| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0405/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/439 |
| Огноо | 2018-11-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2018/ШЦТ/439
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0405/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Шүүгдэгч Б.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох эрүүгийн 1818000000484 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Б 1990 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэн буудагч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний ******* ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Б нь архидан согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23 цагаас 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Күйн” нэртэй баарны гадаа Г.Б эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь архидан согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23 цагаас 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Күйн” нэртэй баарны гадаа Г.Б эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч Б.Б ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 27-ны орой 23 цагийн үед би Хөтөл орчхоод Дархан руу ирж байх замд найз ****** утсаар залгаад “Күйн” бааранд хүрээд ир хүмүүстэй маргаад байна ирээд авчих гэсэн. Тэгээд 23:30 цагийн үед бааранд ороод ******д ирчихлээ гэж хэлээд хамт сууж байсан хүмүүстэй нь гадаа гартал шатны доор байсан залуучуудтай ****** зодолдсон. Би нэг бүдүүн залуутай барьцалдаж аваад халтираад намайг өшиглөсөн. Хэн өшиглөснийг мэдээгүй, надад ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. Ингэж байгаад нэг залуу “Дубай” баарны гадаа сууж байхаар нь очоод өшиглөчихсөн. ******тэй зодолдсон залуучуудын нэг л гэж бодсон. Урьд өмнө нь*******ийг таньж мэдэхгүй, зодоон болоод бужигнаж байхдаа нүүр рүү нь өшиглөчихсөн юм.
...ийм зүйл хийсэндээ харамсаж байна. Гэм буруугаа ойлгож дахин ийм үйлдэл гаргахгүй. ” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 4/,
-Хохирогч Г.Б-д учирсан хохирлын баримтын жагсаалт, тайлбар хийсэн хүснэгт, хохирлын баримтууд /хэргийн 5-10, /,
-Хохирогч Г.Б эмнэлгийн магадалгаа /хэргийн 8/,
-Эд зүйл баримт бичиг хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 12/,
-Хохирогч Г.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 00 цагийн орчим баарны гадаа замын хашлаган дээр явган сууж байхад урт хар куртикатай залуу ирээд нүүр рүү 2 өшиглөсөн. Тэгээд ухаан алдаад сэрсэн чинь цагдаа нар ирсэн байсан.
...миний 2 шүд хугарсан, хөмсөгний дээд талд 5 оёо тавьсан.
...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлын мөнгө гэж 2570000 төгрөг төлсөн.
...миний хохирлыг бүрэн барагдуулсан.” гэх мэдүүлэг /хэргийн 13, 15-16/,
-Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нэг харсан чинь*******ийн нүүр нэл цус болчихсон ирсэн. “Яасан юм бэ?” гэхэд “сууж байхад нүүр рүү өшиглөчихлөө” гэж хэлсэн.
...маргааш өглөө нь манай найз эрүүлжүүлэхэд орсон гэхээр нь найзыгаа авах гээд очиход Батнайрамдал ах эрүүлжүүлэхээс бас найзыгаа авах гээд ирсэн байсан. Уулзахад танай ажлын газрын нүдний шилтэй залууг 330-д ажилладаг өндөр биерхүү, хэрээстэй хар куртиктэй залуу өшиглөсөн, би харвал танина гэж байсан. Тэгээд би*******эд хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 17/,
-Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 27-ны орой 23 цагийн үед би баарны гадаа тамхи татаад зогсож байсан. Тэгсэн зүс таних хүмүүс баарны дотроос маргалдаад гараад ирсэн. Шатаар доошоо буугаад “Дубай” баарны урагшаа зодолдоод явсан. Би араас нь очоод найзынхаа дүүг зодоон дундаас салгаж аваад буцаад ирсэн. Тэр үед жижигхэн биетэй залуу баарны урд талын замын хашлаган дээр явган суусан байсан. Зүүн талаас нь урт хар куртиктэй, хар саравчтай малгайтай, өндөр нуруутай залуу нүүр лүү нь миний мэдэхийн 3 удаа өшиглөсөн. Тэгээд удаагүй цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 18/,
-“Саран-Элит” эмнэлгийн дүрс оношилгооны эмчийн тодорхойлолт /хэргийн 21/,
-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 22-23/,
-“Г.Б биед тархи доргилт, духанд шарх, 2 шүдний хугарал, зүүн нүдний зовхины цус хуралт, хамар, оочны хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл 2018 оны 10 дугаар сарын 27-нд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.2 шүдний хугарал гэмтэл нь цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 10% нөлөөлнө.” гэх 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1080 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 24/,
-Хохирогчийн гомдолгүй тухай хүсэлт /хэргийн 36/,
-Хохирогч, яллагдагч нараас гаргасан баталгаа /хэргийн 46-47/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн баримтуудаар тус тус нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нь ямар нэгэн дарамт шахалтгүйгээр хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Шүүгдэгч Б.Б ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б биед “...тархи доргилт, духанд шарх, 2 шүдний хугарал, зүүн нүдний зовхины цус хуралт, хамар, оочны хэсгийн зулгаралт” бүхий гэмтэл учирсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1080 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 24/ нотлогдож байх бөгөөд хохирогч нь ******нь “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлын мөнгө гэж 2570000 төгрөг төлсөн. Миний хохирлыг бүрэн барагдуулсан.” гэх мэдүүлэг /хэргийн 13, 15-16/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Б нь архидан согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23 цагаас 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Күйн” нэртэй баарны гадаа Г.Б эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Б ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б ыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал, ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Б.Б д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Б.Б д анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар торгох ялын 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Б.Б д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Б.Б д анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ