Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2400

 

Ж.Б-ний нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/02293 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Б-ний нэхэмжлэлтэй, хариуцагч НШГА-д холбогдох

   Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 3991 дүгээр шийдвэрээр М.Г-т 96 560 007 төгрөг гаргуулж, төлбөр төлөөгүй тохиолдолд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхон 45а байрны 69 тоотод байрлах орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Барьцаа хөрөнгийг хөндлөнгийн шинжээчээр 92 000 000 төгрөгөөр үнэлсэн боловч энэхүү үнэлгээ тус үл хөдлөх хөрөнгүүдийг бүхэлд нь үнэлж чадаагүй, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн үнэлгээ байх тул уг үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй талаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан.

Барьцаа хөрөнгийг О.А миний саналыг авалгүйгээр үнэлэх, албадан дуудлага худалдаанд оруулах, багаар 110 000 000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгө болох орон сууцыг үнэгүйдүүлсэн болохыг тус албаны 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн албан бичгээр мэдэж ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж хариуг 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан. Уг хөрөнгө Улаанбаатар хотын А зэрэглэлд байршилтай үйлдвэрлэл үйлчилгээндээ ойрхон уг орон сууц 110 000 000 төгрөгөөр зарагдаж байгаа бөгөөд хөрөнгийн үнэлгээний гаргасан 92 000 000 төгрөг байх боломжгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасны дагуу орон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч Ж.Б-ний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан орон сууцыг битүүмжлэн, хураан авч төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр 92 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон 92 000 000  төгрөгийн 70 хувь 64 400 000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр худалдан борлуулсан ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Ж.Б-ний НШГА-д холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205045317 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхон /16100/, Москвагийн гудамж 45 А байрны 69 тоот 56.3 м.кв орон сууцыг 92 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-д зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 9700 дугаар захирамж хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Барьцаа хөрөнгийг Ж.Б-ний саналыг авалгүйгээр үнэлэх, албадан дуудлага худалдаанд оруулах, багаар 110 000 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг хэт үнэгүйдүүлж үнэлсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчиж байна. Барьцаа хөрөнгө Улаанбаатар хотын А зэрэглэлд байршилтай үйлдвэрлэл үйчилгээ бүх зүйлд ойрхон тул зах зээлийн ханш өндөр, уг хөрөнгөтэй ойролцоо орон сууц 110 000 000 төгрөгөөр зарагдаж байгаа бөгөөд хөрөнгийн үнэлгээний гаргасан 92 000 000 төгрөгийн үнэлгээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийг зөрчсөн. Шийдвэрийн үндэслэх хэсэгт 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дурдсан нь ойлгомжгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн боловч хэрэглэвэл зохих хуулийг баримтлаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

       Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч НШГА-д холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

        Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/03991 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Ж.Б-ээс 96 560 000 төгрөгийг гаргуулж М.Г-т олгохоор шийдвэрлэсэн байна. /44-45/

        Төлбөр төлөгч Ж.Б шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гаргасан шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2016/00106 дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, мөн өдрийн 0016 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн, НШГА нь И.А-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхон 45а дугаар байрны 69 тоот орон сууцыг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 188/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 188/23 тоот тогтоолоор шинжээч томилсон нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.5 дахь хэсэгт заасантай нийцжээ. /хх-43, 46-47, 49/

       Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах үнэлгээг төлбөр төлөгч 145 000 000 төгрөгөөр, төлбөр авагч М.Г 80 000 000 төгрөгөөр тус тус үнэлж үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 180 дугаар тогтоолоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ тогтоосныг буруутгах боломжгүй.

         Нэхэмжлэгч Ж.Б тухайн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, өөрийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.        

     Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээрхи зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн НШГА-ны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан талаар үндэслэл бүхий дүгнэсэн боловч хэрэглэвэл зохих тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

          Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/02293 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 37 дугаар зүйлийн 37.3” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ш.ОЮУНХАНД

                                                        ШҮҮГЧИД                                     М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                                              Д.БАЙГАЛМАА