| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2020/0177/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/201 |
| Огноо | 2020-05-13 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2020/ШЦТ/201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2020/0177/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,
Шүүгдэгч Д.М- /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Д.М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2018001490206 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.М 1970 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ...........төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувиар группт байдаг, ам бүл 5, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.М- нь 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багт байрлах Төрийн банкны хажуугийн машины зогсоолоос...ДАР улсын дугаартай соната-6 маркын тээврийн хэрэгсэлээр үйлчлүүлэхдээ машинд үлдээсэн Б.Р-гийн 486000 төгрөг бүхий бор өнгийн гар цүнхийг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж, бага хэмжээнээс дээш буюу 511000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
-Шүүгдэгч Д.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…гэм буруугийн асуудал дээр маргаан байхгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4/,
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-13/,
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-13/,
-Хохирогч Б.Р-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 19 цагийн орчим Шарын гол сумын Хайрхан багийн 9 дүгээр байранд байрлах Төрийн банкаар нөхөр *****ы хамт ороод нөхрийн группийн мөнгө болох 486000 төгрөг авсан. Тэгээд өөрийн гар цүнхэндээ хийгээд тэр банкнаас гараад алхаад таксины зогсоол дээрээс *****улсын дугаартай саарал өнгийн соната-6 маркын машинд хоёулаа арын суудал дээр нь суугаад хамтдаа Дархан баг Тосгоны 7-06 тоотод гэртээ хүргүүлсэн юм.
...”тэгээд машины чинь ард хүрэн өнгийн гар цүнхээ үлдээсэн байна, хараад өгөөч” гэсэн чинь жолооч нь “тийм цүнх байхгүй байна, би яваад очъё” гээд нилээд удаж байгаад ирэхдээ “би сая вокзал дээр 3 хүн буулгачхаад ирлээ” гээд ирэхээр нь машин дотор нь гар цүнхээ хайгаад олоогүй.
...би өөрийн алдсан эд зүйл болон мөнгөө бүгдийг нь тоо ёсоор нь буцаан хүлээн авсан учраас одоо надад гаргах санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-18/,
-Гэрч З.Х-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гэр рүүгээ ороод удаагүй байтал манай эхнэр “цүнхээ гээчихсэн байна” гэж хэлээд гэрээс гараад явсан юм. Таксинд хаячихсан байна гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21/,
-Гэрч Г.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 03-ны 18 цаг 50 минутын орчмын Төрийн банк руу харсан камерын бичлэгийг шүүж үзэхэд иргэн Б.Р- нөхөр *****ы хамт Төрийн банкнаас гараад авто зам дээрээс машинд суухдаа өөрийн гар цүнхээ сугандаа үүрчихсэн машинд сууж байгаа бичлэг байсан.
...Б.Р-д уг бичлэгийг үзүүлж, автомашин дотор гар цүнхээ мартаж буусан нь тодорхой болсон юм.” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 27/,
-Эд зүйл эрэн сурвалжлах тухай тэмдэглэл / хавтаст хэргийн 35/,
-Эд зүйл, баримт бичиг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 36, 51-52/,
-“Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үеийн үнэ цэнэ нь 2020 оны 02 дугаар сарын 03-ний өдрийн байдлаар 25000 /хорин таван мянга/ төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 38-39/,
-Гэрч З.Х-ны 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Төрийн банкнаас 486000 төгрөг хүлээн авсан тухай зарлагын мэдүүлэг /хавтаст хэргийн 83/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Д.М- нь 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багт байрлах Төрийн банкны хажуугийн машины зогсоолоос ...4ДАР улсын дугаартай соната-6 маркын тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхдээ машинд үлдээсэн Б.Р-гийн 486000 төгрөг бүхий бор өнгийн гар цүнхийг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж, бага хэмжээнээс дээш буюу 511000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.М-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хохирогч Б.Р- нь “...би өөрийн алдсан эд зүйл болон мөнгөө бүгдийг нь тоо ёсоор нь буцаан хүлээн авсан учраас одоо надад гаргах санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-18/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн байх тул шүүгдэгч Д.М-ыг шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч шүүгдэгч Д.М- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Д.М- нь бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 сарын хугацаанд сард 45000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Д.М-т анхааруулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.М- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.М-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 511000 /таван зуун арван нэгэн мянга/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.М 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч Д.М-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 45000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Д.М-т үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ