| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0399/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/435 |
| Огноо | 2018-11-29 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2018/ШЦТ/435
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0399/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт О холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1818007340441 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1968 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч О нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 2 дугаар 60-н айлын гадна бариатай байсан монгол гэрийн хаяагаар иргэн Б эзэмшлийн Самсунг эс-6 маркийн гар утас, цагаан өнгийн чулуун хөөрөг зэрэг эд зүйлийг хулгайлж, 450000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 2 дугаар 60-н айлын гадна бариатай байсан монгол гэрийн хаяагаар иргэн Б эзэмшлийн Самсунг эс-6 маркийн гар утас, цагаан өнгийн чулуун хөөрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би тухайн үед согтуу байсан болохоор утас, хөөргийг хаанаас яаж авснаа мэдэхгүй байна. Намайг зах дээр явж байхад албаны бус хувцастай хоёр цагдаа ирж миний зургийг гар утсан дээрээсээ харуулаад “та мөн үү?” гэж асуухаар нь би “мөн” гэж хариулсан. Гэтэл намайг “шуудайгаа хая” гээд дагуулаад явсан. Би хохирогчийн хөөргийг шуудайтай хамт хаясан гэж бодож байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан учир хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3-4/,
-Эд зүйл түр хураан авах тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 6-7/,
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 8/,
-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 9/,
-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 10/,
-Хохирогч Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр манайд ажил явдал болоод Дархан сумын 5 дугаар баг 2/60 айлын байрны гадаа гэр барьсан. Ажил явдлаа дуусгаад бид нар ганданд ном уншуулж байхад гэрийн хаяагаар орж, гэрт байсан Самсунг эс-6 маркийн гар утас, мөн цагаан өнгийн хөөрөг байсныг аваад явсан байсан. Бид нар гэрийнхээ хаалгыг цоожлоод явсан. Би утсаа аваад жил гаран болж байгаа. Манай ааваас өвлөж ирсэн цагаан өнгийн хөөрөг байсан.
... би гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан.
... Харин хөөргийг мөнгөөр төлүүлж авсан. гэх мэдүүлэг /хэргийн 12-14/,
-“...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх хохирогч Б гаргасан тодорхойлолт /хэргийн 15/,
-Гэрч О.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 15 цагийн орчимд ажил дээрээ байж байтал нэг үл таних хүн лангуунуудаар яваад байсан. Тэгсэн манай лангууны урд ирээд “юм үзүүлье гэж хэлээд энгэрээсээ утас гаргаж ирсэн. Тэр хүн эхлээд “засаад өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “наад утас чинь засагдахгүй” гэж хэлэхэд “тухайн утсыг авах уу?” гэсэн. Би “авахгүй, сэлбэгэнд 20000 төгрөгөөр авъя” гэж хэлэхэд “зарчихъя” гээд 20000 төгрөг аваад явсан. Удалгүй гаднаас 3 залуу орж ирээд “энд гар утас зарсан уу?” гэж асуусан. Тэгэхээр нь би ямар гар утас хайж байгаа юм гэхэд Самсунг эс-6 маркийн гар утас хайж байгаа гэж хэлсэн. Хайж байгаа гар утас чинь мөн үү гэж гар утсыг гаргаж үзүүлэхэд мөн байна гэж хэлсэн.
...би танихгүй, архичин юм уу гэмээр 50-60 орчим насны, цэнхэр малгайтай, саарал өнгийн куртиктэй дотор нь саарал өнгийн хантаазтай сахалтай хүн байсан.
...миний мөнгийг надад утас зарсан ах буцаагаад төлсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 17, 18/,
- “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг байна.” гэх 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 22-23/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Шүүгдэгч О нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 2 дугаар 60-н айлын гадна бариатай байсан монгол гэрийн хаяагаар иргэн Б эзэмшлийн Самсунг эс-6 маркийн гар утас, цагаан өнгийн чулуун хөөрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч О гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч******д 450000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар /хэргийн 22-23/ нотлогдож байх бөгөөд хохирогч****** нь “...би гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан. ...харин хөөргийг мөнгөөр төлүүлж авсан. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 12-14/ хавтаст хэрэгт авагдсан байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч О нь бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч О нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 2 дугаар 60-н айлын гадна бариатай байсан монгол гэрийн хаяагаар иргэн Б эзэмшлийн Самсунг эс-6 маркийн гар утас, цагаан өнгийн чулуун хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч О гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Шүүгдэгч О нь энэ хэрэгт 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоногийг /хэргийн 71-72/ эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээхээр шийдвэрлэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.О-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 450000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.О-г Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт зам, талбай цэвэрлүүлэхээр 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10-р зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийг 2-т зааснаар шүүгдэгч О энэ хэрэгт цагдан хоригдсон 12 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай дүйцүүлж 96 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч, шүүгдэгчийн эдлэх ялыг 144 /нэг зуун дөчин дөрөв/ цаг нийтэд тустай ажил хийх ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч О анхааруулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ