Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2017/ШЦТ/243

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0227

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од  даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Шүрэнчимэг

Улсын яллагч Н.Дуламсүрэн,

Хохирогч Б.З,

Шүүгдэгч С.Ц /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С.Ц холбогдох эрүүгийн 1718000720034 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1960 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ... аймгийн ... суманд  төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, группт байдаг, ам бүл 1,  ... аймгийн ... сум,  ... баг, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт С.Ц ,  регистрийн дугаар РД:...

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.Ц- нь 2017 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн ... сум,  ... баг, ... тоотод иргэн Б. З хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч  С.Ц- нь 2017 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн ... сум,  ... баг, ... тоотод гэртээ  иргэн Б. З хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

      

        Хохирогч Б.З мөрдөн байцаалтад өгсөн “...манай хүүхэд уйлаад сэрэхэд харанхуй байсан. Миний цээжээр нойтон оргиод гэрлээ асаагаачээ гэсэн чинь нөгөө ах үглээд орилоод байсан. Тэгээд би босоод гэрэл асаасан чинь миний цээж хөхнөөс цус гараад байсан, би нөхөр охин хоёроо сэрээгээд хэлсэн чинь манай нөхөр босоод юу болоод байгаа юм бэ гэж хэлээд нөгөө Ц гэдэг рүү дайраад байхаар нь би хурдан түргэн дуудаачээ би цус алдаад үхлээ гэсэн чинь манай нөхөр гараад гар утсаар түргэн, цагдаа дуудах гээд гарах хойгуур нөгөө Ц миний өмдөө тайл, одоо шатаана гээд байсан. Тэгээд миний өмд татаад байхаар нь би гар утсаа халааснаас нь гаргаж аваад өмдөө тайлаад өгсөн, намайг пийшин рүү түлхэх шиг болохоор нь би тухайн үед цохисон юм байх гэж бодсон чинь бас хутгаар дүрсэн байсан. Миний баруун хөх, баруун дал орчимд хутгалсан“ гэх мэдүүлэг / хх-ийн 14-15-р хуудас /

 

 Гэрч Б. Б “...би хажууд нь очоод харахад З хөхнөөс цус гарч байсан, юу болсон талаар асуухад З надад Ц ах намайг хутгалсан гэж хэлсэн, ...намайг сэрэхэд Ц ах өөрийн орон дээрээ нилээн согтуу байдалтай сууж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас /

 Гэрч Д “.....унтаж байхад эхнэр З намайг босооч гээд сэрээсэн. Би босоод  харахад эхнэрийн цээжнээс цус гарч байсан. Би юу болсон талаар асуухад Ц ах хутгалсан гэж хэлсэн. Намайг харахад Ц ах орон дээр сууж байсан. Тухайн үед өөр хүний биед учирсан гэмтэл байхгүй“гэх мэдүүлэг. /хх-ийн 18-20-р хуудас/

 Насанд хүрээгүй гэрч З. Ц “...намайг шөнө унтаж байхад ээж З чанга орилоод байсан. Манай ээж өвдөөд байна гээд Д ах босож ирээд Ц ахыг юу болж байгаан бэ гээд гараараа орон дээр түлхээд унагаасан. Манай ээж З, ах Д нар унтахаасаа өмнө хоорондоо маргалдаагүй“ гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/  

Гэрч Ц. А “...2017 оны 08 дугаар сарын 04-ны өдөр Улаанбаатар хотод байхад мөн утсаар яриад гэртээ архи ууж байгаад хүнтэй маргаад хутгаар дахин нэг хүнийг гэмтээчихлээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас /

Шүүгдэгч С.Ц-ийн ”...газарт байсан хар хүрэн иштэй хутгыг гартаа барьж аваад  Д, З хоёртой маргалдаад байснаа санаад байгаа юм. Түүнээс хойш юу болсон талаар ерөөсөө санахгүй байна. Тэгээд нэг мэдэхэд орон дээрээ хэвтэж байсан. Босоод харахад хивс, орны бүтээлэг цус болсон, гэрт хүн байхгүй байсан. Би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/ ,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 1-ний 784 дугаартай, “Б.З биед цээжний баруун өмнө, баруун суганы ар хэсгийн шарх тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Б.З учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-р хуудас/, 

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн тэмдэглэл  /хх-ийн 4-р хуудас/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-р хуудас/,

Өвчтөн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас / хх-ийн 24-26-р хуудас/,

Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 29-32-р хуудас/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба дээрх нотлох баримтууд хуульд заасан арга хэлбэрээр авагдсан, хэрэгт хамааралтай байна.

 

 Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Б.З шүүхийн хэлэлцүүлэгт “эмчилгээний зардалд 160,000 төгрөг авсан, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай тул нийт хохиролд 500,000 төгрөг нэхэмжилж байна” гэснийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх санал гаргаж, шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд 500,000 төгрөг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага бусад байдлын талаар:

 

Шүүгдэгч С.Ц-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-р зүйлд заасан гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч нь эрхэлсэн ажил, орлогогүй зэргийг халзалзан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг 11 см, ишний урт 9.5 см нийт 20.5 см урттай хутга /1 ширхэг/-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Б овогт С.Ц хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт С.Ц 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 

  1. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг 11 см, ишний урт 9.5 см нийт 20.5 см урттай хутга /1 ширхэг/-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.ГЭРЭЛТ-ОД