Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2017/03406

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2017/03406

Улаанбаатар хот

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүгч Ш.Оюунтуул, Г.Солонго нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д.Е-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Б,

 

Хариуцагч: Э.Б нарт холбогдох гэм хор учруулсны хохиролд 2 376 968 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг  хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Е, хариуцагч Э.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д /үнэмлэх 0828/, иргэдийн төлөөлөгч О.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.                                     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Е шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эхнэр Дамдинжав нь 2017  оны 9-р сарын  30-ны өдөр  13 цаг 15 минутын орчимд Ниссан Тида маркийн 94-95 УНП дугаартай миний машиныг бариад дотроо 3 хүнтэй Төв аймгийн Жаргалантын САА явсан.  Би тухайн үед ажил дээрээ байсан. Гэтэл эхнэр залгаад “согтуу жолооч араас мөргөчихөөд зугтаачихлаа, Приус 20 маркын машин байна, Төв аймгийн цагдаа утсаа авахгүй байна, арга хэмжээ аваачээ” гэж эхнэр маань ярьсан.  Ингээд би Төв аймгийн болон Баянчандмань сумын цагдаа руу залгасан боловч утсаа авахгүй байсан. Би өөрөө 18.00 цагийн үед газар дээр нь очсон. Манай эхнэрийн бие муу байсан. Машин төв замруу ороод баруун гар тийшээ эргэхэд нь хойд талаас нь маш хурдтай орж ирж мөргөөд замын хажуу руу орсон байсан. Араас мөргөсөн жолооч Э.Б нь 2 хүнтэй явж байсан, мөргөчихөөд зугтах гэхэд нь ард нь явж байсан машин зогсоож барьж авсан байдаг. Цагдаа нар 19 цаг 30 минутанд ирж хэмжилт хийж ажиллагаа явагдсан. Манай эхнэртэй хамт явж байсан 2 хүнийг эмнэлэгт хэвтүүлсэн байгаа. Эхнэр маань гэмтэлд үзүүлж  тархи нь хавантай, хүзүү нурууны яс цууралттай гэх зэрэг оноштойгоор 20 хоног хэвтэн эмчлүүлсэн. 48 хувьтай хөдөлмөрийн чадвараа алдсан байсан. Ослын улмаас ажилгүй болсон. Одоо гадаад руу эмчилгээнд явсан. Машинд учирсан гэмтлийг зохих байгууллагуудаар нь үнэлгээ хийлгээд 2 515 000 төгрөгийн засварын зардал, үнэлгээний зардал 118 000 төгрөг,  ачуулах төлбөрт дуудлага 5000 төгрөг, шүүх эмнэлэгийн үзлэгт 8000 төгрөг, томографикийн зураг  240 000 төгрөг, эмчилгээний зардалд 92 100 төгрөг, эмнэлэгийн магадлагааны болон цалингийн зөрүү 144 368 төгрөг, Төв аймгийн прокурорын газарт очиж хэд хэдэн удаа байцаалт өгсөн, ирж очиход бензиний мөнгө 50 000 төгрөг, баримт гаргуулахад 4500 төгрөг төлсөн. Э.Б нь үүнээс 800 000 төгрөг төлсөн. Одоо 2 376 968 төгрөгийг Э.Б- аас гаргуулж өгнө үү гэв.

  

Хариуцагч Э.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хохиролд 800 000 төгрөг төлсөн байгаа. Машины үнэлгээг хэт өндөр үнэлсэн. Үнэлгээн дээр байгаа зураг нь энэ машины зураг биш, жишээ авч үзүүлсэн зураг байгаа юмаа. Үнэлгээнээс хасч тооцож өгнө үү гэв. 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Е нь Н.Б, Э.Б нарт холбогдох гэм хор учруулсны хохиролд 2 376 968 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх хуралдаанд хариуцагч Н.Б ирээгүй байх ба түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд талууд татгалзаагүй байна. Шүүх Э.Б т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 1 375 500 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, бусад хэсэг болох 1 001 468 төгрөгийн нэхэмжлэл болон хариуцагч Н.Б-т холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Э.Б нь 2017 оны 9-р сарын 30-ны өдөр 76-25 УНУ дугаартай Тоёота прус маркийн машин жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.7.а-д заасан “Согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоолдохыг хориглоно”. 8-р бүлгийн 8.11-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээтэй хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчиж Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3-р багийн нутаг Агтын хөндий гэх газар Г.Д-ын жолоодож явсан 94-95 УНП дугаартай машиныг мөргөж, эд хөрөнгөд хохирол учруулсан, Г.Д-ын биед хөнгөн гэмтэл учруулсан нь зохигчийн тайлбар, ослын газрын хэмжилтийн бүдүүвч зураг, шүүх эмнэлэгийн шинжээчийн үзлэг хийсэн 614 тоот дүгнэлт, Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай Төв аймгийн прокурорын 2017 оны 10-р сарын 11-ний өдрийн 231 тоот тогтоол зэрэг баримтуудаар тогтоогджээ. /хх 11, 115-18/

 

Зам тээврийн ослын улмаас Д.Е-ийн эзэмшлийн 94-95 УНП Ниссан тиида маркийн машинд гэмтэл учирсан, нэхэмжлэгч нь хохирлоо арилгуулах, эхнэр Г.Д-ын эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгуулахаар шаардсан тухайд хариуцагч маргаагүй, хариуцагч Э.Б нь 76-25 УНУ дугаарын машиныг Н.Б-оос худалдан авсан, нэрээ шилжүүлж бүртгүүлээгүй байсан талаар маргаагүй тул хэргийг шийдвэрлэлээ.

 

Хариуцагч Э.Б нь бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд гэм хор учруулсны хохирлыг Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 499-р зүйлийн 499.1, 505-р зүйлийн 505.1, 510-р зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар арилгах үүрэгтэй байна.    

 

Д.Е-ийн машинд учирсан хохирлын үнэлгээг Тод үнэлгээ ХХК 2 515 000 төгрөгөөр үнэлсэн /хх 7-8/ боловч Тайлабин ХХК-ний авто засварын газарт 1 800 000 төгрөгөөр засварлуулж бодит зардал гарсан байна. Үүнээс хариуцагч 800 000 төгрөгийг төлсөн байх тул үлдэх 1 000 000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд төлсөн 118 000 төгрөг, эрүүгийн архиваас баримт авахад гарсан 4 500 төгрөгийн нийт 1 122 500 төгрөгийн зардал гарсан байна.

 

Харин Г.Д-ын биед тархины доргилт, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон, энэ гэмтлийн хөнгөн зэрэт хамаарсан байх ба толгой, хүзүүний томографи хийлгэхэд 240 000 төгрөг, шинжилгээний зардал 8 000 төгрөг, цахилгаан бичлэгийн 5000 төгрөг нийт 253 000 төгрөгийн хохирлыг төлүүлэх нь зүйтэй.

 

Харин Г.Д-ын “Смарт брокерс” даатгалын компанид зөвлөхөөр ажилладаг, сарын үндсэн цалин 594 000 төгрөг, 2017 оны 10-р сарын 2-ноос 31-нийг хүртэл хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж 343 772 төгрөг, цалин тэтгэмжийн зөрүү 144 368 төгрөг болсон тухай” Смарт брокерс ХХК-ний  тодорхойлолт /хх 19/, Элэг судлалын төвд 10 хоног эмчлүүлсэн  нь ослын улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоогүйгээс гадна нийгмийн даатгалын дэвтэр, тэтгэмж олгосон талаарх баримт хэрэгт авагдаагүй, шатахуун худалдан авсан нь эрүүл мэндэд учирсан шууд хохирол биш, Улсын 3-р төв эмнэлэгт өгөгдсөн шинжилгээний төлбөрүүд эрүүл мэндийн даатгалаас төлөгдсөн байх тул эдгээр шаардлагагыг хангах үндэслэлгүй байна. /хх  12-14/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                         ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 499-р зүйлийн 499.1, 505-р зүйлийн 505.1, 510-р зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Б-аас 1 375 500 /нэг сая гурван зуун далан таван мянга таван зуу/ төгрөг гаргуулж Д.Е-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 1 001 468 /нэг сая нэг мянга дөрвөн зуун жаран найм/ төгрөгийн нэхэмжлэл, хариуцагч Н.Б-т холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52 981 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Э.Б-аас 36 958 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

         

 

 

       ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                                 Р.АЛТАНТУЯА

 

                          ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНТУУЛ

 

                                                                                      Г.СОЛОНГО