Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2019/ШЦТ/317

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч С.Болорзул,

Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 1914006600406 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, ******* овогт *******н *******,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 4 дүгээр багийн нутагт байх иргэн *******ын гэрийн гаднаас 2019 оны 08 сарын 27-ноос 28-нд шилжих шөнө иргэн *******ын эзэмшлийн улсын дугааргүй мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хуул бусаар хулгайлж 800.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад: Шүүгдэгч ******* нь 2019 оны 08 сарын 27-ноос 28-нд шилжих шБаянхонгор аймгийн Шинэжинст сумын 4 дүгээр багийн нутагт байх иргэн *******ын гэрийн гаднаас *******ын эзэмшлийн улсын дугааргүй мустанг-5 маркийн мотоцикль хулгайлж бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь ...Хохирогч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2019 оны 08 сарын 27-ны өдөр хөдөөнөөс Шинэжинст сумын 4 дүгээр баг буюу сумын төвд мотоциклиор ирээд ах *******ын хашаанд тавьчихаад ******* ах болон түүний гэр бүлийн хүмүүсийн хамт Баянхонгор аймгийн төврүү явсан юм. Тэгээд төр шөнөө аймагт ирчихээд 2019 оны 08 сарын 29-ний өдөр эргээд Шинэжинст сумандаа очсон чинь ******* ахын хашаанд үлдээсэн миний мотоцикль алга болчихсон байсан. Тэгээд 2 хоног хайж байгаад дараа нь цагдаад мэдэгдсэн. ... Би мотоциклио *******аас хүлээж авсан. Мотоцикль одоо ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй зүгээр байгаа. Би мотоциклийн үнэлгээний төлбөрт 30.000 төгрөг төлсөн, мөн Шинэжинст сумаас аймгийн төвд ирхэд нэг талдаа 25.000 төгрөг төлж ирсэн. Одоо мэдүүлэг өгч буцахдаа бас л 25.000 төгрөг төлж явна. Тэгэхээр би одоо нийт 80.000 төгрөг нэхэмжилж байна ... гэсэн мэдүүлэг /ххийн 30-31/, Гэрч *******н мөрдөн байцаалтанд өгсөн ... 2019 оны 09 сарын сүүлээр манайхыг гэртээ байхгүй байхад ******* нь манай хашаанд цэнхэр өнгийн мотоцикль авчираад тавьчихсан байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 33/,

Гэрч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2019 оны 09 сард би гэрээсээ гараад дэлгүүр явж байхад ******* нь цэхнэр өнгийн мотоцикль унаад явж байгаа харагдсан. Тэгээд дэлгүүр орчихоод буцаад иртэл ******* нь унаж явсан мотоциклио үлдээчихээд яваад өгсөн байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 33/,

Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн ... Би дүү ын хамт сургуульдаа явах гээд Шинэжинст суманд ирсэн байхад 2019 оны 08 сарын 28-ны өдөр ******* нь дүү бид хоёр дээр ирээд ыг аймаг хамт явъя зардалгүй замд хань болоод яв гээд ыг араараа сундлаад явсан. Би араас нь замын машинд суугаад аймагт ирсэн. Маргааш нь 12 цагийн үед дүү надруу залгаад аймаг орж ирж байна гэхээр нь өмнөөс нь очиж дүүгээ тосож авсан. Тэр үед ******* нь цэнхэр өнгийн мотоцикльтой явж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 32/,

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2019 оны 08 сарын 27-ны орой 21 цагийн үед Баянхонгор аймгийн Шинэжинст сумын төвд байдаг ******* ахын хашаанд ортол 2 гэр нь цоожтой 2 гэрийн дунд нэг мотоцикль байхаар нь өөрт байсан мотоциклийн түлхүүрээр түлхэж үзхэд таарч байхаар нь мотоциклийг нь асааж унаад гэртээ авчирч тавьсан. Тэгээд маргааш өглөө нь сумын төвд байдаг гэх залуугийн очоод цуг аймаг явах уу гэхэд тэгье гээд хамт аймгийн төв явсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-52/,

“Энх-Нахиа” ХХК-ны эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 4-6/, Мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23-24/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан дээрхи нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч ******* нь алдагдсан 800.000 төгрөгийн үнэлгээтэй мустанг-5 маркийн мотоциклийг шүүгдэгчээс бүрэн бүтэн хүлээж авсан, харин “Энх-Нахиа” ХХК-ны эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлтийн төлбөр 30.000 төгрөг, хэргийн улмаас Баянхонгор аймгийн Шинэжинст сумаас Баянхонгор аймгийн Баянхонгор сумруу ирж буцсан унааны зардалт 50.000 төгрөг нийт 80.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байгаагаа мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн байна. Дээрх нэхэмжилсэн мөнгөний баримтууд нь хэргийн 21-22 дугаар хуудсанд авагдсан байх тул шүүгдэгч *******аас 80.000 төгрөг гаргуулж хохирогч *******д олгов.

Шүүх шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөртэй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн 5 тооны битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******н *******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас 80.000 төгрөг гаргуулж хохирогч Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 2 дугаар багт оршин суух хаягтай Уртбаярын Бямбажавд олгосугай.

7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн 5 тооны хонь битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА