Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2017/03239

 

 

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2017/03239

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Х сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Н, 

 

Хариуцагч: Б.О,

 

Хариуцагч: Р.Г нарт холбогдох орон сууцны доорх дундын өмчлөлийн авто гаражийг Х СӨХ-нд шилжүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Х” сууц өмчлөгчдийн холбооны захирал Т.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х”хотхон 3 байртай. Нэг байрныхаа хонгилд 35 автомашины зогсоолтой, 3 байрны 150 машины зогсоол байна. Зогсоол бүр эзэмшигчтэй гэрчилгээтэй. Эдгээр 3 гаражийг 3 хүн хувиараа хариуцдаг. Д.Н 1-р гаражийг, Б.О  2-р гаражийг, 3-р гаражийг Р.Г хариуцдаг. Эдгээр гараж нь байрны зоорийн хэсэгт байрладаг учраас суугч өмчлөгчдийн дундын өмчлөлийн  талбайд хамаардаг. Анх иргэд хоорондоо ярьж байгаад эдгээр 3 хүмүүст хариуцуулсан, сар болгон мөнгө хураадаг. Гэтэл ямар ч засвар үйлчилгээ хийдэггүй, гэмт хэрэг гарах, гадны хүмүүс орж архи согтууруулах ундаа хэрэглэх зэрэг асуудал их гардаг болсон. Эдгээр 3 хүмүүс нь захиран зарцуулах, мөнгө хураах ямар ч эрх байхгүй. “Х”СӨХ нь байшингийн гаражийн хэсгээ өөрийн мэдэлд авч жижүүр ажиллуулах, засвар үйлчилгээгээ хариуцан ажиллах шаардлагатай байна. Мөн гаражид инженерийн шугам сүлжээ, дулааны хоолой зэрэг төхөөрөмжнүүд байрладаг. Дундын өмчлөлийн зүйлээ хамгаалах зорилгоор удаа дараа эдгээр хүмүүст хэлж, шаардаж байсан боловч СӨХ-нд шилжүүлж өгөөгүй. Тус орон сууцны доорх дундын өмчлөлийн авто гаражийг “Х”СӨХ-нд шилжүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг гаргаж байна гэв.

 

Хариуцагч Р.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 8-р хороо, “Х”хотхон 25-3-804 тоотод оршин суугч иргэн Г миний бие тус байрныхаа гаражийг 2014 онд өмнөх дарга байсан Батмөнхөөс гарын үсэг зуралцан хүлээн авсан ба одоог хүртэл хариуцаж байна. “Х” СӨХ-ны нэхэмжлэлийн дагуу зөвлөл хэлэлцээд тус гаражийг СӨХ-ны дундын өмчлөлд шилжүүлж өгөх нь зүйтэй гэж үзлээ гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  “Х” сууц өмчлөгчдийн холбоо нь Д.Н, Б.О, Р.Г нарт холбогдох орон сууцны доорх дундын өмчлөлийн авто гаражийг “Х”СӨХ-нд шилжүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Баянгол дүүргийн 8-р хороо, 4-р хорооллын 25-р байрны “Х” сууц өмчлөгчдийн холбоо 2006 оны 2-р сарын 15-ны өдөр байгуулагдаж 88 тоот гэрчилгээ /хх 3/ олгогдож, үйл ажиллагаа явуулдаг байна.

 

Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.3 дахь хэсэг, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15-р зүйлийн 15.1.1 дэх хэсэг зааснаар орон сууцны байшингийн доорх машины зогсоол орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах бөгөөд оршин суугч Д.Н нь 25/1-р байрны, Б.О 25/2-р байрны, Р.Г нь 25/3-р байрны доорх автомашины зогсоолыг хариуцан эзэмшигч, өмчлөгчөөс төлбөр хураамж авч, үйл ажиллагааг нь эрхэлдэг байна.

 

Сууц өмчлөгчдийн холбоо нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилготой, сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй.

 

Өөрөөр хэлбэл, “Х”сууц өмчлөгчдийн холбоо нь 25/1, 25/2, 25/3 дугаар байрны доорх машины зогсоолын ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээг эрхлэх, зогсоол эзэмшигч, өмчлөгч нь засвар үйлчилгээний зардлыг энэ холбоонд үүрэгтэй байжээ.

Хариуцагч Р.Г нь 25/3-р байрны машины зогсоолыг “Х”СӨХ-нд шилжүүлэхийг зөвшөөрсөн байна.

 

Харин хариуцагч Д.Н, Б.О нар нь нэхэмжлэлийг хувийг 2017 оны 10-р сарын 24-ний өдөр хүлээн авсан боловч 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх ба шүүх хуралдааны мэдэгдлийг хариуцагч Д.Н-д Баянгол дүүргийн 8-р хороо, 4-р хороолол, “Х”хотхоны 25/1-2 дугаар байрны 807 тоот, Б.О-д “Х”хотхоны 25/2-2 дугаар байрны 907 тоот хаягаар тус тус хүргүүлсэн, мэдэгдлийг хүлээн авсан  боловч ирээгүй байна. Иймд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100-р зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар тэдгээрийн эзгүйд, түүнчлэн хариуцагч Р.Г нь шүүх хуралдааны мэдэгдлийг хүлээн авсан боловч ирээгүй байх тул түүний эзгүйд хэргийг тус тус хянан шийдвэрлэлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1  дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1 дэх хэсэг, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15-р зүйлийн 15.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 8-р хороо, 4-р хороолол, “Х”хотхоны 25/1, 25/2, 25/3 дугаар байрны доорх автомашины зогсоолыг “Х”сууц өмчлөгчдийн холбоонд шилжүүлэхийг Д.Н, Б.О, Р.Г нарт даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х” сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот  хэвээр үлдээж, хариуцагч нараас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэй.

                

          

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                  Р.АЛТАНТУЯА