Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2017/02844

 

 

 

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2017/02844

Улаанбаатар хот

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  Э Э Э к ХХК-ний нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э В С  ББСБ,

 

Хариуцагч:   Г И ХХК-д холбогдох хөлсөөр ажиллах гэрээний үүрэг, гэрээ цуцалснаас учирсан хохиролд 52 001 296 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтөр, Ш.Жаргалсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа /үнэмлэх 0170/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.                             

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э Э Э к ХХКнь Эн Ви Си  ББСБ-тай 2012 оны 7-р сарын 05-ны өдөр “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулсан. Талууд хүсэл зоригоо илэрхийлж, бичгээр гэрээг үйлдсэн, хүчин төгөлдөр гэрээ юм. Энэ гэрээгээр Эн Ви Си  ББСБ  ХХК-ийн зээлдэгч Хаан ембүү ХХК, иргэн Эрзана нарын зээлийн өр төлбөрийг барагдуулах, шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүхийн шийдвэртэй өр төлбөрийг  барагдуулах, гэрээний 2.4-т шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжаар хангагдсан үүргийн гүйцэтгэлийн дүнгийн 8 хувиар ажлын хөлсийг төлөхөөр тохирсон. Ингээд 2012 оны 7 дугаар сард Эн Ви Си  ББСБын эдийн засагч н.Зэсэнбаатартай уулзаад зээлдэгч нарын хувийн хэрэг баримтуудтай танилцаж, хууль зүйн дүгнэлт гаргаж хүргүүлсэн. Баримттай танилцахад зээлийн гэрээний доторх агуулга нь учир дутагдалтай, барьцааны гэрээгээр 16 га газар эзэмших эрхийг барьцаалсан боловч хуулийн дагуу хүчин төгөлдөр байх боломжгүй байсан. Хаан ембүү компанид зээл олгож байсан захирал одоо байхгүй, эдийн засагч н.Зэсэнбаатартай тооцооллыг хийж 2012 оны 9 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар хариуцагчийн эд хөрөнгө, банкин дахь харилцах дансыг битүүмжлэх хүсэлт гаргаж, хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан. Захирамжинд Хаан ембүү компанийн захирал н.Мөнхжаргал гомдол гаргасан ч хэвээр үлдээж шийдсэн. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 9-р сарын 10-ны өдрийн 4097 тоот захирамжаар Хаан ембүү ХХК-иас 865 884 350 төгрөг гаргуулахаар эвлэрсэн. Мөн эвлэрлийн гэрээ байгуулахдаа барьцааны гэрээ байгуулж, Хаан ембүү компанийн хувьцааны 51 хувийг барьцаалсан. Төлбөрийг захирамжид тодорхойлон тусгаад гэрээний үүргийг биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөөр хангуулахаар шийдсэн. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, 2015 оны 9-р сараас хэрэгжиж эхэлсэн. Энэ 4097 захирамж гарахаас өмнө Хаан ембүү компанийн зээлийн барьцаа хөрөнгө болох Төв аймгийн Жаргалант суман дахь үл хөдлөх хөрөнгө, үйлдвэрлэлийн барилга, цахилгааны тоног төхөөрөмж, машин, эргэлтийн хөрөнгүүдийг Төв аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас битүүмжилсэн байсан ба Хөдөө аж ахуйн яамны Жижиг, дунд үйлдвэрийн санд төлөх 80 000 000 төгрөгний шүүхийн шийдвэртэй ажиллагаа явагдаж байсан. Бид үүргээ гүйцэтгэхийн тулд Төв аймагт явагдаж байсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гомдол гаргаж ажиллагааг түдгэлзүүлсэн. Шүүхийн шийдвэр ажиллагаа нь харъяалал зөрчсөнийг тогтоож, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн. Хаан ембүү ХХК-ний Жаргалант суманд байдаг үйлдвэрлэлийн барилга объектыг 25 000 000 төгрөгөөр үнэлсэн байсныг зогсоож чадсан. Шийдвэр гүйцэтгэлийн алба нь 51 хувьцааг Эн Ви Си  ББСБ ХХК-д шилжүүлэхэд бэлэн байсан боловч урамшууллын гэрээний дагуу төлөх 32 000 000 төгрөгийг төлөөгүйгээс асуудал үүссэн. Шийдвэр гүйцэтгэлийн албатай урамшууллын төлбөрийг хувиар гарган төлөхөөр болсон боловч 2 удаа энэ тохиролцоо хэрэгжээгүй учраас 51 хувийг шилжүүлэх ажиллагаа бүр мөсөн зогссон. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу хийсэн ажлын дүн, төлбөр тооцооны үлдэгдлийг тооцсон баримтууд хэрэгт авагдсан байна. 2017 оны 5 дугаар сарын эхээр Гүнд инвистмент ХХК-ийн төлөөлөгч н.Жаргалсайхантай уулзахад 20 000 000 төгрөг өгье, үлдэгдэл мөнгийг бол өгөх боломжгүй гэсэн, дараа нь Ж.Эрдэнэням захиралтай уулзахад мөн л 20 000 000 төгрөг өгье гэсэн тул захирал н.Сайханцэцэгийн дансруу шилжүүлэн авсан. Гэрээ байгуулснаас хойш 5 жил болсон, 2 талын байгуулсан гэрээ хууль ёсоор хамгаалагдсан. Шүүгчийн захирамжаар 865 884 350 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн, үүний 8 хувь нь 69 270 748 төгрөг болно. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу төлөөгүй хөлс 27 808 802 төгрөг, гэрээний 3.1.4-т зааснаар алданги 17 251 920 төгрөг, 5.2-т зааснаар үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзсаны төлбөр 6 927 074 төгрөг, баримт бичиг нотариатаар гэрчлүүлсний төлбөр 13 500 төгрөг нийт 52 001 296 төгрөгийг Э В С ББСБХХК болон Гүнд инвестмент ХХК-иас гаргуулж өгнө үү гэв. 

Хариуцагч Эн Ви Си  ББСБ ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 2012 оны 07-р сарын  05-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байна. Энэ гэрээний 1.2 дахь хэсэгт талууд хамтын ажиллагаандаа Монгол улсын Иргэний хууль, Өмгөөллийн тухай хууль тогтоомжийг хүндэтгэн оролцох бөгөөд үүргээ зохих ёсоор, бодитойгоор биелүүлэх зарчмыг баримтална гэсэн байна. Гэрээний 1.4 дэх хэсэгт үйлчлүүлэгчийн зүгээс зээлдэгч Хаан ембүү компанитай байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээний зүйл заалтууд, эдгээр гэрээнд заагдсан үйлчлүүлэгчийн эрх үүргийг үндэслэн хуульчийн зүгээс  шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад үйлчлүүлэгчийн эрх ашгийг төлөөлөх үйл ажиллагаа явуулна, гэрээний 2.2.2-т Хаан ембүү компаний хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх удирдлагатай уулзах, хэлэлцээр хийх, нэгдсэн тохиролцоог  хэрэгжүүлэх эрхээр хангагдах, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хангах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагааг зохицуулах, шаардлагатай баримт бичгийг боловсруулах, гүйцэтгэлийг хангуулах гэж заасан байна. Хаан ембүү компанийн зүгээс Эн Ви Си  ББСБ-ын дансанд нэг ч төгрөг  төлөгдөөгүй. Бид Эм Эн Эф консалтин компанид үйл ажиллагааны төлбөрт 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 12 520 000 төгрөг, 2013 оны 1 сарын 3-ны өдөр 4 423 970 төгрөг, 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 4 423 973 төгрөг, 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 1 500 000 төгрөг, 2014 оны 9 сарын 23-ны өдөр  1 276 850 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 23-нд 20 114 942 төгрөг нийт 44 239 738 төгрөгийг тус тус өгсөн. Эдгээр нь Эн Ви Си  ББСБ  ХХК-ийн нягтлан бодогч н.Саранцэцэгийн тайланд тусгагдсан. Үүнээс болж Эн Ви Си  ББСБ  ХХК-ийн ажлын хэсэг 2017 оны 5 дугаар сарын  26-нд хуралдсан. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ биелэгдээгүй, төлбөр мөнгө төлөгдөөгүй, өмгөөлөгчтэй байгуулсан гэрээ хэрэгжээгүй байхад мөнгө шилжүүлсэн тул Эн Ви Си  ББС ХХК-ийн дотоод журмын 32.2.5, хөлсөөр ажиллах гэрээний 9.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.2 дахь заалтуудыг үндэслэн Ж.Эрдэнэням захиралд 3 сарын цалингийн 20 хувиас хасч шийтгэл ногдуулж, учруулсан хохирол 22 891 792 төгрөгийг Ж.Эрдэнэнямаар нөхөн төлүүлэхээр ТУЗ шийдсэн. Мөн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг дуусгавар болгосон. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. 

 

Хариуцагч Г И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Жаргалсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эн Ви Си  ББСБ ХХК-ийн төлөөлөгч нь Ж.Эрдэнэням захирал хариуцлага алдсан, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хэрэгжээгүй, төлбөр төлөгдөөгүй байхад компанийн удирдлагад буруу ойлголт өгч шүүхийн шийдвэрийг биелэгдээгүй байхад урьдчилаад мөнгө шилжүүлсэн байсан. Хуульч хүн хууль эрх зүйн зөвөлгөө өгөх байтал буруу ойлгуулж их мөнгө авсан. Гүнд инвестмент компани бол гэрээнд оролцоогүй тул хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э Э Э к ХХКнь Эн Ви Си  ББСБ ХХК, Г И ХХК-д холбогдох хөлсөөр ажиллах гэрээний үүрэг, гэрээ цуцалснаас учирсан хохиролд 52 001 296 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Э Э Э к ХХКнь Эн Ви Си  ББСБ ХХК-тай 2012 оны 7-р сарын 05-ны өдөр 01/032 тоот “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулж, Эн Ви Си ББСБ-ын Хаан ембүү ХХК-иас гаргуулах өр зээлийн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх, төлүүлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцох, үйлчлүүлэгч нь хангагдсан үүргийн үнийн дүнгийн 8 хувиар тооцож хөлс төлөхөөр /хх 23-26/  тохирчээ.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 9-р сарын 10-ны өдрийн 4097 тоот “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар нэхэмжлэгч Э В С ББСБХХК, хариуцагч Хаан ембүү ХХК, хариуцагч Д.Эрзана нар нь 882 285 751 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 865 884 350 төгрөгийг хэмжээнд эвлэрч,  нь хариуцагч нар нь 2014 оны 12-р сарын 15-ныдотор 100 000 000 төгрөг, 2015 оны 12-р сард 150 000 000 төгрөг, 2016 оны 6-р сард 130 884 350 төгрөг, 2016 оны 12-р сард 10 000 000 төгрөг, 2017 оны 12-р сард 10 000 000 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн, хариуцагч нь тохирсон хугацаандаа сайн дураар биелүүлээгүй тохиолдолд тус компаний барьцаанд бариулсан 51 хувийн энгийн хувьцаанаас үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасан /хх 10-16/ байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Э В С ББСБХХК болон Гүнд инвестмент ХХК- иас Шүүгчийн захирамжаар 865 884 350 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн үнийн дүнгийн 8 хувь буюу 69 270 748 төгрөг төлөхөөс 27 808 802 төгрөг, гэрээний 3.1.4-т зааснаар алданги 17 251 920 төгрөг, 5.2-т зааснаар үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзсаны төлбөр 6 927 074 төгрөг, баримт бичиг нотариатаар гэрчлүүлсний төлбөр 13 500 төгрөг нийт 52 001 296 төгрөгийг гаргуулахаар маргасан байх ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ төлбөр төлөгч Хаан ембүү ХХК-иас нэг ч төгрөг төлөгдөөгүй, хариуцагч  Гүнд инвестмент ХХК нь гэрээний тал биш гэж маргажээ. 

 

Э В С ББСБХХК нь Эм Эн Эф консалтинг ХХК-д ажлын хөлсөнд 2012 оны 7-р сарын 05-ны өдөр 12 500 000 төгрөг, 2013 оны 1-р сарын 03-ны өдөр 4 423 973 төгрөг, 2013 оны 4-р сарын 04-ний өдөр 4 423 973 төгрөг, 2016 оны 1-р сарын 13-ны өдөр 1 500 000 төгрөг, 2016 оны 8-р сарын 03-ны өдөр 200 000 төгрөг, 2016 оны 9-р сарын 28-ны өдөр 5 000 000 төгрөг, 2017 оны 5-р сарын 24-ний өдөр 20 100 000 төгрөг нийт 48 147 946 төгрөгийг төлсөн нь мөнгөн хөрөнгийн болон ерөнхий журналын дэлгэрэнгүй бүртгэлээр /хх 45-47/ тогтоогдсон, харин төлбөр авагч Э В С ББСБХХК-д төлбөр төлөгч Хаан ембүү ХХК нь 865 884 350 төгрөг төлөхөөс сайн дураар болон шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагааны шатанд төлбөр хийгдээгүй /хх 51-63/, энэ талаар талууд маргаагүй байна.

 

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 1-р зүйлийн 1.2-т зааснаар талууд Иргэний хууль, Өмгөөллийн тухай хууль, бусад хууль тогтоомжийг удирдлага болгон үүргээ зохих ёсоор, бодитой биелүүлэх зарчмыг баримтална,  Иргэний хуулийн 206-р зүйлийн 206.1-т Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5-р зүйлийн 5.1-т Хуульч нь мэргэжлийн үйл ажиллагаагаа үнэнч шударгаар гүйцэтгэнэ, 38-р зүйлийн 38.1.1-т өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ...бүрэн тууштай хамгаалах үүрэгтэй, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн  1.4-р зүйлийн 1.7-д хуульч мэргэжлийн үйл ажиллагаандаа бодитой хандах зарчмыг тус тус баримталахаар заажээ.

 

Э Э Э к ХХКнь гэрээний 2.2.1, 2.2.2, 2.2.3, 2.2.4 дэх хэсэгт заасан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд төлбөр төлөгч Хаан ембүү ХХК-ниас төлбөр төлүүлэх талаар санал, хүсэлтийг албан бичгээр гаргах, баримт бичиг боловсруулах, нэхэмжлэл бичих, анхан шатны шүүх хуралдаанд оролцох /хх 10-21, 51-64/ зэрэг зарим үүргээ гүйцэтгэж ажлын хөлсөнд 48 147 946 төгрөг авсан байна.

 

Харин гэрээний 4.1.3-т зааснаар шүүхийн шатанд Эвлэрлийн гэрээ хийгдсэн бол шүүхийн шийдвэрт туссаны дагуу үүргийн гүйцэтгэл хангагдсан нөхцөлд  хуульчид гэрээний 2.4-т заасан хөлсийг бүрэн төлөхөөр тохирсон байх ба Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 9-р сарын 10-ны өдрийн 4097 тоот “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар Хаан ембүү ХХК-ний төлөх төлбөр төлөгдөөгүй, өөрөөр хэлбэл, үүргийн гүйцэтгэл бүхэлдээ хангагдаагүй гэж үзнэ. Эдгээр үндэслэлээр ажлын хөлсний үлдэгдэл 27 808 802 төгрөг, гэрээний 3.1.4-т зааснаар алданги 17 251 920 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч нь Э В С ББСБХХК-ийг гэрээний 5.2-т зааснаар үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзсан гэх үндэслэлээр хохиролд 6 927 074 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Харин гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, төлбөр төлөгдөөгүй үндэслэлээр гэрээний 5.4-т зааснаар гэрээгээ цуцалсан нь хариуцагчийн буруу биш.  Энэ тохиолдолд  Э В С ББСБХХК нь гэрээ цуцалснаас учирсан хохирол төлөх үүрэггүй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62-р зүйлд зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж гаргах бөгөөд нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлсний төлбөрийг хариуцагч төлөх үндэслэлгүй.

 

Э В С ББСБХХК нь 2017 оны 5-р сарын 23-ны өдөр Гүнд инвестмент ХХК-тай Зээлийн гэрээ байгуулж 20 100 000 төгрөгийг 7 сарын хугацаатай зээлж /хх 50-51/, 2017 оны 5-р сарын 24-ний өдөр Эм Эн Эф консалтинг ХХК-д шилжүүлсэн байна.

 

Эм Эн Эф консалтинг ХХК, Эн Ви Си  ББСБ ХХК-ний хооронд байгуулсан “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-гээр Гүнд инвестмент ХХК нь Э В С ББСБХХК-ний үүргийг  хамтран гүйцэтгэхээр тохироогүй байх тул Иргэний хуулийн 242-р зүйлийн 242.1-т заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэж төлбөр гаргуулах үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд  заасныг удирдлага болгон

                                                                                               ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 359-р зүйлийн 359.1, 367-р зүйлийн 367.2 дахь хэсэгт заасныг баримтлан Э В С ББСБХХК, Г И ХХК-иас 52 001 296 /тавин хоёр сая нэг мянга хоёр зуун ерэн зургаа/  төгрөг гаргуулахыг хүссэн Э Э Э к ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 417 958 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

 

 3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                           Р.АЛТАНТУЯА