| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0396/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/433 |
| Огноо | 2018-11-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2018/ШЦТ/433
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0396/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
Шүүгдэгч Г.А/өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.А холбогдох эрүүгийн 1818006660461 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г.А 1973 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эмэгтэй, 45 настай, бүрэн дунд боловсролтой, нарийн боовчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.Ань согтуурсан үедээ 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1А байрны 5 дугаар орцны 00 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Т.О , С.С нартай маргалдан эрх чөлөөнд нь халдаж, тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Ань согтуурсан үедээ 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1А байрны 5 дугаар орцны 00 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Т.О , С.С нартай маргалдан эрх чөлөөнд нь халдаж, тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч Г.А мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Бид нэг их нийлээд архи уугаад байдаггүй юм. Би хөдөө ажлаасаа ирээд хохирогчийн байрны урдуур явж байхад хохирогч намайг тагтан дээрээсээ дуудаад байсан учир би гэрт нь орсон. Хохирогч Т.О кодлуулсан байсан боловч архи уучихлаа гэж хэлсэн. Удалгүй хамт С.С гэрт очоод ирье гээд бид хамт гарсан юм. Би уг нь архи уухгүй гэж хэлсэн шүү дээ. Гэтэл намайг С.С гэрээс гарах гэхэд хаалгаа түгжээд намайг гаргаагүй бөгөөд намайг хэл амаар доромжлоод байсан учир би С.С толгой руу цохисон.
...хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруугийн асуудал дээр маргаан байхгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх санал /хэргийн 6/,
-Гэмт хэргийн талаар гомдол хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 10/,
-Хохирогч С.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Дархан сумын 14 дүгээр багт явж байгаад*****тай таарсан. Бид хоёрыг явж байхад ****** тагтан дээрээ зогсож байсан. ****** намайг байж бай гэхээр нь би хүлээж байгаад гарч ирэхээр нь бид 3 дэлгүүрээс 0.75 литрийн “Хараа” архи аваад манай гэр лүү явсан. Авсан архиа ууж байсан чинь***** бид хоёр луу дайраад байсан. Гэнэт***** хутгаа аваад ****** бид хоёрыг хутгалсан. Би цагдаа дуудаж,*****г цагдаад өгсөн.
...жижигхэн хутга гаргаж ирээд ******ийн зүүн гар болон зүүн хөл рүү нь нэг нэг удаа хатгачихаад миний зүүн гарын бугалга хэсэг рүү хутгаар хатгачхаад архины шил аваад миний толгойн дух хэсэгт цохиход шил хагарсан. Тэгээд би ******,***** хоёрыг гэрээсээ хөөж гаргаад гэрээ цоожилчихоод эмнэлэг орж, толгой болон зүүн гартаа оёдол тавиулсан.
...Г.Ань манай гэрт байсан жижиг, цэнхэр иштэй хутгаар ****** бид хоёрыг хатгаж гэмтээсэн. Уг хутгыг тухайн өдөр цус болчихсон манай гэрт байхаар нь би сэжиглээд гаргаад хогийн пункер лүү хаячихсан. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна.
...надад өөр нэмж хэлэх зүйл, гомдол санал байхгүй учир энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг /хэргийн 11, 15-17/,
-Хохирогч Т.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр би гэрийнхээ тагтан дээр зогсож байтал Сайнбилэг,***** хоёр явж байсан. Би “юу хийж явж байгаа юм, наанаа байж бай, одоо гарлаа.” гэж хэлсэн. Тэгээд дэлгүүрээс 0.75-тай “Хараа” архи аваад Сайнбилэгийнд очиж уусан. Архиа ууж байсан чинь***** бид хэдэд агсам тавиад байхаар нь би айлын гэрт битгий агсам тавиад бай гэсэн чинь хутга аваад намайг зүүн гаранд 3 удаа хатгасан. Бас зүүн гуяанд хутгаар хатгасан. Тэгээд би цагдаа дуудаж*****г өгч явуулсан.
...би эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Гадуур боолт болон эм тариа хэрэглээд хутгаар хатгуулсан шархнуудаа эдгээсэн. Надад өөр нэмж хэлэх зүйл, гомдол санал байхгүй учир энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг /хэргийн 12, 19-20/,
Дархан-Уул аймаг Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 24/,
-“С.С биед дух, дагз, зүүн бугалганы шарх, тархи доргилт, дух, баруун алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 826 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 25/,
-“Т.Обиед зүүн гарын бугалга, зүүн гуян дахь шархнууд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчиллээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Т.Обиед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 872 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 29/,
-Яаралтай тусламжийн хуудасны хуулбар /хэргийн 48-49/,
-Хохирогч, яллагдагч нараас гаргасан хүсэлт /хэргийн 70-72/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь ямар нэгэн дарамт шахалтгүйгээр хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч С.С эрүүл мэндэд “биед дух, дагз, зүүн бугалганы шарх, тархи доргилт, дух, баруун алганд зулгаралт” бүхий гэмтэл учирсан /хэргийн 25/, хохирогч Т.Обиед “зүүн гарын бугалга, зүүн гуян дахь шархнууд” бүхий гэмтэл учирсан /хэргийн 29/ болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдож байх тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна. Иймд шүүгдэгч Г.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.С “...надад өөр нэмж хэлэх зүйл, гомдол санал байхгүй учир энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” /хэргийн 15-17/, хохирогч Т.О “...би эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Гадуур боолт болон эм тариа хэрэглээд хутгаар хатгуулсан шархнуудаа эдгээсэн. Надад өөр нэмж хэлэх зүйл, гомдол санал байхгүй учир энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” /хэргийн 19-20/ гэж тус тус мэдүүлэг өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Г.Ань согтуурсан үедээ 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1А байрны 5 дугаар орцны 00 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Т.Оэрүүл мэндэд “зүүн гарын бугалга, зүүн гуян дахь шархнууд” бүхий хохирол, хохирогч С.С эрүүл мэндэд “биед дух, дагз, зүүн бугалганы шарх, тархи доргилт, дух, баруун алганд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Г.А гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.Ань эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Г.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.А 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Г.А Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт зам, талбай цэвэрлүүлэхээр 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Г.А анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ