| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 2018001560218 |
| Дугаар | 2020/ШЦТ/207 |
| Огноо | 2020-05-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2020/ШЦТ/207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 2018001560218
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхзул,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,
Шүүгдэгч Б.А- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1-т заасан гэмт хэрэгт Боржигин овогт Балдандоржийн А.Эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлсэн эрүүгийн 2018001560218 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.А ..... суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 3, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч А.Г-г 2019 оны 4 дүгээр сард, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр, 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
-Шүүгдэгч Б.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Өмнө нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлгээ өгсөн. Дахин мэдүүлэг өгөхгүй.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7/,
-Хохирогч А.Г-гаас Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 8/,
-“...эрсдлийн түвшин бага байна” гэх аюулын зэргийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 9-10/,
-А.Г-гийн Самсунг маркийн гар утсанд 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хийсэн “...Б.А-ийн гэх Aldar Aldar гэсэн хаягнаас 2020 оны 13-ны өдрийн 17 цаг 13 минутаас байна уу, би цагдаагаас айж байна, ичиж байна, намайг уучлаарай гэх зурвасыг А.Г- руу явуулж хоорондоо харьцсан зурвасуудыг 16 кадр зурагт багтаан шинжээчээр зургийг авахуулж бэхжүүлэв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-13/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-16/,
-Эд зүйл, баримт, бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 18-20/,
-Хохирогч А.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 07-ны шөнө би шинэ ажилд орсон бөгөөд тухайн өдөр нөхөр Б.А- гэрт 20 цагийн үед ирсэн бөгөөд “чамайг ажлаас чинь авах гээд очсон чинь түрүүлээд явчихсан байх юм” гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би “чамд бүх юмаа тайлагнах ёстой юм уу?” гээд уурласан чинь надад хэлж ярьсангүй гэх мэтээр надтай маргалдаж байгаад гэрээс гараад явчихсан. Ингээд би түүнийг гарч явсны дараа 20-30 минутын дараа багын найзуудтайгаа уулзах гээд гараад явсан бөгөөд багын найзууд болох Бямбасүрэн, Наранбулаг нартай “Мандухай” зоогийн газарт уулзаж хүний гурван шилтэй “Сэнгүр” нэртэй пиво ууж ойр зуурын зүйл ярилцаж байгаад гэртээ 23 цагт ирсэн бөгөөд би гэрийн гадаа ирээд хаалгаа онгойлгох гээд түлхүүрдэж онгойлгоход араас манай нөхөр Б.А- хүрч ирээд намайг гэр рүү түлхээд оруулсан. Тэгээд ямар нэгэн үгийн зөрүүгүй нүүр, толгой руу маш олон удаа гараараа цохисон. Би яг хэдэн удаа гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Ингэж цохиж зодож байхдаа “хаашаа хэнтэй явж байгаад ирж байгаа юм бэ?” гээд байсан. Тэгж нүүр толгой руу цохиж зодож байхдаа миний өмсөж явсан цамцыг татаад урчихсан. Мөн өмсөж явсан жинсэн өмдийг минь товч тайлагдсан байхад татаж байгаад гараараа урчихсан. Тэгээд миний Хувэй Y6 маркийн хар өнгөтэй гар утсыг шалгаж үзэж байснаа утсыг хугалаад над руу шидсэн. Ингэж шидэх үед нүүрийг онож дух, хамар хэсгийг оносон. Ингээд хэсэг надтай хэрүүл маргаан хийж байгаад тайвшраад унтаж амарсан. Ингээд маргааш нөгөөдөр нь амралтын өдөр байсан бөгөөд миний тархи толгой өвдөөд гэрээс гарч чадахгүй байсан. Ингээд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өглөө биеийн байдал арай гайгүй болсон тул цагдаад хандсан.
...2019 оны 4 сард намайг гэрт буюу Дархан сумын 17 дугаар баг 16-156 тоотод байхад бас үл ойлголцол хардалтаас болж маргаан хийж улмаар миний хүзүүг багалзуурдаж нүүр рүү цохиж байсан. Тэр үед баруун хацар хөхөрч, хүзүү багалзуурдуулснаас болж улаан эрээн болчихсон байсан. Тухайн үед миний найз охин Н Орхон аймгаас ирчихсэн манай гэрт байсан. Тухайн үед би эмнэлэг болон цагдаагийн байгууллагад хандаагүй. 2019 оны 10 сарын 15-нд эгчийнхээ төрсөн өдөрт бэлдээд гадуур юм хумыг нь цуглуулаад бэлдэж явж байсан чинь тэрэнд уурлаад маргааш нь буюу 2019 оны 10 сарын 16-нд намайг гэрт буюу Дархан сумын 17 дугаар баг 16-156 тоотод бусадтай хардаж улмаар нүүр цохиж зодсон. Тэгэхэд миний аль гэдгийг нь санахгүй байна нэг хөмсөг орчим хөхөрч хавдсан. Тухайн үед бол манай гэрт бид хоёроос өөр хүн байгаагүй бөгөөд би маргааш нь буюу 2019.10.17-ны өдөр найз Урантуяагийн гэрт очиж болсон хэлж ярьж байсан. Тухайн үед эмнэлэг болон цагдаагийн байгууллагад хандаагүй.
... Надад одоо ямар нэгэн санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй ээ. Би хамтран амьдрагч Б.А-тэй учир зүйгээ ололцож эвлэрсэн. Бид хоёр одоо хоорондоо эвлэрч учир зүйгээ олсон учир хамт гэртээ амьдарч байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27, 30/,
-Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ГЭ нь 2020 оны 2 сарын дундуур над руу яриад “А.Э намайг зодсон, би шүүх цагдаагаар явж асуудлаа шийдүүлмээр байна” гэхээр нь би “манай хүү байнга чамайг зодоод байдаг юм уу?” гэтэл ГЭ “үгүй ээ, намайг анх удаа зодлоо” гэж ярьж байсан. Гэхдээ бид хоёр тийм сайхан эвтэй найртай амьдардаггүй гэх зүйл ярьж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35/,
-Гэрч Ч.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Дархан-Уул аймаг руу шилжсэнээс нь хойш би 2019 онд нэг удаа очиж байсан. Тухайн үед А.Э ГЭг хардаж хоолойг нь боож, нүүр бие рүү нь цохиж, хувцсыг нь урж байсан. Тэрнээс хойш зодож цохиж байхыг нь би мэдэхгүй байна. Намайг очихоос өмнө ГЭ над руу залгаад А.Э намайг зодсон гэж ярьж байсан .Мөн намайг гэрт нь очоод явснаас хойш ГЭ дахин над руу залгаж А.Э надтай муудалцаж алгадсан гэж байсан. Би утсаар ярихад нь бол ГЭг ямархуу байдалтай байсныг нь хараагүй. Манай найз ТЦ видео дуудлага хийж байсан гэж би дараа нь сонссон. ТЦ хэлэхдээ “ГЭ видео дуудлага хийсэн. А.Эд зодуулсан гээд хүзүү болон нүүр нь хавдартай болсон байна” гэж надад хэлж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36/,
-Гэрч Н.Т-ийн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр ГЭ руу юм өгч явуулах гээд залгасан чинь ГЭ утсаа авахгүй байсан. Улмаар 2-3 хоногийн дараа ГЭ над руу видео дуудлага хийсэн ба нүүр болон хүзүү нь улааж хөхөрсөн шар туяа суусан байсан. Би юу болсон талаар асуутал А.Эд зодуулсан гэж ярьж байсан.
...манай найз ТЦгийн хажууд А.Э ГЭг цохиж авч байсан гэсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37/,
-Гэрч Ч.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр над руу 14-15 цагийн үед шиг санаж байна. Манай найз А.Г- нь над руу фэйсбүүк чатаар видео дуудлага хийхэд би утсаа авч түүнтэй дүрсээ харж ярилцахад түүний хоёр нүд нь хөхөрч хавдсан байдалтай байсан. Түүнээс би юу болсон талаар асуухад “баасан гарагаас бямба гарагт шилжих шөнө манай нөхөр А.Э нь гэртээ согтуу ирээд намайг гадуур тэнэж оройтлоо, хэнтэй гадуур явж байгаад ирж байгаа юм бэ? гээд зодсон.” гэж хэлж байсан ба одоо манай нөхөр гэрээсээ гарч явчхаад байхгүй байна гэсэн зүйл ярьж байсан. Тухайн үед бид хоёр тэгсхийгээд өөр зүйл ярилцаад яриагаа дуусгасан. Түүнээс хойш би найз А.Г-тай уулзаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42/,
-Гэрч О.У-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 11 цагийн үед над руу манай найз А.Г- нь өөрийнхөө фэйсбүүк хаягнаас видео дуудлага хийж ярьсан бөгөөд тухайн үед А.Г- нь хэд хоногийн өмнө хамтран амьдрагч Б.А-д зодуулчихсан гэж ярьж байсан. Тухайн үед видео дуудлага хийж дүрс дүрсээ харж ярихад бол түүний хоёр нүд, цээж хэсэг нь хөхөрчихсөн, хамар, хүзүү хэсэг нь улайчихсан, уруул нь язарчихсан байгаа харагдаж байсан. Тухайн үед А.Э нь согтуудаа зодсон, зодохдоо хэнтэй хаагуур явж байгаад ирж байгаа юм бэ? гэж хий хардаж зодсон талаар хэлж байсан. Мөн тэрнээс өмнө 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр намайг Дарханд байдаг гэртээ байхад А.Г- нь манай гэрт ирсэн. Ирэхдээ эгчийнхээ төрсөн өдөрт бэлдээд гадуур явж байгаад оройтсон чинь өчигдөр намайг зодчихлоо гэж хэлж байсан. Тухайн үед бол А.Г-гийн аль гэдгийг нь санахгүй байна нэг хөмсөгнийх дээх нь хөхөрчихсөн байгаа харагдаж байсан. Өөр бол зодож цохиж байсан талаар мэдэх зүйл байхгүй байна. Ерөнхийдөө бол Б.А-, А.Г- нар нь хоорондоо их хэрүүл маргаантай байдаг бөгөөд ихэнхдээ Б.А- нь А.Г-г хардаж сэрдэж хэрүүл маргаан хийдэг юм шиг санагдсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44/,
-“....А.Г-гийн биед баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацар, доод уруулын дотор салст, доод эрүү, хүзүү, цээжний хэсэгт цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 187 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 46-47/,
-“...А.Г-гийн эзэмшлийн эмэгтэй хүний хар хөх өнгийн ноосон цамц /хуучин/ 1ш, эмэгтэй хүний хар өнгөтэй жинсэн өмд /хуучин/ 1ш зэрэг эд зүйл гадны нөлөөний улмаас урагдсан тул зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлтийг хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 65000=00 /Жаран таван мянган/ төгрөг байна.” гэх “Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 52-53/,
-Шүүгдэгч Б.А-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр би ажлаасаа 16 цагийн үед тарчихаад гэртээ амарч байгаад машинаараа халтуур хийсэн. Тухайн үед манай эхнэр А.Г- Эмэгтэйчүүдийн ордонд нягтлан хийдэг байсан бөгөөд 19 цагт тардаг учир ажлаас нь тосч авах гээд очсон чинь ажил дээрээ байхгүй байсан.
...хүлээх зуураа дэлгүүрээс 0.33 литрийн “Хараа” нэртэй архи авч машиндаа ганцаараа уусан. Ингээд машиндаа сууж байхад манай эхнэр А.Г- нь 03 цаг 30 минутын үед орц руугаа орж байгаа харагдсан. Тэгэхээр нь араас нь ороод “хаашаа хэнтэй явж байгаад ирж байгаа юм бэ?” гэхэд “чамд ямар хамаатай юм бэ?” гэж уурлахаар нь миний ч бас уур хүрсэн бөгөөд түүний нүүр рүү 2-3 удаа алгадчихсан. Тэгсэн А.Г- орилж, чарлаад буцаад гарна гээд байхаар нь “одоо гарч яах гээд байгаа юм бэ? унтаж амар” гэхэд “үгүй” гээд зөрүүдлээд байхаар нь цамцнаас нь татсан чинь цамц нь урагдчихсан. Тэгээд би түүнийг хувцсаа тайлчих гэхэд тайлахгүй гээд байхаар нь өмд, хөхөвч зэргийг нь гараараа татаад урчихсан. Тэгээд түүнийг утсаа өгч бай гэхэд утсаа өгөхгүй гэхээр нь утсыг нь булаацалдаж байхад газар унаад дэлгэц нь хагарчихсан. Тэгэхээр нь би тухайн утсыг нь аваад хана руу шидээд хагалчихсан.
...би А.Г-д гар хүрч зодсон өдөр буюу 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө бол нилээн согтолттой байсан.
...би 2019 оны 4 дүгээр сард А.Г- нь найз ТЦгийн хамтаар “Салса” гэдэг бүжгийн цэнгүүнд явна гэхээр нь явуулсан. Тэгээд эргээд 23 цагийн үед уулзах цаг товлосон боловч ирэхгүй байсан учир тухайн бүжгийн цэнгүүн болж байсан “Эзэнт гүрэн” ресторанд нь яваад очсон чинь “яах гэж ирсэн юм бэ?” гэж уурлаад байсан. Тэгж хэрэлдэж маргалдаж байгаад ТЦ, А.Г- бид гурав таксинд суугаад байрныхаа гадаа ирэхэд уурлаж бухимдаад намайг өшиглөх гэхэд нь хориглосон чинь миний гарын эрхий хурууг хазсан. Тэгэхээр нь гарыг нь тавиулах гэж хоолой руу нь түлхсэн.
...бид хоёр одоо хоорондоо ярилцаж учир зүйгээ ололцож эвлэрсэн. Би түүний нэхэмжилж байгаа зүйлийг нь бүрэн барагдуулсан. Одоо бид хоёрт хэргийн талаар болон хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-62/,
-Б.А-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 63/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч Б.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч А.Г-г 2019 оны 4 дүгээр сард, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр, 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1-т заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч Б.А-ийн яллагдагчаар мөрдөн байцаалтад өгсөн “...хаашаа хэнтэй явж байгаад ирж байгаа юм бэ гэхэд чамд ямар хамаатай юм бэ гэж уурлахаар хь миний ч бас уур хүрсэн бөгөөд түүний нүүр рүү 2-3 удаа алгадчихсан.” гэх мэдүүлэг, хохирогч А.Г-гийн хохирогчоор өгсөн “...нүүр толгой руу цохиж зодож байхдаа миний өмсөж явсан цамцыг татаад урчихсан. Мөн өмсөж явсан жинсэн өмдийг минь товч тайлагдсан байхад татаж байгаад гараараа урчихсан.” гэх мэдүүлэг, гэрч О.Урантуяагийн “А.Г- нь хэд хоногийн өмнө хамтран амьдрагч Б.А-д зодуулчихсан гэж ярьж байсан. Тухайн үед видео дуудлага хийж дүрс дүрсээ харж ярихад бол түүний хоёр нүд, цээж хэсэг нь хөхөрчихсөн, хамар, хүзүү хэсэг нь улаачихсан, уруул нь язарчихсан байгаа харагдаж байсан.” гэх мэдүүлэг, гэрч Ч.ТЦн “...А.Э ГЭг хардаж хоолойг нь боож нүүр бие рүү нь цохиж хувцсыг нь урж байсан.” гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд мөн бөгөөд шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч Б.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч А.Г-гийн биед “баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацар, доод уруулын дотор салст, доод эрүү, хүзүү, цээжний хэсэгт цус хуралт” гэмтэл учирсан болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 187 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 46-47/ нотлогдож байх боловч хохирогч А.Г- нь “...Алдар-Эрдэнийн нэр дээрх 89-57 ДАР улсын дугаартай Honda Insight маркийн машиныг өөрийн нэр дээр шилжүүлж авч хохирол гомдолгүй болсон учир хэргийг хурдан шуурхай шийдэж өгнө үү.” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.А- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч Б.А- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг нь харгалзан шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт үүрэг болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.А- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар хөх өнгийн жинсэн өмд, хар хөх өнгийн ноосон цамц, 1 ширхэг хөхөвч, хугарсан Huawei Y-6 маркийн гар утас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт үүрэг болгосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар бүр 100000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Б.А-д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Б.А-д анхааруулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.А-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.А-д анхааруулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч Б.А- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар хөх өнгийн жинсэн өмд, хар хөх өнгийн ноосон цамц, 1 ширхэг хөхөвч, хугарсан Huawei Y-6 маркийн гар утас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ