Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2015/0443

 

Морганит минериалс ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэнгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дашдаржаа, гуравдагч этгээд Стар холдинг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтөвшин, гуравдагч этгээд Гео таван эрдэнэс монголиа ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив, өмгөөлөгч Д.Хаш-Эрдэнэ нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 449 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Морганит минералс ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Морганит минериалс ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь геологи хайгуулын үйл ажиллагаа явуулах үндсэн зорилготойгоор 2014 онд үүсгэн байгуулагдаж, өөрийн эрхэлж буй үйл ажиллагааны хүрээнд 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хууль заасан журмын дагуу гаргасан. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс уг тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өдрийн 09 цаг 11 минутад гаргасан болохыг баталгаажуулж, NE-024991 өргөдлийн дугаарт бүртгэсэн болно.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс ийнхүү өргөдлийг хүлээн авснаас хойш Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасны дагуу шаардлага хангаагүй тохиолдолд хүлээн авахаас татгалзах, тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх, олгогдсон талбайтай давхцсан бол олгох боломжгүйг мэдэгдэх, эсхүл уг өргөдөл нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхцсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх зэрэг шийдвэрүүдийн аль нэгийг гаргах ёстой.

Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д зааснаар хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхцсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэж, тухайн талбайд бусад этгээдээс давуу эрхтэйгээр дахин өргөдөл гаргах боломжийг олгох ёстой. Өөрөөр хэлбэл энэ үндэслэлээр өргөдлийг шийдвэрлэх бол хуулийн бусад хэсэгт заасан үндэслэлээр буюу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэж болохгүй.

Учир нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэснээр уг талбайд түрүүлж хүсэлт гаргасан этгээдийн өргөдөл нь мэдээллийн сангаас хасагдаж сүүлд өргөдөл гаргасан этгээдэд давуу эрх олгохоор байгаа юм.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр манай компаниас гаргасан өргөдлийг хянан үзээд ... таны өргөдөлд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн ХА-017718-001-NE өргөдлийн талбайтай хэсэгчлэн давхцалтай... гээд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д заасныг үндэслэл болгосон атлаа хуульд заасан бусад үндэслэлээр буюу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчөөд байна.

Ашигт малтмалын газар ийнхүү хууль бусаар манай компанийн гаргасан өргөдлийг хүчингүй болгосноор тухайн талбайд сүүлд тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан Гео таван эрдэнэс монголиа ХХК-ийн хүсэлт өргөдлийн талбайд бүртгэгдэж, цаашлаад тусгай зөвшөөрөл авах эрх нь нээгдэж, манай компани тухайн талбайд өргөдөл гаргах боломжгүй болоод байна.

Иймд, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 49 дүгээр шийдвэрийн Морганит минералс ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь Морганит минералс ХХК-аас гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 09 цаг 11 минутад хүлээн авч NE-024991 дугаарт бүртгэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэнэ.

Дээрх ажиллагааг гүйцэтгэх явцад NE-024991 дугаартай өргөдөлд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн NE-024988 дугаартай өргөдлийн талбайтай хэсэгчлэн буюу 3355,86 га-аар давхцалтай болох нь тогтоогдсон. Иймээс Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1 дэх хэсэгт өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж гэж заасны дагуу татгалзсан тухай Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 49 дүгээр шийдвэр гарч, татгалзсан шалтгаан, үндэслэлийг нь дурдаж, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д заасны дагуу давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах боломжтой талаар 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Кадастрын хэлтсийн даргын 6/418 дугаар албан бичгээр мэдэгдсэн байна. Дээрх мэдэгдлийг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Морганит минералс ХХК-ийн захирал Б.Соёлмаад хүлээлгэн өгсөн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д зааснаар NE-024991 дугаартай өргөдөлд дурдсан талбайн давхцаагүй хэсэгт Морганит минералс ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр дахин өргөдөл гаргаагүй байна.

2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 15 цаг 12 минутад хүлээн авч NE-025035 дугаарт бүртгэгдсэн Гео таван эрдэнэс монголиа ХХК-аас гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбайд 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Морганит минералс ХХК-аас гаргаж байсан өргөдлийн талбайн тодорхой хэсэг нь хамрагдаж байсан ба дээрх Гео таван эрдэнэс монголиа ХХК-аас гаргасан өргөдлийг хянаж үзэхэд хуулийн шаардлага хангаж байсан тул Завхан аймгийн Засаг даргын саналыг авахаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 6/488 тоотоор мэдэгдэл хүргүүлсэн байна.

Кадастрын системийн нэгдсэн бүртгэл, өргөдөл хүлээн авах ажиллагаа болон хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой нийт талбайн солбицол, тухайн өдрүүдэд олгогдсон талбайн мэдээлэл зэрэг нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд ил тод нээлттэй байдаг.

Тухайлбал өргөдлийг хүлээн авч бүртгэх мэргэжилтэн нь тухайн өргөдлийг хүлээн авч

талбайн солбицлыг оруулж бүртгэхэд энэхүү мэдээлэл нь тэр даруйдаа кадастрын системийн бүртгэлд бүртгэгддэг тул аж ахуйн нэгж нь хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө хүлээлгэн өгч бүртгүүлэхээсээ өмнө түрүүлж ирүүлсэн өргөдлийн талбайтай давхцаж байгаа эсэхийг нягталж, давхцсан бол талбайн солбицолд өөрчлөлт оруулах боломжтой юм гэжээ.

Гуравдагч этгээд Гео таван эрдэнэс монголиа ХХК-аас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Гео таван эрдэнэс монголиа ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл авах тухай өргөдлийг гаргасан. Тухайн өргөдлийг Ашигт малтмалын газар хүлээн авч хянаад хуулийн шаардлага хангаж байсан тул Ашигт малтмалын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 6/488 дугаар албан бичгээр Завхан аймгийн Засаг даргад Ж.Жамъяантивд мэдэгдэл хүргүүлсэн байдаг.

Гео таван эрдэнэс монголиа ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдаж байгаа болно.

Ашигт малтмалын газар нь хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүсэж, өргөдөл гаргасан хуулийн этгээдийн өргөдлийг хүлээн авч хянаад Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-д заасан шийдвэрийн аль нэгийг гаргаж өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэх ёстой энэ үүргийнхээ дагуу Ашигт малтмалын газар /хариуцагч/-аас 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 49 дүгээр албан бичгээр ямар үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийн дагуу түүнд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн болохоо мэдэгдсэн болох нь тухайн мэдэгдлийг хүлээн авсан Б.Соёлмаа буюу нэхэмжлэгч Морганит минералс ХХК-ийн захирлын гарын үсгээр тогтоогдож байна.

Дээрх мэдэгдлийг хүлээн авснаас хойш нэхэмжлэгч нь 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр дахин давхцалгүй хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрөл авах өргөдлийг гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх ямар ч боломжгүй байна гэжээ.

Гуравдагч этгээд Стар холдинг ХХК-аас шүүхэд гаргасан тайлбартаа: Стар холдинг ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл авах өргөдлийг гаргасан. Ашигт малтмалын газар нь манай өргөдлийг хүлээн авч хянаад хуулийн шаардлага хангасан гэж үзээд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын албан тоотоор Завхан аймгийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлсэн.

Стар холдинг ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбай, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай бүхэлдээ болон хэсэгчлэн давхцсан зүйл байхгүй юм.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод зааврын 4 дүгээр зүйлийн 4.7-д Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан түрүүлж ирүүлсэн өргөдөл гэдэг нь мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 17 дугаар зүйлийн 17.2-т заасан шаардлагыг хангасан өргөдөлд хавсаргасан материал нь бүрэн гүйцэд түрүүлж ирүүлсэн өргөдөл байна. Түрүүлж ирүүлсэн өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд дараагийн бүртгүүлсэн хүчин төгөлдөр өргөдөл нь түрүүлж ирсэн өргөдөлд тооцогдоно гэж заасан байна. Иймд Стар холдинг ХХК-ийн бүртгүүлсэн өргөдөл нь хүчин төгөлдөр түрүүлж ирсэн өргөдөлд тооцогдсон гэж үзэж байна гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 449 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1, 19.2.3, 19.2.5 -д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 49 дүгээр шийдвэрийн Морганит минералс ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга давж заалдах гомдолдоо:Нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлүүдэд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх гэсэн шаардлагыг хангаагүй байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.2.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр "Морганит минералс" ХХК-ийн өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5 дахь заасны дагуу нэхэмжлэгч хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл дахин гаргах эрхтэй. "Морганит минералс" ХХК нь маргаан бүхий уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргах боломжтойг мэдэгдсээр атал өнөөдрийн байдлаар дахин өргедөл гаргаагүй байна.

Хэрэв хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхцсан бол давхцаагүй хэсэгтээ өргөдөл гаргасан этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл дахин гаргах хүртэл тухайн талбайд өөр этгээдэд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байх талаар Ашигт малтмалын тухай хуулиар хуульчлаагүй бөгөөд харин хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт "энэ хуулийн 7.1, 17.2-тзаасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно" гэж заасны дагуу ямар аж ахуйн нэгж түрүүлж хуулийн шаардлага хангасан өргөдөл гаргасан байна тэр хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгохоор хуульчилсан.

Тиймээс давхцаагүй хэсэгт нэхэмжлэгч этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл шууд давуу эрхтэйгээр олгох хуулийн боломж байхгүй бөгөөд уг талбайд дахин өргөдөл гаргах цорын ганц компани "Морганит минералс" ХХК болохыг хуулиар тогтоогоогүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний дагуу Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 тоот тушаалаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох үйлчилгээний хөлсийг тогтоосноор нэг хуулийн этгээдээс хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн олон өргөдлийг нэг дор гаргаснаас болж хэт давуу байдал бий болдог байсныг бууруулснаар бусад этгээдээс хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргах боломжийг олгож байгааг шүүх анхаарч үзэхийг хүсч байна гэжээ.

Гуравдагч этгээд Гео таван эрдэнэс монголиа ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив давж заалдах гомдолдооШүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь Ашигт малтмалын тухайн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д зааснаар энэ нь тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай бүхэлдээ давхцалтай бус, хэсэгчлэн давхцалтай бол тухайн хүсэлт гаргагч хуулийн давхцалгүй хэсэгтэй өргөдлөө дахин шинээр хуульчилсан зохицуулалт юм.

Өөрөөр хэлбэл өргөдөл гаргагчийн анх гаргасан өргөдөлд дурдсан талбай нь түүнээс түрүүлж өргөдөл гаргасан этгээдийн хүсэлтэд дурдсан талбайтай хэсэгчлэн давхцсан бол уг давхацалгүй хэсэгтээ дахин өргөдөл гаргах боломжтой бөгөөд өргөдөл гаргахдаа Ашигт малмалын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасны үндсэн дээр дахин өргөдөл гаргах боломжийг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийы 19.2.5-д заасан байна.

Гэтэл шийдвэрийн үндэслэх хэсэгт: "... хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчээс сүүлд гаргасан өргөдлүүдийг гуравдагч этгээд нараас хүлээж авсан үйлдэл нь хууль, журмыг зөрчиж түрүүлж өргөдөл гаргасан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн буюу хуулиар олгосон 20 хоногт шийдвэрлүүлэх эрхийг нь хязгаарлаж, тухайн өргөдөлд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайн хэмжээтэй хэсэгчлэн давхцсан тохиолдолд давхцаагүй хэсэгтээ хуульд заасны дагуу дахин өргөдөл гарган шийдвэрлүүлэх эрхийг нь хөндсөн байна гэж үзэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв..." хэмээн шийдвэрлэж байгаад гуравдагч этгээдийн зүгээс гомдолтой байна.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1-д "Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана" гэж заасан байдлаас үзвэл энэ тохиолдолд захиргааны байгууллага нь холбогдох асуудлыг 20 хоногт шийдвэрлэхээр заасан бөгөөд үүнд давхцсан талаар хүсэлт гаргагчид мэдэгдэх, тухайн мэдэгдлийг хүсэлт гаргагч хүлээн аваад 20 хоногийн дотор дахин өргөдөл гаргаагүй тохиолдолд уг газарт өөр этгээдийн өргөдлийг шинээр хүлээн авах боломжтой гэж үзэхээр байна гэж тайлбарлан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-д заасныг дээрх утгаар тайлбарлан хэрэглэж байгаа нь гуравдагч этгээдээр оролцож буй "Гео таван эрдэнэс монголиа" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

Шүүхийн дээрх дүгнэлтээс үзэхэд хариуцагч түрүүлж ирүүлсэн өргөдөлтэй хэсэгчлэн давхцалтай өргөдөл гаргасан хуулийн этгээдэд давхцалгүй хэсэгт дахин өргөдөл гаргах боломжийг олгохын тулд хариуцагч дор хаяж 40 хоног хүлээх шаардлагатай энэ үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн мэтээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

Гуравдагч этгээд Стар холдинг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшин давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 49 дүгээр шийдвэрийн "Морганит минералс" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь гуравдагч этгээд болох "Стар холдинг" ХХК- ийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна.

Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан өргөдөлд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрүүдэд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр нь хууль бус, нэхэмжлэгч нь хүсэлт гаргасан талбайн давхцалгүй хэсэгтээ гуравдагч этгээд нараас түрүүлж хүсэлтээ гаргасан гэж үзэх эрх зүйн харилцаа байгаа болох нь тогтоогдож байгаа тул уг захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан компаниудын хувьд хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөхөөргүй байна гэж дүгнэчихээд өөрөөр хэлбэл хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчээс сүүлд гаргасан өргөдлүүдийн гуравдагч этгээд нараас хүлээж авсан үйлдэл нь хууль журмыг зөрчиж түрүүлж өргөдөл гаргасан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн буюу хуулиар олгосон 20 хоногт шийдвэрлүүлэх эрхийг нь хязгаарлаж, тухайн өргөдөлд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайн хэмжээтэй хэсэгчлэн давхцсан тохиолдолд давхцаагүй хэсэгтээ хуульд заасны дагуу дахин өргөдөл гарган шийдвэрлүүлэх эрхийг нь хөндсөн байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3, 19 дүгээр зүйлийн 19.2.5-д заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 49 дүгээр шийдвэрээр Морганит минералс ХХК-ийн NЕ-024991 өргөдлийн дугаартай өргөдөлд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д заасны дагуу давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах боломжтой талаар 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Кадастрын хэлтсийн даргын 6/418 тоот албан бичгээр мэдэгдсэн, уг мэдэгдлийг "Морганит минералс" ХХК-ийн захирал Б.Соёлмаад хүлээлгэн өгсөн зэрэг нь нэхэмжлэгчээс сүүлд гаргасан өргөдлүүдийн гуравдагч этгээд нараас хүлээж авсан үйлдэл нь хууль журмыг зөрчөөгүй, түрүүлж өргөдөл гаргасан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонрхлыг хөндөөгүй, хуулиар олгосон эрхийг хязгаарлаагүй байна.

Хэрэв хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхцсан бол давхцаагүй хэсэгтээ өргөдөл гаргасан этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл дахин гаргах хүртэл тухайн талбайд өөр этгээдэд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байх талаар Ашигт малтмалын тухай хуулиар хуульчлаагүй бөгөөд харин хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт "энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно" гэж заасны дагуу давхцалтай талбайд хэн түрүүлж өргөдөл гаргасан этгээдэд тусгай зөвшөөрөл олгохоор хуульчилсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3-т заасан түрүүлж өргөдөл өгсөн талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх шаардлагыг хангаагүй бол 19 дүгээр зүйлийн 19.2.1-д хүсэлтийг хүлээн авахаас татгалзахаар заасан, 19.2.5-д хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхцсан бол давхцаагүй хэсэг нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргасан этгээд уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргаснаар энэ эрхээ хэрэгжүүлэхээр зохицуулсан. Иймд нэхэмжлэгчид уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргах боломжтойг мэдэгдсээр атал өнөөдрийг хүртэл хугацаанд дахин өргөдөл гаргаагүй.

Кадастрын системийн нэгдсэн бүртгэл, өргөдөл хүлээн авах ажиллагаа болон хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой нийт талбайн солбицол тухайн өдрүүдэд олгогдсон талбайн мэдээлэл зэрэг нь иргэд аж ахуйн нэгжүүдэд ил тод нээлттэй байгаа ба аж ахуйн нэгж нь хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө хүлээлгэн өгч бүртгүүлэхээсээ өмнө түрүүлж ирүүлсэн өргөдлийн талбайтай давхцаж байгаа эсэхийг нягталж, давхцсан бол талбайн солбицолд өөрчлөлт оруулах боломжтой ба цахим системээс болон интернэтээс мэдээллийг авах бүрэн боломжтой байдаг. Иймд нэхэмжлэгч тал давхцалтай хэсэгт өргөдөл гаргаснаа мэдэж байсан гэж үзэж байна. Иймд манай Стар холдинг ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргасан буюу нэхэмжлэгч талын өргөдөл гаргаснаас хойш сарын дараа өргөдөл гаргасан байхад Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь гуравдагч этгээдийг бүртгэсэн нь хууль зөрчсөн гэж шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийсэн байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 01 дүгээр сарын 29-ний өдрийн 49 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3, 19 дүгээр зүйлийн 19.2.5-д зааснаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай хэсэгчлэн давхцсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч Морганит минериалс ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-д Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана, 19.2.5-д хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргасан этгээд уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргах, 19.3.Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана гэж заасан.

Нэхэмжлэгч Морганит минериалс ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргасныг мөн өдрийн 09 цаг 11 минутад гаргасан болохыг баталгаажуулж, NE-024991 өргөдлийн дугаарт бүртгэсэн боловч уг хүсэлтэд дурдсан талбай нь Эйжаминералз ХХК-ийн NE024988 дугаар өргөдлийн талбайтай хэсэгчлэн давхцсан байна.

Хариуцагчаас 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/418 дугаар албан бичгээр хүсэлтэд дурдсан талбай нь хэсэгчлэн давхцсан тул 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 49 дүгээр шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан, мөн давхцаагүй хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах боломжтой талаар Морганит минериалс ХХК-д мэдэгдсэн байх бөгөөд уг мэдэгдлийг тус компанийн захирал Б.Соёлмаа мөн өдөр хүлээн авчээ.

Дээрх хуульд зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан талбай хэсэгчлэн давхцсан тохиолдолд захиргааны байгууллагаас давхцаагүй хэсэгт тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх үүрэгтэй, харин нэхэмжлэгч давхцаагүй хэсэгт тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаа бол хуулийн 17, 18дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж дахин өргөдөл гаргах эрхтэй, мөн өргөдөл гаргасан тохиолдолдтусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол аймгийн Засаг даргад бичгээр мэдэгдэхээр зохицуулснаас үзвэл дахин ирүүлсэн өргөдлийг түрүүлж ирүүлсэн өргөдөл гэж үзэж хуульд заасан бусад шаардлагыг хангасан эсэхийг шалгаж тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэхээр байна.

Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчид дахин өргөдөл гаргах боломжтой талаар 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мэдэгдсэн гэх боловч мөн өдрийн 46 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчид тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д заасан давхцаагүй хэсэгтээ дахин өргөдөл гаргах эрхийг хязгаарлажээ.

Нөгөөтэйгээр нэхэмжлэгч нь давхцаагүй хэсэгт тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө түрүүлж гарган, авах хүсэл зоригоо илэрхийлсэн байхад хариуцагч нэхэмжлэгчид дахин өргөдлөө хуульд нийцүүлэн гаргах боломж олголгүйгээр нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан талбайд 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 15 цаг 12 минутад Гео таван эрдэнэс монголиа ХХК-ийн хүсэлтийг шинээр хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт болгосон талбайн зарим хэсэг нь давхцалтай боловч давхцаагүй хэсэгтээ түрүүлж хүсэлт гаргасан гэж үзэх үндэслэлтэй тул тухайн талбайд хариуцагч шинээр хүсэлт хүлээж авсан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй юм.

Дээрх байдлаар хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс нэхэмжлэгчид давхцаагүй талбайд дахин хүсэлт гаргах боломжийг олголгүйгээр тусгай зөвшөөрөл олгохоос шууд татгалзаж, шинээр өөр этгээдээс тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны эрх ашгийг зөрчсөн нь тогтоогдож байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 449 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд нараас тус бүр давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Б. ТУНГАЛАГСАЙХАН