| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/03386/И |
| Дугаар | 102/ШШ2017/02988 |
| Огноо | 2017-11-08 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2017/02988
| 2017 оны 11 сарын 08 өдөр | Дугаар 102/ШШ2017/02988 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙНӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ц.О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ЦЕГ-ын автобаазад холбогдох диспетчерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Цогтсайхан /үнэмлэх 0174/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч Х.Цогтсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.О нь 2013 оны 11-р сараас ЦЕГ-ын авто баазад диспетчерээр ажиллаж байгаад 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 05/204 дугаартай тушаалаар түүний ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хэд хэдэн ажлыг санаачлан хийж үүрэг даалгавараа зохих ёсоор хийж байсан юм. Гэтэл түүнийг ажлаас нь халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын 136.4, 2б заалтыг үндэслэн тасалбар болгосон. Диспетчерийн орон тоо нь байнгын орон тоо бөгөөд хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3 / ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн/ гэж заасан байна. Нэхэмжлэгч нь тэтгэвэрийн насанд хүрэхэд 1 жил 6 сар дутуу байсан, хөгжлийн бэрхшээлтэй, 2 хүүхэдтэй, цалингийн зээлтэй хямралтай үед ажлаас нь халсан. Авто баазын диспетчер нь сард 469 000 төгрөгийн цалин авдаг. Ц.О-ийг ЦЕГ-ын автобаазын диспетчерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 1 сарын хугацааны цалин 469 000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжилж байна гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.О нь 2013 оноос тус автобаазын диспетчерээр ажилласан, ажилд орохдоо хөдөлмөрийн чадвараа алдсан, группэд байдаг гэдгээ мэдэгдээгүй. Байгууллага жил бүр ажилчиддаа урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэдэг. Түүнээс эрүүл мэндийн даатгалын дэвтэр шаардахад авчирч өгдөггүй, харин энэ оны 9-р сарын сүүлээр урьдчилан сэргийлэх үзлэг болоход эрүүл мэндийн даатгалын дэвтэрээ авчирч өгсөн. Гэтэл 2014, 2015, 2016, 2017 онд хөгжлийн бэрхшээлтэй групппэд байдаг учраас эрүүл мэндийн даатгалыг төрөөс даасан байна. Ажилд орохдоо энэ талаар мэдэгдээгүй. Сангийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 6-р сарын 15-ны өдрийн 211/А112 тоот хамтарсан тушаалаар түүний нийгмийн даатгалын шимтгэлд ажил олгогч 8.8 хувиар тооцож шимтгэл төлөх байсан. Гэтэл Ц.О-ийн шимтгэлд ажил олгогч 2014-2017 оны 10-р сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг 11 хувиар тооцож 1 030 038 төгрөгийг илүү төлсөн байна. Байгууллага нийгмийн даатгалд 13 186 336 төгрөгийн өртэй байгаа, үүнд 1 031 000 төгрөгийн зөрүү орсон. Анхнаасаа нөхцөл байдлыг үнэн зөвөөр мэдэгдсэн бол манайх 12 000 000 төгрөгийн өртэй байх байсан. Хөдөлмөрийн гэрээний 2.7-д “Ажилтан Төрийн албаны тухай хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын дотоод журамд заасан ёс зүйн хэм хэмжээг чанд сахин биелүүлж ажиллах бөгөөд удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон, сахилгын зөрчил давтан гаргасан, сахилгын ноцтой зөрчил гаргасан, мөнгө болон эд хөрөнгө хариуцан ажиллах үедээ итгэл алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэл болно” гэж заасан байна. Үүний үндсэн дээр бид талуудын хүлээх үүргийн 5.2 дахь хэсэгт энэхүү гэрээний 2.7 дахь хэсэгт заасан тохиолдолд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцалж болно. Ц.О-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтууд, гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.О нь ЦЕГ-ын автобаазад холбогдох диспетчерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 469 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Ц.О нь ЦЕГ-ын Автобаазын даргын 2013 оны 12-р сарын 27-ны өдрийн б/197 тоот тушаалаар ерөнхий диспетчерээр томилогдон ажиллаж байгаад тус баазын даргын 2017 оны 10-р сарын 05-ны өдрийн б/204 тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг /хх 27-28/ цуцалжээ.
Нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлоо 2017 оны 10-р сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан нэг сарын дотор шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.
Ажил олгогч нь Ц.О-ийг ажлаас нь халж хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38-р зүйлийн 38.1.2 дахь хэсэг, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын Байгууллагын даргын тушаал гаргах /код 136.4.2-ын “Б” заалтыг үндэслэн гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “ажилд орохдоо группэд байдаг гэдгээ мэдэгдээгүй, нийгмийн даатгалын шимтгэлд ажил олгогч 8.8 хувиар тооцож шимтгэл төлөх байснаас 11 хувиар төлүүлж, 1 030 038 төгрөгийг илүү төлүүлсэн” гэж маргажээ.
Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.7-д “Ажилтан Төрийн албаны тухай хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын дотоод журамд заасан ёс зүйн хэм хэмжээг чанд сахин биелүүлж ажиллах бөгөөд удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон, сахилгын зөрчил давтан гаргасан, сахилгын ноцтой зөрчил гаргасан, мөнгө болон эд хөрөнгө хариуцан ажиллах үедээ итгэл алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах”-аар заасан байх ба /хх 16-18/ нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа “өвчний учир группэд байдгаа мэдэгдээгүй” гэх үндэслэл нь эдгээрийн алинтай нь холбоотой, Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1-40.1.7 дахь хэсэгт заасан ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлийн аль заалтаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаагаагүй заагаагүй байна.
Өөрөөр хэлбэл, ажлаас халах үндэслэлийн хууль зүйн үндэслэлийг заагаагүйгээс тушаал нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий гэж үзэхгүйгээс гадна нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэл нь баримтаар нотлогдоогүй байна.
Ажил олгогч нь хууль зөрчиж Ц.О-ийг үндэслэлгүйгээр халсан байх тул түүнийг ЦЕГ-ын автобаазын ашиглалтын хэлтсийн диспетчерийн ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55-р тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар тооцож 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 11 дүээр сарын 05-ныг хүртэлх 25 хоногийн олговорт 467 241 төгрөгийг олгохоор байна.
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар ажилтныг нийгмийн даатгалд заавал даатгуулж, шимтгэл төлөх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутамд шимтгэл, хураамж төлсөн бичилт хийх үүрэгтэй байх тул 467 241 төгрөгөөс тооцож шимтгэл төлж, бичилт хийх нь зүйтэй.
Талууд Автобаазын дотоод журмыг зөрчсөн талаар маргаагүй /хх 29-44/, түүний ажилласан цагийн талаарх тооцоо нь нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэл болоогүйг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйл, 160-р зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69-р зүйлийн 69.1, 128-р зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.О-ийг ЦЕГ-ын автобаазын ашиглалтын хэлтсийн диспетчерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 467 241 төгрөг гаргуулж олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар Ц.О т олгох олговороос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг ЦЕГ-ын автобаазад даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ЦЕГ-ын автобаазаас улсын тэмдэгтийн хураамжид 14 667 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА