Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 25

 

 А.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч П.Долгормаа,  Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний  өдрийн 139/ШШ2017/00356 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч  А.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч  Ш.А-д хариуцагдах 1000000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг  нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Б, хариуцагч Ш.А, нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 11 сарын 16-нд ******* нь манайд ирж мөнгөний хэрэг болоод байна, 1000000 төгрөг хүүтэй зээлчих гэж хэлсэн. Ингээд 1000000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн. Эхний үед алдаг оног хүүг нь өгч байснаа сүүлдээ хүү нь өсч байвал чамд хэрэгтэй биз дээ мөнгөний боломж алга гэсээр 2 жил шахам боллоо. Нийт 840000 төгрөг өгсөн. Хэрэв сар бүр 100000 төгрөгийн хүүг хүүгээс хүү тооцохгүйгээр бодох юм бол 2300000 төгрөг болно. Үүнээс 840000 төгрөгийг хасаад 1460000 төгрөг, үндсэн 1000000 төгрөгийг нэмээд 2460000 төгрөг болох байсан. Би өөрөө цалин болон малчны зээлтэй учраас хүү төлж явдаг. Хариуцагчийн тайлбартай танилцсан. 200000 төгрөг бэлнээр өгсөн гэж байсан. Тийм зүйл байхгүй, 200000 төгрөгийг бэлнээр өгөөгүй. Тиймээс үндсэн мөнгө 1000000 төгрөгийг  гаргуулж авах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Ш.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 11 сард *******оос 1000000 төгрөг зээлж авсан. Авах үед дэвтрийн булан дээр 1000000 төгрөг авлаа гэж гарын үсэг зурсан. Хоршооны дарга учраас олныг төлөөлж хоршооны ажил хөөцөлдөх гэж уг зээлийг авсан. Ингээд *******ийн 5462018835 тоот дансанд 2015 оны 12 сарын 16-нд 200000 төгрөг, 2016 оны 07 сард 200000 төгрөг бэлнээр, 2016 оны 10 сарын 28-нд 400000 төгрөг, 2016 оны 01 сарын 22-нд 140000 төгрөг, 2017 оны 12 сарын 08-нд 100000 төгрөг тус тус шилжүүлэн өгсөн. Удаа дараа уулзахад би хүү байхгүй гэж хэлж байсан. Нийт 1040000 төгрөг төлж барагдуулсан. Хаан банкны хажууд байхад 200000 төгрөгийг бэлнээр өгсөн. Өшөө ч мөнгө өгсөн гэж бодож байгаа. Миний хувьд энэ талаар баримт гаргаж ирүүлээгүй. Одоо ямар ч төлбөр тооцоо байхгүй. Төлбөр тооцоо дууссан гэв.

 

 

 

Анхан шатны шүүх:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч ******* овогт *******аас зээлийн төлбөрийн үлдэгдэл 140000 /нэг зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ид олгож, шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,  

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28550 /хорин найман мянга таван зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 4850 /дөрвөн мянга найман зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо: 2015.11.16-нд ******* нь манайд ирж мөнгөний хэрэг болоод байна. 1 сая төгрөг хүүтэй зээлчих гээд гэрээ хийгээд явсан. Сарын дараа утсаар ярьж мөнгөө авъя гэхэд хүүг нь төлж байя,  чи аваад өөр хүнд зээлчих юм чинь ялгаа байхгүй биздээ, мөнгөний боломж алга гэсээр  цувуулж 840000 төгрөг өгсөн.

... Үндсэн зээлийн мөнгөө олж авахаар арга буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх  шийдвэртээ нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй гэсэн үндэслэлээр 140000 төгрөг гаргуулахаар болж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгосон.

Хэрэв сар бүр 1 сая төгрөгийн хүүг хүүгээс хүү тооцохгүй бодвол 2300000 төгрөг болох байсан. Үүнээс 840000 төгрөгөө хасаад 1460000 төгрөг, үндсэн 1 сая төгрөгтэйгээ 2460000 төгрөг болох байсан. Би үндсэн 1 сая төгрөгөө гаргуулж авъя, бусдыг нь яахав гэж бодсон. 840000 төгрөгийг хүүнд нь бодъё гэж бодсон.  Хариуцагч 10 хувийн хүүтэй мөнгө зээлж гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрч байхад хүүг нь олгохгүй гэсэн шийдвэр гаргаж, намайг хохироож байгаад гомдолтой байна. Иймд миний гомдлыг шийдэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хууль ёсны шаардлагыг хангаагүй байх боловч Давж заалдах шатны шүүх өөрчлөн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

*******  нь 2015 оны 11 сарын 16-ны өдөр *******ид 1000000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлүүлсэн гэж нэхэмжилсэн, ******* 1000000 төгрөг авсан болон 840000 төгрөгийг буцааж төлсөн болохоо хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, мөнгийг 10 хувийн хүүтэй авсан гэдгээ хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй, шүүх энэ нөхцөл байдалд огт дүгнэлт хийгээгүй орхисон байна.

Мөн хэргийн 3 дугаар талд цугларсан нотлох баримт болох “11.16 ******* 1 сая төгрөг 10% хүүтэй барьцаагүй, *******- гарын үсэг 1 сарын хугацаа ... “ гэх бичвэр бүхий дөрвөлжин шугамтай дэвтрээс хуулбарлаж, нотариатаар батлуулсан нотлох баримтыг шүүх хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байна.

1000000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлдүүлэх талаар гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасан “... талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан ...” байх талаарх хуулийн шаардлагад нийцэж байх тул давж заалдах шатны шүүхээс дээрх нотлох баримтаар зохигчид 1000000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлсэн нь тогтоогдсон гэж үзсэн. Харин зээлийн гэрээг сунгасан нь нотлогдоогүй байх тул үндсэн зээл 1000000 төгрөг, түүний 1 сарын хүү болох 100000 төгрөг, нийт 1100000 төгрөгийн үүргийг хариуцагч гүйцэтгэх ёстой гэж үзэн түүний төлсөн 840000 төгрөгийг  хасч тооцон, үлдэх  260000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь хуульд нийцэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2 -д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 139/ШШ2017/00356 дугаар шийдвэрт дараах өөрчлөлтийг оруулсугай. Үүнд:

1.1 Шийдвэрийн 1 дүгээр заалтын .... “ 140000 / нэг зуун дөчин мянга/ төгрөг”-ийг гэснийг “260000 /хоёр зуун жаран мянга/ төгрөг”-ийг  гэж,

1.2  Шийдвэрийн 2 дугаар заалтын *******аас “ 4850 /дөрвөн мянга найман зуун дөч/ төгрөг”-ийг гэснийг “8450 / найман мянга дөрвөн зуун тавь/ төгрөг”-ийг  гаргуулж гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Т.БЯМБАЖАВ

                                             ШҮҮГЧИД                              П.ДОЛГОРМАА

                                                                                                  Ц.ОТГОНЦЭЦЭГ