр явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/ Хэрэг учралын газарт 2016 оны 04 дугаар сарын 21-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6-р хуудас/ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 36-р хуудас/ Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 72-р хуудас/ Шийтгэх тогтоол 2005 оны 06-р сарын 09-ний өдрийн 94 дугаартай /хх-ийн 83-85-р хуудас/ Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 11-12-р хуудас / Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73-р хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа. Шүүгдэгч Б.Гантулга нь бусадтай бүлэглэн 2016 оны 04-р сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг Нарантолгойн 1-33 тоотод оршин суух иргэн П. Болормаагийн гэрт нэвтрэн орж хөлдөөгч, гитар зэрэг эд зүйл хулгайлж бусдад нийт 460000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн өгсөн мэдүүлгүүд хавтаст хэргийн 17, 19, 20, 21, 23, 24, 30, 52, 53 дугаар хуудас болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд Дархан-Уул аймгийн прокурорын газраас Б.Гантулгын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна. Иймд шүүгдэгч Б.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Гантулга нь Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ял шийтгүүлж 2005 оны 7 дугаар сарын 5-нд ялын хугацаа дуусаж суллагдсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан хугацаа өнгөрсөн байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч Б.Гантулга нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, тухайн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, уг хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж түүний эд хөрөнгийг нь хураахгүйгээр хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй байна гэж шүүх үзэв. Шүүгдэгч Б.Гантулга нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүйг дурдах нь зүйтэй байна. Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй ба Буян овогт Бямбын Гантулгын самсунг маркийн 50.000 төгрөгийн үнэлгээтэй гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа хүчингүй болгох нь зүйтэй байна.