Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 08

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Нэргүй даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  хийсэн  шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд оршин суух иргэн Ч.Б-ын нэхэмжлэлтэй, /регистрийн дугаар: /МА00000000/

            Хариуцагч:Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох   “Б.Э-ны төрсний гэрчилгээ болон улсын бүртгэлийн мэдээллийн санд “эхийн овог, нэр” хэсэгт эхийн овог андуурагдан бүртгэгдсэн байгааг залруулан бүртгэхийг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 121/2020/0004/3 дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, хариуцагч Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хяналтын улсын байцаагч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ю нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ч овогтой Б нь 1970 онд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн. Б нь эхээс зургуулаа ба Ч-ын 5 дахь хүүхэд нь болж мэндэлсэн. Тухайн үед төрсний гэрчилгээн дээр бичилт хийж байсан хүмүүсийн хариуцлагагүйн улмаас Б-ын 3 дахь хүүхэд болох Б.Э-ны төрсний гэрчилгээн дээр түүний овог нэрийг буруу бичсэнээс болж хохирч байна.

Учир нь Ч.Б нь 4 хүүхэд төрүүлсэн гэх нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл түүний гурав дахь хүү болох Б.Э-ны төрсний бүртгэлд эцгийн нэрийг нь “Н” гэж өвөөгийнх нь нэрээр буруу бүртгэснээс болж өндөр насны тэтгэврээ тогтоолгож чадахгүйд хүрээд байна.

Иймд Б.Э-ны төрсний гэрчилгээ болон улсын бүртгэлийн мэдээллийн санд “эхийн овог, нэр” хэсэгт Ч.Б-ын овгийг “Н” гэж андуурагдан бүртгэгдсэнийг залруулж “Ч” болгон залруулж бүртгэхийг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Иргэн Ч.Б нь: Миний хүү Б.Э-ны төрсний бүртгэлд эх болох миний бие Ч-ын Б гэхийг Н-гийн Б гэж андуурч бичсэн байх тул уг зөрчлийг арилгуулах талаар улсын бүртгэлд даалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийн 1 хувийг ирүүлжээ.                              

Энэхүү бүртгэлийг шалгахад тус хэлтсийн иргэний баримтын архивт хадгалагдаж байгаа Хайрхандулаан сумын 1994 оны төрсний бүртгэлийн дэсийн 74 дугаарт Б-ын Э нь 1994 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрснийг 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бүртгэсэн. Эцэг С-ийн Б, эх Н-гийн Б /нэрийг засварласан/ гэсэн бүртгэл байна.

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Улсын бүртгэгч шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно” гэж заасныг баримтлан хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр зөрчлийг арилгах боловч уг төрсний бүртгэлд дурдагдсан Н-гийн Б, нэхэмжлэл гаргагч Ч-ын Б нь нэг хүн гэдэг нь нотлогдохгүй байх тул шүүхэд хандан тогтоолгохыг зөвлөн ажилласан болно“ гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б нь Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Б.Э-ны төрсний гэрчилгээ болон улсын бүртгэлийн мэдээллийн санд “эхийн овог нэр” хэсэгт эхийн овог андуурагдан бүртгэгдсэн байгааг залруулан бүртгэхийг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн,хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбарт үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ч.Б-ын хүү Б овогт Б-ын Э-ны төрсний гэрчилгээ болон улсын бүртгэлийн мэдээллийн санд “эхийн овог, нэр” хэсэгт эхийн овог  Н гэж андуурагдан бүртгэгдсэнийг Ч болгон  залруулан  өөрчилж бүртгэхийг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэх нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Уг хуулийн мөн зүйл буюу Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дүгээрт “Улсын бүртгэгч шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн энэ хуулийн дагуу иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно” гэж хуульчлан зохицуулж өгчээ.

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “шүүхийн шийдвэргэж заасан байх ба хуулийн уг заалтаас үзэхэд шүүхийн шийдвэрээр иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт өөрчлөлт оруулж болох хууль зүйн зохицуулалт өдгөө Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж үйлчилж байна.

Мөн Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт шүүх нь “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох” эрхэм зорилготой болохыг хуульчлан зааж өгчээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дугаарт зааснуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дүгээрт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Б-ын хүү Б овогт Б-ын Э-ны төрсний гэрчилгээ болон улсын бүртгэлийн мэдээллийн санд “эхийн овог, нэр” хэсэгт эхийн овог  Н гэж андуурагдан бүртгэгдсэнийг Ч болгон  залруулан  өөрчилж бүртгэхийг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай. 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дугаарт  тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1 дүгээрт зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.