Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/319

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: Э.Гантулга

Нарийн бичгийн дарга: Н.Гантулга

Хохирогч: *******,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Доржготов нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн  шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 1914006710379 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баацагаан сумын 3 дугаар багийн нутаг “Хар нүдэн гэх газарт 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр *******г зодож эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч  *******гийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэртээ байж байхад манайд *******, ******* нар ирээд бензин авчирч өгчихөөд бид 3 нэг шил архи хувааж уугаад  *******, ******* нар манайхаас гараад явсан. Би айлд очоод ирье гэхэд эхнэр явуулахгүй байхаар нь өмдний халааснаасаа засаалын хутга гаргаж ирээд хутгаа явуулсан чинь гар луу нь хутга орсныг мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 60-62/

...Тэгээд би айл руу явчихаад гэртээ ирсэн чинь манай эхнэр чиний хутга надын гар луу орчихлоо гээд сумын төвөөс эмч ирээд аваад явсан,... 5 оёдол тавиулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 78-70/

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн

… 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баацагаан сумын зүүн хаяа 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Хар нүдэн гэх газарт манайх ганц гэрээрээ байж байтал манай нөхөр архи уучихаад айл руу явах гээд байхаар нь яах гэж явах гээд байгаа юм явуулахгүй гэсэн чинь манай нөхөр засаалын хутга халааснаасаа гаргаж ирээд миний зүүн талын гарын булчинд нэг удаа хутгалчихаад явахаар нь би саахалт айл ******* ахынд очоод ******* миний гар луу хутгалчихлаа гээд гараа боолгоод гэр рүүгээ яваад сумын эмнэлэг рүү дуудлага өгсөн.... гэх мэдүүлэг / хх-ийн 40-44 /

Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баацагаан сумын 3 дугаар багийн нутагт ******* нь нөхөртөө хутгалуулсан гэсэн дуудлагаар очиход нь хутгалуулсан гэсэн гараа юмаар боосон цус нь тогтсон байсан. Үзэхэд хэвийн байхаар нь сум руу авч явж эмнэлэг дээр ирээд 3 оёо тавиад өвчин намдаах тариа хийгээд явуулсан. ******* нь эмнэлэг дээр дахин ирээгүй маргааш нь аймаг явсан сураг байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 49-50 /

Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 17 цагийн үед ******* нь хүүхдээ дагуулаад манайх руу алхаад байхаар нь урдаас нь очиход ******* намайг хутгалсан танайд очиж утсаар яръя гэхээр нь гэртээ аваачиж утсаар яриулаад гарыг нь боож өгсөн... гэх мэдүүлэг / хх-ийн 51-52 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 581 дугаар шинжээчийн

1. *******гийн биед биед зүүн бугалгын шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 55/ зэрэг нотлох баримтууд тус тус болно.

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 03-04/,  эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 21-27/, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 28-32/, шүүгдэгч *******гийн хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Баацагаан сумын 3-р багийн Засаг даргын 2019.10.25-ний  өдрийн 63 дугаар тодорхойлолт /хх-ийн 63/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 20/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 65/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 19/, депозит дансны хуулгууд /хх-ийн 80-83/, шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65/, 2018 оны мал тооллогын баримт /хх-ийн 64/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Шүүгдэгч ******* нь 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 17 цагийн үед   Баянхонгор аймгийн Баацагаан сумын  “Хар нүдэн” гэх газарт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Ц.Сарантуяг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч  *******гийн ... өмдний халааснаасаа засаалын хутга гаргаж ирээд явуулсан чинь гар луу нь хутга орсныг мэдээгүй ... гэх мэдүүлэг / хх-ийн 62-70, 78-80 /

Хохирогч *******гийн … манай нөхөр архи уучихаад айл руу явах гээд байхаар нь яах гэж явах гээд байгаа юм явуулахгүй гэсэн чинь засаалын хутга халааснаасаа гаргаж ирээд миний зүүн талын гарын булчинд нэг удаа хутгалчихсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 40-44 /

Гэрч *******гийн ... Ц.Сарантуяа нь хутгалуулсан гэсэн гараа юмаар боосон цус нь тогтсон байсан,...эмнэлэг дээр ирээд 3 оёо тавиад өвчин намдаах тариа хийгээд явуулсан... гэх мэдүүлэг / хх-ийн 49-50 /

 Гэрч *******ийн  ... М.******* намайг хутгалсан танайд очиж утсаар яръя гэхээр нь гэртээ аваачиж утсаар яриулаад гарыг нь боож өгсөн... гэх мэдүүлэг / хх-ийн 51-52 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 581 дугаартай шинжээчийн ... *******гийн биед зүүн бугалгын шарх бүхий гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 55 / зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай аливаа этгээд нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бусад хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг “гэр бүлийн хүчирхийлэл” гэж Гэр бүлийн Хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1.1-д тодорхойлсон.

Шүүгдэгч  ******* нь эхнэр  Ц.Сарантуяг зодож, бие махбодын хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хэргийн шинжтэй байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 2 удаа ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Хохирогч ******* нь *******гийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч *******д нь  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Хэргийн хохирогч гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч *******г нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хувьд ногдох хөрөнгөгүй, түүний хувийн бадал зэргийг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн “...Point маркийн гар утас...”-ийг  битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******д буцаан олгож , шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг устгуулахаар шүүхийн Тамгын газарт шилжүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******г хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******  нь хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн   1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг устгуулахаар шүүхийн Тамгын газарт даалгасугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн  1.8-т зааснаар шүүгдэгч *******гийн эзэмшлийн “... Point маркийн гар утас...”-ыг  битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******д буцаан олгосугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ч.БАЙГАЛМАА