Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2017/02842

 

 

 

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2017/02842

Улаанбаатар хот

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Хариуцагч:  К ХХК-ний хүсэлттэй дампуурсанд тооцож, татан буулгахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч К ХХК-ний захирал Б.Г, хариуцагчийн өмгөөлөгч С.Гарьд, нэхэмжлэгч Баянгол дүүргийн татварын хэлтэсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонцэцэг, нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн 84-р сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөр,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2011 онд 1 000 000 төгрөгний дүрмийн сантайгаар барилгын засал чимэглэлийн үйлчилгээ явуулах чиглэлээр байгуулагдсан. Ингээд ажил үүргээ гүйцэтгэж байтал Баянзүрх дүүргийн 84-р сургууль дээврийн засварын ажил хийлгэе гэсэн. Нэг м.кв-ийн ажлын хөлс 58 000 төгрөг байсан, гэхдээ зөвхөн материалийнх нь мөнгөөр хийхээр тохирсон. Гэтэл мөнгөө төлөөгүйгээс асуудал үүсч ажлыг дутуу хийлгэсэн. Дээд шүүхийн 2015 оны 9-р сарын 15-ны өдрийн 573-р тогтоолоор Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн 576 м.кв бүхий биеийн тамирын спорт заалны шалны ажлыг гэрээнд заасны дагуу шинээр гүйцэттгэхийг хариуцагчид даалгасан, Баянгол дүүргийн татварын хэлтэст 2016 оны 5-р сарын 23-ны өдрийн 260016529 тоот актаар 13 686 610 төгрөгийн өртэй байна. К ХХК нь эдгээр төлбөрийг төлөх чадваргүй болсон бөгөөд компанийн өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй тэнцэх хэмжээний үүргийг төлөх чадваргүй болж шүүхэд хандсан. 2017 оны 2-р сарын 07-ны өдөр төлбөрийн чадваргүй болсон тухай шүүгчийн захирамж гарч сонинд энэ тухай олон нийтэд мэдэгдсэн байдаг. Түр хэрэг гүйцэтгэгч 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлбөрийн чадваргүй гэсэн дүгнэлтээ гаргасан. Нхэмжлэгч нарын хурал болсон боловч  дахин  хөрөнгөжүүлэх төлөвлөгөө батлах асуудал яригдаагүй. Иймд Дампуурлын тухай хуулийн 33.1, 33.1.1 дэх хэсэгт зааснаар К ХХК-ийг дампуурсанд тооцож татан буулгаж өгнө үү гэв

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонцэцэг: К ХХК нь дампуурсанд тооцуулах, татан буулгах хүсэлтийг шүүхэд гаргасан. Татварын тайлан болон хяналт шалгалтын актаар 13 686 610 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч нь Нийслэлийн маргаан таслах зөвлөлд хандснаар Өршөөлийн хуульд хамрагдаж хүү, торгууль, алдангийг чөлөөлсөн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Түр хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт үндэслэлгүй, түүнийг зөвшөөрөөгүй, дахин хэрэг гүйцэтгэгчийг шүүхээс томилсон байгаа. Хэрэг гүйцэтэгч тухайн компанийг төлбөрийн чадваргүй болсон шатгаан нөхцөл зэргийг тал бүрээс нь шинжлэн судлан дүгнэлт гаргах ёстой. Хэрэгт авагдсан баримтаар бол дүгнэлт гаргах боломжгүй байсан, К ХХК холбогдох баримтуудыг гаргаж өгөөгүй байдаг. Хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дампууруулах хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дампуурлын тухай хуулийн 7-р зүйлд зааснаар К ХХК нь сүүлийн 3 жилийн санхүүгийн тайланг гаргаж өгөх үүрэгтэй. Хэрэг гүйцэтгэгч нь К ХХК-нийг төлбөрийн чадвартай эсэхийг тогтооход шаардлагатай сүүлийн гурван жилийн санхүүгийн тайланг шаардсан боловч гаргаж өгөөгүй байна. Баримтаа бүрдүүлж өгөөгүй нь дампууруулах үндэслэл болохгүй. Баянзүрх дүүргийн 84-р сургууль нь К ХХК-иас 15 858 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Сургуулийн биеийн тамирын А, Б заалны засварын ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тоиролцож, урьдчилгаа 18 023 387 төгрөгийг өгсөн. Ажлыг хийж гүйцэтгээгүй тул ажлыг гүйцэтгэхийг даалгахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Үүнээс болж 84-р  сургуулийн 5000 гаруй сурагчийн сурч боловсрох эрх их зөрчигдөж байгаа. Кореа пансуу ХХК-ийн хийсэн ажлыг үнэлүүлхэд 2 165 387 төгрөгийн ажил хийсэн. Үнэлгээний дагуу хийсэн ажлын хөлсийг суутгаж үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн. Төрийн байгууллага учраас засварын ажлыг улсын төсвөөр хийсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

                Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

            Хариуцагч К ХХК нь өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлж чадахгүй, өөрөөр хэлбэл, Монгол улсын Дээд шүүхийн 2015 оны 9-р сарын 15-ны өдрийн 573-р тогтоолоор Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн 576 м.кв бүхий биеийн тамирын спорт заалны шалны ажлыг гэрээнд заасны дагуу шинээр гүйцэттгэхийг хариуцагчид даалгасан шийдвэр, Баянгол дүүргийн татварын хэлтэст 2016 оны 5-р сарын 23-ны өдрийн 260016529 тоот актаар 13 686 610 төгрөгийг төлөх төлбөрийн чадваргүй болсон гэж үзэж дампуурсанд тооцож, татан буулгахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ. Шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

            Дампуурлын  тухай   хуулийн  3-р  зүйлийн  3.1.3 -т  “өөрийн  хөрөнгө”  гэж

хариуцагчийн үндсэн хөрөнгө, эргэлтийн хөрөнгийн үнийн дүнгээс бусдад төлөх нийт зээл, өр төлбөрийг хассан зөрүүг ойлгох, 4-р зүйлийн 4.1-т “өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлж чадахгүй бол төлбөрийн чадваргүйд тооцох”-оор заажээ.

 

            Хариуцагч нь шүүхэд хүсэлт гаргахдаа энэ хуулийн 7-р зүйлийн 7.1.1-д зааснаар сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан тэнцлийг гаргаж өгөх үүрэгтэйгээс 2014 оны 1, 3-р улирал /хх 29-33, 51-55/, 2013 оны жилийн санхүүгийн тайлан /хх 56-64/-г хавсаргасан байх ба 2014 оны 2, 4-р улирлын болон 2015 оны санхүүгийн тайланг бүхэлд нь гаргаагүй байна.

 

            Шүүгчийн 2017 оны 2-р сарын 07-ны өдрийн 2216 тоот захирамжаар хариуцагчийг төлбөрийн чадваргүйд тооцохдоо К ХХК-нийг үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах үеийн дүрмийн сангийн 1 000 000 төгрөгийн хэмжээнд /хх 113-140/ дүгнэлт гаргасан, түр хэрэг гүйцэтгэгч нь 2016 оны 12-р сарын 01-ний өдрийн дүгнэлтээ хэрэгт авагдсан 2013 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд тусгагдсан эргэлтийн болон, үндсэн хөрөнгийн хөрөнгийн 6 995 380 төгрөгийн хэмжээгээр,  хөрөнгийн талаарх лавлагаа, банкны лавлагаа зэрэг баримтын хэмжээнд төлбөрийн чадваргүй гэж үзсэн /хх 192/ нь хуулинд заасан баримтын хэмжээнд гаргаагүй гэж үзнэ. 

 

            Нөгөө талаас, шүүгчийн 2017 оны 5-р сарын 12-ны өдрийн 6715 тоот захирамжаар томилогдсон хэрэг гүйцэтгэгч Р.Энхжаргал нь Дампуурлын тухай хуулийн 13-р зүйлд зааснаар хариуцагчийн үйл ажиллагаанд дүгнэлт хийхээр холбогдох санхүүгийн баримтуудыг гаргуулахаар шаардсан /2-р хавтас хх 15-16/ боловч хариуцагч  шаардсан баримтуудыг ирүүлээгүй, төлбөрийн чадваргүй болсноо нотлоогүй байна.

 

Монгол улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 9-р сарын 15-ны өдрийн 573-р тогтоолоор хариуцагч К ХХК-д Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн 576 м.кв бүхий биеийн тамирын спорт заалны шалны ажлыг гэрээнд заасны дагуу шинээр гүйцэттгэхийг /хх 11-15/  даалгажээ.

 

Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанаас санаатайгаар зайлсхийсэн үндэслэлээр захирал Б.Гэрлээхүүд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 6-р сарын 5-ны өдрийн 242 тоот Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 258-р зүйлийн 258.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гэм буруутайд тооцож 250 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсэн /2-р хавтас 18-21/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8-р сарын 3-ны өдрийн 579 тоот магадлалаар түүнд ногдуулсан ялыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1 920 000 төгрөгөөр торгож шийтгэхээр өөрчилсөн /2-р хавтас хх 29-32/ байх ба тогтоол, магадлал хүчин төгөлдөр байна.

Эдгээрээс дүгнэвэл К ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгахыг хүссэн хүсэлт үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн 84-р сургууль нь спорт заалны шалны засварын ажлыг гүйцэтгүүлэхээр К ХХК-д 18 023 387 төгрөгийг шилжүүлсэн /хх 209-212/, Дамно ХХК засварын ажлыг 2 165 387 төгрөгөөр үнэлсэн /2-р хавтас хх 33-49/ байх ба энэ талаар хариуцагч маргаагүй байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг 15 858 000 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэлээ.

 

Баянгол дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 5-р сарын 23-ны өдрийн 26001629 тоот улсын байцаагчийн актаар К ХХК-иар 13 686 610 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон байна. Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2017 оны 6-р сарын 02-ны өдрийн 033  тоот тогтоолоор 9 090 977 төгрөгийг төлүүлэхээр өөрчилсөн, энэ тогтоол /2-р хавтас хх 55-57/ хүчин төгөлдөр болжээ.

 

Түүнчлэн хариуцагч нь 2014 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 1 107 900 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байх ба актаарт төлөх 9 090 977 төгрөг нийт 10 198 877  гаргуулахаар хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133-р зүйлийн 133.1.10-т зааснаар дампуурсанд тооцож, татан буулгахыг хүссэн К ХХК-ний хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1, 355-р зүйлийн 355.1 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн 18-р зүйлийн 18.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан К ХХК-иас 15 858 000 /арван таван сая найман зуун тавин найман мянга/ төгрөг гаргуулж Баянзүрх дүүргийн 84-р сургуульд, 10 198 877 /арван сая нэг зуун ерэн найман мянга найман зуун далан долоо/ төгрөг гаргуулж Баянгол дүүргийн татварын хэлтэст тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 595 633 /дөрвөн сая таван зуун ерэн таван мянга зургаан зуун гучин гурав/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч К ХХК-иас 288 234 /хоёр зуун наян найман мянга хоёр зун гучин дөрөв/ төгрөг гаргуулж улсын төсвийн орлого болгосугай. 

4. Шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Р.АЛТАНТУЯА