| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/02491/И |
| Дугаар | 102/ШШ2017/03408 |
| Огноо | 2017-12-14 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2017/03408
| 2017 оны 12 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2017/03408 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б.Т-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Х-д холбогдох хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн эцгээр тогтоолгохыг хүссэн, Б.Т-т холбогдох хүүхдээ асрамжиндаа авахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б /үнэмлэх 0217/, хариуцагч Э.Х, хариуцагчийн өмгөөлөгч П.А /үнэмлэх 0185/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Э.Х-тай 2008 онд танилцсан. Энэ хугацаанд 2009 оны 12-р сарын 30-ны өдөр охин О, 2013 оны 02-р сарын 22-нд хүү С нар төрсөн. Охиныг багад нь дандаа нүцгэн байлгадаг байснаас одоо болтол орондоо шээдэг. Хүүхдийн сургуулийн бүртгэлийн ажилтантай уулзахад сургуулийн бүртгэл нь дутуу, Э.Х-ийн гарын үсгийг өөр хүн зурж хүүхдүүдийг авдаг, хүүхдүүдийг хараа хяналтгүйгээр гадаа их тоглуулдаг. Охиныхоо байдлаас болоод Австри улсруу ээжтэй нь хамт бүх зүйлийг зохицуулж явуулж байсан. Э.Х дээр хүүхдүүд байвал эрх нь маш ноцтой зөрчигдөх ба хүүхдүүдээ хичээл хийлгэх нэрээр зоддог. 108-т дуудлага өгч байсан, багштай ярих гэхээр утас авч шидсэн. Хүү минь хөл нь гэмтэж, одоо цэцэрлэгтээ явж чадахгүй байна. Хүүхдүүдийн хувь заяа хэцүү байна. Э.Х болон 2 хүүхдийн амьдарч байгаа Баянгол дүүүргийн Зүүн нарангийн 1-10 тоот байшин нь шатсан, гэрт амьдарч байна. Тэнд нь Э.Х-ийн дүү Э.Н нь мөн хамт амьдардаг. Шатсан байшингийн суурин дээр Д гэдэг хүн гэр барьсан амьдардаг, архи уудаг. Хүүхдүүд хичээлдээ муудсан, ээж нь хичээлийг нь хийлгэх гэж зоддог, хоол унд өгөхгүй хорьдог. Эдгээр байдлуудаас болоод би хүүхдүүдээ өөрийн асрамжинд авах, хүүхдүүдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хүүхдүүд шар арьстай төрсөн байхад бид нар бор хүмүүс, би эцэг хүнийхээ үүргийг сайн гүйцэтгэдэг, энэ 2 хүүхдийн эцэг нь мөн үү биш үү гэж эргэлзэх болсон гэв.
Хариуцагч Э.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Т нь хүүхдээ шар өнгөтэй төрсөн, миний хүүхдүүд мөн үү гэж хардан эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэсэн. Шинжээчийн дүгнэлтээр эцэг нь мөн болохыг тогтоосон. Б.Т-ын аав нь “ахыг нь төрөхөд ямар шар хүүхэд вэ” гэж голоод найздаа ярьж байсан гэдэг. Өнгөрсөн хугацаанд Т-ыг ажлаа хийж байхад би хүүхдүүдээ өсгөж, ар гэрийн амьдарлаа даагаад явдаг байсан. Би хүүхдүүддээ “цагийн юмыг цагт нь хий” гэсэн зарчмыг баримталдаг, түүний яриад байгаа шиг хүүхдээ зодож байгаагүй. Харин Б.Т хүүхдүүдийг дураар нь эрхлүүлдэг. Өөрөө хүүхдээ нүцгэнээр чирээд хажуу айлд оруулж өгөөд, ээж нь ирж авахгүй бол гаргаад хаячихаарай гэсэн байсан. Эцэг хүн, сурган хүмүүжүүлэгч хүний шинж чанаргүй хүнд хүүхдээ өгөхгүй. Өөрөө намайг өөр хүүхдүүдийн эцэгтэй хардаж, хүүхдүүдийн нүдэн дээр үсдэж зоддог, эцэг эхтэйгээ нийлээд 38-р сургууль дээр очиж охин бид 2-ын нэр хүндийг гутаан доромжилсон. Мөн байр, СӨХ гээд ярихгүй газар байхгүйгээр намайг доромжилдог. Б.Т т зодуулж миний чихний хэнгэрэг цоорсон, цаашид нүд минь сохорч, хамар минь далийхаас өмнө би гэрээсээ гарч явсан. Би одоо ажилтай орлоготой, ажлаа хийгээд хүүхдүүдтэйгээ амьдарч чадна. Ийм хэцүү хүнтэй бүх насаараа амьдрах боломжгүй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч Э.Х шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хуулийн дагуу хүүхдүүдээ өөрийн асрамжинд авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэв.
Нэхэмжлэгч Б.Т сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Э.Х-ийн хамаатны залуу н.Д-охин Т.О-г хүчтэй алгадаж зодсон байгаа. Би худлаа цагдаад өгч шалгуулаагүй. Би өөрөө хүүхдүүддээ авна. Эдийн засгийн хувьд би өөрөө тэжээн тэтгэх боломжтой. 2 хүүхэдтэйгээ байрандаа сайхан амьдарч болно. Надаас хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэвэл би дансанд мөнгийг нь байршуулна. Том болоход нь хэрэгтэй гэж үзэж байна. Би хүүхдүүдээ өөр дээрээ авбал Э.Х-гаас тэтгэлэг гаргуулахгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Т нь Э.Х-д холбогдох хүүхдүүдээ асрамжиндаа авах, хүүхдийн эцгээр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг, хариуцагч нь хүүхдээ асрамжиндаа авч, тэтгэлэг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ. Шүүх Б.Тын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Б.Т, Э.Х нар нь гэр бүл болох зорилгоор 2008 оноос хамт амьдарч 2009 оны 12-р сарын 30-ны өдөр охин Т.О, 2013 оны 02-р сарын 22-ны өдөр хүү Т.С нарыг төрүүлж өсгөжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 26-р зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 38-р зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
Харин талууд хамт амьдрах хугацаандаа Б.Т нь Э.Ха-г бусадтай харддаг, хэл амаар доромжилдог, дарамталдаг, улмаар бие махбодид нь хүчирхийлэл үйлдэж гэмтэл учруулдаг, сэтгэл санаа, эрүүл мэндэд хохирол учруулдаг нь фото зураг, Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын 2016 оны 11-р сарын 21-ний өдрийн 2185 тоот тогтоол, гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2016 оны 10-р сарын 30-ны өдрийн үйлчлүүлэгчийн тухай мэдээлэл, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн “Үйлчлүүлэгчид аюул учрах эрсдэл өндөр” гэсэн эрсдлийн үнэлгээ зэрэг баримтуудаар /хх 161-177/ тогтоогдсон байна.
Энэ нөхцөл байдал нь гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах, эцэг, эх нь хүүхдээ эрүүл, аюулгүй орчинд өсгөж хүмүүжүүлэх үүрэгтэй боловч цаашид хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж дүгнэлээ.
Нөгөө талаас, хүүхдийн асрамжийн талаар нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилж Баянгол дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс шинжээчийн дүгнэлтээ гаргасан байна. Шинжээч нар дүгнэлт гаргахдаа Хүүхдийн эрхийн конвенц, Гэр бүлийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн хэргийн оролцогч, тэдний гэр бүлийнхэнтэй ярилцах, ажиглах, нөхцөл байдалтай танилцах, хүүхдийн орчин нөхцөл, хүсэл зориг, сэтгэл зүйн сорилт хийх, эцэг, эхийн хайр халамж, тэдэнд дүгнэлт хийх замаар бодит байдалд тулгуурлан дүгнэлтээ гаргасан байна.
Хүүхдүүдийн эцэг, эх нь хүүхдүүддээ тавих анхаарал халамж сайн, хэн аль нь эрхэлсэн ажилтай, орлоготой нь дүгнэлтээр тогтоогдсон байх ба эцэг Б.Т т аав, ээж, ах дүүс нь тусалж дэмждэг, эх Э.Х-д хүүхдүүд нь ээнэгшин дассан давуу талуудтай, хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээх нь эрх ашигт нийцнэ гэсэн дүгнэлтийг гаргасан нь үндэслэлтэй гэж /хх 87-99/ дүгнэлээ.
Түүнчлэн охин Т.О нь ээжтэйгээ хамт амьдарна гэсэн санал, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь “хүү Т.С-ийг ээж нь зодож хөлийг нь гэмтээсэн” гэж тайлбарладаг боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11-р сарын 24-ний өдрийн 14501 тоот дүгнэлт /хх 121-122/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын 2017 оны 12-р сарын 06-ны өдрийн 2086 тоот тогтоол, Т.С-гийн амбулалториор эмчлүүлэгсдийн карт, компьютер томографийн оношлогоо /хх 126-131, 183/ зэрэг баримтаар Э.Ххүүхдээ зодож гэмтэл учруулсан нь нотлогдоогүй байна.
Түүнчлэн хариуцагч нь хүүхдүүдийн хамт гэрт амьдарч байгаа нь амьдрах орчин нөхцөл бүрдээгүй, орон байраар хангагдаагүй гэж үзэх үндэслэл болохгүйгээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд Э.Х-г Баянгол дүүргийн 8-р хороо, 4-р хорооллын Хөгжил хотхоны 25-3-р байрны 401 тоот сууцны өмчлөгчөөс хасуулсан нь насанд хүрээгүй хүүхдийн эрх ашгийг хөндсөн гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж “хүүхдийн эцэг тогтоолгох” шаардлага гаргаж, үндэслэлээ “Э.Хнь 2016 оноос гэртээ үл таних эрэгтэйг оруулдаг байсан, бид бор арьстай байхад хүүхдүүд шар арьстай төрсөнд эргэлзэж байна” гэж тайлбарлажээ.
Т.О, Т.С нар төрснөөр захиргааны журмаар эцэг тогтоогдсон /хх 14/ байх ба нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09-р сарын 14-ний өдрийн 7490 тоот дүгнэлтээр Б.Т нь Т.О, Т.С нарын эцэг байх боломжтой нь тогтоогдсон /хх 54-55/ байна.
Хэдийгээр Б.Т нь хүүхдийн эцэг болох нь тогтоогдсон боловч шүүхийн журмаар эцэг болохыг тогтоох шаардлагагүй байна.
Эдгээрээс дүгнэвэл, эцэг тогтоолгох шаардлага нь хариуцагчийг бусадтай хардах сэтгэл зүйтэй холбоотойгоос гадна хүүхдүүдийг өөрийн асрамжиндаа авах шаардлагыг нь үгүйсгэсэн, нийцээгүй шаардлага гэж үзнэ.
Хариуцагчийн “хүүхдээ асрамжиндаа авах” сөрөг шаардлага нь үндсэн нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэл бөгөөд харин хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагыг хуульд заасан журмаар шийдвэрлэх нь зүйтэй.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Б.Т-аас эд зүйл гаргуулахаар шаардсаныг шүүгчийн 2017 оны 10-р сарын 12-ны өдрийн 13257 тоот захирамжаар хүлээн авахаас татгалзсан /хх 72-72, 80-82/, хэргийн 132-147, 177-180 дахь талд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, 148-160 дахь талд байгаа Голомт банкны дансны хуулга, онгоцны тийз зэрэг баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.6 дахь хэсэг, 23-р зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2009 оны 12-р сарын 30-ны өдөр төрсөн охин Т.О-, 2013 оны 02-р сарын 22-ны өдөр төрсөн хүү Т.С нарыг эх Э.Х-ийн асрамжинд үлдээж, хүүхдүүдийг эцгийн асрамжинд үлдээх, хүүхдийн эцэг мөн болохыг тогтоолгохыг хүссэн Б.Т-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Т.О, Т.С нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр, тус бүрт тэтгэлэг гаргуулж эцэг Б.Т-аар тэжээн тэтгүүлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөг, хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Т-аас 70 200 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай.
4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА