| Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Батчимэг |
| Хэргийн индекс | 121/2020/0006/З |
| Дугаар | 07 |
| Огноо | 2020-04-06 |
| Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 07
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Иргэн Ц.Н /итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох
“Ж ургийн овогт Ц-ын Н-ийн гэрлэлтийн бүртгэлийн мэдээллийн санд гэрлэсэн он андуурагдан бүртгэгдсэн байгааг залруулан бүртгэхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагч Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны дэг сахиулагч, цагдаагийн дэд ахлагч Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ю нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Ц.Н нь 1966 онд төрсөн бөгөөд нөхөр Санжаажав овогтой Д-той 1990 онд шинэ гэрээ барьж, хуримаа хийж гэр бүл болсон. Тухайн үедээ Ц.Н, С.Д нар нь гэрлэлтээ иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхгүй байж байгаад 1999 онд төрж, өсөж, амьдарч байгаа Өвөрхангай аймгийн Сант сумынхаа иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байдаг. Ц.Н, С.Д нарын дундаас 1988 онд Д овогтой О 1992 онд хүү Д овогтой М нар төрсөн. Ингээд иргэн Ц.Н нь 12 жил 8 сар малчнаар ажилласан эмэгтэй 50 нас хүрсэн бол өндөр настны тэтгэвэр тогтоолгож болно гэсэн хуулийн заалтын дагуу өндөр настны тэтгэврээ тогтоолгох гэтэл мал тооллогын А дансны хуулбар өрхийн тэргүүн нөхөр С.Д-ийн нэр дээр бичигдсэн, гэрлэлтийн бүртгэл дээр нь 1999 онд Ц.Н, С.Д нарыг гэрлэсэн гэж буруу бүртгэсэн учраас иргэн Ц.Н-ийн 1999 оноос өмнө малчнаар ажиллаж байсан жилүүд малчнаар ажилласанд тооцогдохгүй хохирч байна. Иймд Ж ургийн овогт Ц-ын Н, С.Д нарын гэрлэлтийн бүртгэлийн мэдээллийн санд гэрлэсэн оныг 1999 он гэж андуурагдан бүртгэгдсэн байгааг 1990 болгон залруулж бүртгэхийг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү[1]. ...Улсын бүртгэлийн мэдээллийн санд 1999 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болсныг Өвөрхангай аймгийн Сант сумын 0029 дугаарт бүртгэсэн гэх лавлагаа байдаг. ...1990 оноос нөхөр С.Д-той хамт мал маллаж амьдарсан. 1999 оноос 2000 он хүртэл малын тооллогын А данс дээр өрхийн тэргүүний хувьд С.Д-ийн нэр бүртгэлтэй байдаг ба Ц.Н-ийн нэр бичигдээгүй байдаг. ...Хөдөө мал малладаг байсан учраас гэрлэлтээ бүртгүүлэх шаардлага гараагүй... 1999 оноос өмнө гэрлэлтээ бүртгүүлэх тухай хүсэлт гаргаж байгаагүй гэсэн. Улсын бүртгэлийн байгууллагын буруу байгаа гэж үзэж байна. Хэргийн материалд Улсын бүртгэлийн тамга тэмдэг бүхий гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар батлуулаагүй хуулбар байгаа. Тус дэвтэр дээр 1990 он гэдгийн 0 тоог 9 тоогоор сольж балаар зассан байсан. С.Д, Ц.Н нарын дундаас төрсөн хоёр хүүхэд нь хоёулаа эцгээрээ овоглосон байгаа нь тухайн хүмүүс 1990 онд аль хэдийн Д-ийн гэрлэсэн байсан гэдгийг харуулж байна. ...Мөн 2018 оноос өмнө гэр бүл болсон өдрийг нэг бүртгэж, гэрлэлтээ бүртгүүлсэн өдрийг бас тусад нь бичдэг байсан гэж байна. Харин тухайн иргэД-ийн гэрчилгээн дээр гэрлэсэн нэг он сар бий...” гэв.
Хариуцагч Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэхүү бүртгэлийг шалгахад тус хэлтсийн иргэний баримтын архивт хадгалагдаж байгаа Сант сумын 1999 оны гэрлэсний бүртгэлд 33 гэрлэлт бүртгэгдсэн байх бөгөөд бүртгэлийн дэсийн 29 дугаарт С-ын Д, Ц-ын Н нар нь гэрлэсэн он сар өдөр 1990 он, бүртгүүлсэн он сар өдөр 1999 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэсэн бүртгэл байна[2]. ...Эдгээр иргэд нь 1999 онд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн нь үнэн. 1990 оны гэрлэгсэд дундын бүртгэлд нэрс нь байхгүй байгаа. Улсын бүртгэлийн хувьд иргэдийн араас хөөцөлдөж бүртгэл хийдэггүй. Иргэд сайн дурын үндсэн дээр эрхээ үүссэн тохиолдолд өөрсдөө бүртгэл хийлгэдэг. Тийм учраас энэ хүний тухайд 1990 онд бүртгүүлсэн гэж гуйвуулан засах боломжгүй юм. Бүртгүүлсэн өдрөөс хойш иргэдийн гэрлэлт хүчин төгөлдөр болдог. Энэ тохиолдол дээр дээрх иргэд 9 жилийн турш хамтран амьдарч байсан гэж үзэж байна. Мөн хүүхдүүд эцгээрээ овоглоход тухайн үед гэрлэлтийн баталгаа шаардахгүй байсан үе юм. Өвөрхангай аймгийн Сант суманд 1999 онд гэрлэлтээ бүртгүүлсэн 33 иргэний дунд 1990 онд гэрлэлтээ бүртгүүлсэн иргэдийн нэрс орох ямар ч боломжгүй. Тухайн иргэн 1999 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 29 дугаар дээр бүртгүүлсэн болоод л бүртгэлд тэгж авагдсан байгаа юм... Улсын бүртгэлийн тухай багц хууль 2018 оны 11 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулиас хойш иргэний бүртгүүлсэн өдрийг гэрлэсэн өдрөөр бүртгэж байгаа. Үүнээс өмнө гэрлэсэн өдрийг гэрлэлтийн гэрчилгээ болон бусад маягт дээр бичигдэж байгаа нь ач холбогдолгүй юм гэж үзэж байсан. 1999 оны 12 дугаар сарын 25-ны өдөр буюу хүсэлт гаргасан өдрөөр бүртгэсэн байдаг. ...Тухайн жилд бүртгүүлсэн бүх бүртгэлд дэс дугаар зай авахгүй, давтагдахгүй явсан. Эдгээр иргэд 1999 онд хүрэлцэн ирж сайн дураараа гэрлэлтээ батлуулсан байгаа. ...энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй. Одоогийн дагаж мөрдөж байгаа хуулийн өмнө нь 1999 онд батлагдсан хуулийг дагаж мөрдөж байсан. Засвартай гэрчилгээ тухайн иргэн Д-ийн гар дээр байгаа хэдий ч улсын бүртгэлийн ажилтан бус өөрсдөө зассан байгаа байх гэж бодож байна. Хамгийн үнэн зөв лавлагаа архивт л хадгалагдаж байдаг...” гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчД-ийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Н нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан “Ж ургийн овогт Ц-ын Н-ийн гэрлэлтийн бүртгэлийн мэдээллийн санд гэрлэсэн он андуурагдан бүртгэгдсэн байгааг залруулан бүртгэхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүх нь “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох” эрхэм зорилготой[3] бөгөөд иргэний бүртгэлтэй холбоотой үүссэн маргааныг харьяалан шийдвэрлэнэ[4].
Тиймээс нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй Ц.Н, С.Д нарын гэрлэлтийг бүртгэх үед 1999 онд батлагдсан Иргэний бүртгэлийн тухай хууль[5] /цаашид “Иргэний бүртгэлийн тухай хууль” гэх/ хүчин төгөлдөр үйлчилж байсан байх тул уг хуульд заасан зохицуулалтыг хэрэглэн хэргийг шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...гэрлэлтийн бүртгэл дээр нь 1999 онд Ц.Н, С.Д нарыг гэрлэсэн гэж буруу бүртгэсэн...” хэмээн мэтгэлцэж байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад: Нэхэмжлэгч Ц-ын Н нь нөхөр С-ын Д[6]-той гэрлэснээ 1999 оны 12 дугаар сарын 25-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь Өвөрхангай аймгийн Сант сумын “Гэрлэснийг бүртгэх анкет №2” баримтын “1. Бүртгэсэн” хэсэгт “Өвөрхангай аймаг, Сант сум, 1999.12.25” гэж, “2.Гэрлэсэн” хэсэгт “1999.12.25” гэж, 5 болон 20 дугаартай “Байнга оршин суугаа” хэсэгт “Өвөрхангай, Сант сум” гэж, 6 болон 21 дугаартай “хэд дэх гэрлэлт болох” хэсэгт “1” гэж тус тус бичигдсэн байх ба 7-8 болон 22 дугаартай “гэрлэхээс өмнөх хүүхД-ийн тоо, гэрлэснээс хойш төрсөн хүүхД-ийн тоо” хэсэгт ямар нэгэн мэдээлэл бичигдээгүй байна.
Түүнчлэн “Сант сумын гэрлэлт, үрчлэлт-1979-2009” бүртгэлийн 29 дүгээрт “С-ын Д, Ц-ийн Н нар нэг дэх гэрлэлтээ 1999 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бүртгүүлсэн” гэж, “Гэрлэсэн он, сар, өдөр” хэсэгт “1990” хэмээн тус тус тэмдэглэжээ[7].
Шүүх “гэрлэлт”, “гэр бүл” хэмээх үгсийн эрх зүйн ойлголтуудыг судлан үзвэл: Гэр бүлийн тухай хууль[8]-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ““гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг”, 3.1.2.-т “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ гэрчийн этгээдийг байлцуулан улсын бүртгэлийн байгууллага…-д бүртгүүлнэ” гэж, 7.2-т “Гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс эхлэн гэрлэгч Д-ийн эрх, үүрэг үүснэ”, 7.3-т “Гэрлэлтийн бүртгэлийг хуулиар тогтоосон журмын дагуу гүйцэтгэнэ” хэмээн хуульчилсан байна.
Харин Иргэний бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.1, 11 дүгээр зүйлийн 11.2.2 дахь хэсгүүдэд зааснаар иргэний эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болгохтой холбогдох хуульд заасан үйл ажиллагааг “иргэний бүртгэл” гэх бөгөөд тус бүртгэлийн бүрдэлд “гэр бүлийн байдлын бүртгэл” хамаарах ба гэр бүлийн байдлын бүртгэлийн төрөлд “гэрлэлтийн” бүртгэл оржээ.
Мөн Иргэний бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсэгт зааснаар гэрлэлтийн бүртгэл нь иргэний бүртгэл, мэдээллийн сангийн мэдээллийн агуулгад тусгагдсан байх учиртай.
Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2-д зааснаар Ц.Н, С.Д нар нь өөрсдийн оршин суугаа Сант сумын улсын бүртгэлийн асуудал хариуцсан ажилтанд гэрлэлтээ бүртгүүлэх тухай өргөдлөө хамтран гаргаж гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй байна.
Гэтэл Ц.Н болон С.Д нар нь 1990 оноос эхлэн эцэг, эхийн гэрээс өрх тусгаарлан гарч нэг гэртээ хамтран амьдарч байсан хэдий ч өөрсдийн гэрлэснийг бүртгүүлэх тухай хүсэлтээ улсын бүртгэлийн байгууллага /ажилтан/-д гаргалгүй 1999 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүргэсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х-гийн “...Ж ургийн овогт Ц-ын Н нь Г ургийн овогт С-ын Д-той 1990 онд гэр бүл болж гэрлэлтээ 1999 онд бүртгүүлсэн байдаг... 1999 оноос өмнө гэрлэлтээ бүртгүүлэх тухай хүсэлт гаргаж байгаагүй гэсэн...” гэх тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ц.Н болон түүний нөхөр С.Д нар нь иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй нь тухайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанг буруутгах үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгч нь 1999 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэх хүсэлт гаргасны дагуу түүний гэрлэлтийг иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгэсэн улсын бүртгэл хуулийн дагуу явагдсан байх тул уг бүртгэлд засвар оруулах боломжгүй юм.
Нөгөө талаас нь харвал Ц.Н, С.Д нар нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2 дахь хэсэгт зааснаар иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлээгүй ч бодит байдал дээр нэг өрх гэрт хамт амьдарч, үр хүүхдээ төрүүлж өсгөж байсан нь 1988 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрсөн Д-ийн О, 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн Д-ийн М нарын төрсний гэрчилгээ, Сант сумын 1997 оны “Хүн амын дэлгэрэнгүй бүртгэл”, гэрч Н.Я-ийн “...мал малладаг хүмүүс... 1992 онд өмч хувьчлагдсанаас хойш хувиараа мал маллаж байсан... Хүү, охин хоёртой...” гэх, гэрч Ё.Ц-ийн “...энэ хоёр гэр бүл болохоосоо өмнө нэг хүүхэдтэй болоод түүнээсээ хойш 1990 онд гэр бүл болсон. Гэр бүл болсноос хойш бас нэг хүүхэд гарсан...” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Монгол хэлний их тайлбар тольд “гэр бүлийн амьдрал” гэдэг үгийг “гэр бүлийн аж төрөл”, “хамтын амьдрал” гэдэг үгийг “хамтын аж төрөл” хэмээн тайлбарласан байна.
Тиймээс хуульд заасан насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс нь нэгэн гэр бүл болон хамтран амьдарч болох ч хуульд заасны дагуу иргэний улсын бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлснээр тэдний гэр бүлийн харилцааны эрх, үүрэг хуулийн дагуу үүснэ.
Нэгэнт улсын бүртгэл үнэн, зөв хийгдсэн бөгөөд түүнд засвар оруулах боломжгүй байх тул шүүхээс Ц.Н-ийн “Ж ургийн овогт Ц-ын Н-ийн гэрлэлтийн бүртгэлийн мэдээллийн санд гэрлэсэн он андуурагдан бүртгэгдсэн байгааг залруулан бүртгэхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Ц.Н нь 12 жил 8 сар малчнаар ажилласан эмэгтэй 50 нас хүрсэн бол өндөр настны тэтгэвэр тогтоолгож болно гэсэн хуулийн заалтын дагуу өндөр настны тэтгэврээ тогтоолгох гэтэл мал тооллогын А дансны хуулбар өрхийн тэргүүн нөхөр С.Д-ийн нэр дээр бичигдсэн, гэрлэлтийн бүртгэл дээр нь 1999 онд Ц.Н, С.Д нарыг гэрлэсэн гэж буруу бүртгэсэн учраас иргэн Ц.Н-ийн 1999 оноос өмнө малчнаар ажиллаж байсан жилүүд малчнаар ажилласанд тооцогдохгүй хохирч байна...” гэх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь гэрлэлтийнхээ бүртгэлийн огноонд засвар оруулуулснаар түүний ажилласан байдал тогтоогдох, улмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь сэргээгдэх хууль зүйн эерэг үр дагавар бий болох нөхцөл байдал үүсэх боломжтой байх ба нэхэмжлэгчийн тус шүүхэд хандсан гол зорилго ч үүнд чиглэсэн байна.
Хэдийгээр Ц.Н-ийн гэрлэлтийг 1999 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бүртгэсэн улсын бүртгэл үнэн, зөв хийгдсэн, түүнд засвар оруулах боломжгүй ч угхүү бүртгэлээр нэхэмжлэгчийн дээр дурдсан эрхээ сэргээх хууль зүйн боломж үүгээр хязгаарлагдахгүй юм.
Учир нь гэр бүлийн харилцаа нь гэрлэлтийг улсын бүртгэлд бүртгүүлснээр хууль ёсны болдог хэдий ч бүртгүүлээгүйн улмаас эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өрх тусгаарлан амьдрах эрхийг хязгаарлах, хамтран амьдарсан хугацааг нь үгүйсгэж болохгүй бөгөөд нэгэнт гэрлэлтээ улсын бүртгэлд бүртгүүлээгүйн улмаас тухайн иргэний хуульд заасан бусад эрх хязгаарлагдсан тохиолдолд тэрээр С.Д-той 1990 оноос 1999 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор иргэний хэргийн шүүхэд хандах эрх нь нээлттэй байна.
Нэхэмжлэлд Ц.Н, С.Д нарын гэрлэлтийг бүртгэсэн 29 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбарыг хавсарган ирүүлсэн байх боловч түүнийг нотариатаар гэрчлүүлээгүйн дээр уг гэрчилгээн дэх гэр бүл болсон огноог засварлаж хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй болсон байх тул шүүх үнэлээгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дүгээр зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.2, 29 дүгээр зүйлийн 29.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Н-ийн “Ж ургийн овогт Ц-ын Н-ийн гэрлэлтийн бүртгэлийн мэдээллийн санд гэрлэсэн он андуурагдан бүртгэгдсэн байгааг залруулан бүртгэхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд давж заалдах гомдол гаргаагүй этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
[1] Хавтаст хэргийн 1 дэх тал-Энэ хэсгийг нэхэмжлэлд бичигдсэнээр оруулав.
[2] Хавтаст хэргийн 19 дэх тал.
[3] Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэг.
[4] Иргэний бүртгэлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг.
[5] Энэ хууль нь 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Иргэний бүртгэлийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль”-аар 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон.
[6] Нэхэмжлэлд “Д” хэмээн бичсэн ч түүнд хавсарган ирүүлсэн баримтуудад “Давгадорж” гэж бичсэн байх тул сүүлийн бичилтээр бичив.
[7] Хэргийн 37-38 дугаар хуудас. Д-ийн эцгийн нэрийг “Сант сумын гэрлэлт, үрчлэлт-1979-2009” бүртгэл”-д бичигдсэн нэрээр бичив.
[8] 1999 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.