| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/01407/И |
| Дугаар | 155/ШШ2018/00146 |
| Огноо | 2018-01-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 155/ШШ2018/00146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: О.Мын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.О-т холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 155/2017/01407/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч О.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь эхнэр Л.Отэй 2010 онд танилцаж, 2011 онд гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд хүү М.Ч төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдэд бусдын адил сайхан амьдарч байсан. 2014 онд эхнэр Л.Отэй таарч тохироо болж тусдаа амьдрах болсон. 2014 оноос миний бие хүүгээ асрамжиндаа авсан бөгөөд хүү М.Ч одоо Нийслэлийн 28 дугаар сургуульд сурагч болсон. Миний хувьд өдийг хүртэл хүүгээ бодож амьдарч ирсэн бөгөөд хүүгийн хамт Улаанбаатарт амьдарч байна. Л.О нь 2016 оноос М суманд өөр хүнтэй суусан, хамт амьдарч байна. Иймээс гэрлэлтээ цуцлуулна. Насанд хүрээгүй нэг хүүгээ өөрийн асрамжинд авна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй бөгөөд Л.Оийн зүгээс хүүхэд асрах эрх дээр маргаан байхгүй гэсэн болно гэжээ.
Нэхэмжлэгч О.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 онд Л.Отэй танилцаж 2011 онд гэр бүл болсон ба бидний дундаас хүү М.Ч төрсөн. Эхэн үедээ бидний амьдрал бусдын адил сайхан л байдаг байсан ба 2014 онд Дархан-Уул аймагт амьдарч байхдаа маргалдсаны улмаас Л.О нь сална гээд явсан боловч бид 2015 оны 4 сард эвлэрч буцаж нийлж хамт амьдарч байгаад 2015 оны 12 дахиад сална, хамт амьдарч чадахгүй гээд явсан. Түүнээс хойш бид эргэж хамт амьдраагүй ба 2016 оны 9 сард би хүүгийнхээ хамт Улаанбаатар хотод очиж амьдарч байна. Одоо хүү маань Баянгол дүүргийн 28 дугаар сургуульд сурч би Ариг банкинд зээлийн эдийн засагчаар ажиллаж байна. Эхнэр Л.О нь 2016 оны 6 сард Мд ирээд өөр хамтран амьдрагчтай болсон бөгөөд тэдний дундаас саяхан хүүхэд нь төрсөн юм билээ. Иймд бид эвлэрч цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү М.Ч 2016 оноос миний асрамжинд байж Улаанбаатар хотод сургуульд сурч байгаа байдал болон эхнэр Л.Оийн хүүхдийн асрамжинд маргаан байхгүй гэсэн тайлбар зэргийг үндэслэн хүүг миний асрамжинд үлдээж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг би нэхэмжлэхгүй гэв.
Хариуцагч Л.О шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Лашид овогтой Л.О нь Оын О.Мтай 2008 онд танилцаж, 2009 оноос хамт амьдарч 2011 онд хүү М.Ч минь төрсөн. Энэ хугацаанд бидний амьдралд хадам ээж, эгч нар нь дундуур орж ирж намайг элдэв муу үгээр хэлж доромжилж байсан нь сүүлдээ хүүд нь нөлөөлж бидний харилцаанд сэв суулгаж, салах шалтгаан болж 2014 оноос тусдаа амьдарч эхэлсэн. Бидний дунд эд хөрөнгийн маргаан болон хүүхдээ асрах эрх дээр маргаан байхгүй болно. Иймд бидний гэрлэлтийг цуцлуулж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.М нь хариуцагч Л.От холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид нь 2011 онд гэр бүл болж, 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрлэгчдийн дундаас хүү М.Ч төрсөн болох нь №0000736623 Г-812 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2014 оноос өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарч байгаа байдал, Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон талаарх тэмдэглэл, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч тайлбар гаргаж байгаа зэрэг байдлыг харгалзан гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчдийн дундаас төрсөн хүү М.Чыг зохигчийн тайлбар, хүүхдийн нас болон хүүхийн өсөж дадсан орчинг өөрчлөх шаардлагагүй зэрэг байдлыг харгалзан эцэг О.Мын асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч О.М нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү М.Чыг эцэг О.Мын асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 100.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Оээс 70.200 төгрөгийг, улсын орлогоос илүү төлсөн 30.000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О.Мд олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар О.М, Л.О нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар төрсөн хүү М.Чыг эцэг О.Мын асрамжинд үлдээсүгэй.
3. Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч О.М нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг О.Мд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Л.От тус тус даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100.200 /нэг зуун мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Оээс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, улсын орлогоос 30.000 /гучин мянга/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч О.Мд олгосугай
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Хуланд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН