Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/395

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Шүүгдэгч *******,*******,

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******,******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000412 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол улсын иргэн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт**************,

Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,******* овогт**************

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 28- ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 5 дугаар багийн нутаг Дэлгэр гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох Алтайн сонгино 49 килограммыг түүж, бэлтгэн, тээвэрлэн байгаль орчинд 2.450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:

Үүнд: Хохирогч, иргэний нэхэмжлэгч*******гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2020 оны 09 дүгээр сарын 28-нд Баянхонгор аймгаас шалгалтаар хамгаалалтын захиргааны жолооч Ж.Батжаргал, Галуут сумын байгаль хамгаалагч Э.Цэрэндаваа нарын хамт Галуут сумаар шалгалт хийж явж байгаад Галуут сумын 5 дугаар багийн нутаг улсын тусгай хамгаалалттай газар болох Дэлгэр гэх газрын ойролцоо эргүүлээр явж байх үед*******,******* нартай таарч 38-82 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад дээрх 2 иргэн нь 3 шуудай бүхий зүйл тээвэрлэж явсан тээвэрлэж явсан зүйлийг шалгахад ховор ургамал болох Алтайн сонгино байсан ба тус зөрчлийг газар дээр нь илрүүлэн Галуут сумын төврүү дагуулаад Цагдаагийн байран дээр ирж зөрчлийг таслан зогсоосон ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-30/,

Иргэний нэхэмжлэгч Х.Түвшинжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн ... 38-82 БНА цагаан өнгийн ГАЗ- 469 маркийн машин миний эзэмшлийнх мөн.******* ах ээж дээрээ нэг очоод эргээд хүрээд ирнэ гээд миний машиныг гуйгаад аваад явсан юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/,

Гэрч Э.Цэрэндаваагийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр би манай сумын гэрээт байгаль хамгаалагч, Их богдын байгалийн цогцолборт газрын захиргааны ажилтан Пүрэвсүрэн, Их Богд сумын нутаг дэвсгэрт шалгалтаар явж байгаад Галуут сумын Мандалын хангай 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 38-82 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгахад ховор ургамал болох алтайн сонгино тээвэрлэж явсан 2 иргэнтэй таарсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 114/,

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би Алтайн сонгиныг 38-82 БНА улсын дугаартай цагаан өнгийн ГАЗ-69 маркийн машинаар ачаад Галуут сумын төв рүү явж байсан. Х.Түвшинжаргал гэх хүний машиныг би ээжийндээ хөдөө очих гээд гуйж авч явсан юмаа. Тэгээд тухайн машинаар тээвэрлэсэн юм аа ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 157/,

Шүүгдэгч*******ын мөрдөн байцаалтанд өгсөн ... Би Галуут сумын 5 дугаар баг Дэлгэр гэх газраас сонгино түүгээгүй. Би замын хажуу шуудайнд хийсэн байсан сонгиныг авч явсан тэрнээс биш Алтайн сонгино түүгээгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 68/,

Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2020 оны 10 сарын 21-ний өдрийн эрх бүхий шинжээчийн … Экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/282 тоот тушаалын хавсралтаар баталж Алтайн сонгинын экологи эдийн засгийн үнэлгээ 1 кг нь 50 000 /мянган төгрөг/ болсон. Галуут сумын 5 дугаар багийн Дэлгэр гэх газраас хууль бусаар Аптайн сонгино түүсэн гэрч*******ын түүсэн сонгиныг ИББЦГХЗ-ны мэргэжилтэн*******гийн тогтоож 30 кг гэж мэдүүлсний дагуу дахин хиллэж үнэлгээг гаргалаа. 30x50.000=1.500.000 /нэг сая таван зуун мянган төгрөг/ Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.3.3-д заасны дагуу ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасны дагуу 1.500.000x5=7.500.000 Долоон сая таван зуун мянган төгрөгний хохирол учруулсан болохыг тогтоов ... гэсэн дүгнэлт /хх-ийн 42/,

Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2020 оны 10 сарын 21-ний өдрийн эрх бүхий шинжээчийн ... Экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/282 тоот тушаалын хавсралтаар баталж Алтайн сонгинийн экологи эдийн засгийн үнэлгээ 1 кг нь 50.000 /мянган төгрөг/ болсон. Галуут сумын 5 дугаар багийн Дэлгэр гэх газраас хууль бусаар Алтайн сонгино түүсэн гэрч *******ийн түүсэн сонгиныг ИББЦГХЗ-ны мэргэжилтэн*******гийн тогтоож 19 кг гэж мэдүүлсний дагуу дахин хиллэж үнэлгээг гаргалаа. 19x50.000=950.000 /есөн зуун тавин мянган төгрөг/ Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.3.3-д заасны дагуу ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасны дагуу 950.000х5=4.750.000 дөрвөн сая долоон зуун тавин мянган төгрөгний хохирол учруулсан болохыг тогтоов ... гэсэн дүгнэлт /хх-ийн 118/,

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015.07.19-ний өдрийн А/282 дугаартай тушаал, хавсралт/ хх-ийн 57-59/, Энх нахиа ХХК-ны 2020 оны 11 сарын 11-ний №480 дугаартай эд зүйл үнэлсэн шинжээчийн .... гэмт хэрэг үйлдэхээ ашигласан гэх тээврийн хэрэгслийн үнэ нь 1.500.000 төгрөгийн үнэтэй ... гэсэн дүгнэлт /хх-ийн 123/, Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 17/, Шалгалт хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 18-19/, Шүүгдэгч *******,******* нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 47-48, 50-51, 129-130, 132-133/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс гарган өгсөн шүүгдэгч *******,******* нарын хувийн байдалтай холбоотой болон хохиролын тодорхой хувийг төлсөн санхүүгийн баримт зэрэг болно. Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд; Шүүгдэгч *******,******* нар нь 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 5 дугаар багийн нутаг Дэлгэр гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох Алтайн сонгино 49 килограммыг түүж, бэлтгэн, тээвэрлэн шүүгдэгч ******* нь 4.750.000 төгрөг, шүүгдэгч******* нь 7.500.000 төгрөгийн хохирлыг байгаль орчинд тус тус учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч *******,******* нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч *******,******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэв. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. Иймд шүүгдэгч *******,******* нарыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал түүж, бэлтгэн тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 сарын 09-ний өдрийн А-282 дугаар тушаалын хавсралтаар баталсан ховор ургамлын жагсаалтанд Алтайн сонгино багтсан ба экологи эдийн засгийн үнэлгээ нь 1 кг-ыг 50.000 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4-т зааснаар “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр заасан байх тул байгаль орчинд шүүгдэгч ******* нь 4.750.000 төгрөг, шүүгдэгч******* нь 7.500.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан тухай Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2020 оны 10 сарын 21-ний өдрийн эрх бүхий шинжээчийн дүгнэлтийг шүүх үндэслэлтэй дүгнэлт болсон гэж үнэлэв. Шүүгдэгч******* нь байгаль орчинд учруулсан 7.500.000 төгрөгийн хохирлоос 1.600.000 төгрөгийг, шүүгдэгч ******* нь байгаль орчинд учруулсан 4.750.000 төгрөгийн хохирлоос 500.000 төгрөгийг тус тус нөхөн төлж үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт тус тус илэрхийлсэн тул шүүгдэгч*******аас 5.900.000 төгрөг, шүүгдэгч *******ээс 4.250.000 төгрөгийг тус тус гаргуулж Баянхонгор аймгийн Их богдын байгалын цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд олгов.

Шүүгдэгч *******,******* нар нь ховор ургамал болох 49 килограмм Алтайн сонгиныг иргэн Х.Түвшинжаргалын эзэмшлийн 38-82 БНА улсын дугаартай ГАЗ- 469 маркийн автомашинаар тээвэрлэсэн бөгөөд Энх нахиа ХХК-ны 2020 оны 11 сарын 11- ний №480 дугаартай эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлтээр уг тээврийн хэрэсглийн үнийг 1.500.000 төгрөгөөр үнэлсэн тул шүүгдэгч *******,******* нараас уг тээврийн хэрэгслийн үнийг тэнцүү хувааж тус бүр 750.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж улсын орлого болгов. Шүүгдэгч *******,******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч *******,******* нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэрэгт холбогдсон ба байгаль орчинд учруулсан хохирлын тодорхой хувийг төлж, үлдсэн хохирлоо нөхөн төлөхөө тус тус илэрхийлсэн тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн иргэний нэхэмжлэгч Х.Түвшинжаргалын эзэмшлийн 38-82 БНА улсын дугаартай ГАЗ-469 маркийн автомашиныг Х.Түвшинжаргалд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж Баянхонгор аймгийн Их богдын байгалын цогцолборт газарт хадгалагдаж байгаа 49 килограмм Алтайн сонгиныг устгаж, шүүгдэгч *******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч******* овогт**************,******* овогт************** нарыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал түүж, бэлтгэн тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******,******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******,******* нарт зан үйлээ засах сургалтанд хамрагдах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Шүүгдэгч *******,******* нарын засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч *******ээс 4.250.000 төгрөг, шүүгдэгч*******аас 5.900.000 төгрөгийг тус тус гаргуулж Баянхонгор аймгийн Их богдын байгалын цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1.500.000 төгрөгийг шүүгдэгч нарт тэнцүү хувааж шүүгдэгч *******,******* нараас тус бүр 750.000 төгрөгийг тус тус хураан улсын орлого болгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж Баянхонгор аймгийн Их богдын байгалын цогцолборт газарт хадгалагдаж байгаа 49 килограмм Алтайн сонгиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн тамгын газарт даалгасугай.

8. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн иргэний нэхэмжлэгч Х.Түвшинжаргалын эзэмшлийн 38-82 БНА улсын дугаартай ГАЗ469 маркийн автомашиныг Х.Түвшинжаргалд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Шүүгдэгч *******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА