Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/03079

 

 

 

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/03079

Улаанбаатар хот

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч:  Н.Э-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Н.А-т холбогдох орон сууц чөлөөлүүлэхийг хүссэн, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй Н.Э-д холбогдох орон сууц худалдах, худалдан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Э, хариуцагч Н.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баяраа /үнэмлэх 0114/,  гэрч Ч.Тэрбиш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов. 

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Эшүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2010 оны 6-р сарын 25-ны өдөр иргэн Н.Аээс Баянгол дүүргийн 19-р хороо, 4-р хороолол, 51-р байрны 130 тоот 1 өрөө сууцыг худалдаж авсан. Цаашид орон сууцаа 18 сарын хугацаатай хөлслүүлэхээр тохирсон. Орон сууцны гэрчилгээ нь миний нэр дээр байдаг. Н.А нь өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөрөө төлөхгүй байгаа учраас албадан чөлөөлүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч Б.Баяраа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Уг байр нь иргэн Н.А-ийн өмч юм. Орон сууц худалдах худалдан авах гэрээ хийгдсэн, Н.Энхбатын өмчлөлд бичиг баримтыг шилжүүлсэн. Гэвч гэрээ нь бодит байдалд хууль бус гэрээ байдаг. Н.А нь Н.Э-тай гэрээ хийгээд мөнгө хүлээн авсан баримтанд гарын үсэг зурсан боловч мөнгийг н.Сарантуяа Ч.Тэрбиш нар авсан байдаг. Эрүүгийн журмаар шалгуулахад гэрч болон Н.Энарын хооронд зээлийн харилцаа үүссэн байсан. Ч.Тэрбиш, Сарантуяа нар нь мөнгө зээлэхдээ Алтанцэцэгийн байрыг барьцаалж, дараа нь буцаагаад шилжүүлээд өгнө гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор Н.А-ийн байрыг барьцаалж фидуци маягаар урьдчилаад шилжүүлсэн байна. Н.Эболон Ч.Тэрбиш, н.Сарантуяа нарын хооронд зээлийн харилцаа үргэлжилсэн, Н.Э-д 33 000 000 төгрөгийг буцааж өгсөн гэдэг, харин Энхбат нь 12 000 000 төгрөг авсан гэж хэлдэг. Харин сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт 27 500 000 төгрөгөөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийсэн, байр 60 000 000 төгрөгийн үнэтэй байсан гэж бичсэн байдаг. Өөрийнх нь байрыг өөрт нь буцаан хөлслүүлсэн. Н.Энь 27 500 000 төгрөгөөсөө 4 500 000 төгрөгийг буцаан авсан байдаг. Худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа тул  нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

            Хариуцагч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Э-тай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болсон. Н.Ат орон сууцаа худалдах, худалдсан орон сууцаа хөлслөх хүсэл зориг байхгүй, Тэрбиш, Сарантуяа нар нь мөнгө зээлэхдээ барьцааны хөрөнгө шаардлагатай болсон, Энхбатын өмчлөлд шилжүүлээд хөлслөх гэрээний хугацаа дуусахаар тухайн үеийн ханшаар худалдаж авч өгөхөөр хоорондоо тохирсон байдаг. Н.А нь мөнгө аваагүй байж байраа алдах болоод байна. Харин нэхэмжлэгч нь 23 500 000 төгрөгний зардал гаргасан, Тэрбишээр зээлээ буцаагаад төлүүлсэн, түрээсийн мөнгө авсан, байрыг нь бас авсан байна. Н.Э, Н.А нарын хооронд байгуулсан 2010 оны 6-р сарын 25-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.   

 

Нэхэмжлэгч Н.Эсөрөг нэхэмжлэд гаргасан тайлбартаа: Би Н.Аээс 1 өрөө байрыг 26 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Н.А нь уг байранд түрээсээр сууж байгаад 2011 оны 12-р сарын 5-ны өдөр эргүүлэн худалдаж авахаар тохиролцож гэрээг байгуулсан. Гэтэл байраа  худалдаж авахгүй болохоор нь одоо байраа суллаж өг гэсэн. Тэр үед Алтанцэцэгийн найз Ч.Тэрбиш нь “бид нар яг жилийн дараа буюу 2012 оны  5-р сард  хэлсэн үнээр чинь 87 500 000 төгрөгөөр худалдаж авна, битгий зараачээ” гэж гуйгаад урьдчилан худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Хугацаа болоход мөнгөө өгөөгүй бөгөөд дахин хэдэн сар болсон. Би “зах зээлийн үнэ худлаа боллоо, та нар 50 000 000 төгрөгөөр байраа ав, миний хийж байгаа ажилд мөнгө хэрэг болоод байна” гэж хэлсэн. Гэтэл Тэрбиш маш олон төсөл үзүүлж удахгүй авна гэж худлаа ярьсан. Ингээд хугацаа хожихын тулд надтай янз бүрийн гэрээ байгуулсан. Америк долларын ханш өссөн учраас долларт тооцоод 75 000 доллар зээлсэн гэж гэрээ байгуулсан. Намайг байраа зармаар байна гэхээр, чи нэгэнт хүлээсэн юм чинь хүлээ гэдэг байсан. Хэрэгт авагдсан зээлийн гэрээ зэрэг нь Ч.Тэрбиш надад санал болгож байсан л зүйл. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Би  байраа аваад мөнгөө өгсөн, Н.А нь хэнд өгөх нь энэ хүний асуудал гэв. 

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                        

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Н.Энь Н.Ат холбогдох орон сууц чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг, хариуцагч нь Н.Э-д холбогдох орон сууц худалдах, худалдан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ. Шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

Улсын бүртгэлийн Ү-2205013488 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 19-р хороо, 4-р хороолол, 51-р байрны 130 тоот 18 м.кв талбай бүхий 1 өрөө сууцны өмчлөгчөөр Н.А, А.Лхагвасүрэн нар бүртгэгдсэн өмчлөгч байжээ.

 

Өмчлөгч нар Н.Э-тай 2010 оны 6-р сарын 25-ны өдөр “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, 2 000 000 төгрөгөөр худалдаж, Н.Э-д 000106736 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон, өмчлөгч /хх 4, 30/ байна.

 

Н.Энь тухайн өдрөө буюу 2010 оны 6-р сарын 25-ны өдөр Н.Атэй “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулж, 18 сарын хугацаатай хөлслүүлэх, хөлслөгч нь 4 500 000 төгрөгийг төлөхөөр /хх 5/  тохирсон байх ба хөлслөгч нь 2016 оны 6-р сарын 25-наас хойш хөлс төлөөгүй гэх үндэслэлээр түүнээс орон сууц чөлөөлүүлэхийг хүсчээ.

 

Хариуцагч Н.А нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “би мөнгө авсан баримтанд гарын үсэг зурсан боловч мөнгийг Тэрбиш, Сарантуяа нар авсан” гэж тайлбарлаж, орон сууц худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргаж, сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

Н.Энь 2012 оны 11-р сарын 13-ны өдөр Ч.Тэрбиштэй зээлийн гэрээ байгуулж, 27 500 000 төгрөгийг 6 сар 11 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлүүлэх /хх 29/, 2013 оны 9-р сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 75 000 долларыг 8 сар 16 хоногийн хугацаатай, сарын 1 хувийн хүүтэйгээр зээлүүлэх /хх 43/, 2011 оны 12-р сарын 25-ны өдөр Ч.Тэрбиштэй “Орон сууц худалдах, худалан авах гэрээ” байгуулж Баянгол дүүргйн 14-р хороо, 4-р хороолол, 51-р байрны 130 тоот 1 өрөө сууцыг 87 500 000 төгрөгөөр худалдах /хх 41-42/ гэрээг тус тус байгуулжээ.

 

Гэрч Ч.Тэрбиш шүүх хуралдаанд “...манай эхнэр Сарантуяа, Алтанцэцэг нар найзууд, бид нэг байранд амдарч байсан юм. Тэгээд Алтанцэцэгээс мөнгө зээлэх боломж байна уу гэхэд мөнгө байхгүй, харин манай байрыг барьцаалаад мөнгө зээлэх боломжтой гэсэн. Сонины зараас Энхбатын утсыг олоод мөнгө зээлэх талаар ярисан, тэгэхэд байрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авна гэсэн, тэгээд Алтанцэцэгийг түрээсээр суулгахаар гэрээ хийгээд байрыг нь Энхбатын нэр дээр шилжүүлсэн, түрээсийн гэрээ дуусахаар зах зээлийнх нь ханшаар буцааж авч өгөхөөр тохирсон, мөнгийг би авсан, түрээсийн мөнгийг нь би төлж байсан, нийт Энхбатад 30 300 000 төгрөг төлсөн, би компанийхаа хувьцааг зараад Сонгинохайрхан дүүрэгт 2 өрөө байр авсан, Алтанцэцэгийг байранд нь үлдээгээд тэр 2 өрөө байрыг Энхбатад өгье гэхээр зөвшөөрдөггүй” талаар мэдүүлжээ.

 

Гэрчийн мэдүүлэг болон Энхбат, Тэрбиш нарын хооронд зээлийн болон орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж байсан, Тэрбиш, Сарантуяа нар орон сууц хөлслөх гэрээний үүргийг гүйцэтгэж байсан, түүнчлэн дэнчинд 10 сая төгрөг төлсөн, зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэж 30 300 000 төгрөг төлсөн, Н.Энь тус байраа зах зээлийн ханшаар нь буцаан худалдаж авахыг шаардаж байсан зэрэг нөхцөл байдлуудаас  дүгнэвэл Н.А нь орон сууцаа худалдах, худалдсан орон сууцаа хөлслөх хүсэл зориг байгаагүй гэж дүгнэлээ.

 

Өөрөөр хэлбэл, орон сууц худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэлээ. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн Орон сууц хөлслөх гэрээ мөн хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

 

Хүчин төгөлдөр бус хэлцлээр талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ буцаах үүрэгтэй тул Н.Энь өмчлөх эрхээ Н.Ат шилжүүлэх, Н.А нь 26 000 000 төгрөгийг Н.Э-д шлжүүлэх нь зүйтэй.

 

Н.А нь Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст Ч.Тэрбиш, Д.Сарантуяа нарт холбогдуулан гомдол гаргаж, прокурорын тогтоолоор  эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байх ба зарим баримтууд нь нэхэмжлэлийн шаардлага, татгалзалтай холбоотой баримтуудтай давхардсан /хх 87-181/  байна.

 

Шүүгчийн 2017 оны 6-р сарын 07-ны өдрийн 8104 тоот захирамжаар хариуцагч Н.А сөрөг нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Улсын бүртгэлийн Ү-2205013488 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 19-р хороо, 4-р хороолол, 51-р байрны 130 тоот 1 өрөө сууцыг Н.Э-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн Н.Э-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.2 дахь хэсэг, 56-р зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан  Н.А, Н.Энарын хооронд байгуулагдсан 2010 оны 06-р сарын 25-ны өдрийн  “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож,  Баянгол дүүргийн 19-р хороо, 4-р хороолол, 51-р байрны 130 тоот 1 өрөө сууцны өмчлөх эрхийг Н.Ат  шилжүүлэхийг Н.Э-д даалгаж, Н.Аээс 26 000 000 /хорин зургаан сая/ төгрөг гаргуулж Н.Э-д олгосугай.

 

          3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн  56.1, 56.2  дахь хэсэг, 58-р зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.А сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Э-аас улсын тэмдэгтийн хураамжийн 287 950 /хоёр зуун наян долоон мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

 

4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Р.АЛТАНТУЯА