Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2014/0384

 

2014 оны 09 сарын 25 өдөр                    Дугаар 384                                         Улаанбаатар хот

 

 

 “С н э” ОНӨААТҮГ-ын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О, хариуцагчийн өмгөөлөгч А.Н нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 332 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “С н э” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “С н э” ОНӨААТҮГ-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... “С н э” ОНӨААТҮГ нь Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар захирамжийн үндсэн дээр Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн ортой эмнэлгийн тендерт шалгарч, “Нийслэлийн эрүүл мэндийн салбарын зарим байгууллагуудын удирдах үйл ажиллагааг удирдлагын гэрээгээр гүйцэтгэх гэрээлэгчийг сонгон шалгаруулах журам”- ын дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газар болон Нийслэлийн эрүүл мэндийн газартай 2004 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “Удирдлагын гэрээ”-г байгуулж ажилласан. Дээрх гэрээний үүргийг бид хангалттай биелүүлж ирсэн ба 2004-2012 онуудад жил бүр эмнэлгийн үйл ажиллагааг “бүрэн хангалттай” гэж үнэлж ирсэн. Өөрөөр хэлбэл зөвхөн 2012 онд л гэхэд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Эрүүл мэндийг дээдлэгч эмнэлэг 1 дүгээр зэрэг, “Хүүхдийн эндэгдлийг дорвитой буулгасан эмнэлэг” болон “Шилдэг Эмнэлэг”, мөн Эрүүл Мэндийн Яамнаас Сайдын нэрэмжит шагналуудыг тус тус олгож байсан болно.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2004 оны “Тендер шалгаруулалтын дүнг баталж, гэрээ байгуулах тухай” 28 дугаар захирамжийн дагуу Удирдлагын гэрээгээр ажиллаж буй нийслэлийн эрүүл мэндийн зарим байгууллагуудын гэрээний үүргийн биелэлт, бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийг шалгах зорилготой ажлын хэсэг нь манай байгууллага дээр 2013 оны 02 дугаар сард шалгалт хийн, дүгнэлтийг хуулийн хугацаанд гаргалгүй удааж, улмаар 10 сарын дараа буюу 2013 оны 12 сарын 03-ны өдөр А/1066 тоот “Удирдлагын гэрээг хаах” тухай захирамжийг гаргаж ямар ч үндэслэлгүйгээр гурав хоногийн дотор өмч хөрөнгийг акт тавьж хурааж авахаар шийдвэр гаргасан болно.

Ийнхүү уг шалгалтыг хийсэн ажлын хэсэг нь манай Удирдлагын гэрээний биелэлт болон Бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийг огт шалгаагүй байж юуг үндэслэж гэнэт “хангалтгүй” гэж дүгнэсэн нь тодорхойгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд энэ бол үндэслэлгүй, хууль зөрчсөн захиргааны акт болсон гэж үзэж байгаа болно.

Тиймээс Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1066 тоот “Удирдлагын гэрээг хаах тухай” захирамжийн хууль бус үндэслэлийг хянаж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1-т заасны дагуу хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Нийслэлийн эрүүл мэндийн салбарын зарим байгууллагуудыг менежментийн болон удирдлагын гэрээгээр ажиллуулж буй менежментийн гэрээний үүргийн биелэлт болон бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг шалгаж, дүгнэлт гаргах ажлын хэсэг Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/65 захирамжаар томилогдон ажилласан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 128 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн эрүүл мэндийн салбарын зарим байгууллагуудын удирдах үйл ажиллагааг удирдлагын гэрээгээр гүйцэтгэх гэрээлэгчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу Сүхбаатар нэгдсэн эмнэлгийн тендерт М.Ч ахлагчтай баг шалгарч, “Удирдлагын гэрээ”-г 2004 оны 1 дүгээр сард байгуулан, 2003 оны жилийн эцсийн тайлан тэнцлээр 32007,0 мянган төгрөгийн эргэлтийн хөрөнгө, 1243744,8 мянган төгрөгийн эргэлтийн бус хөрөнгө бүхий өр төлбөргүй байгууллагыг хүлээн авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

 

Удирдлагын багийн гэрээний 6.3-д “Гэрээний хугацаанд гэрээлэгчид батламж бичгийн дагуу хүлээлгэн өгсөн өмч нь орон нутгийн өмчид хэвээр байна” гэж заасан байдаг. Тус эмнэлэг 2012 оны 06 дугаар сард орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болсноос хойш арилжааны банканд данстай болж, энэ үеэс Төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан “Төсвийн тухай хууль, түүнтэй холбогдох хуулиуд нь төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, эсвэл төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдэд хамаарна” гэсэн заалт зөрчигдөж эхэлсэн.

Өнгөрсөн 2012 онд тус эмнэлэг нь төлөвлөгдсөн цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмнэлтийн хөрөнгөнөөс эмийн зардалд зардалд зарцуулж, эмийн

10

зардлыг 507.8 сая төгрөгөөр хэтрүүлэн зарцуулсан. Энэ нь арилжааны банканд данс нээж, төсвийн гүйцэтгэлд төрийн сангийн хяналт байхгүй болсонтой шууд холбоотой. Сангийн сайдын 48 дугаар тушаалаар төсвийн зарлагын төрөл, багц хооронд ийм их хэмжээний хөрөнгийг шилжүүлэн зарцуулах хориотой байдаг.

Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг нь Нийслэлийн эрүүл мэндийн газартай гэрээ байгуулаагүй, 2011, 2012, 2013 оны эмийн тендерт оролцоогүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д захиалагч нь “төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд” байна, 8 дугаар зүйлийн 8.1.2-д “шууд худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаар” гэсэн заалтыг тус тус зөрчсөн. Энэ нь арилжааны банканд данс нээж, төсвийн гүйцэтгэлд төрийн сангийн хяналт байхгүй болсонтой шууд холбоотой. Сангийн сайдын 48 дугаар тушаалаар төсвийн зарлагын төрөл, багц хооронд ийм их хэмжээний хөрөнгийг шилжүүлэн зарцуулах хориотой байдаг.

Удирдлагын гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1.2-т заасан “Гэрээний хугацаа дуусахад бүрэн бие даан, өөрийн үйл ажиллагааны бүх зардлыг санхүүжүүлж, алдагдалгүй ажиллана” гэсэн гэрээний гол нөхцөлийг биелүүлээгүй болно.

Дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн Засаг дарга нь хуульд заасан эрх хэмжээний хүрээнд томилогдсон ажлын хэсгийн санал: дүгнэлт, санхүүгийн баримт материал, үзүүлэлтийг үндэслэн М.Ч ахлагчтай Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн “Удирдлагын гэрээ”-ний үүргийн биелэлтийг хангалтгүй хэмээн дүгнэж, уг удирдлагын гэрээний 12 дугаар зүйлд зааснаар Удирдлагын гэрээг хаасан болно. Иймд М.Ч-гийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 332 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 сарын 03-ны өдрийн А/1066 тоот “Удирдлагын гэрээ”-г хаасан захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батцогт давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 332 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нийслэлийн эрүүл мэндийн салбарын зарим байгууллагуудыг менежментийн болон удирдлагын гэрээгээр ажиллуулж буй менежментийн гэрээний үүргийн биелэлт болон бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг шалгаж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, шалгалтад Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг хамрагдсан болно.

“Нийслэлийн эрүүл мэндийн салбарын зарим байгууллагуудын удирдах үйл ажиллагааг удирдлагын гэрээгээр гүйцэтгэх гэрээлэгчийг сонгон шалгаруулах журам”- ын дагуу Сүхбаатар нэгдсэн эмнэлгийн тендерт М.Ч ахлагчтай баг шалгарч, “Удирдлагын гэрээ”-г 2004 оны 1 дүгээр сард байгуулан, хүлээн авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Ашиглалтад орсноос хойш 2004 он хүртэл ямар нэгэн барилгын их засварын ажил хийгдэж байгаагүй, харин барилгын будаг шохойн болон сантехникийн шугам хоолойн засвар хийгдэж байсан бөгөөд уг барилгын геологийн дүгнэлт, зураг төсөл, далд ажлын акт, барилгын техникийн паспорт зэрэг техникийн баримт бичиг нь байхгүй.

Тус эмнэлэг 2012 оны 06 дугаар сард орон нутгийн аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болсноос хойш арилжааны банканд данстай болсон ба энэ нь Төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан “Төсвийн тухай хууль, түүнтэй холбогдох хуулиуд нь төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, эсвэл төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдэд хамаарна” гэсэн заалтыг зөрчсөн. Мөн тус эмнэлэг нь 2012 онд төлөвлөгдсөн цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмнэлтийн хөрөнгөнөөс эмийн зардалд зарцуулж, Нийслэлийн эрүүл мэндийн газартай гэрээ байгуулаагүй, 2011-2013 онд эмийн тендерт оролцоогүй зэрэг зөрчил гаргасан. Мөн гэрээний 10.2.1.2-т “гэрээний хугацаа дуусахад бүрэн бие даан, өөрийн үйл ажиллагааны бүх зардлыг санхүүжүүлж, алдагдалгүй ажиллана” гэсэн гэрээний гол нөхцөлийг биелүүлээгүй, Эрүүл мэндийн сайдын 2012 оны 375 дугаар тушаалын 1.3.5 менежментийн гэрээг зогсоох ажлыг хэрэгжүүлэх зорилгоор санал дүгнэлт гаргасан байна.

Үүнээс үзвэл захиргааны байгууллагатай байгуулан нэхэмжлэгчийн гэрээний 12 дугаар зүйлд “удирдлагын гэрээ дуусгавар болох” талаар зохицуулсан байх бөгөөд 12.1-д “Гэрээлэгч үүргээ биелүүлэх”, гэсний 12.1.2-т “Гэрээлүүлэгч нь энэхүү гэрээний нөхцөл болзлын дагуу хүлээсэн үүргээ гэрээлэгч биелүүлсэн эсэхэд хяналт шалгалт хийлгэхээр Хяналтын зөвлөлийг томилно.”, 12.1.3-д “Хяналтын зөвлөл нь гэрээлэгч үүргээ биелүүлсэн эсэхэд энэхүү гэрээний 11.3-д заасан эрх, үүргийн дагуу хяналт, шалгалт /аудит/ хийж, “Удирдлагын гэрээний үр дүнгийн нэгдсэн тайланг”-г Нийслэлийн засаг даргад танилцуулна”, 12.1.6-д “Нийслэлийн засаг даргын шийдвэрээр Удирдлагын гэрээний үүрэг “хангалтгүй биелэгдсэн” гэж үзвэл Удирдлагын гэрээг хаана” гэж тус тус зааснаар гэрээг захиргааны санаачилгаар дүгнэж, хаах тохиолдолд тус гэрээний 11.1.11-д “Хяналтын зөвлөл нь дор дурдсан төлөөллийн 5 хүний бүрэлдэхүүнтэй байна: Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн Аудитын газар холбогдох мэргэжлийн байгууллагаас”, 11.1.2-т “Хяналтын зөвлөлийн нарийн бичгийн дарга нь тухайн байгууллагын асуудлыг хариуцсан Нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэргэжилтэн байна”, 8.5.1-т “Гэрээний хугацаанд тухайн байгууллагын асуудлыг хариуцсан Нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэргэжилтэн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажиллана” гэж тус тус захиргааны гэрээг хаахад хийгдэх ажиллагааг тодорхой заасан байхад уг гэрээг зөрчин 2013 оны 01 сарын 28-ны өдрийн “Комисс байгуулах тухай” А/65 дугаар захирамжаар шалгалт хийж, дүгнэлт гаргуулахаар комисс байгуулж, дүгнэлт гаргуулсан, мөн гэрээний хугацаанд тухайн байгууллагын асуудлыг хариуцсан Нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэргэжилтэн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажиллуулах гэрээний үүргийн дагуу өгсөн боловч энэ асуудалд ач холбогдол өгөөгүйгээс гадна энэ талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүйг маргаан бүхий актын үндэслэл бүрд үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзнэ.

Түүнчлэн Нийслэлийн эрүүл мэндийн газрын холбогдох мэргэжилтнүүдийг гэрчээр асууж хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулаагүй байна. Эдгээр нөхцөл байдлууд нь хэргийг хэт нэг тал барьж, нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс хэргийг үндэслэлгүй, хуульд нийцээгүй шийдвэр гаргахад нөлөөлсөн

 

байна. Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 332 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулийн дагуу хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нийслэлийн Засаг дарга нь 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Комисс байгуулах тухай” А/65 дугаар захирамжаар менежментийн болон удирдлагын гэрээгээр ажиллаж байгаа Нийслэлийн эрүүл мэндийн салбарын зарим байгууллагуудын менежментийн гэрээний үүргийн биелэлт болон бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг шалгаж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулан шалгалт хийж, улмаар уг ажлын хэсгийн тайланд гэрээг хаах тухай санал, дүгнэлт[1], Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн тэмдэглэл[2], Удирдлагын гэрээг үндэслэн 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1066 дугаар захирамжаар “С н э” ОНӨААТҮГ-ын “Удирдлагын гэрээ”-г хаасныг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс “Удирдлагын гэрээ”-ний биелэлт болон Бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийг огт шалгаагүй байж юуг үндэслэж “хангалтгүй” гэж дүгнэсэн нь тодорхойгүй, мөн 2013 оны 02 дугаар сард шалгалт хийсэн атлаа дүгнэлтийг нь хуулийн хугацаанд гаргалгүй удааж, улмаар 10 сарын дараа буюу 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “Удирдлагын гэрээ”-г хаах тухай захирамжийг гаргаж, 3 хоногийн дотор ямар ч үндэслэлгүйгээр өмч хөрөнгийн акт тавьсан нь хууль бус” гэж маргажээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “Төрийн өмчит хуулийн этгээдийг удирдах үйл ажиллагааг /менежмент/ удирдлагын өндөр мэргэшил, дадлагатай, үйлдвэрлэлийг үр ашигтай зохион байгуулах ур чадвартай, хувийн өмчит хуулийн этгээд, хувь хүнээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно” гэж зааснаас үзвэл төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчлан авах зорилгоор төрийн тодорхой үйл ажиллагааг хувийн өмчийн хуулийн этгээд, хувь хүн гэрээний үндсэн дээр гүйцэтгэх боломжтой байна.

Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Тендер шалгаруулалтын дүнг баталж, гэрээ байгуулах тухай” 28 дугаар захирамжаар төрийн өмчит хуулийн этгээд болох “С н э”-ийн удирдах үйл ажиллагааг тендерт шалгарсан удирдлагын баг /гэрээлэгч/ гэрээний үндсэн дээр удирдахаар болж, “Удирдлагын гэрээ”-г байгуулан, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь гэрээгээр гүйцэтгүүлэгч буюу “гэрээлүүлэгч” болсон байх бөгөөд тус гэрээний 6 дугаар зүйлд гэрээлүүлэгчийн үүрэг хариуцлагын талаар болон гэрээний нөгөө тал болох “Удирдлагын баг” нь гэрээгээр удирдлагын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ гэрээлүүлэгчээс өгсөн үүргийг заавал биелүүлэхээр заасан, уг гэрээнд "... гэрээлэгчийн үйл ажиллагааны үр дүнг харгалзан хувьчлах ...” талаар тусгасан зэргээс үзвэл уг гэрээ нь захиргааны гэрээ байжээ.

Хэдийгээр тус гэрээний хугацаа дууссан боловч Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2006 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Удирдлагын гэрээтэй эрүүл мэндийн салбарын байгууллагуудын тухай” 33 дугаар тогтоолоор нэхэмжлэгч “С н э”-ийн үйл ажиллагааг “Удирдлагын гэрээ”-ний дагуу үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон, энэ тогтоолд гэрээний хугацааны талаар заагаагүй, гэрээний талууд болох төрийн байгууллагуудаас ямар нэгэн шийдвэр гаргаагүй, улмаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулах тухай” 58 дугаар тогтоолоор тус эмнэлгийг “Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар” болгон өөрчлөн байгуулж, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/385 дугаар захирамжаар дүрмийг баталж, 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 9014001069 дугаартайгаар хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгджээ.

Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/385 дугаар захирамжаар батлагдсан “С н э” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2-т “С н э” ОНӨААТҮГ-т удирдлагын болон менежментийн гэрээ хүчин төгөлдөр үйлчлэх ...” тухай зааснаас үзвэл хариуцагчаас гэрээг хаах тухай маргаан бүхий актыг гаргах үед гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байсан нь тогтоогдож байна.

 

Гэтэл хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа удирдлагын гэрээг хаах тухай заасан тус гэрээний 12 дугаар зүйлийг зөрчиж, Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн тэмдэглэл, “Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудыг менежментийн болон удирдлагын гэрээгээр ажиллуулж буй менежментийн багуудын гэрээний үүргийн биелэлтийг шалгасан ажлын хэсгийн тайлан”-г үндэслэн “С н э” ОНӨААТҮГ-ын “Удирдлагын гэрээ”-г хаах тухай 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1066 дугаар захирамжийг гаргасан нь үндэслэлгүй болжээ.

Тодруулбал, талууд харилцан зөвшөөрч байгуулан, хүчин төгөлдөр үйлчилж байсан уг “Удирдлагын гэрээ”-ний 12 дугаар зүйлийн 12.1.2-т “Гэрээлүүлэгч нь энэхүү гэрээний нөхцөл болзлын дагуу хүлээсэн үүргээ гэрээлэгч биелүүлсэн эсэхэд хяналт шалгалт хийлгэхээр Хяналтын зөвлөлийг томилно”, 12.1.3-т “Хяналтын зөвлөл нь гэрээлэгч үүргээ биелүүлсэн эсэхэд энэхүү гэрээний 11.3-д заасан эрх, үүргийн дагуу хяналт, шалгалт /аудит/ хийж, “Удирдлагын гэрээний үр дүнгийн нэгдсэн тайланг”-г Нийслэлийн Засаг даргад танилцуулна”, 12.1.6-д “Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр Удирдлагын гэрээний үүрэг “хангалтгүй биелэгдсэн” гэж үзвэл Удирдлагын гэрээг хаана” гэж тус тус зааж, гэрээг дуусгавар болгох журмыг тодорхойлон тусгаж, зохицуулсан байна.

Гэтэл хариуцагч нь гэрээнд заасны дагуу Хяналтын зөвлөлийг томилон ажиллуулаагүй атлаа гэрээний үр дүнг шалгах бүрэн эрх олгогдоогүй комисс байгуулж, улмаар уг комиссын тайланг үндэслэн гэрээний үүргийн биелэлтийг “хангалтгүй” гэж дүгнэн, “Удирдлагын гэрээ”-г хаах тухай захирамж гаргасан нь үндэслэлгүй болжээ. Зүй нь, тус гэрээнд зааснаар гэрээлүүлэгчээс 5 хүний бүрэлдэхүүнтэй хяналтын зөвлөлийг байгуулан, уг хяналтын зөвлөлөөс гэрээлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, улмаар гэрээний үр дүнгийн нэгдсэн тайланг Нийслэлийн Засаг дарга танилцаж, гэрээний үүрэг “хангалтгүй биелэгдсэн” гэж үзвэл тус “Удирдлагын гэрээ”-г хаах учиртай байжээ.

Хариуцагчаас Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь хэсгийн “а”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 58.4.4, 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсгийг үндэслэн маргаан бүхий актыг гаргасан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт төрийн өмчит хуулийн этгээдийн удирдах үйл ажиллагааг хувийн өмчит хуулийн этгээд, хувь хүнээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болох тухай зааж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 4-т “гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйд хүлээлгэх хариуцлага, учруулсан хохирлыг нөхөн төлөх хэлбэр, хэмжээ, түүнд барьцаалах хөрөнгө” гэж менежментийн гэрээнд заавал тусгах болзлыг тоочин заасан байх тул хариуцагчаас “С н э” ОНӨААТҮГ-ын “Удирдлагын гэрээ”-г хаах тухай маргаан бүхий захирамжийг гаргахдаа хуулийн уг зүйл, заалтыг үндэслэснийг зөвтгөх боломжгүй.

Түүнчлэн хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа үндэслэл болгосон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь хэсгийн “а”-д аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь “Төрийн болон тухайн орон нутгийн өмчийн талаарх ... тухайн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг зохион байгуулах” бүрэн эрхтэй, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 1-д “... Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас орон нутгийн өмчийн эд хөрөнгийн талаар гарсан шийдвэрийг Засгийн газрын бодлогод нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй ...” гэж тус тус заасан байгаа нь орон нутгийн өмч, эд хөрөнгийн талаар тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шийдвэр гарсан тохиолдолд уг гарсан шийдвэрийн биелэлтийг Засаг дарга хариуцаж, хэрэгжүүлэх талаар заасан агуулгатай байна. Гэтэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “С н э” ОНӨААТҮГ-ын “Удирдлагын гэрээ”-г хаах тухай шийдвэр гараагүй байхад хариуцагчаас хуулийн дээрх заалтуудыг үндэслэн гэрээг хаах тухай шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

Иймд маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Удирдлагын гэрээг хаах тухай” А/1066 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 332 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 



Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 
 

[1] Хэргийн 1 дэх хавтасны 129 дэхь тал

[2]Хэргийн 1 дэххавтасны 158дахьтал