Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2017/ШЦТ/35

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар Б.Оюунчимэг

Улсын яллагч Д.Оюунбилэг

Хохирогч А.Э-

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл

Шүүгдэгч Б.Н- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н-ид холбогдох эрүүгийн 201622000635 тоот хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Б.Н

Шүүгдэгч Б.Н- нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын нутаг Жилчиг гэх газар иргэн Б.Б-ын эзэмшлийн Ланд круйзер 80 маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 2 дугаар зүйлийн 2.5.В дүгээр зүйлд заасан заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож, зам тээврийн осол гаргасны улмаас уг автомашинд зорчиж явсан иргэн А.Э-ы бие махбодид "уушигны авчилт, дэлүүний няцрал" бүхий хүнд гэмтэл учруулсан, Уг осоол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Н- нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын нутаг Жилчиг гэх газар иргэн Б.Б-ын эзэмшлийн Ланд круйзер 80 маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 2 дугаар зүйлийн 2.5.В дүгээр зүйлд заасан заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж уг автомашинд зорчиж явсан иргэн А.Э-ы бие махбодид "уушигны авчилт, дэлүүний няцрал" бүхий хүнд гэмтэл учруулсан, Уг осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутай болох нь

Хохирогч А.Э-ы мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өгсөн: Тэгээд бид нар сууж байтал Б.Н- орж ирээд хөгшин аав Г.Ш-ыг хүргэж одоо хүргэж өгчихөөд ирье гэж орж ирсэн. Тэгтэл О- би маргааш ажилтай гэж хэлсэн. Тэгээд байцгааж байснаа гэнэт бүгдээрээ явахаар болоод Б.Н-ийн авч ирсэн машинд Г.Ш-, О- бид 4 суугаад харанхуй болчихсон байхад Мөрөнгөөс гараад Жилчигийн уурхайн хажуу талд байдаг налуу дээр явж байснаа машин нэг сонин дайвалзах шиг болсон тэгээд л машин онхолдсон байсан. Машин жолоочийн эсрэг тал руу газрын хэвгий газар луу нь унасан. Би машин унасны эсрэг тал руу нь гарч шидэгдсэн байсан. Би машин дотор О-гийн зүүн талд сууж явсан. Бид нарын сууж явсан машин буруу рультай Ланд маркийн машин байсан. Б.Н- машиныг жолоодоод хажуу талын урд суудал дээр нь Г.Ш- суугаад Г.Ш-ын суусан суудлын хойд талд би суугаад жолоочийн суудалны хойд талд О- суусан. Намайг ухаан ороход машин онхолдчихсон миний хажууд Г.Ш- ах, О-, Б.Н- нар зогсож байсан. Тэгээд уурхайгаас 2-3 хүн авч ирээд машиныг нь татаж босгоод машин асаатал зүгээр байхаар нь машиндаа сууцгаагаад Г.Ш- ахын гэрт бүгдээрээ очсон. Машины урд шил хагарсан байсан өөр нэг их гэмтэл байгаагүй. Г.Ш- ахын гэрт очоод хоол унд идээд 2 литр шахуу монгол архи гаргаж өгсөн. Тэр архийг уусан. Тэгээд тэр Г.Ш- ахын гэрт хоносон. Шөнө миний зүүн талын мөр өвдөж хоносон. Мөр мултарсан юм байгаа биз гэж бодоод хоносон. Маргааш өглөө нь Б.Н- бид Мөрөн лүү орж ирсэн. Мөрөн орж ирээд би Б.Н-ийн гадаа буугаад гэрлүүгээ алхаад харих гэтэл явж чадахгүй болохоор нь Г- гэж жоохон хүүхдийг дуудаж байгаад хашааныхаа ар талын 2 банзыг хуу татаж байгаад намайг оруулж өгсөн. Тэгээд тэр өдөр буюу 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр өвдөөд болохгүй болохоор нь манай бэр О- эмнэлэг дуудаад түргэний машин ирсэн. О- бид 2 эмнэлэг дээр хамт очсон. Мэс заслын эмч дуудаж үзүүлсэн. Тэгээд гэрэл хараад дал дагасан 2 хавирга хугарсан, зүүн эгэм хугарсан гэж гарсан... Дараа нь эход харуулахад 2 хавирга иш 3 хавирга хугарсан байсан. гэх мэдүүлэг /хх-тйг 17-21-р тал/,

Гэрч Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр манай эхнэр А.Э- залгаад би 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Жилчиг рүү О-тай явж байгаад машинтай онхолдсон гэж хэлэхээр нь тэр өдөрөө Улаанбаатар хотоос гараад 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Мөрөнд ирэхэд манай эхнэр А.Э- гэртээ хэвтэж байсан. Тэгээд бэртэнг талын эм өгсөн. Тарваганы элэг өгсөн. 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Арбулаг сум руу Эрдэнээгийн гэр лүү эхнэр А.Э-ы хамт явсан. Хөдөө очоод 2 хоночхоод орж ирсэн. Тэгээд мөрөнд гэртээ байж байгаад 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18 цагийн үед манай эхнэрийн бие муудаад цавь руу өвдөөд байна гээд гэдэс рүүгээ дараад уйлаад байхаар нь эмнэлэг дуудахад машинаар өөрсдөө хүрээд ир гэхээр нь машинаар эмнэлэг дээр очсон. Эмнэлэг дээр очиход эход харуул гэхэд ухаан алдчихсан. Тэгээд маргааш нь хагалгаанд орсон. Гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-р тал/,

Гэрч Л.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Тэгээд байж байтал манйа хүү Б.Н- орж ирээд хөдөө явъя ах Г.Ш-ыг хүргэж өгье гэхээр нь Г.Ш- ах, би, манай найз А.Э- бид 3 шууд гараад машинд суусан. Жолоочийн эсрэг талын суудал дээр манай хүргэн ах Г.Ш- суугаад ар талын суудал дээр А.Э- бид 2 суусан. А.Э- нь жолоочийн эсрэг талд манай ах Г.Ш-ын хойд талд суусан. Тэгээд мөрөнгөөс гарсан. Мөрөнгөөс гарахад гэгээтэй байсан. Тэгээд Мөрөнгөөс гараад Жилчигийн голыг уруудаад Цагаантолгой гэх газрын ар талын зам дээр замын ховилд цохиулаад 2 тийшээ дайваганаж байснаа жолооч тал руугаа налаад уначихсан гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/,

Гэрч Г.Ш-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 9 дүгээр сарын 22-ны орой харуй, бүрий болж байхад манай дүү Л.О-ийн хүүхэд Б.Н-той Ланд маркийн автомашинаар манайх руу Жилчиг гэх газар луу явсан. Тэгээд Мөрөнгөөс гараад Жилчиг гэх газар луу уруудаад явж байтал машин замын ховилд цохиулаад жолоочийн эсрэг тал руу унасан. Намайг Б.Н- машины жолооч талын хаалгаар татаж гаргасан би тухайн үед унтчихсан явж байсан. Манайд хоносны маргааш нь А.Э- мөр мултарчихсан юм шиг байна гээд байсан. Гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р тал/,

Гэрч Э.Б-, Б.О-, Б.Г-, Б.Б- нарыг мэдүүлэг Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 572 тоот: А.Э-ы биед гэмтэл учирсан байна. А.Э-ы биед зүүн талын эгэм, 2 хавирганы далд хугарал, уушигны авчилт, дэлүүний няцрал бүхий гэмтэл учирсан байна. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ. Уушигны авчилт, дэлүүний няцрал бүхий гэмтлүүд нь тус бүрдээ болон нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад зүүн талын эгэм, 2 хавирганы далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх эдгэрэлт эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 39-р тал/,

2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11-р тал/, гэрэл зураг,

2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 13-15-р тал/,

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн зам тээврийн осол дээр тогтоосон: 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 22 цагийн үед Төмөрбулаг сумын Жилчиг гэх газрын нойтон хөрсөн замд хөдөлгөөнд оролцож явсан Тоёота Ландкрузер маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Н- нь МУ-н замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1-д "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна" гэсэн заалтыг мөн МУ-ын 2.5В дүгээр зүйлд Зам тээврийн ослын тухай Цагдаагын ажилтан-д мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, гэрийн хаягыг мэдэж аваад осолд холбогдох бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан Цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх, 2. Уг зам тээврийн осол нь замын болон цаг агаарын онцлог байдалд жолооч тээврийн хэрэгслийнхээ онцлог байдлаас шалтгаалан хурдаа тохируулж яваагүйн улмаас осолдсон. Осол болсон гэх газрын зам нь тухайн үед нойтон хөрстэй, налуу гадаргуутай зам байсан хэдий ч жолооч хурдаа тохируулж явах ёстой байдаг гэх дүгнэлт /хх-ийн 53-р тал/

Шүүгдэгч Б.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Тэгээд мөрөнгөөс гараад Жилчигийн байцсын бэл гээд уурхайн хажууд явж байснаа машин нойтон хөрсөн дээр шарваад жолоочийн эсрэг талаар налаад унасан. Машин нэг л хажуулдсан, өөр өнхөрөөгүй. Машины урд шил урд шилний хэсгээр хагарсан. Манай ээж Л.О- ард миний харалдаа сууж явсан. Ээж машинаас жолоочийн талын хойд талын хаалгыг онгойлгож байгаад би өөрөө татаж гаргасан. Тухайн үед ээжийн унасан талын хаалган дээр А.Э- эгч тэр 2 зэрэгцээд суусан байсан. А.Э- эгч тухайн үед жолоочийн хойд талын хаалгаар гарах гэтэл эвгүй байгаад байхаар нь урд талын 2 суудлын завсраар өөрөө мөлхөөд машины урд хагарсан шилний хэсэг зайгаар өөрөө гараад ирсэн. Жилчигт байдаг А- гээд ахыг Мөрөнгөөс гарахдаа авсан юм ах бид нарыг Мөрөнгөөс гарах гээд нэг дэлгүүрт ороход харих гэсэн чинь унаа байхгүй гээд зогсож байхаар нь суулгаад аваад явсан юм. А- ах миний машины хойд талын судал дээр жолооч талын арын хаалган дээр сууж явсан. Тэгээд машин уначихлаар нь Уурхай дээр алхаад очтол Батсайхан ах, нэргүй ах 2 унтаж байсан тэгэхээр нь машинаа унагаачихлаа гялс очоод босгочихъё гээд олс аваад машин дээрээ эргээд очсон. Тэгээд татах гэтэл болж өгдөггүй тэгтэл тухайн үед Ц- гээд жолооч уурхай руу гагнуур хийнэ гээд ирж байхаар нь Ц-оор гуйж татуулаад машинаа босгосон. Тэгээд машинаа асаатал зүгээр байхаар нь машинаа асаагаад хүмүүсээ суулгаад Г.Ш- ахынд очсон. Эрка эгчийг яаж байна гэж асуусан чинь гайгүй гайгүй яваад харьчихна гэхээр нь үлдээчхээд салаад явсан. /хх-ийн 61-62-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэргийг үйлдсэнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-т зааснаар осол гарсан газрыг зохих байгууллага албан тушаалтанд мэдэгдээгүй гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Б.Н- нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн 201622000635 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримаар хураагдаж ирсэн BCDE ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн ... дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Г.Түвшинтөгст даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Н-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэргийг үйлдсэн, мөн осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-т зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1.1-д зааснаар эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялд, эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Н-ид оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Б.Н-ид оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар Б.Н-ийн ял эдлэх засрал хүмүүжилд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б.Н-ийн эзэмшлийн ... дугаартай жолооны үнэмлэхийг тогтоолын хамт шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Г.Түвшинтөгст даалгасугай.

8. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-ид урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.АРИУНЖАРГАЛ