| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/03342/И |
| Дугаар | 102/ТМ2017/04864 |
| Огноо | 2017-11-30 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 102/ТМ2017/04864
| 2017 оны 11 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2017/03245 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙНӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д.Б-г төлөөлж Б.Т-ын гаргасан нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Т Б Т” ХХК-д холбогдох зээлийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ээлжийн амралтын олговор, 2017 оны 8-р сарын цалин, илүү цагийн хөлс гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, диплом гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийг төлөөлж Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, хариуцагчийн өмгөөлөгч Т.Д /үнэмлэх 0835/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийг төлөөлж Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь 2015 оны 8-р сарын 24-ний өдрөөс “Т Б Т”ХХК-ний Сайн ломбардын зээлийн мэргэжилтний дагалдангаар ажиллаж байгаад 2016 оны 1-р сарын 14-ний өдрөөс эхлэн жинхэнэ ажилтан болсон. Дагалдангаар ажиллаж байхдаа өдрийн 6000 төгрөгийн цалинтай байсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа өдрийн 8 цаг ажиллахаар заасан. Гэтэл өглөө 9-20 цаг хүртэл өдөрт 11 цаг ажилладаг байсан бөгөөд 1 сард 88 илүү цаг ажилласан байна. Мөн хөдөлмөрийн гэрээнд 5 өдөр ажиллаад 2 өдөр амарна гэсэн боловч нэг л өдөр амардаг байсан. Болормаа нь ажиллаж байх хугацаандаа 2017 оны 08-р сарын 5-наас 8-р сарын 11-нийг хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Тэгээд 2017 оны 09-р сарын 01-нийг хүртэл ажиллаад хүний нөөцийн ажилтан Алтантуяад чөлөө авах хүсэлтээ гаргасан байдаг. Харин чөлөө өгөх боломжгүй, ажлаас гарах хүсэлтээ өгөөд гарч болно гэсэн байдаг. Болормаа нь 2017 оны 9 сарын 2, 3-ны өдөр ажиллаад 9-р сарын 04-ний өдрөөс ажилдаа явж чадахгүй бие нь өвдсөн тул “ажлаас чөлөөлөгдөх хүсэлт” өгсөн. Ингээд 2017 оны 9-р сарын 16-нд ажилдаа оръё гэтэл “ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг чинь хүлээн аваад чөлөөлсөн, тушаал гараагүй байна” гэж хэлсэн байдаг. Д.Б нэгэнт тушаал гарсан бол тушаалаа аваад танилцъя, нийгмийн даатгалын дэвтэр, дипломоо авч ажилгүйдлийн тэтгэмж хөөцөлдөх гэсэн боловч эдгээр баримтыг өгөөгүй. Мөн 8, 9-р сарын цалингаа нэхэмжилсэн боловч хувцасны мөнгөнд суутгасан, сургалтын төлбөр 550 000 төгрөгөө төл, үүний дараа бичиг баримтыг чинь өгнө гэж хэлсэн байдаг. Нэхэмжлэлийн шаардлага нь ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож зээлийн мэргэжилтний ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 3 675 486 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх, ээлжийн амралтын олговор 300 017 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, дипломыг гаргуулах, 8 дугаар сарын цалин 245 000 төгрөг гаргуулах, сард 88 цаг илүү ажилласны хөлс 739 579 төгрөг гаргуулах, ажилгүйдлийн тэтгэмж гаргуулах нэхэмжлэлийг гаргаж байна гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т Б Т”ХХК нь “Сайн” ломбард гэсэн нэрээр барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Д.Б нь 2016 оны 01-р сарын 14-ний өдрөөс Сайн ломбарданд зээлийн мэргэжилтнээр ажиллаж байгаад 2017 оны 9-р сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Түүний хүсэлтээр 2017 оны 9-р сарын 08-ны өдөр ажлаас чөлөөлж тушаал гаргасан. Өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн учраас ажлаас үндэслэлгүй халагдсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгүүлэх, төлүүлэх зэрэг шаардлага нь үндэслэлгүй байна. Харин нийгмийн даатгалын дэвтэр, диплом гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ажилгүйдлийн тэтгэмжийг бол нийгмийн даатгалын байгууллагаас олгодог. Манайх хариуцахгүй. Илүү цагаар ажилласан гэж байгаа. Хөдөлмөрийн гэрээнд зааснаар 8 цагаар л ажилуулдаг. Илүү цагийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Ээлжийн амралтын олговороо 2016 онд авч байсан. 2017 оны олговорт 300 017 төгрөг өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Ажилд анх орж байгаа хүмүүстэй сургалтын гэрээ байгуулсан байгаа. Санхүүгийн программ дээр ажиллаж сурах, үнэт эдлэлийг таньж мэдэх зэрэг чадвар олгосон. Сургалтын гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Хөдөлмөрийн гэрээг 5 жилээс өмнө цуцлах юм бол сургалтын төлбөр 500 000 төгрөгийг бэлнээр төлөөд гардаг байгаа. Нийт 8,9 сарын цалин 243 736 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 300 017 төгрөг нийт 543 753 төгрөг төлнө. Үүнээс сургалтын төлбөрийг хасч 7000 төгрөг төлөх боломжтой гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Б-г төлөөлж Б.Т нь “Т Б Т”ХХК-д холбогдох зээлийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ээлжийн амралтын олговор, 2017 оны 8-р сарын цалин, илүү цагийн хөлс гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, диплом гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Д.Б нь “Т Б Т”ХХК-ний захирлын 2016 оны 01-р сарын 14-ний өдрийн 16/02 тоот тушаалаар үйлчилгээний хэлтсийн зээлийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад захирлын 2017 оны 9-р сарын 08-ны өдрийн 17/18 тоот тушаалаар ажлаас /хх 33, 41/ чөлөөлжээ.
Ажилтан Д.Б нь 2017 оны 9-р сарын 01-ний өдөр “удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай болсон” үндэслэлээр ажлаас чөлөөлөх хүсэлтийг /хх 32/ гаргаж, ажил олгогч нь ажлаас чөлөөлсөн тушаалаа түүний хүсэлтийг үндэслэн гаргасан байна.
Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан үндэслэлээр ажлаас үндэслэлгүй халагдсан гэж тайлбарладаг боловч талуудын хооронд сахилгын зөрчил давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тухай маргаан гараагүй, Т Б Т ХХК нь энэ хуулийн 38.1.2 дахь заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийг гэрээг цуцлаагүй гэж үзнэ.
Харин ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43-р зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын дэвтэрийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй, сургууль төгссөн диплом зэрэг бичиг баримтыг шаардсан шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн болно.
Түүнчлэн хөдөлмөрийн гэрээ цуцалснаар ажилласан хугацааны болон ээлжийн амралтын олговорыг тооцон олгох үүрэгтэй, нэхэмжлэгч олговорт хэдэн төгрөг гаргуулахаар шаардаж байгаагаа тодорхойлоогүй боловч хариуцагчийн тооцсон 2017 оны 8, 9-р сарын цалин 243 736 төгрөг, 2017 оны ээлжийн амралтын олговор 300 017 төгрөг нийт 543 753 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн байна. Иймд энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5, 6-р зүйлд зааснаар ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлэх үүрэгтэй, өргөдлөө гаргаж шийдвэрлүүлэхээр заажээ.
Харин Д.Б нь ажил олгогчтой тооцоогоо дуусгасан талаарх баримтаа бүрдүүлж өгөөгүй байх ба ажил олгогчоос ажилгүйдлийн тэтгэмж шаардсан нь хуульд нийцээгүй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс өөр сургалтын гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус, ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэснийг “Т Б Т”ХХК зөрчсөн гэж тайлбарладаг боловч энэ үндэслэл нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болоогүйгээс гадна нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй холбоогүй байна.
“Т Б Т”ХХК нь Д.Б тай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр /хх 22-23/ өдөрт 8 цаг ажиллах, цалин хөлсийг хийсэн ажилбарын тоо ширхэг, чанар үзүүлэлтээр тооцож олгохоор тохирсон байх ба нэхэмжлэгч сард 88 цаг илүү ажилласны хөлс 739 579 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Харин нэхэмжлэгч 2017 оны 8, 9-р сарын цалин олгоогүй гэж маргасан, үүнээс өмнөх хугацааны цалин хөлсний талаар маргаагүй байх ба сард 88 илүү цаг ажилласан гэх шаардлагаа нотлоогүй, хэргийн 55-78 дахь хуудсанд авагдсан цагийн бүртгэлээр Д.Б нь 88 цаг илүү ажилласан нь бүртгэгдээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйл, 160-р зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 43-р зүйлийн 43.3, 47-р зүйлийн 47.1, 53-р зүйлийн 53.1, 55-р зүйлийн 55.1, 69-р зүйлийн 69.1, 128-р зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Т Б Т”ХХК-иас 543 753 /таван зуун дөчин гурван мянга долоон зуун тавин гурав/ төгрөг, нийгмийн даатгалын дэвтэр, дээд сургуулийн диплом зэргийг гаргуулж Д.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу зээлийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор 3 675 486 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, илүү цагаар ажилласны олговор 739 579 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар “Т Б Т”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 16 962 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА