Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2401

 

Ш.С-ын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2017/01956 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.С-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Б-д холбогдох         

Гэм хорын хохиролд нийт 5 600 050 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Г.Б-ийн бохирын вакуумжуулсан нүхэнд хар лак шингэн бодисоор будгийн ажлыг хийж, ажлын хөлсөнд 20 000 төгрөг өгсөн. Г.Б-ийн аавын төрсөн дүү н.Н-тай хамт ажилласан ба нүхний 3 талыг будаад сүүлийн ханыг будаж байтал ард гал гарах шиг болоод дэлбэрсэн. н.Н тамхи татах гээд шүдэнз зурсан, түүнийг нүхнээс татаж гаргах гээд чадаагүй. Ингээд би гэмтлийн эмнэлэгт хүргүүлж түлэнхий тасгийн сэхээн амьдруулахад 27 хоног хэвтэж эмчлүүлсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр гэмтлийн хүнд зэрэг тогтоож, хөдөлмөр эрхэлж чадахгүй байна.

Иймд нийт 6 959 090 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 5 600 050 төгрөг болгож өөрчилсөн. Эмчилгээний зардал 4 760 050 төгрөг, сэтгэл санааны хохирол 600 000 төгрөгийг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулсан тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээ буюу 240 000 төгрөгийн нөхөн төлбөр шаардаж байна гэжээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Миний бие Ш.С-аас бохирын вакумжуулсан нүхэнд шингэн бодисоор ханыг будаж өгөхийг хүссэн нь үнэн бөгөөд тэрээр н.Н-тай хамтарсан. Гэвч тус ажлыг хийх явцад ахуйн осол болж Ш.С гэмтсэн. Энэ осол биднээс шалтгаалаагүй гэнэтийн осол болсон ч хариуцагч Г.Б-ийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй. Талийгаач н.Н тамхи татсаны улмаас уг хохирол учирсан, эмчилгээний зардалд 4 064 000 төгрөг төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 502 дугаар зүйлийн 502.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Б-аас 5 059 588 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.С-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 600 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 126 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 95 903 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ш.С-ын өвчний түүхт бичигдсэн эмчилгээний зардал 2 867 318 төгрөгийн задаргаа байхгүй бөгөөд энэхүү эмчилгээний зардалд хариуцагчийн гаргаж өгсөн 4 464 000 төгрөгийн эм тарианууд орсон байж болзошгүй. Дээрх өвчний түүхт бичигдсэн огноо болон нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хугацаа зэргээс харвал дээрх гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүхт бичигдсэн зардалд хариуцагч Г.Б-ийн гаргаж өгсөн эм тарианууд багтсан нь харагдаж байхад анхан шатны шүүх энэхүү зардлыг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Ш.С нь тухайн осол болохоос өмнө барилгын ажил хийдэг байсан бөгөөд тухайн нүхэнд тамхи татаж болохгүй талаар мэддэг, энэ талаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол, шинжээчийн дүгнэлтэд бичигдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, энэхүү осол Г.Б-ийн буруутай үйлдлээс болоогүй, гэм хорын шалтгаант холбоогүй гэж үзэж байна. Шүүхээс Г.Б хөлсөөр ажиллаж буй иргэн Ш.С-т хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүйгээс энэхүү осол гарч нэхэмжлэгч Ш.С-ын эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 502 дугаар зүйлийн 502.1, 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт заасны баримтлан 5 059 588 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

       Нэхэмжлэгч Ш.С хариуцагч Г.Б-д холбогдуулан эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан хохиролд 4 760 050 төгрөг, сэтгэл санааны хохиролд 600 000 төгрөг, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нөхөн төлбөрт 240 000 төгрөг нийт 5 600 050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

         Нэхэмжлэгч Ш.С нь хариуцагч Г.Б-ийн захиалгаар 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр бохирын ухсан нүхний ханыг битумдах ажил гүйцэтгэх явцад гарсан галын улмаас түүний биед амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон. Энэ талаар талууд маргаагүй.

            Зохигчид хариуцагчийн гэм буруугаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учирсан эсэх талаар маргадаг.

        Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт /хх 9-10/, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 2006 оны 10 дугаар сарын14-ний өдрийн 6366 дугаар тогтоол /хх 7-8/, 2469 дугаартай өвчний түүх /117-120/, Нийгмийн даатгалын хэлтсийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хх-121/ зэрэг баримтаар нэхэмжлэгч нь хариуцагч Г.Б-тай тохиролцсоны дагуу дээрх ажлыг гүйцэтгэх явцад гарсан галын улмаас амь насанд аюултай хүнд гэмтэл түүний биед учирсан үйл баримт тогтоогджээ.

         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үүргийг хариуцагчид оногдуулахын тулд нэхэмжлэгчид гэм хор учирсан байхаас гадна хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдлээр илэрхийлэгдсэн буруутай үйлдэл тогтоогдсон байх учиртай. Хариуцагч Г.Б нь нэхэмжлэгч Ш.С-аар ажил үүрэг гүйцэтгүүлэх үедээ хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх үүргээ биелүүлээгүй буюу Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын тухай хуулийн заалтыг зөрчсөн буруутай байна.

        Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй зардлыг төлөх үүрэгтэй, үүнтэй холбоотойгоор хохирогч нөхөн төлбөр шаардах эрхтэйг зохицуулсан. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

     Анхан шатны шүүх бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах хуулийн дээрхи зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон холбогдох дүрэм, стандартад заасныг зөрчиж, хөдөлмөрийн аюулгүй ажиллгааны зааварчилгаа өгөөгүй, аюулгүй орчинд ажиллах нөхцлийг хангаагүй хариуцагчийн эс үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учирсан нь хэргийн баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

        Сэтгэл санааны хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар хохирогч эдийн бус хохирлыг шаардах эрхтэй боловч мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тусгайлан зохицуулжээ. Гэтэл эдийн бус хохирлыг арилгах Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт сэтгэл санааны хохирлыг арилгах талаар зохицуулагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах үндэслэлгүй юм.

        Түүнээс гадна Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 505.2, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нөхөн төлбөрийг нэхэмжлэгч шаардсан байхад шүүх орчин тойрондоо аюултай ажиллагаа болон орчин тойрондоо аюултай бусад зүйлээс  учирсан гэм хорыг хариуцах тухай зохицуулалтыг баримталсан нь буруу байна. Учир нь: Иргэний хуулийн 502 дугаар зүйл нь барилга байгууламжийн хийц зохион байгуулалтыг дур мэдэн өөрчилсөн болон тухайн барилга байгууламжид байрлуулсан, дамжуулан оруулсан эрчим хүч, галын болон тэсрэх аюултай, хортой бодисын улмаас учирсан гэм хорыг арилгах  тухай зохицуулалт бөгөөд Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар “барилга байгууламж гэдэгт  орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, зам барилга, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж, түүний инженерийн шугам сүлжээ хамаарна”. Иймд иргэн Д.Б-ийн эзэмшлийн бохир усны нүхийг “барилга байгууламж” гэх ойлголтод хамааруулан үзэх боломжгүй.

Харин шүүх эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэний болон мэс заслын төлбөр 2 867 318 төгрөгийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг хариуцагч баримтаар няцаагаагүй тул нэхэмжлэгчийн эмчилгээний зардал, төлбөрт өмнө нь төлсөн 4 414 000 төгрөг нь хариуцагчаас эмчилгээний төлбөрт гаргуулсан дээрх 2 867 318 төгрөгтэй давхцсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргасныг хангах үндэслэлгүй байна.

        Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2017/01956 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 5 059 588 төгрөгийг хариуцагч Г.Б-гаас гаргуулж нэхэмжлэгч Ш.С-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 600 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ш.ОЮУНХАНД

                                                      ШҮҮГЧИД                                        М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                                               Д.БАЙГАЛМАА