| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2017/0363/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/376 |
| Огноо | 2017-12-15 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2017/ШЦТ/376
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2017/0363/Э/
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгч Ц.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт Б овгийн Ц.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1718002600151 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... оны ...дугаар сарын ...-ны өдөр ... аймаг, ...суманд төрсөн, .... настай, эрэгтэй, ...боловсролтой, ..... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .. -ийн хамт .... аймаг, .. сум, ... дугаар баг, .. дугаар байрны .. тоотод оршин суух Б Ц.Б /.........../.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.
Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 9 дүгээр сард хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалсан, 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 22 цагийн орчим сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хэрэглэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 9 дүгээр сард хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалсан болох нь:
Гэрч М.Т-гийн “...Б ах халааснаасаа ууттай өвс гаргаж ирээд цэвэр усны саванд мөнгө хуйлж хийгээд мөнгөнийхөө үзүүрт тугалган цаас хийгээд халааснаасаа гаргаж ирсэн өвсөө тугалган цаасан дээрээ тавьж шатаагаад сорсон, тэр сорж байгаа зүйлээсээ надад өгөхөөр нь би сороогүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8/,
Гэрч Б.М-ын “...Ц.Б халааснаасаа ургамал гаргаж ирээд, 10 төгрөг хуйлж байгаад тамхины цогоор саван дээр, доор хоёр газар цоолоод..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 09/,
ШШҮХүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 9776 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. ногоон өнгийн хатаасан ургамал мэт зүйлийн найрлаганд дельта-9, тетрагидроканнабинолийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 12/,
Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдаанд “...хэргийн зүйлчлэл бусад байдлын талаар маргах зүйлгүй, саваагүй зангаасаа болж ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна” гэж хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ямар нэгэн дарамт шахалтгүйгээр хэргээ хүлээн мэдүүлж, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нөхцөл байдлыг хангасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Мөн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “хэрэглэсэн” гэх үйлдлийг хассан байх тул хадгалсан хэрэгт гэм буруутай тооцсон болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гялгар уутанд хийсэн ногоон өнгийн хатаасан ургамал 51 грамм, “Bon aqua” гэсэн шошготой хажуу хэсэгтээ цоолж 10 төгрөг хуйлж үзүүрт тугалган цаас гаанс хэлбэртэй болгон тогтоосон дотроо шингэн агууламжтай савыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б Ц.Б-ийг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн хадгалж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Ц.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-т зааснаар Ц.Б оршин суух газар, сургуулиа өөрчилж зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоосон үүргийн биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шүүхээс хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулсугай.
6. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гялгар уутанд хийсэн ногоон өнгийн хатаасан ургамал 51 грамм, “Bon aqua” гэсэн шошготой хажуу хэсэгтээ цоолж 10 төгрөг хуйлж үзүүрт тугалган цаас гаанс хэлбэртэй болгон тогтоосон дотроо шингэн агууламжтай савыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД