Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/03165

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/03165

Улаанбаатар хот

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:  

 

  Нэхэмжлэгч:  Ж.Б-г төлөөлж О.Солонгын гаргасан нэхэмжлэлтэй, 

 

  Хариуцагч:  Ц.М-дхолбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж О.Солонго, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Солонго, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов. 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь: 

 

 Нэхэмжлэгчийг төлөөлж О.Солонго шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Б миний бие нь 2007 онд Ц.М-тэй танилцаж улмаар 2009 оны 12-р сарын 07-ны өдөр гэрлэлтийн 0076320 тоот баталгаагаар бүртгүүлэн гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2009 оны 6-р сарын 08-нд хүү М.Ананд, 2014 оны 1-р сарын 28-нд хүү М.Төгөлдөр нар төрсөн. Бид зан харьцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй, 2014 оноос тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш 2 хүү маань миний асрамжинд амьдарч өсч торнисон. Одоо бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлийг цуцалж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн ямар нэгэн маргаагүй болно гэжээ.

 

Нэхэмжлэгчийг төлөөлж О.Солонго шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би Ж.Бгийн нагац эгч юм. Болортуяа нь 2017 оны 7-р сард Япон яваад тэндээ үлдсэн. Нөхөр Мөнхдөл нь Солонгост ажиллаж амьдарч байна. Цаашид 2 хүүхдийнхээ ирээдүйн төлөө хоёулаа гадаадад ажиллаж амьдарч байгаа. Монголд байхдаа ажил хийдэггүй байсан. Гэрлэлтээ цуцлуулчихвал нөхөр лүүгээ виз мэдүүлэх, цаашид хамт амьдрах боломжтой, хүүхдүүдийнхээ төлөө баталгаагаа салгах шаардлагатай болсон. Иймд гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Солонго шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.М нь 2009 оны 12-р сарын 7-ны өдөр Ж.Бтай гэрлэлтийн 0076320 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болон  2009 оны 6-р сарын 8-нд хүү М.Ананд, 2014 оны 1-р сарын 28-нд хүү М.Төгөлдөр нар төрсөн. 2014 оноос хамт амьдрах боломжгүй болж тус тусдаа байх хугацаандаа Ц.М нь БНСУ-ыг зорин одоог хүртэл тэндээ ажиллаж амьдарч байгаа. Ж.Бгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч гэр бүл цуцлахад татгалзах зүйлгүй. Ц.М, Ж.Б нар нь хоорондоо харилцан тохиролцож үр хүүхдүүд болон эд хөрөнгийн асуудлаа шийдсэн гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.М нь 2009 онд БНСУ-руу гэрээгээр ажиллахаар яваад тэндээ харлаж үлдсэн. Тэгээд эхнэрийгээ татах гэхээр харалсан, гэрлэлтийн баталгаатай байгаа нь саад болсон. Б виз мэдүүлсэн боловч гараагүй. Гэрлэлтийн баталгаагаа салгах юм бол Ж.Б нь нөхөрлүүгээ явах, Ц.М нь эхнэр, хүүхдээ өөр дээрээ авах бодолтой байгаа. Цаашид хамт амьдарна гэв.

 

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Ж.Б нь Ц.М-дхолбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Ж.Б, Ц.М нар нь 2009 онд гэр бүл болж, амьдрах хугацаандаа 2009 оны 6-р сарын 8-нд хүү М.Ананд, 2014 оны 1-р сарын 28-нд хүү М.Төгөлдөр нарыг төрүүлж өсгөжээ.

 

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.

 

Гэрлэгчид хамт амьдрах хугацаандаа хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон, хуулинд заасан үүргээ зөрчсөнөөс хамт амьдрах боломжгүй болсон нь тогтоогдоогүй байна.

 

Харин Ц.М нь БНСУ-д, Ж.Б нь Япон улсад ажиллаж байгаа,  улмаар эхнэр нь БНСУ-д зорчих виз мэдүүлэхэд гэрлэлтээ цуцлуулсан байх шаардлагатай, гэрлэлтийн баталгаа саад болж байгаа гэх үндэслэл нь гэрлэгчийн гэрлэлтийг цуцлах үндэслэл болохгүй.

 

Энэ үндэслэлээр гэрлэлтийг цуцлах нь Гэр бүлийн тухай хуулийн 4-р зүйлийн 4.4-т заасан гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална, 25-р зүйлийн 25.3-т заасан эцэг, эх нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална гэсэн хуулийн заалтуудыг зөрчихөөр байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Б, Ц.М нарын гэрлэлтийг цуцлуулахыг хүссэн Ж.Бг төлөөлж О.Солонгын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

  2. Улсын тэмдэгдийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.   

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Р.АЛТАНТУЯА