| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/04082/И |
| Дугаар | 102/ШШ2017/03387 |
| Огноо | 2017-12-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2017/03387
| 2017 оны 12 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2017/03387 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: А.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Х-д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Б, хариуцагч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2003 онд танилцаж 2006 оны 9-р сарын 06-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2006 оны 3-р сарын 09-нд хүү Х.Т, 2010 оны 3-р сарын 07-нд хүү Х.Т, 2011 оны 12-р сарын 26-нд охин Х.Т нар төрж амьдрал хэвийн сайхан байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд Б.Х-ын зан ааш эрс өөрчлөгдөж хамт амьдрахад хэцүү хэрүүл маргаантай, архи уудаг, архи уусан үедээ гар хүрдэг болсон. Мөн гэрийнхэн нь бидний амьдралд оролцдог. Бид 2014 оноос бид тус тусдаа амьдарч байгаа цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцлаж, хүүхдүүдийг эх миний асрамжинд үлдээж, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Б нь эцэг эхээсээ 8 уулаа, гэр бүлээрээ бөөгийн шашинтай би түүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Үүнээс болоод зөрчилдөөн үүсдэг, хэрүүл маргаан ихтэй байсаар би архи уудаг болсон. Одоо би тусдаа амьдралтай болсон. Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа. Хүүхдүүдээ эхийнх нь асрамжинд үлдээж, тэтгэлэг төлнө гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Б нь Б.Х-д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
А.Б, Б.Х нар нь 2006 онд гэр бүл болж, амьдрах хугацаандаа 2006 оны 3-р сарын 09-нд хүү Х.Т, 2010 оны 3-р сарын 07-нд хүү Х.Т, 2011 оны 12-р сарын 26-нд охин Х.Т нарыг төрүүлж өсгөжээ.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.
Харин гэрлэгчид хамт амьдрах хугацаандаа шашин шүтлэг, үзэл бодлын зөрүүтэй байдлаас үл ойлголцдог, хэрүүл маргаан үүсдэг, нөхөр Б.Х нь архи ууж эхнэрээ зоддог, улмаар 2014 оноос тусдаа амьдарч байгаа, гэрлэгчид цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн байна.
Хариуцагч Б.Х нь хүүхдийн асрамж болон тэтгэлэгийн талаар маргаагүй байх тул 2006 оны 3-р сарын 09-нд төрсөн хүү Х.Т, 2010 оны 3-р сарын 07-нд төрсөн хүү Х.Т, 2011 оны 12-р сарын 26-нд төрсөн охин Х.Т нарыг хуульд заасан журмаар тэтгэлэг гаргуулж хүүхдийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Талууд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчөөгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2017 оны 11-р сарын 28-ны өдөр дуусгавар болгожээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан А.Б, Б.Х нарын гэрлэлтийг цуцалж, 2006 оны 3-р сарын 09-нд хүү Х.Т, 2010 оны 3-р сарын 07-нд хүү Х.Т, 2011 оны 12-р сарын 26-нд охин Х.Т нарыг эх А.Б-ийн асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Х.Т-ыг 16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, хүү Х.Т, охин Х.Т нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр, тус бүрт тэтгэлэг гаргуулж эцэг Б.Х-аар тэжээн тэтгүүлсүгэй.
3. Улсын тэмдэгдийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б.Х-аас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА