| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/03326/И |
| Дугаар | 102/ШШ2017/03080 |
| Огноо | 2017-11-16 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2017/03080
| 2017 оны 11 сарын 16 өдөр | Дугаар 102/ШШ2017/03080 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б.Н-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.О-тхолбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Сүх-Очиртой 2006 оны 10-р сараас үерхэж байгаад 2011 оны 11-р сарын 22-ны өдөр Оросын холбооны улсын Москва хотод гэрлэлтээ батлуулсан. 2012 оны 6-р сарын 25-нд охин Оюунжаргал мэндэлсэн. Би эдийн засгийн ухааны дэд докторын зэрэг хамгаалахаар Орос улсад сурч амьдарч байсан. Сүх-Очир огцом ууртай, уурласан, маргалдсан үедээ багалзуурдах зэргээр зоддог болсон, эхлээд жилд нэг удаа зоддог байсан, сүүлдээ хэд хэд болсон. Миний санаж байгаагаар энэ оны 3-р сард намайг зодсон, 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр сургуулийн хамгаалалт болсон, үүнээс 2 хоногийн дараа Б.Оын найзаас болж маргалдаад зодуулсан. Гарны дээд талын булчинг хөхрүүлээд өвдөг гэмтээснээс болоод 14 хоног зүүн хөл, гар доголон хавдартай явсан. Ингээд би 2017 оны 7-р сарын 05-ны өдөр сургуулиа төгсөөд Монголдоо ирсэн. Би энэ үйлдлүүдийг нь охиноо бодоод эцэг эх ах үү нартаа хэлдэггүй. Ганцхан найздаа л хэлж байсан. Миний ээж нилээн хүнд өвчтэй хүн байдаг. 2017 оны 10-р сарын 05-ны орой маргалдаад намайг дэрээр цохисон. Би хэрэлдмээргүй байна, одоо болъё гэхэд “чи дандаа ингэдэг” гээд намайг зодсон. Бидний зодолдож байгааг охин маань хараад уйлаад, айдаг, охиныхоо нүдэн дээр намайг зоддог. Тухайн үед намайг багалзуурдаад би хэсэг ухаан алдсан байсан. Сэргээд гэрээсээ гарч амьсгаа аваад найз руугаа утасдаж “миний бие эвгүйтээд байна” гээд дуудсан. Найз охинтойгоо гэрлүүгээ ороход нөхөр маань орондоо орчихсон унтаж байсан. Ийм байдлаар би цаашид амь насаа алдах юм байна, намайг үхчихвэл охин маань ганцаараа үлдэнэ гэж бодоод салахаар шийдсэн. Охиныгоо ийм, хэрүүл зодоонтой орчинд өсгөмөөргүй байна. Иймд Сүх-Очироос гэрлэлтээ цуцлуулж, охиноо өөрийн асрамжинд авах, хүүхдийн тэтгэмж гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.
Хариуцагч Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй танилцсан. Би хүн зоддог ёс суртахуунгүй хүн биш. Эхнэр маань гэр бүлд болсон асуудлыг гадагшаа ярьдаг, гэр бүлийн асуудал гэр бүлдээ байх ёстой гэж олон удаа хэлсэн, миний хэлсэн үгийг дандаа эсэргүүцдэг. Би огцом уурладаг, гар далайдаг, яваад очихоор урдаас самарддаг. Би зоддоггүй, эхнэр хүүхдээ хүчирхийлсэн зүйл байхгүй. Охиныхоо төлөө тэссэн. Би олон удаа гуйсан, архи ууж агсан согтуу тавьдаггүй, хэрүүл маргаан эхлүүлдэггүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, хуулийн дагуу шийдэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Н нь Б.От холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Б.Н, Б.О нар нь 2011 онд гэр бүл болж, амьдрах хугацаандаа 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдөр охин С.Оюунжаргалыг төрүүлж өсгөжээ.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.
Харин гэрлэгчид хамт амьдрах хугацаандаа бие биендээ хүлээцтэй ханддаггүй, үл ойлголцох байдлаас болж хэрүүл маргаан үүсдэг, улмаар нөхөр Б.О нь эхнэртээ хүч хэрэглэж зоддог, биед нь гэмтэл учруулж сэтгэл санаа, эрүүл мэндэд хохирол учруулдаг байх ба энэ нөхцөл байдал нь гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулж болзошгүй гэж дүгнэлээ. Гэрлэгчид цаашид хамт амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн байна.
Түүнчлэн эцэг, эх нь хүүхдээ эрүүл, аюулгүй орчинд өсгөж хүмүүжүүлэх үүрэгтэй боловч эдгээр байдал нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөхөөр байна.
Иймд гэрлэлтийг цуцалж, бага насны охин С.Оюунжаргалыг эхийн асрамжинд үлдээж, хуульд заасан журмаар тэтгэлэг гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Б.О, Б.Н нарын гэрлэлтийг цуцалж, 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин С.Оюунжаргалыг эх Б.Нийн асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин С.Оюунжаргалыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Б.Ооор тэжээн тэтгүүлсүгэй.
3. Улсын тэмдэгдийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б.Ооос 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА