| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0378/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/393 |
| Огноо | 2020-12-15 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2020/ШЦТ/393
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч Б.Бат-Оргил,
Шүүгдэгч *******,
Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000414 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, Барилгын техникч мэргэжилтэй, малчин, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт**************,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багт байрлах Хаан банкны АТМ буюу бэлэн мөнгөний автомат машинаас иргэн М.Мөнхтулга нь 410.000 төгрөг авхаар картаа уншуулсан боловч бэлэн мөнгөө авахгүй орхиж явсныг олж авч гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшил ашиглалтад байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад: Шүүгдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багт байрлах Хаан банкны АТМ буюу бэлэн мөнгөний автомат машинаас иргэн М.Мөнхтулга нь 410.000 төгрөг авхаар картаа уншуулсан боловч бэлэн мөнгөө авахгүй орхиж явсныг олж авч гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшил ашиглалтад байгааг мэдсээр байж завшсан болох нь
Хохирогч******* ... 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 14 цаг 50 минутын үед Баянхонгор аймгийн төвд байрлах Хаан банкны АТМ буюу бэлэн мөнгөний машинаас өөрийн хаан банкны 5246164984 тоот дансанд байх мөнгөнөөс 410.000 төгрөг авахаар ороод АТМ уншуулаад авах гэтэл гүйлгээ цуцлагдлаа гэсэн мэдээлэл дэлгэцэн дээр гарч ирхээр нь картаа аваад явсан. Тэгээд 1 цагийн дараа интернет банкаар гүйлгээ хийх гэтэл миний данснаас 410.000 төгрөг хасагдсан байсан. Хаан банкны 1800-1917 дугаарлуу залгаж гомдол гаргахад гүйлгээг шалгаад эргээд хариу мэдэгдье гэсэн. 2020 оны 10 дугаар сарын 06-ны өглөө дахин 1800-1917 дугаарлуу холбогдож асуухад гүйлгээ чинь хийгдсэн байна таны мөнгийг арын чинь хүн аваад явсан байна гэсэн мэдээлэл өгсөн. Би хаан банкны интернет банк ашигладаг болохоор надад мессежээр гүйлгээний мэдээлэл ирдэггүй юм. Миний ард хүмүүс зогсож байсан тэнд таньдаг хүн байгаагүй … Би тухайн өдөр АТМ-ын машинаас мөнгө гарч ирэхгүй байхаар нь АТМ-ын салбараас гадагшаа гараад машин дотроос юм аваад буцаж орж ирээд хүнд өгсөн юм. Гараад удаагүй буцаад орж ирсэн юм. Би өөрийнхөө машинаа төв хаалганы тэнд байрлуулсан байсан юм. Намайг буцаад орж ирэхэд мөнгийг авсан гэх эмэгтэй хүн зөрж гарсан эсэхийг анзаараагүй юм байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-7, 15-16/,
Шүүгдэгч *******гийн ... Би дөнгөж очсон чинь машинаас бэлэн мөнгө гараад ирэхээр нь хүнд нь өгөх гээд АТМ-с гарсан юм. Гадаа гархад ганц нэг хүмүүс байсан ба яг хамгийн анх миний оочирлож байсан АТМ-ын машин дээр зогсож байсан хүн шиг харагдахгүй байсан юм. Тэгэхээр нь тэр мөнгийг өөрийнхөө мөнгөнөөс тусад нь хийчихээд өөртөө байлгаж байсан юм. Тэгээд өөртөө байлгаж байгаад сүүлд хохирогчийн мөнгийг түүний дансруу хийсэн юм. Тэр хүнд өөрт нь өгөх байх гэж бодсон юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51/, Хохирогч******* 5246164984 тоот Хаан банкны данснаас 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 15:00 цагт 410.000 төгрөгийн зарлагын гүйлгээ АТМ- ээс хийгдсэн талаарх депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 8/,
2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хяналтын камерт үзлэг хийсэн “...Баянхонгор сумын 10-р багт байрлах төв Хаан банкны Ехргезз банк буюу орлого зарлагын АТМ 827 дугаартай АТМ-ыг харуулсан камерийн бичлэгт үзлэг явуулав. Үзлэгийг 2020 оны 10 сарын 05-ны өдрийн 14 цаг 59 минутаас эхлүүлэн үзэхэд хар савхин куртиктэй нүдний шилжтэй залуу АТМ-рүү картаа хийж гүйлгээ хийх гэж байгаад картаа аваад 15:00:22 минутанд явж хар савхин куртик, улаан цамцтай, жижиг хар цүнхтэй, цагаан никльтэй, үсээ сүлжсэн эмэгтэй хүн тухайн АТМ дээр очоод 15:00:42 секүндэд мөнгө аваад гарч байгаа бичлэгийг 14:59:36 секүндээс 15:01:02 секүнд хүртэлх бичлэгийг эд мөрийн баримтаар хураан авахаар тогтов ...” гэх тэмдэглэл /хх-ийн 13-14/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ. Иймд шүүгдэгч *******г гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь хохирогчид учруулсан 410.000 төгрөгийг хохирогчийн дансруу шилжүүлж баримтыг хэргийн 40 дүгээр талд хавсаргасан байх бөгөөд хохирогч М.Мөнхтулга нь гомдол саналгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин бусдад төлөх төлбөргүй, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүх шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг дискийг хэрэгт хадгалж, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч******* овогт Хүчинбаатарын*******г гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******гийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий дискийг хэрэгт хадгалсугай.
6. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА