Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2014/0382

 

2014 оны 09 сарын 24 өдөр                    Дугаар 382                                          Улаанбаатар хот

 

 

С.Б-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, С.Б-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б нэхэмжлэлийн шаардлагадаа: “Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2014 оны 03 сарын 12-ны өдрийн 6/15 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэгч С.Б-ийг 2013 оны 01 сарын 07-ны өдөр 6/04 тоот тушаалаар Засаг даргын тамгын газрын дарга хөрөнгө оруулалт, худалдан авалт хариуцсан мэргэжилтнээр гээд түр томилсон. Ингэж ажиллаж байх хугацаанд тухайн албан тушаалд сонгон шалгаруулалт явагдсан. Уг сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч тэнцэн нэгээр гарсан. Ийм байхад С.Бийг уг албан тушаалд жинхэлж томилсон тушаал шийдвэр гараагүй. Засаг даргын тамгын газрын дарга С.Б-ийг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг баримтлан албан тушаалаас нь халсан буруу юм.” гэжээ.

Хариуцагч анхан шатны шүүхэд өгсөн хариу тайлбартаа:

2

“С.Б-ийн Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2014 оны 03 сарын 12-ны өдрийн 6/15 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд өгсөн тайлбартаа: “Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасныг хэрэглэхгүй яасан юм бэ гэж байгаа нь ажлаа хангалтгүй биелүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа нь харагдаж байна. Нэхэмжлэгч хамгийн доод талын хангалтгүй гэсэн үнэлгээ авсан байгаа юм. Дутагдалтай үнэлгээ биш хангалтгүй гэсэн үнэлгээ авч албан үүргээ хангалтгүй биелүүлсэн байгаа юм” гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д заасныг тус тус баримтлан Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн "С.Бийг ажлаас халах тухай" 6/15 тоот тушаалыг хүчингүй болгож, С.Бийг аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр түр томилогдсон албан тушаалд эгүүлэн тогтоосугай ’ гэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Шүүх С.Бийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчлөө.

С.Б нь Засаг даргын Тамгын Газрын дарга буюу байгууллагын ерөнхий менежер албан хаагчтай үр дүнгийн гэрээ байгуулж, үр дүнгийн гэрээний биелэлтийг тухайн жилийн 06 дугаар сарын 20, 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор албан хаагчдаас илтгэх хуудсаар гаргуулан авч дүгнэдэг журамтай, журмын дагуу С.Баас 2013 оны гэрээний биелэлтийг илтгэх хуудсаар гаргаж ирүүлсний дагуу гэрээг дүгнэсэн. Гэрээг дүгнэхэд тэрээр үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2013 оны жилийн эцсийн байдлаар 46.6 хувьтай буюу “F” гэсэн дүнтэйгээр дүгнүүлсэн. Энэ нь төрийн албан хаагч С.Бийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн нь нотлогдож байгаа. Үүнийгээ хүлээн зөвшөөрч үр дүнгийн гэрээний илтгэх хуудсан дээр гарын үсэг зурсан байдаг.

 

 

       
   

 

 

/

 

 

 

 

 

 


 

Хэлтсийн ажилтнуудын хурал дээр хэлтсийн дарга Д. Оюунчимэг С.Б-т ажилдаа хариуцлагатай хандаж, цаг тухай бүр ажлаа чанартай сайн гүйцэтгэж байх талаар удаа дараа сануулж хэлж, арга зүйн удирдлагаар ханган

ажиллаж байсан.

Тухайлбал: Аймгийн Аудитын газрын 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 01/14 ҮАГ-ГАГ/2014/01-ГА албан шаардлагаар Аудитын газраас шаардсан баримт материалыг тогтоосон хугацаанд гаргаж ирүүлээгүй Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаанд саад учруулсан аймгийн Засаг даргын Тамгын Газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн холбогдох албан тушаалтнуудад Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулж, хариу мэдэгдэх албан '                  бичгийг ирүүлсэн. Эдийн засгийн хөгжлийн яаманд хүргүүлсэн зураг төсвийн үнийн

жагсаалтын дүнг буруу бичих, нийтийн тээврийн үйлчилгээний гэрээний гүйцэтгэлийг хугацаанд нь дүгнээгүй ба хугацаатай үүрэг даалгавар хэлтсийн дарга болоод бусад удирдлагаас өгөхөд хугацаанд нь биелүүлдэггүй, биелүүлсэн ч алдаа дутагдал гаргаж байдаг ялангуяа албан бичиг төлөвлөхдөө үг үсэг, утга найруулга зүйн алдааг байнга гаргадаг.

Ийнхүү хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандаж, удаа дараа алдаа дутагдал

гаргаж ажиллаж байсан С.Бийг Засаг даргын Тамгын Газрын даргын 2014

оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 6/15 дугаартай тушаалаар ажлаас халсан нь

хууль зүйн дагуу гарсан шийдвэр гэж үзэж байна.

Мөн шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг нарт хавтаст хэргийн материалыг танилцуулаагүй, шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт шүүх хуралдаанд гэрч М.Г нар оролцов гэж бичсэн хэр нь, анхан шатны шүүх хуралдаанд гэрч М.Г-г оролцуулаагүй шийдвэрлэсэн байдаг.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 26 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 26 дугаар шийдвэрээрээ С.Бийн Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 6/15 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж зөв шийдвэрлэсэн байна.

 

Архангай аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 6/15 дугаар тушаалд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан албан үүрэгтээ хайнга хандсан хэмээн С.Бийг ажлаас халах сахилгын

шийтгэл ногдуулсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” бол ажлаас халахаар зохицуулсан байна.

Хариуцагч С.Бийг ажлаас халсан тушаалаа үр дүнгийн гэрээний илтгэх хуудас болоод хурлын тэмдэглэлүүдээр зөвтгөдөг. Гэтэл энэхүү нотлох баримтууд нь түүний албан үүрэгтээ удаа дараа хайнга хандсан болохыг хангалттай, эргэлзээгүй байдлаар нотлохгүй байна.

Учир нь илтгэх хурлаар нэхэмжлэгч С.Бийн 2013 оны үр дүнгийн гэрээг дүгнэсэн гэх боловч уг илтгэх хуудсыг нэхэмжлэгчийг байхгүйд дүгнэсэн талаараа анхан шатны шүүх хуралдаан дээр тайлбарласан байна. Энэ нь Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 6 дугаар зүйлийн 6.1-д “Менежер нь гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө төрийн жинхэнэ албан хаагчтай ярилцлага хийнэ” гэх заалтыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.Бийн үйл ажиллагааны үр дүн “хангалтгүй” гэж үнэлэх болсон шалтгаан нь нотлох баримтаар тогтоогдсон байх

ёстой. Гэтэл хариуцагч давж заалдах гомдолдоо “нэхэмжлэгч Аймгийн Аудитын газраас ирсэн албан бичгийн хүрээнд шаардсан материалыг хугацаанд нь явуулаагүйн улмаас холбогдох албан тушаалтнуудад сахилгын шийтгэл ногдуулсан” гэх гомдол

нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Аймгийн Аудитын газрын албан шаардлага нь 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 01/14 ҮАГ/2014/01-ГА тоотоор ирсэн байх бол нэхэмжлэгч С.Б-ыг ажлаас халсан тушаал нь Аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдөр байна. Иймд цаг хугацааны хувьд маргаан бүхий захиргааны акт гаргасны дараа ирсэн албан шаардлагыг захиргааны актын үндэслэл болгож болохгүй.

Мөн “хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хавтаст хэргийн материалыг танилцуулаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй гэрчийг оролцуулсан

мэтээр бичсэн” гэх гомдол гаргажээ.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хавтаст хэрэгтэй танилцах эрхтэй, энэхүү эрхийн хүрээнд 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг, 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хариуцагчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ нар хавтаст хэрэгтэй танилцсан байна. Мөн түүнчлэн шүүхээс хэргийн оролцогчдод эрх үүрэг тайлбарлаж, нэхэмжлэлийн хувийг гардуулснаараа хуульд заасан үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна.

Харин шүүх хуралдаанд оролцоогүй гэрчийг хуралдааны ирцэд оруулан бичсэн нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохуйц алдаа биш бөгөөд техник алдаа байх учир дээрх гомдлын үндэслэлүүдээр шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 26 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж

заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын

журмаар гомдол гаргах эрхтэй.