| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/01086/И |
| Дугаар | 155/ШШ2018/00185 |
| Огноо | 2018-01-25 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 155/ШШ2018/00185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: С.Аийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.М-т холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч 155/2017/01086/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгч С.А, хариуцагч Л.М, хариуцагчийн өмгөөлөгч В.Энхболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.А Л.Мтай 1998 оноос хойш танилцан, ойр дотно байж байгаад 2012 онд жирэмсэн болж, 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр охин А.Шийг төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй бөгөөд түүнтэй хааяа нэг уулздаг байсан. Тэгээд түүнээс жирэмсэн болсныхоо дараа сар гаруйн дараа энэ талаараа хэлж “цаашид хоёулаа амьдрал нийлэхгүй, чи эхнэр хүүхэдтэй юм чинь энэ хүүхдийг авахуулах нь зүйтэй байх” гэж хэлэхэд “хэрэггүй биз дээ, чи хүүхдээ гаргадгаараа гарга, би өөрийн үр хүүхдээ харж хандаж, тэжээн тэтгэж явах болно” гээд байхаар нь би тухайн үгэнд итгээд хүүхдээ төрүүлэхээр шийдсэн. Гэвч хүүхдээ төрснөөс хойш харж хандах нь битгий хэл, огт уулзаагүй бөгөөд зарим үед утсаар нь арай гэж холбогдоход эхний удаадаа 20-30 мянган төгрөг шилжүүлдэг байсан бол одоо бол бүр холбоо ч барихаа байсан. Тэрээр надад хэлэхдээ “банкны зээлтэй байгаад байгаа, боломжтой болохоороо ахиухан юм өгч, үр хүүхдээ харж хандана” гэж ярьдаг байсан боловч одоо бол хүүхэддээ өөрийнх нь дансанд шилжүүлнэ” гэдэг болсон. Тэгээд бүр сүүлдээ “явдаг газраараа яваад, чаддаг юм бол аваарай” гэж доромжилдог болсон. Иймд Л.Маас охин А.Шт хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Л.Мтай 2008 онд танилцаад, 2011 онд гэр бүлийн харилцаатай болсон. Улмаар бидний дундаас охин А.Ш төрсөн. Энэ хүн охин бид хоёрыг ерөөсөө харж ханддаггүй, надад өөрт маань эцэг, эх байдаггүй учраас тусалж дэмжих хүнгүй явдаг. Би өөрийн төрүүлсэн хүүхдээ өгөхгүй, эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Л.М шүүхэд гаргасан тайлбартаа: ...Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би С.Атэй нэг сум, нэг баг, нэг голд өссөн учир багаас нь мэднэ. Бид хоёр ойр дотно харилцаатай байсан нь үнэн. Гэхдээ С.Аийн нэхэмжлэлд дурдсанаар охин А.Шийн эцэг нь би биш юм. Би 2012 оны эхнээс хойш энэ хүнтэй огт харьцаагүй. Гэтэл 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр С.Аийн ах Д гэдэг хүн шөнө манай эхнэр лүү утсаар ярьж Л.Мтай яриул гэж шаардлага тавьсан. Би тэр үед хөдөө малаа маллаж байсан учир Г.Сийн утсаар дуудахаар нь сумын төв рүү орж ирж өөрөө залгаж Д гэдэг хүнтэй ярьсан. Тэгэхэд энэ хүн миний дүү чиний хүүхдийг гаргасан байна, чи одоо яаралтай 170.000 төгрөг өг гэсэн. Тэгэхээр нь би учрыг тайлбарласан боловч намайг шүүхэд өгнө, шоронд хийлгэнэ, чиний эхнэр хүүхэдтэй байх хамаагүй гэсэн. Тэгэхээр нь би айгаад түүний өгсөн дансанд нь шаардсан мөнгийг хийсэн. Гэтэл 7 хоногийн дараа ахиад утсаар яриад хүүхдийн эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэлээ, чиний хүүхэд мөн байна гэсэн дүгнэлт гарсан, чи 4.200.000 төгрөг өг гэсэн. Энэ бол чиний өмнөх 4 жилийн тэтгэлэг, дахиад ч чи төлөх болно гэж дарамталсан. Мөн манай эхнэр лүү ярьсан. Энэ хүнийг яриахаас өмнөхөн С.А нь утсаар ярихдаа энэ хүүхэд чиний хүүхэд мөн, би энэ хүүхдийг авахууллаа, миний амь нас чамтай холбоотой шүү гэхээр нь би айгаад мөн гэсэн. Иймд би энэ хүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Л.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би С.Атэй 1998 онд танилцсан. Гэр бүлийн бус найз нөхдийн харилцаатай байсан юм. 2011 онд намайг мал дээр байхад энэ хүн утсаар ярьж надад хайртай, дуртай гэж хэлсэн. Түүнээс хойш бид гэр бүлийн харилцаатай болж бидний дундаас 2012 онд охин А.Ш мэндэлсэн. Би эхэндээ өөрийн хүүхдээ мөн гэдэгт нь эргэлзэж байсан учраас шинжилгээ хийлгүүлэх хүсэлт гаргасан. Эцэг тогтоолгох шинжилгээний хариу миний хүүхэд мөн гэж гарсан байсан тул эцэг нь мөн гэдгээ зөвшөөрч байна. Иймд би хүүхдээ өөрийн асрамжид авмаар байна. Би өөрөө 4 хүүхэдтэй, ингээд 5 болгож цаашид харж хандах хүсэлтэй байна. Иймд хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.А нь хариуцагч Л.Мт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч С.А, хариуцагч Л.М нар 2011 оноос гэр бүлийн харилцаатай байсан ба тэдний дундаас охин А.Ш төрсөн болох нь Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №10993 дугаартай Шинжээчийн дүгнэлт, 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №0000807463 Г-84 дугаартай охин А.Шийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж байгаа тухай тодорхойлолт, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин А.Ш нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Л.Маас сар бүр тэтгэлэг гаргуулж, охин А.Шийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Л.М нь охин А.Шийг өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна гэх тайлбарыг гарган мэтгэлцэж байх боловч зохигчийн дундаас төрсөн охин А.Ш нь бага насны буюу 5 нас 5 сартай, хүүхэд төрсөн цагаасаа өнөөдрийг хүртэл эхийн асрамжинд байгаа байдал, хүүхдэд тавих эхийн халамж зэрэг нөхцөл байдлыг харгалзан хүүхдийн ээнэгшиж дассан орчинг өөрчлөх шаардлагагүйг дурдлаа.
Нэхэмжлэгч С.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29.534 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Маас Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба охин А.Ш нь 5 нас 5 сар хүрсэн байгаа тул хуулинд зааснаар тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутаг буюу Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 173.500 төгрөгийн тал хувь 86.750 төгрөгийг сар бүр хариуцагч Л.М төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин А.Шт сар бүр төлөх 86.750 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, 1.041.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 29.534 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар төрсөн охин А.Шийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Л.Маас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29.534 /хорин есөн мянга таван зуун гучин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Маас 29.534 /хорин есөн мянга таван зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ат олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН