Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2017/02823

 

 

 

 

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар .102/ШШ2017/02823

Улаанбаатар хот

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:  

 

Нэхэмжлэгч: О.Ц-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Я.Б-т холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Ц, хариуцагч Я.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов. 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь: 

 

            Нэхэмжлэгч О.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2009 онд гэр бүл болж, 2010 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүү Б.Цэрэнпунцаг,  2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүү Б.Цэрэнпүрэв нар төрсөн. Бид нэг гэртээ орж амьдархад Баттулга нь  архи уудаг,  агсрах шинжтэй байсан. Би тухайн үед нь дуугардаггүй байсан. Баттулга нь намайг их хорьж цагддаг, найз нөхөдтэй уулзуулдаггүй, харддаг байсан. Бид байранд орсон, гэтэл бүр их зоддог болсон. Намайг ажилд орох гэхээр оруулдаггүй, тэгсэн мөртлөө ажилгүй гэж загнана. Байранд орсноос хойш миний гэр орон, миний бүтээсэн амьдрал гэж хөөдөг болсон. Нэг удаа цагдаа дуудаж өгсөн, тэрнээс хойш цагдаагаа дуудаад өг гэж дарамталдаг, ээжийн минь дэргэд намайг зодож, хэл амаар доромжилсон. Би хадам ээжтэйгээ муухай харьцаж байсан удаа байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, 2 хүүхдийг миний асрамжинд үлдээж өгнө үү. Хүүхдийн тэтгэлэг сар бүр 300 000 төгрөг төлөхөөр тохирсон гэв.   

 

Хариуцагч Я.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зарим зүйлийг гүтгэн ярьж байна. Би зөв үлгэр дуурайлал болох  найз нөхөдтэйгөө уулз гэдэг, хүүхдүүдээ тоглуулах нэрийдлээр архи ууж найз нөхөдтэйгөө их явдаг. Ажил хийх тал дээр хувиараа юм хийх тухай ярилцаж байсан. Бид сүүлийн үед зан байдлын хувьд таарамжгүй болсон. Би сайн бодсоны үндсэн дээр гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Би одоо дүүгийндээ амьдарч байна. Цолмонгэрэл хүүхдүүдийг надтай яриулдаггүй. Гэхдээ хүүхдийн амьдрах нөхцөл, аюулгүй байдлыг хангаж байр, машиныг үлдээсэн гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад 

              

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч О.Ц нь Я.Бт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Я.Б, О.Ц нар нь 2009 онд гэр бүл болж, амьдрах хугацаандаа 2010 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүү Б.Цэрэнпунцаг,  2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүү Б.Цэрэнпүрэв нарыг төрүүлж өсгөжээ.

 

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.

 

Харин нөхөр Я.Б нь архи уудаг, эхнэрээ бусадтай хардах, ажил хөдөлмөр эрхлүүлэхгүй байх, хэрүүл маргааны улмаас түүнийг зодож сэтгэл санаа, эрүүл мэндэд хохирол учруулдаг зэрэг маргааны улмаас хоорондоо таарамжгүй харьцаатай болсон, гэрчид цаашид хамт амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн байна. 

 

Гэрлэгчид хамт амьдарч байхдаа бий болгосон орон сууц, машинаа эхнэр О.Ц, хүүхдүүддээ үлдээсэн, хүүхдийн асрамжийн талаар хариуцагч маргаагүй байна.

Түүнчлэн 2 хүүхдэд сар бүр 300 000 төгрөгийн тэтгэлэг өгч байхаар тохирсон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                                                                               ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Я.Б, О.Ц нарын гэрлэлтийг цуцалж, 2010 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Б.Цэрэнпунцаг,  2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү Б.Цэрэнпүрэв нарыг эх О.Цийн асрамжинд үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 38-р зүйлийн 38.2 дахь хэсэгт заасныг баримтлан   хүү Б.Цэрэнпунцаг,  Б.Цэрэнпүрэв нарыг 18 нас хүртэл нь сар бүр 300 000 /гурван

зуун мянга/ төгрөг гаргуулж эцэг Я.Бар тэжээн тэтгүүлсүгэй.

 

             3. Улсын тэмдэгдийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Я.Бас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Р.АЛТАНТУЯА