Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2017/ШЦТ/364

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0356/Э/

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,

Хохирогч Н.Э,

Шүүгдэгч Б.А /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Б.А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1718002740147 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ....оны .... дугаар сарын....-ны өдөр .......... төрсөн, ...... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл .....-ийн хамт ....... аймгийн .... сумын, ... дүгээр баг, .... дүгээр байрны ....... оршин суух хаягтай, Б овогт Б.А /........../.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.

 

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ....... аймгийн .... сумын ...дугаар багт байрлах ..... банкны бэлэн мөнгөний машины системийн алдааны улмаас Н.Э-гийн данснаас гарсан гээгдэл 500,000 төгрөгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр .... аймгийн ... сумын .. дугаар багт байрлах ... банкны бэлэн мөнгөний машины системийн алдааны улмаас Н.Э-гийн данснаас гарсан 500,000 төгрөгийг бусдынх гэдгийг мэдсээр байж завшсан болох нь:

Хохирогч Н.Э-гийн “...2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр .... аймгийн..... сумын.... дугаар багт байрлах ... банкны бэлэн мөнгөний машинаас ...банкны .... картаар 500,000 төгрөг уншуулсан боловч мөнгө гарч ирэлгүй, гүйлгээ цуцлагдлаа гэхээр нь картаа аваад хажуугийн мөнгөний машинд хийж 400,000 төгрөг аваад гарсан. Тэгсэн удалгүй миний утсанд 400,000 төгрөгийн хасалт орж ирээд удалгүй ахиад 500,000 төгрөг хасагдлаа гэж ирэхээр нь дансаа шалгахад 154,000 төгрөг үлдсэн байсан. ..... банкны захирлын өрөөнд орж бичлэгийг үзэхэд надаас дүү 50 орчим насны цагаан пиджактай, бор царайтай эмэгтэй хүрч ирээд мөнгө байгааг харж халаасандаа хийгээд дараагийн бэлэн мөнгөний машинаар үйлчлүүлсэн бичлэг байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13/,

 

Хохирогч Н.Э-гийн ...... банкин дахь.... картын дансны хуулга /хавтаст хэргийн 8/,

 

Шүүгдэгч Б.А-гийн “АТМ машин дээр очтол мөнгө авах хэсэгт бэлэн мөнгө гарчихсан, ойр  орчмоор хүн байхгүй байсан. Би мөнгийг аваад гадагшаа гарсан. Шууд бирж ороод хоол, хүнсний зүйл болон хүү Б-д гутал хувцас аваад мөнгийг үрж дуусгасан” гэж хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.А нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 20,000 төгрөг төлсөн ба шүүхийн хэлэлцүүлэгт “...үлдэх 480,000 төгрөгийг бага багаар нь цувуулж төлж хохиролгүй болгоно” гэж мэдүүлжээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бус үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул шүүгдэгчээс 480,000 төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.А-д олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б  овогт Б А-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Агаас 480,00 /дөрвөн зуун наян мянга/ төгрөг гаргуулж хохирогч Н.Э /......... аймаг, ....... сум, ...-р баг, ...... тоотод оршин суух, РД:............./-д олгосугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б.А-г 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар Б.А-г Ерөнхий боловсролын сургуулийн орчинд явган зорчигчийн гарц зохицуулах ажил хийлгэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Б.А-г нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД