| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/03852/И |
| Дугаар | 102/ШШ2017/03407 |
| Огноо | 2017-12-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2017/03407
| 2017 оны 12 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2017/03407 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б.Д-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: “Ш” ХХК-д холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Дшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2008 онд “Ш” ХХК-ний барьсан Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хорооллын 39-р байрны 47 тоот 80,56 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан авахаар Хятад улсын иргэн Л Ш Б, Б.Б нартай тохиролцож урьдчилгаа 2010 оны 5-р сарын 5-ны өдөр 20 000 000 төгрөг төлж, байрандаа орсон. Үүнээс хойш 2011 оны 10 дугаар сарын 20-нд үлдэгдэл мөнгө 60 160 000 төгрөг төлсөн. Тухайн үед 1 м.кв нь 1 000 000 төгрөгөөр тохирсон. Гэтэл компаний хятад талын захирлуудын хооронд маргаан үүсч, захирал нь хоригдож цагдаа шүүх болсон. Ингээд компанийн тамга тэмдэг нь хураагдсан гэсэн. Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ гарах боломжгүй болсон. Оршин суугчид нэгдэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх 2017 оны 10-р сард нэхэмжлэлийг буцаасан байсан. Намайг 39-р байрны 47 тоот сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д-ийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Компанийн удирдлагуудын асуудлаас болоод орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй. “Ш” ХХК-ний захирал Б.Б байхад маргаан гарч компанийн тамга тэмдэг хураагдсан, үйл ажиллагаа явуулахгүй байхыг компанид даалгасан шүүгчийн захирамж гарч байсан. Б.Д нь байрны урьдчилгаа 20 000 000 төгрөг төлж, 2011 онд үлдэгдэл төлбөрийг төлсөн байна. Үүнээс хойш энэ байрандаа амьдарч байгаа. Өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Д нь “Ш”ХХК-д холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж дүгнэлээ.
Б.Д нь “Ш” компанитай 2010 онд Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороололд баригдсан 66 айлын 39-р байрны 47 тоот 80.56 м.кв талбай бүхий 3 өрөө сууцыг 1 м.кв-ыг 1 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 2010 оны 5-р сарын 05-ны өдөр 20 000 000 төгрөг, 2011 оны 10-р сарын 20-нд 60 160 000 төгрөгийг тус тус төлсөн /хх 5-6/ байна.
Худалдан авагч Б.Д нь сууцны үнэнд 20 000 000 төгрөгийг төлснөөр “Ш” ХХКиас сууцыг шилжүүлэн авч эзэмшигч болсон байна.
Харин Б.Д нь байрны үнээс 400 000 төгрөгийг төлөөгүй байх ба “Ш” ХХК-ний эрх бүхий этгээд, хөрөнгө оруулагчдын хооронд маргаан гарсан, улмаар захирал гэх БНХАУ-ын иргэн Л Ш Б, В С Т нар нь эрүүгийн болон иргэний, захиргааны журмаар маргаантай хэрэг нь шалгагдаж, компаний дансны хөдөлгөөнийг зогсоосон, тамга тэмдгийг хураасан, орон сууц, байр битүүмжилсэн зэрэг шалтгаанаар үйл ажиллагаа явуулах, худалдан авагч нараас гэрээний үүргийг хүлээн авах боломжгүй байсан нь зохигчдийн тайлбараар тогтоогдсон байна.
Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар “Ш” ХХК нь худалдан авагч нараас үүрэг гүйцэтгэх буюу сууцны үнийг хүлээн авах нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авах байсан боловч ийм үүргийг гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн буруутай байна.
Харин нэхэмжлэгч Б.Д нь 400 000 төгрөгийг төлсөн тохиолдолд 47 тоот 3 өрөө сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрхтэй байна.
Хэрэгт авагдсан Б.Д-ийн 2010 оноос эхлэн 47 тоот сууцны ашиглалтын болон бусад зардлыг төлсөн баримтууд нь /хх 7-79/ түүнийг энэ сууцыг эзэмшиж, ашиглаж байгааг нотолсон гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Д нь Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, 39-р байрны 47 тоот 80.56 м.кв талбай бүхий 3 өрөө сууцны үнэнд үлдэгдэл 400 000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг төлж өмчлөх эрхийг “Ш” ХХК-иас шилжүүлэн авах эрхтэйг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 560 750 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Ш” ХХК-иас 560 750 төгрөг гаргуулж Б.Д-д олгосугай.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА