Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2017/03405

 

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2017/03405

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: “О”сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,  

 

Хариуцагч: Д.О-д холбогдох засвар үйлчилгээний зардал 417 800 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ө,  хариуцагч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүрэг 17-р хороо, 103-р байр  32 тоотын  өмчлөгч Д.О нь  2015 оны  12 дугаар сараас 2017 оны 09 дүгээр сар хүртэлх нийт 22 сарын засвар Үлчилгээний зардлыг төлөөгүй тул 417 800 төгрөгийг нэхэмжилж байна. 2017 оны 04 дүгээр сард бүх гишүүдийн хурлаар СӨХ-ны мөнгийг сарын 20 150 төгрөг байхаар тооцсон. Өмнөх жилүүдэд 18 650 төгрөгөөр тооцож байсан гэв.

 

Хариуцагч Д.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 12 дугаар сарын СӨХ-ны төлбөрт 18 650 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш төлөөгүй нь үнэн. Манай байр 30 м.кв талбайтай. Би бодохдоо 1 мк-ыг нь 150 төгрөгөөр тооцдог. Жижүүрийн мөнгийг бол төлөхгүй. Ажил төрөлгүй боломжгүй байгаа болохоор байрныхаа үндсэн 30 мк хэмжээгээрээ  төлмөөр байна гэв. 

 

            Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “О”сууц өмчлөгчдийн холбоо нь Д.О-д холбогдох засвар үйлчилгээний зардал 417 800 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Баянгол дүүргийн 17-р хороо, 103-р байрны 32 тоот сууцны сууц өмчлөгч Д.О нь Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1 дэх хэсэг, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13-р зүйлийн 13.2.3 дахь хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй байна.

 

Сууц өмчлөгч нь орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай болон тагт, сууцны доторх дундын ашиглалтын талбай, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэх зардлыг тогтоосон хэмжээгээр төлөх үүрэгтэй бөгөөд Д.О нь 2015 оны 12-р сараас 2017 оны 10-р сар хүртэлх хугацааны нийт 417 800 төгрөгийг төлөөгүй, засвар үйлчилгээний зардлыг тогтоосон хэмжээгээр төлөх үүргээ биелүүлээгүй нь зохигчийн тайлбар, Төрийн банкны тооцооны баримтаар /хх 8/  тогтоогдсон байна.

 

            Хариуцагч нь дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардлыг сар бүр төлөөгүй үндэслэлээ “...сууцны талбай 30 м.кв тул энэ хэмжээгээр төлнө” гэж тайлбарладаг боловч энэ талаарх баримтаа гаргаагүй, энэ нь засвар үйлчилгээний зардлыг төлөхгүй байх үндэслэл болохгүй.

 

            Сууц өмчлөгчдийн холбоо нь 2017 оны 4-р сар хүртэл сар бүр зардлыг 18 650 төгрөгөөр, 2017 оны 4-р сараас 20 150 төгрөгөөр тооцсон нь нэхэмжлэлийн үнийн дүнгээс зөрүүгүй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг,  116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.О-ээс 417 800 /дөрвөн зуун арван долоон мянга найман зуу/ төгрөг гаргуулж “О”сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.     

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 190 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.О-ээс 13 190 төгрөг гаргуулж “О”СӨХ-нд олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэй.

                

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                  Р.АЛТАНТУЯА