Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2017/ШЦТ/359

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0350/Э/

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,

Шүүгдэгч П.А /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт П.А-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1718003550160 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .... оны .. дугаар сарын ...-ний өдөр ...... аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой,  .... мэргэжилтэй, ..... үйлдвэрт .... ажилтай, ам бүл .., ..- хамт ..... аймаг,.... сум, ... дүгээр баг,... дугаар байрны... тоотод оршин суух Ж овогт П.А /.........../.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.

 

Шүүгдэгч П.А нь 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр 21 цагийн орчим ..... аймаг, .... сум, .... дугаар багийн  нутаг дэвсгэрт байрлах ..... үйлдвэрийн спорт зааланд “тэмцээн буруу шүүлээ” хэмээн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, Б.Х-ыг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.А нь 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр 21 цагийн орчим .... аймаг, .... сум,... дугаар багийн  нутаг дэвсгэрт байрлах ..... үйлдвэрийн спорт зааланд “тэмцээн буруу шүүлээ” хэмээн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, Б.Х-ын толгойн тус газар гараараа цохиж тархи доргилт, зүүн чихний дэлбэнгийн шарх, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн хацрын зулгаралт гэмтэл учруулж, хүний биед хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Б.Х-ын “...Уурхайн авто засварын багийн тоглогч А гэх залуу над руу ойртож ирээд сагсан бөмбөг барьж байгаад миний цээж хэсэгт 1 удаа цохиж, дараа нь гараараа миний зүүн талын нүд хэсэгт 1 удаа, зүүн талын чихэд 1 удаа цохиж гэмтээсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-10/,

 

Гэрч Т.Б-ийн “...А зохицуулах гэж очиход Х А-ын урдаас маргалдаж түлхсэн. А хариуд нь нэг, хоёр цохисон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр 1090 дугаартай “...Б.Х-ын биед тархи доргилт, зүүн чихний дэлбэнгийн шарх, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн хацрын зулгаралт тогтоогдлоо. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 19/,

 

Шүүгдэгч П.А-ын “Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэж хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч П.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Б.Х нь шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал байхгүй” гэж мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овогт П.А-ыг хүний биед хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч П.А-аас гаргуулах төлбөргүй, хохирогч Б.Х нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж овогт П.А-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

4. шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160-р зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар П.А  торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД