| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2015/09094/И |
| Дугаар | 102/ШШ2017/02845 |
| Огноо | 2017-10-26 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2017/02845
| 2017 оны 10 сарын 26 өдөр | Дугаар 102/ШШ2017/02845 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: А.Д-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ДД ХХК-д холбогдох гүйцэтгэсэн ажлын доголдол арилгуулах тухай хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Д , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр /үнэмлэх 1952/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбартаа: 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р багийн нутагт Даш донж компаниар худгийн ажил гүйцэтгүүлсэн. Худгийг хүлээж авснаас хойш 10 хоногийн дараа худгийн ус гарахгүй, 8-10 минут ус гараад, ус байхгүй болоод байсан. Ус яагаад ийм болсныг асуухад шланк нь болохгүй байгаа байх, та хүн гуйгаад янзлуул гэсэн. Энэ үед сургууль цэцэрлэг эхлээд хүнгүй байсан үе. Мал усгүй болоод байсан учраас өнгөрсөн зун 7 сард хувиараа худаг гаргуулсан. Ойролцоогоор хагас сарын дараа ажлын доголдлын талаар мэдэгдэж, Отгонбаатарыг явуулсан байсан. Бас л засагдаагүй хэвээрээ үлдсэн, шавар зайлуулах ажлыг сайн хийгээгүй, нэхэмжлэгч өөрөө ч мэдэж байгаа. Отгонбаатар ч гэсэн мэдүүлэг өгөхдөө хэлсэн байдаг. Худгийг гаргахад хийсэн цооног 20 метрын гүнд шавраар дүүрсэн ажлын доголдол гарсан байна. Ажлын доголдлыг арилгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяа шүүхэд гаргасан хүсэлтдээ: ДД ХХК нь Долгоржавтай гэрээ байгуулж Сайншандын 49-р полигон гэсэн газарт худгийн өрөмдлөг хийх, ажлын хөлс 10 000 000 төгрөгөөр харилцан тохиролцсон. Хариуцагч тал төлбөрийг хүлээж авсан. Бид А.Д ын захиалгаар хийгдсэн геологийн шинжилгээний дүгнэлт саналд үндэслэж уг ажлыг хийж гүйцэтгэсэн. Стандартын дагуу мэргэжлийн байгууллага учраас 86 метр ухаж, усны ундрага маш сайн байсан учраас 24 цаг өөрсдөө цооногоо цэвэршүүлээд захиалагч талд хүлээлгэн өгсөн. Мөн 3,4 хоногт тасралтгүй гоожуулах нь усны гарцанд нөлөөлнө гэдгийг хэлж, нэхэмжлэгч тал гарын үсгээ зураад худгийн цооног өрөмдөх ажлыг хүлээн авсан. Худгийн цооног өрөмдөх гэрээний 4.1, 3.1.5 дахь хэсэгт зааснаар ухуулж байгаа цэгээс ус гарахгүй байсан ч хариуцлага хүлээхгүй гэдэг нөхцөлөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Бид бол 100 хувь хийж гүйцэтгээд явсан байдаг. Ямар доголдол арилгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Гагнуурыг дутуу хийсэн, үүнээс болоод худаг шавраар дүүрсэн, насосыг дотор нь унагаасан гэж байна, өөрсдөө битүүмжлэлийг нээсэн, ашиглаж байгаад ийм болгосон. Бид худгийг ухаж ажлын үр дүнг бүрэн хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Д нь ДД ХХК Д.У, П.Бнарт холбогдох гүйцэтгэсэн ажлын доголдол арилгуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч нь Д.У, П.Бнарт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
А.Д нь ДД ХХК-тай 2015 оны 8-р сарын 25-ны өдөр 202 тоот “Худгийн ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж Дорноговь аймгийн Сайншанд сум 49-р полигон гэдэг газар худаг гаргуулах, ажлын хөлсөнд 10 000 000 төгрөгийг төлөхөөр /хх 4-5/ тохирчээ.
Ажил гүйцэтгэгч Д Д ХХК нь ажлыг 2015 оны 8-р сарын 25-наас 31-ний хооронд 86 м гүн өрөмдөж худаг гарган хүлээлгэн өгсөн, захиалагч ажлын хөлс 10 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, худгийг захиалагчийн хийлгэсэн гидрогеологийн гадаргуугийн тандалт судалгааны дагуу заасан цэгт өрөмдсөн, энэ талаар талууд маргаагүй /5-10/ байна.
Ажил гүйцэтгэгч ажил хүлээлгэн өгөхдөө “86 м гүн өрөмдсөн, худгийг технологийн дагуу тоноглон, усны ундарга сайн, усны өнгө цайвар, цайвар өнгийг лайдаж цаашид гоожуулахыг зөвлөсөн” нь актад /хх 87-88/ тусгагджээ.
Харин нэхэмжлэгч нь худгийн доголдлын талаар, өөрөөр хэлбэл, худаг 8-10 минут ус гараад, ус байхгүй болоод байсан, Отгонбаатар ирж зассан боловч хэвээрээ байсан, шавар зайлуулах ажлыг сайн хийгээгүйгээс 20 метрын гүнд шавраар дүүрсэн” гэж маргаж, доголдлыг арилгуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд инженер Ц.Отгонбаатар нь 2016 оны 02-р сарын 16-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгсөн /хх 56-58/ байх ба хууль сануулсан баримтад гарын үсэг зурж, хэргийн оролцогчдыг байлцуулан мэдүүлсэн байна. Харин мэдүүлэг авсан тэмдэглэлд гарын үсэг зураагүй нь түүнээс дахин мэдүүлэг авах шаардлагатай гэж үзэхгүйгээс гадна “...түүнийг очиход худаг, худгийн насос ажиллаж байсан, ус нь саарал гарч байсан” талаар мэдүүлсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд худаг доголдолтой эсэх
талаар дүгнэлт гаргах шинжээчээр Сэлэнгэ баянбүрд ХХК-г томилсон боловч худгийг битүүмж хийж хүлээлгэн өгсөн боловч захиалагчийн “хүргэн Батхүү битүүмжлэлийг задалсан, худгийг ашиглаж байсан, худгийн насосыг авах гэж байгаад троссыг тасалж дотор нь унагаасан, гадуураа хамгаалалтгүй...” нь дүгнэлт гаргах боломжгүй болгосон /хх 146-153/ байна.
Эдгээрээс дүгнэвэл, ус тасраад байсан, тросс тасарсан, 20 м-ийн гүнд шавраар дүүрсэн талаарх доголдлыг арилгуулах нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
Хэрэгт авагдсан 2015 оны байдлаар хүлээлгэн өгсөн худгийн зураг, 2017 оны байдлаар харагдах зургийн /хх 157-156/ талаар маргаагүй, СД бичлэг нотлох баримтын шаардлага хангаагүйг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1 дэх хэсэг, 352-р зүйлийн 352.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан ДД ХХК-иар худгийн доголдлыг арилгуулахыг хүссэн А.Д ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.У, П.Бнарт холбогдох нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА