Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2018/ШЦТ/151

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0133/Э/

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Г-ын О-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818000930134 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ,,,,,,,,өдөр Дорнод аймаг Хэрлэн суманд төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгы засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 7, ээж, эгч, ах, 2 дүү, хүүгийн хамт ,,,,,,, тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д овгийн Г-ын О /............./.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.

Шүүгдэгч Г.О нь 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сумын ,,,,,,,,,,,, байранд байрлах “Ө” хүнсний дэлгүүрийн худалдагч С.С-д ....... серийн дугаартай тал 500 төгрөг, AD 52 серийн дугаартай тал 20,000 төгрөгийг нийлүүлж наасан мөнгөн дэвсгэрт өгч гүйлгээ хийн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.О нь 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сумын 12 дугаар баг, 21 дүгээр байранд байрлах “*******” хүнсний дэлгүүрийн худалдагч С.С-д AQ16799816 серийн дугаартай тал 500 төгрөг, AD 52 серийн дугаартай тал 20,000 төгрөгийг нийлүүлж наан 20,000 төгрөг гэж өгөн 2,200 төгрөгийн үнэ бүхий зүйл худалдан авч 17,800 төгрөгийн хариулт авч нийт 20,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Д.Х-ын “...хөгжлийн бэрхшээлтэй О.С дэлгүүрт сууж наймаа хийдэг юм. Манай бэр О.С 2018 оны 1 дүгээр сарын 27-ны орой над руу утсаар мессеж бичээд нэг хүүхэн дэлгүүрт орж ирээд хуурамч 20,000 төгрөгөөр наймаа хийгээд гарчихлаа. Тухайн үед нугалсан байсан болохоор хараагүй авсан. Гарсны дараа мөнгөө дэлгээд янзлах гэсэн хуурамч байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15/,

Гэрч Э.Б-ын “...ганц шил архиа хувааж суугаад байтал О дэлгүүр орж ус ундаа аваад ирье гээд ганцаараа гарсан. Бид гурав буудалд сууж байсан. Тэгээд нилээд удаж байгаад шоколад, ус, ундаа зэргийг аваад орж ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16/,

Гэрч Г.Б-ын “...О дэлгүүр орж архины даруулга аваад ирье гээд ганцаараа гараад явсан. Нилээд удаж байгаад 2 ширхэг, ус, ундаа авчирсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18/,

 

Гэрч О.С-ийн “...нэг хүүхэн орж ирээд нугалсан 20,000 төгрөг өгөөд 1 ширхэг шоколад 2,200 төгрөөр худалдаж аваад хариулт 17,800 төгрөг аваад гарсан. Би  хүмүүсийг гараад явсаны дараа мөнгөө янзлах гээд дэлгэсэн чинь 20,000 төгрөгийн нэг талд 500 төгрөг наагаад өгсөн байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16/,

Шүүгдэгч Г.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “..хүнсний дэлгүүрт ороод урж наасан 20,000 төгрөгөө өгөөд шоколад авъя гээд заахад худалдагч эмэгтэй юу ч дуугарахгүй тооны машин дээр 2,200 гэж бичсэн. Би наасан 20,000 төгрөгөө нугалаад өгөхөд хариулт 17,800 төгрөгийг авсан. Тухайн үед миний наасан мөнгийг анзаараагүй авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-7/,

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн ,,,, дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 6 ширхэг 500-т болон 20,000-ийн мөнгөн тэмдэгтүүд жинхэнэ мөнгөн тэмдэгтүүд байна. Зориуд голоор нь хуваан хооронд нь 500 төгрөгийг 20,000 төгрөгтэй холбож наасан байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 27-28/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.О-г хуурч, эд зүйл ашиглан бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгө залилсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-р зүйлд хуурч өмчлөгч эзэмшигчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдлийг “залилах” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба хохирлын хэмжээ заагаагүй байна.

Г.О нь 5 ширхэг 20,000-тын, 5 ширхэг 500-тын дэвсгэртийг голоор нь урж 500-т 20,000-тын дэвсгэртийг хооронд нь нааж нийт 10 ширхэг дэвсгэрт хийж уг дэвсгэртүүдийнхээ нэг ширхэгийг бусдад 20,000 төгрөг талаар нь нугалан өгч бусдыг нийлүүлэн наасан мөнгөн тэмдэгт буюу эд зүйл ашиглан бусдыг төөрөгдөлд оруулсан байдал тогтоогдож байна. Шүүгдэгч нь нэг ширхэг дэвсгэртийг ашиглаж бусад дэвсгэртийг ашиглаж амжаагүй байхдаа цагдаагийн байгууллагад саатуулагджээ.

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

Хохирогч Д.Х нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 20,000 төгрөгийг хүлээн авсан “нэхэмжлэх зүйл байхгүй” гэж байх тул шүүгдэгч Г.О-с гаргуулах төлбөргүй байна. Ял, эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Г.О-д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гүйлгээнд ашиглах боломжгүй болгосон мөнгөн дэвсгэртүүдийг устгахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овгийн Г-ын О-ыг хуурч, эд зүйл ашиглан бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгө залилсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.О-с гаргуулах төлбөргүй болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д овгийн Г-ын О-д 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.О-д оногдуулсан 900,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн AD7732721, AC7520727, AH7960818, AF6070323, AQ1679816, AKJ8603638 серийн дугаартай мөнгөн дэвсгэртүүдийн хэсгүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД