Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2017/02751

 

 

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2017/02751

Улаанбаатар хот

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  Э Ц ХХК-ний нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.Э-т холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 279 115 900 төгрөг гаргуулах, Э Ц  ХХК-иас 439 266 750 төгрөг гаргуулахыг хүссэн Г.Э-ийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батхүү /үнэмлэх 22208/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяраа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхбаатар /үнэмлэх 1514/, шинжээч Ө.Эрдэнэбаяр, гэрч Ж.Мягмаржав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э Ц ХХК нь Г.Э2015 оны 3-р сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хороонд баригдсан “WM” үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилгын цонх, хаалга, шилэн фасадны ажлыг хийж гүйцэтгэхээр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Гэрээгээр 325 000 000 төгрөгний ажил гүйцэтгэхээр тохирч, 2015 оны 7-р сарын 29-ний өдөр ажлаа дуусгаж цонх суулгасан акт хийж хүлээлцсэн. Ажлын хөлс 300 000 000 төгрөгийг 2015 оны 8-р сард өгсөн. Энэ нь ажлын хөлсний 93 хувийг нь өгсөн гэсэн үг. Ажлаа хүлээлцэхдээ цонх, фасад, хаалгаа хэмжиж 208.11 м.кв цонх, 21.18 м.кв хаалга, 866.79 м.кв шилэн фасад, 23.4 м.кв тамбур хийгдсэн байсан. Тамбур нь фасадны материалаар хийгдсэн учраас нийтдээ 889.83 м.кв фасад хийгдсэн байна гэж үзсэн.  Нийт фасадны хэмжээ нь 872.62 м.кв, хаалга 21.18 м.кв, 208.18 м.кв цонх хийгдэж гэрээнээс 10 940 4400 төгрөний ажил илүү хийгдсэн байсан. Нэгдүгээр гэрээнээс 300 000 000 төгрөгийг төлж 25 689 000 төгрөгийг төлөөгүй. Дараа нь 2015 оны 6-р сарын 1-нд 2 дахь гэрээ байгуулж барилгын цахилгаан, галын дохиолол, интернет, домофон, хяналтын камер суурилуулах ажлыг 130 000 000 төгрөгөөр тохирсон. Цахилгааны ажлыг 2016 оны 4 дүгээр сарын 28-нд дуусгаж, туршилт хийж актаар хүлээлцсэн. 2016 оны 6-р сарын 02-нд галын дохиолол, камерын  ажлыг шалган хүлээлгэж өгсөн. Ингээд барилгыг 2016  оны 6-р сарын 13-ны өдөр улсын комисс хүлээн авсан байдаг. Барилгын цахилгааны ажлыг Г.Э тохирохдоо 2 давхрын гэрлийг манай тал авч хийж өгнө гэж гэсэн боловч 2015 оны 12-р сарын 06-ны өдөр Ж.Мягмаржав нь өөрөө 52 ширхэг гэрлээ худалдан авна гэсэн тул 936 000 төгрөгийг би дансаар шилжүүлсэн. Бүх ажлыг сайн хийж гүйцэтгэсэн. 2 дахь гэрээний хөлс 130 000 000 төгрөгийн төлбөрт тус барилгын 2-р давхарт 60 м.кв бүхий оффисийн зориулалттай талбайг Э Ц ХХК-ний өмчлөлд шилжүүлэхээр тохирсон боловч бусдад худалдсан  байсан. Ингээд өмнөх гэрээний төлөөгүй хөлс 25 689 000 төгрөг, алданги 12 849 000 төгрөг нийт 38 547 000 төгрөг, 2 дахь гэрээний төлбөр 130 000 000 төгрөг, алданги 65 000 000 төгрөг нийт 195 000 000 төгрөг нийт 233 547 000 төгрөгийг нэхэмжилсэн. Э Ц ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч юм. Г.Г.Энь нийт 455 689 000 төгрөгийн ажил үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татвар болох 45 568 900 төгрөгийг манайд төлөх ёстой. Иймд Г.Э279 115 900 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяраа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Э Ц ХХК нь гүйцэтгэсэн ажлаа актаар хүлээлгэж өгсөн зүйлгүй. Барилгын тухай хуульд зааснаар актаар хүлээлгэж өгөхийг шаардсан ч өгөөгүй. Нэгдүгээр гэрээний ажлыг дутуу, 2-р гэрээний ажлыг бас дутуу хаяад явсан. Бид өөрсдөө мөнгө гаргаж улсын комисст хүлээлгэн өгсөн. Шинжээч томилуулж дүгнэлт гаргуулсан.  Шинжээчийн дүгнэлт үнэн зөв бодитой гарсан. Нэгдүгээр гэрээнээс 49 272 700  төгрөг, 2 дугаар гэрээнээс 49 022 300 төгрөгийн ажлыг гүйцэтгээгүй гэдгийг тогтоосон. Учирсан хохирол баримтаараа байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяраа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид зураг төслийн дагуу 100 хувь Э Ц  ХХК-ний хөрөнгөөр камер, цахилгаан, утас, домофон, интернэт зэрэг ажлуудыг 2015 оны 6 дугаар сарын 01 өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 01 өдрийн хооронд хийж гүйцэтгүүлэх, ажлын хөлсөнд 60 м.кв талбай бүхий үйлчилгээний талбай шилжүүлэхээр 02 тоот гэрээг байгуулсан. Энэ ажлыг бүрэн хийгээгүй гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Барилгын интернет, камер, домофон зэргийг суулгуулсан материал нь чанартай эсэх нь эргэлзээтэй. Бидэнд ажлаа танилцуулаагүй, стандартын дагуу тайлагнаагүй. Э Ц ХХК нь ажил гүйцэтгэхдээ хууль зөрчсөн учраас бид хүлээн авах боломжгүй. 1-р гэрээнээс 162 844 500 төгрөгний ажил гүйцэтгээгүй, гэрээний 4.4-т заасны дагуу алданги 81 422 250 төгрөг нийт 244 266 750 төгрөгийг, 2-р гэрээнээс хийгээгүй ажлын хөлс 130 000 000 төгрөг, алданги 65 000 000 төгрөг нийт 195 000 000 төгрөгийн хохирол учирсан. Иймд Э Ц ХХК-иас нийт 439 266 750 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 1 дэх гэрээний дагуу ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэж өгсөн. 2 дахь гэрээний дагуу ажлыг 2015 оны 6-р сарын 1-нд хүлээлгэж өгсөн. Нотлох баримт  шинжлэн судлахад нотлогдоно. Барилгыг улсын комисс хүлээн авсан, шаардлага үндэслэлгүй. Э Ц ХХК-ний хийсэн бүх ажлыг гүйцэтгээгүй гэж манайхаас бүхэлд нь нэхсэн. Нэхэмжлэгчээс нэхэмжилсэн 439 266 750 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шинжээч Ө.Эрдэнэбаяр дүгнэлтээ тайлбарлахдаа: Шүүгчийн захирамжийн дагуу Э Ц ХХК-тай байгуулсан 2 гэрээний биелэлтэнд дүгнэлт гаргасан. 1 дүгээр гэрээгээр 300 000 000 төгрөний фасадны ажил, 2 дугаар гэрээгээр 130 000 000 төгрөгний ажил гүйцэтгэхээр байна. Бид дүгнэлт гаргахдаа үнэлгээний мэргэжилтэн Золбоо, холбооны болон цахилгааны инженер зэрэг мэргэжлийн хүмүүсийг оролцуулан би өөрөө ахлаж 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр, 4 дүгээр сарын 10-ны өдөр, 6-р сарын 20-ны өдрүүдэд талуудыг байлцуулан үзлэг хийж, бодитой гүйцэтгэсэн ажлыг нэг бүрчлэн тогтоосон. Фасадны ажлыг үнэлэхдээ гэрээнд заасан хэмжээгээр үнэлсэн. Захирамжид зааснаар “гүйцэтгээгүй ажлын үнэлгээг” гаргасан бөгөөд Э Ц ХХК нь 1 дэх гэрээгээр 49 272 700 төгрөгийн, 2-р гэрээгээр 49 022 300 төгрөгийн нийт 98 295 000 төгрөгний ажлыг дутуу гүйцэтгэсэн байсан. Нэгдүгээр гэрээний дагуу хаалга 21 м.кв бүрэн хийсэн, цонх 268.23 м.кв хийхээс 64.46 м.кв-ийг дутуу хийсэн. Шилэн фасад 769.68 м.кв хийхээс 104.71 м.кв-ийг дутуу хийгдсэн. Эдгээр ажлыг нэхэмжлэгч тал дутуу хийсэн. 2 дугаар гэрээнээс 8 төрлийн ажил хийхээс цахилгааны ажил бүрэн хийгдсэн боловч 1, 9 дүгээр давхарын монтаж, 3 дугаар давхрын далд цахилгааны утаснууд, 2 дугаар давхарт 5 гэрэл дутуу тавигдсан, 3 давхарын электрон тоолуур утасны ажил хийгдээгүй ажлын гүйцэтгэл 73 хувьтай байсан. Энэ нь үнийн дүнгээр бодож гаргасан дүн байгаа. Цахилгааны утсыг газарт булах ажил бүрэн хийгдсэн. Телефоны ажил, бүх утаснууд татагдсан боловч салаалагч болон залгуурнууд хийгдээгүй, ажлын гүйцэтгэл 51 хувьтай байсан. Зоорийн давхарт тавигдах ёстой зарлан мэдээллийн самбар тавигдаагүй, 1.8 м-н өндөртэй шкаф  тавигдаагүй, диспютчерүүдийн тоног төхөөрөмжүүдийг тавьсан байх шаардлагатай байсан. Энэ ажил хийгдээгүй. Компьютерийн сүлжээ утас татагдсан боловч сүлжээнд холбогдоогүй, ашиглалтанд оруулахын тулд өөрсдөө свич тавьж холбосон. Ажлын гүйцэтгэл 85 хувьтай. Кабелийн телевизийн утас татагдаагүй байсан. Мөн 4 давхарын айлын хаалганы хонх алдагдсан үүнийг ажлын гүйцэтгэлд оруулсан. Галын дохиолол хэвийн ажиллаж байгаа. Хяналтын камер хэвийн ажиллаж байгаа боловч, 4, 5, 6, 7, 8 давхарт тавигдаагүй 12 ширхэг камер суулгуулхаас 7 ширхэг суурилуулсан байна. Гэрээнд хавсаргасан төсвөөр, гүйцэтгэсэн ажлын үнэлгээг гаргасан байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд, гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э Ц ХХК  нь Г.Э, Ж.М нарт холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 279 115 900 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл, хариуцагч нар нь Э Ц  ХХК-иас 439 266 750 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч нь Ж.Мягмаржавт холбогдох шаардлагаасаа татгалзсан тул энэ хэмжээгээр багасгасан гэж үзэж, хариуцагчийн хүсэлтээр түүнийг гэрчээр оролцуулж хэргийг хэлэлцлээ. Шүүх Э Ц ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагаас 200 343 600 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, бусад хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

            Э Ц ХХК нь Г.Э2015 оны 3-р сарын 18-ны өдөр 01 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, Баянгол дүүргийн 4-р хорооны нутагт баригдсан “WM” үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилгын 268 м.кв цонх, 21 м.кв хаалга, 769.68 м.кв шилэн фасадны ажлыг гүйцэтгэх, захиалагч 325 000 000 төгрөгний хөлс төлөхөөр, 2015 оны 6-р сарын 1-ний өдөр 02 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, тус барилгын цахилгаан, галын дохиолол, интернет, домофон, дотор, гадна хяналтын камер суурилуулах ажлыг гүйцэтгэх, захиалагч 130 000 000 төгрөгийн хөлсөнд 60 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбай шилжүүлэхээр /хх 6-10/ тус тус тохирчээ.

 

             Ажил гүйцэтгэгч Э Ц ХХК нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг захиалагч дутуу төлсөн гэж маргасан бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “ажлыг гүйцэтгэж актаар хүлээлгэж өгөөгүй, өөрсдөө мөнгө гаргаж барилгыг улсын комисст хүлээлгэж өгсөн” гэж тайлбарлажээ.

 

   Талууд 01 тоот гэрээний дагуу ажлын хөлс 300 000 000 төгрөгийг шилжүүлсэн талаар маргаагүй, харин бусад  25 689 000 төгрөгийг төлөх эсэх талаар талууд маргасан байна.

 

   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагчийн хүсэлтээр ажил гүйцэтгэгч Э Ц ХХК-ний гүйцэтгээгүй ажлын үнэлгээг шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд   шинжээч Итгэлт-Эйстимэт ХХК-ний 2017 оны 06-р сарын 29-ний өдрийн дүгнэлтээ /хх 108-134/ гаргажээ.

 

   Шинжээч дүгнэлт гаргахдаа талуудыг байлцуулан үзлэг хийж, гүйцэтгээгүй ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах хөдөлмөр, материал, тээвэр, механизмын зардал, төлөвлөгөөт хуримтлал, бусад нэмэгдлийг тооцож үндэслэл бүхий дүгнэлт гаргасан гэж үзнэ. 

 

   Талуудын гэрээгээр тохирсон ажил, шинжээчийн дүгнэлт, талуудын тайлбарыг үндэслэн Э Ц ХХК-ний гүйцэтгэсэн болон гүйцэтгээгүй ажлын хэмжээ, үнэлгээг тооцох нь зүйтэй. Үүнд: 21 м.кв хаалганы ажлыг бүрэн гүйцэтгэсэн, энэ талаар маргаагүй, 268.53 м.кв цонх хийхээс шинжээчийн дүгнэлтээр 204.07 м.кв цонх хийсэн гэж тооцсоныг нэхэмжлэгч зөвшөөрсөн, 769.68 м.кв шилэн фасадны ажил хийхээс 664.97 м.кв шилэн фасад хийж, бусад 104.71 м.кв нь чулуун фасадны ажил хийгдсэн, чулуун фасадны рамыг нь Э Ц ХХК хийж, чулууг нь захиалагч гаргасан талаар талууд тайлбарласан, мөн 23.4 м.кв тамбурыг фасадны материалаар хийж хэмжээ нь өөрчлөгдсөн нөхцөл байдлаас дүгнэвэл шилэн фасадны  ажлыг бүхэлд нь гүйцэтгэсэн гэж үзнэ. Шинжээчийн дүгнэлтэд татуурга хийгдээгүй гэсэн боловч талууд энэ талаар маргаагүй байна.

 

Ажил гүйцэтгэгч Э Ц ХХК нь 1 дэх гэрээгээр хүлээсэн ажлаас 268.53 м.кв цонх хийхээс 204.07 м.кв цонхыг хийж хүллэгэж өгсөн, үүнээс 64.46 м.кв цонхыг хийгээгүй байна. Гэрээний хавсралтад /хх 191/ цонхны 1 м.кв-ийн үнийг 320 000 төгрөгөөр тооцож нийт 85 929 000 төгрөгийн ажил гүйцэтгэхээс 204.07 м.кв цонх буюу 65 302 400 төгрөгийн ажлыг гүйцэтгэж, 20 626 600 төгрөгийн ажлыг гүйцэтгээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь 01 тоот гэрээгээр тохирсон ажлын хөлс 25 689 000 төгрөг гаргуулахаар шаардсан байх ба үүнээс 20 626 600 төгрөгийг хасч 5 062 400 төгрөгийг захиалагч төлөх үүрэгтэй байжээ.

   Гэрээний 4.4-т захиалагч хөлс төлөх үүргээ билүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцож алданги төлөхөөр тохирсон байх тул 50 хувиас хэтрээгүй хэмжээний алданги 2 531 200 төгрөг нийт 7 593 600 төгрөгийг ажил гүйцэтгэгчид төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.

 

            Талууд 2015 оны 6-р сарын 1-ний өдрийн 02 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-гээр тус барилгын цахилгаан, галын дохиолол, интернет, домофон, дотор, гадна хяналтын камер суурилуулах ажлыг гүйцэтгэх, захиалагч 130 000 000 төгрөгийн хөлсөнд 60 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбай шилжүүлэхээр /хх 6-10/ тохирчээ.

 

            Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссийн 2016 оны 6-р сарын 27-ны өдрийн 2016/230 тоот актаар тухайн барилгыг байнгын ашиглалтад оруулсан /хх 42-90/ байх ба ашиглалтад орсноор үйл ажиллагаа явуулж байна.

 

            Ажил гүйцэтгэгч цахилгаан, галын дохиолол, интернет, домофон, хяналтын камер суурилуулах ажлыг хийж гүйцэтгэж актаар хүлээлгэж өгсөн /хх 150-152, 153-168/ байх ба ашиглалтын явцад эвдэрсэн, алдагдсан зүйлсийг ажлын гүйцэтгэлд оруулан тоооцсон байна. Харин хяналтын камер 12 ширхэг тавигдахаас 5 камер тавигдаагүй байх тул гэрээний хавсралтад заасан үнэлгээнээс /хх 192/ 1 500 000 төгрөгийг хасч тооцож 130 000 000 төгрөгийн ажлаас 128 500 000 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн гэж дүгнэлээ.

 

   02 тоот гэрээний  4.4-т захиалагч хөлс төлөх үүргээ билүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцож алданги төлөхөөр тохирсон байх тул 50 хувиас хэтрээгүй хэмжээний алданги 64 250 000 төгрөг нийт 192 750 000 төгрөгийг ажил гүйцэтгэгчид төлөх үүрэгтэй, гэрээгээр тохирсон 60 м.кв бүхий үйлчилгээний талбайг шилжүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 7 593 600 + 192 750 000 = 200 343 600 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт гүйцэтгэсэн ажил үйлчилгээний орлогын 10 хувиар тооцож нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган авч төсөвт төвлөрүүлэх үүрэгтэй тул нийт 455 689 900 төгрөгийн ажил үйлчилгээний орлогын 45 568 900 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

Татвар төлөгч нь  энэ талаар татварын тайландаа тусгаж тайлагнасан нь баримтаар нотлогдоогүй байна.

 

                                                 Сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

Хариуцагч нь Э Ц ХХК-иас  439 266 750 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 01, 02 тоот гэрээний дагуу ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажил, захиалагчийн төлсөн ажлын хөлс, ажил хүлээлцсэн актууд, барилга байшинг улсын комисст хүлээлгэн өгсөн акт, одоо байнгын ашиглалтаар үйл ажиллагаа явуулж байгаа, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудад үнэлэлт дүгнэлт хийж үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хийгээгүй ажлын хөлсийг хасч тооцож шийдвэрлэсэн болно.

 

01 тоот гэрээгээр гүйцэтгэх ажлаас 162 844 500 төгрөгний ажил гүйцэтгээгүй, 02 тоот гэрээний ажлыг огт гүйцэтгээгүй гэж үзэж 130 000 000 төгрөгийг алдангийн хамт гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй.

 

Түүнчлэн гэрч Ж.Мягмаржавын “...WM барилга нь гэр бүлийн хэрэгцээний барилга, захиалагч нь Г.Эрдэнэцэцэг, хөрөнгө оруулагч нь Кореа мотор ХХК, захиалагчийг төлөөлж гэрээ хийсэн” гэсэн мэдүүлгийн талаар талууд маргаагүй, харин “...2-р гэрээний ажлыг огт хийгээгүй” гэсэн гэрчийн мэдүүлэг үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017-01-16-ны өдрийн 21 тоот шийтгэх тогтоол /хх 24-30/ нь нэхэмжлэлийн шаардлага, татгалзалтай хамааралгүй, хэргийн 153-189, 190 дэх талд авагдсан баримтуудаар маргаагүй байна.

 

Шүүхийн зардлыг үндсэн нэхэмжлэлийн зарим хэсэг хангагдсан, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон хэмжээгээр шинжээчийн хөлс 1 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                             ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1 дэх хэсэг, 352-р зүйлийн 352.1 дэх хэсэг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5-р зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Э-ээс200 343 600 /хоёр зуун сая гурван зуун дөчин гурван мянга зургаан зуу/ төгрөг гаргуулж Э Ц ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 78 772 300 төгрөгийн нэхэмжлэл, Э Ц ХХК-иас иас  439 266 750 /дөрвөн зуун гучин есөн мянга хоёр зуун жаран зургаан мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулахыг хүссэн Г.Э-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 711 500 төгрөг, хариуцагчаас төлсөн 2 361 283 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, Г.Э1 159 668 /нэг сая нэг зуун тавин есөн мянга зургаан зуун жаран найм/ төгрөг гаргуулж Э Ц ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Г.Эшинжээчийн зардалд 1000 000 /нэг сая/ төгрөг гаргуулж Итгэлт-Эстимэйт ХХК-д олгосугай.  

 

4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                 Р.АЛТАНТУЯА