Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2018/ШЦТ/432

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2018/0364/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,  

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,

Хохирогч ******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай,

Шүүгдэгч М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт  М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1718003360419 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,    М  1989 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М нь хохирогч О төрсөн охин болох    Ц.О Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн 25 дугаар байрны 35 тоотод иргэн О гэрт хамтран амьдарч байх хугацаандаа буюу 2017 оны 10 дугаар сард хохирогч О гэрт байсан төмөр сейфнээс монетон ээмэг 2 хос, монетон бөгж 3 ширхэг, шүрэн толгойтой, алтан нуухтай цагаан хаш хөөрөг 1 ширхэг, хув толгойтой мөнгөн нуухтай цагаан өнгийн хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М нь хохирогч О төрсөн охин болох    Ц.О Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн 25 дугаар байрны 35 тоотод хохирогч О гэрт хамтран амьдарч байх хугацаандаа буюу 2017 оны 10 дугаар сард хохирогч О гэрт байсан төмөр сейфнээс монетон ээмэг 2 хос, монетон бөгж 3 ширхэг, шүрэн толгойтой, алтан нуухтай цагаан хаш хөөрөг 1 ширхэг, хув толгойтой мөнгөн нуухтай цагаан өнгийн хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Шүүгдэгч М  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 10 дугаар сарын дундуур хамтран амьдрагч ****** хамт Дарханд хадмындаа амьдарч байсан. Сейфнээс 2 хөөрөг, монетон бөгж, 2 хос ээмэг хулгай хийсэн нь үнэн. Миний хуучин ажиллаж байсан газрын цалин буугаагүй, манай эхнэр жирэмсэн учир мөнгөний шаардлагатай байсан тул монетон бөгж, ээмгийг ломбардад тавих зорилгоор авсан бөгөөд ломбардад тавих гэж байхад ломбард орой болсон учир хаасан байсан. Тухайн өдөр хүнсний зүйл цуглуулж байгаад олон жил уулзаагүй найзуудтайгаа таарч орой уулзахаар тохиролцсон. Олон жил найзуудтайгаа уулзаагүй удсан учир хөөргөөр гангаръя гэж бодсон. Тэгээд Найзуудтайгаа уулзаад Ширээ нурууны тийшээгээ “Хараа” гол руу гараад согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэндээс шөнө буцаж ирээд найзуудтайгаа дараа уулзъя гэж хэлээд салахдаа өөрийн карманд уг ээмэг, бөгж, хөөрөг зэргийг тэмтэрч үзэхэд байсан. Таксинд суугаад гэрийн орцоор орж ирээд цаг харах үед шөнийн 3 цаг болж байсан. Гэрийн хаалгыг тогшсон боловч хаалга онгойлгож өгөөгүй. Тэгээд дээд давхар руу гарах шатан дээр тамхи татаад хүлээж сууж байгаад цааш юу болсныг сайн санахгүй байгаа. Ямар ч гэсэн гэртээ орсон. 1 хөөргийг нь буцааж өгсөн. Хохирогчийн хулгайд алдсан гэж байгаа эд зүйлийг бүгдийг нь хулгайлж авсан нь үнэн.

...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Ажил төрөл хийж хохирлыг төлж барагдуулна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

-Хохирогч О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний нөхөр бид хоёр 40 гаруй жил хамт амьдарсан. Бид хоёр дундаасаа 4 хүүхэдтэй хоёулаа тэтгэвэрт байдаг. Бид хоёр баян тарган амьдралтай хүмүүс биш. Бид хоёр тэтгэврээрээ амьдардаг эгэл жирийн хүмүүс. Бусдаас ялгарах зүйл гэвэл бүх улсуудад сайхан сэтгэлээр ханддаг учир манай гэрт хүний хөл тасарна гэж хэзээ ч байдаггүй. Ийм л амьдралаар сэтгэл хангалуун амьдарсаар ирсэн.

...миний нөхөр 3 дугаар эмнэлэгт өвчиндөө шаналж, хүмүүс маш сайхан сэтгэлээр хандаж байхад манай хүргэн шүүгдэгч М  бидэнд ингэж хандана гэж бодоогүй. Ийм сайхан хүмүүс дунд нэлээн олон сар амьдарчхаад яаж ингэж хулгай хийж чаддаг байнаа.

 ...шүүгдэгч М нь хулгайч, худалч, зальтай, садар самуун хүнийг гэртээ оруулж охинтойгоо нийлүүлсэн нь хамгийн буруу зүйл байсан. Бид нарын үнэт эдлэлүүд хүнээс нэг их онцгой гойд зүйл байхгүй ч гэсэн намайг “Алдарт эхийн одон” авахад хүүхдүүдийн маань надад бэлэглэсэн нэг ээмэг, өвгөн бид хоёрын хос бөгж, мөн миний хүүгийн хуримын бөгж байсан. Бид хоёрын хувьд маш их дурсамжтай бөгөөд үр хүүхдийн миний сэтгэлийн бэлэг, эцэг эхийгээ хайрласан хайрын бэлэг байсан. Тиймээс би уг алдсан эд зүйлүүдийг гадуур авч явж байгаад хаячих байх гээд гэртээ сейфэндээ хайрлаж хадгалж байсан.

...манай өвгөн хөөрөгний цуглуулгатай. Манай өвгөний өөрийнх нь барьдаг үнэтэй хөөрөг гэдгийг шүүгдэгч сайн мэдэж байсан учир авсан гэж үзэж байгаа. Учир нь цүнхэнд 5-6 ширхэг хөөрөг байхад тэр дундаас хамгийн үнэтэйг нь авсан байсан. Шүүгдэгч санаатайгаар уг хөөргийг аваад манай өвгөн өвчтэй учир уг хөөргийг өөр хөөрөгтэйгээ андуурна гэж бодсон байх. Уг хөөргийг хэнд өгсөн гэдгээ санаатайгаар  хэлэхгүй байгаа гэж бодож байна.. Шүүгдэгч хэнд ямар мэдүүлэг өгөхөө мэддэг хулгайч хүн байна. Шүүгдэгч М шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх хэрэгтэй. Миний хувьд 250000 төгрөгөөр үнэлэгдсэн хөөргөө буцаан авсан. “Оюу Толгой”ХХК-нд ажилд орох гэж байгаа, мөнгө хэрэгтэй гэж хэлж зээлж авсан 250.000 төгрөг, шүүгдэгч аавыгаа өнгөрсөн гэж худал хэлж буяны мөнгө гээд миний явуулсан 100000 төгрөг, нийт 350000 төгрөгийг нэмж нэхэмжилнэ. Иймд бэлэн мөнгө 350000 төгрөг, алдагдсан эд зүйлийн үнэ 13376000 төгрөг, нийт 13726000 төгрөгийг   Ц.М-с  нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,

-Хохирогчоос Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 14/,

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 13/,

-Эд зүйлийг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 17/,

-Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 19/,

-Гэрч Ц.О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ээж Оюунгэрэл маань над руу 10 дугаар сарын 30-ны өдөр яриад “ээжийнхээ ээмэг бөгжийг таксинд тавиад явуулчих” гэхээр нь би тэр өдөр нь үзэж амжаагүй юм. Тэгээд 10 дугаар сарын 31-ний мягмар гаригийн өглөө ээжийн ээмэг бөгж, аавын хөөрөгнүүд хадгалдаг миний өрөөнд байдаг сейфнээс ээжийнхээ ээмэг, бөгжийг авахаар үзтэл аавын хөөрөгний хамт ээжийн бүх үнэт эдлэл алга болсныг мэдсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 25-27/,

-Гэрч Д.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай гэрт хулгай ороод хэрэг нь танай дээр шалгагдаж байгаа. Миний эхнэр хохирогчоор явж байгаа. Манай эхнэр гэрээс алт, монетон эмэг, бөгжнүүд, миний шүрэн толгойтой, алтан нуух, дунд гарын хаш хөөрөг алдсан гэж хэлсэн байна. Би өчигдөр Улаанбаатар хотоос гэртээ ирээд эд зүйлээ шалгатал миний бас нэг хөөрөг алга болсон байна. Тэр нь том өрөөний шкафны баруун жигүүрийн доод шургуулганд байсан цагаан өнгийн шахмал хөөрөгний бэлдэц. Энэ нь дунд гарын, би өөрөө точилдож байгаад буландаа дээшээ босоо цуурсан байсан. Улаан хув толгойтой, голдоо нүхтэй, дээр нь мөнгөн цэцэг хатгасан, мөнгөн нуухтай байсан ба алга болсон байна. Энэ алдсан зүйлсийг эхнэрийн хэлсэн зүйл дээр нэмж хэлмээр байна.” гэх мэдүүлэг /хэргийн 38/,

- “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар 13376000 /арван гурван сая гурван зуун далан зургаан мянга/ төгрөг байна.” гэх 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 43-44/,

- “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 250000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг байна.” гэх 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 50-51/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

Шүүгдэгч М нь хохирогч О төрсөн охин болох    Ц.О Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн 25 дугаар байрны 35 тоотод хохирогч О гэрт хамтран амьдарч байх хугацаандаа буюу 2017 оны 10 дугаар сард хохирогч О гэрт байсан төмөр сейфнээс монетон ээмэг 2 хос, монетон бөгж 3 ширхэг, шүрэн толгойтой, алтан нуухтай цагаан хаш хөөрөг 1 ширхэг, хув толгойтой мөнгөн нуухтай цагаан өнгийн хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч М  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.О-д 13626000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2018 оны 11 дүгээр сарын 02, 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтуудаар /хэргийн 43-44, 50-51/ нотлогдож байх бөгөөд хохирогч Ц.О нь алдагдсан улаан өнгийн хув толгойтой, цагаан өнгийн металан цэцэг, нуух халбагатай чулуун хөөргийг хүлээн авсан болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 19/ хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Ц.-оос төлөгдөөгүй үлдсэн 13376000 төгрөгийг гаргуулж, хохирогч ******д олгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Хохирогч   Ц.О нь шүүгдэгч   Ц.М-с  “Оюу Толгой”ХХК-нд ажилд орох гэж байгаа, мөнгө хэрэгтэй гэж хэлж зээлж авсан 250.000 төгрөг, шүүгдэгч аавыгаа өнгөрсөн гэж худал хэлж буяны мөнгө гээд миний явуулсан 100000 төгрөг, нийт 350000 төгрөгийг нэмж нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өгч байгаа боловч энэ гэмт хэрэгтэй холбоогүй байх тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч М нь хохирогч О төрсөн охин болох    Ц.О Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн 25 дугаар байрны 35 тоотод хохирогч О гэрт хамтран амьдарч байх хугацаандаа буюу 2017 оны 10 дугаар сард хохирогч О гэрт байсан төмөр сейфнээс монетон ээмэг 2 хос, монетон бөгж 3 ширхэг, шүрэн толгойтой, алтан нуухтай цагаан хаш хөөрөг 1 ширхэг, хув толгойтой мөнгөн нуухтай цагаан өнгийн хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч М  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч М нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч М  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч М  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн нөхцөл байдлыг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч М нь энэ хэрэгт 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 54 /тавин дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэснийг дурдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч    М ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 13626000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч    М ыг 1 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М  оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М  энэ хэрэгт 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 54 /тавин дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М-ээс 13376000 /арван гурван сая гурван зуун далан зургаан мянга/ төгрөг гаргуулж, хохирогч О-д олгож, 350000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, 1.9-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Я.ТУУЛ