| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/02306/И |
| Дугаар | 102/ШШ2017/03409 |
| Огноо | 2017-12-14 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2017/03409
| 2017 оны 12 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2017/03409 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: В Д Ч /Wang Diqing/,
Нэхэмжлэгч: Ж Ю Б/Zhan Yuanbin/,
Нэхэмжлэгч: В С Т /Wang Sentong/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, 39-р байрны 49 тоотод байрлах “Ш” ХХК-д холбогдох хамтран ажиллах гэрээнээс гарч 1 339 806 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А /үнэмлэх 0185/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Дг /үнэмлэх 0976/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В Д Ч, Ж Ю Б нарыг төлөөлж В С Т, В С Т-ыг төлөөлж Б.О- нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: БНХАУ-ын иргэн В Д Ч, Ж Ю Б В С Т нар нь 2002 онд Л Ш Бтой /Li Xiang Bo/ уулзаж Монгол улсад хамтран бизнес хийж, хөрөнгө оруулалт хийхээр болсон. Ингээд Л Ш Б-той 2002 оны 4-р сарын 28-нд “Олон улсын худалдааны хамтын ажиллагааны хэлэлцээр” хийсэн байна. Улмаар Монгол улсад “Ш” ХХК-ий хувьцааг хуваан эзэмшиж, үйл ажиллагаа явуулж, хөрөнгө оруулалт хийхээр болсон. Ингээд 2002 оны 10-р сарын 29-ний өдөр “хамтран ажиллах гэрээ” байгуулж, “Ш” ХХК-д хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Хамтран ажиллах гэрээний тал болох Л Ш Б нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул В Д Ч, Ж Ю Б В С Т нар нь дээрх хамтран ажиллах гэрээнээсээ татгалзаж байгаа тул хөрнөг оруулалт хийсэн 3 860 000 юань буюу 1 339 806 000 төгрөгийг “Ш” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь 2012 оны 02-р сарын 29-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, “Ш” компанид В Д Ч, Ж Ю Б В С Т нар нь хөрөнгө оруулсан. “Ш” ХХК-д 3 810 000 юаны хөрөнгө оруулсан нь Улсын дээд шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 000098 дугаартай тогтоолоор тогтоогдсон. Иймд “Ш” ХХК-иас 3 810 000 юань буюу 1 322 451 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нэхэмлэлийн шаардлагын үндэслэлээ Улсын дээд шүүхийн тогтоол гэж тайлбарладаг. Улсын дээд шүүхийн тогтоолоор нэхэмжлэгч нар “Ш” ХХК-д 3 810 000 юаны хөрөнгө оруулсныг тогтоосон. Гэхдээ нэхэмжлэгч нь хэн хэдэн төгрөг оруулсан, хөрөнгө оруулах зорилго, зориулалт нь юу байсныг нэхэмжлэлдээ тодорхойлоогүй, хамтран ажиллах гэрээ цуцлах, гэрээнээсээ татгалзах гэж өөр өөрөөр тайлбарласан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “хамтран ажиллах гэрээнээс хэзээ ч татагалзаж болно, оруулсан хөрөнгөө авч болно гэж байна. Оруулсан хөрөнгийн хэмжээгээр үүрэг хариуцлага, өр төлбөрийн асуудал яригдах ёстой. Нотлох баримтын хувьд “Ш” компанийн өгсөн мөнгөний болон зээлсэн мөнгөний баримт, Олон улсын хэлэлцээр зэрэг нь өмнө нь шүүхээр хэлэлцэгдсэн баримтууд байна. Харин энэ хэрэг маргаантай холбоотой баримтууд хэрэгт огт авагдаагүй. Хамтран ажиллах гэрээгээ цуцлах гэж байгаа бол хамтран ажиллах гэрээний талууд нь В Д Ч, Ж Ю Ш, В С Т, Б, Л Ш Б, Ли Ж З, С-т зэрэг 7 хүн бөгөөд эдгээр хүмүүс хамтран ажиллах гэрээ байгуулахдаа компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх тухай, өөрөөр хэдбэл, санхүүг өргөжүүлье, вакум хаалга цонх үйлдвэрлье , цемент тоосго үйлдвэрлэх ажиллагаа явуулхаар тохирё хөрөнгө оруулсан. Вакум цонхны үйлдвэр, цементын үйлдвэр, тоосгоны үйлдвэр нь байгаа юу, эдгээр үйлдвэрүүд яасан юм бэ. 7 хүн байгуулсан хамтран ажиллах гэрээг 3 иргэн цуцлах эрх байна уу. Хамтран ажиллах гэрээ байгуулснаас хойш хэдэн төгрөгний ашиг олсон, алдагдал нь хэд байна, хэн хэн гэрээнээс гарсан, ямар хэмжээний ашиг олсон зэрэг тооцоолол байхгүй. Нэхэмжлэгч нар энэ талаар тодруулж чадахгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В Д Ч /Wang Diqing/, Ж Ю Б/Zhan Yuanbin/, В С Т /Wang Sentong/ нар нь “Ш” ХХК-д холбогдох хамтран ажиллах гэрээнээс гарч 1 339 806 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч нь юаны ханшийн зөрүүтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1 322 451 000 төгрөг гаргуулахаар шаардсан байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
БНХАУ-ын иргэн В С Т нь 2017 оны 05-р сарын 05-ны өдөр итгэмжлэлээр “Ш” ХХК-д холбогдох нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчийн эрх, үүргийг эдлэх эрхийг иргэн Б.О-д, БНХАУ-ын иргэн Ж Ю Б, В Д Ч нар нь БНХАУ-ын иргэн В С Т-д “Ш” ХХК-д оруулсан хөрөнгө оруулалтын мөнгө гаргуулах нэхэмжлэл гаргах, шийдвэрлүүлэх эрхийг итгэмжлэлээр тус тус олгож /хх 3-16/, уг итгэмжлэлээр Б.О, В С Т нар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд В Д Ч, Ж Ю Б нар нь итгэмжлэл олгосноо баталгаажуулж 2017 оны 11-р сарын 22-ны өдөр “Баталгаа” гаргасныг нотариатч гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн, улмаар нэхэмжлэгчийг бүрэн төлөөлөх эрхийг иргэн Б.О-д 2017 оны 11-р сарын 22-ны өдөр “Итгэмжлэл”-ээр олгосноор /хх 114-121/ нэхэмжлэгч нарыг төлөөлөх эрхтэй этгээд байна.
Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлээр “Ш” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр нэхэмжлэгч В С Т бүртгэгдсэн /хх 101-104/ боловч “Ш” ХХК-ний үйл ажиллагааг Л Ш Б эрхлэн явуулж байгаа талаар талууд маргаагүй тул түүнд нэхэмжлэлийг гардуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явууллаа.
БНХАУ-ын иргэн В Д Ч, В С Т, Ж Ю Б, Б, Л Ш Б, Ли Ж З, С-т нар нь 2002 оны 10-р сарын 29-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, Монгол улсад бүртгэлтэй “Ш” ХХК-ний санхүүжилтийг нэмэгдүүлэн үйл ажиллагаа явуулах хүрээг тэлж вакуум цонх, хаалга, цемент, тоосго үйлдвэрлэхээр зорилгоо тодорхойлсон /хх 18-24/ байна.
Гэрээний 2, 4 дэх хэсэгт зааснаар В Д Ч, Ж Ю Б В С Т нар нь 3 000 000 юаны хөрөнгийг оруулах, цэвэр ашгийн 60 хувийг эдгээр 3 хүн, 40 хувийг бусад хүмүүст хуваарилах, цэвэр ашиг гэдэгт нийт орлогоос бүтээгдэхүүний өөрийн өртөг, борлуулалтын үнэ, заавал төлөх татвар, бусад хувьцааны үнийг хасч тооцохоор тохирчээ.
Харин хөрөнгө оруулагч нар оруулсан хөрөнгө, эзэмших хувьцааны талаар маргаж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08-р сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/04894 тоот шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 01-р сарын 31-ний өдрийн 00098 тоот тогтоолоор В С Т, В Д Ч, Ж Ю Б нар нь хамтран ажиллах гэрээний дагуу “Ш” ХХК-д 3 810 000 юаны хөрөнгө оруулсан болохыг тогтоосон /хх 35-38/ байна.
Энэ тогтоолыг үндэслэн нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 479-р зүйлийн 479.1-д зааснаар Хамтран ажиллах гэрээнээс гарч, оруулсан хөрөнгөө “Ш” ХХК-иас гаргуулахаар шаардсан байх ба хамтран ажиллах гэрээнд заасны оруулсан хөрөнгө /хураамж/, гэрээний үр дүнд бий болсон үр шим, бий болсон хөрөнгө нь дундаа хамтран өмчлөх өмч болохоос гадна ашгийг талуудын төлсөн хураамжинд хувь тэнцүүлэн хуваарилах, гарсан алдагдлыг талууд хамтран хариуцах, талуудын хоорондын хариуцлагын хэмжээг гишүүний төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилахаар заасан байна.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...гэрээ хэрэгжих боломжгүй болсон, “Ш” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэж тайлбарлажээ.
Талууд хамтран ажиллах гэрээний үргэлжлэх хугацааг тохироогүй байх ба Иргэний хуулийн 479-р зүйлийн 479.1 дэх хэсэгт зааснаар хамтын үйл ажиллагаанд хохирол учруулахааргүй бол хэдийд ч гэрээнээс гарч болох ба энэ тохиолдолд нэхэмжлэгч нар гэрээнээс гарч байгаа нь “хохирол учруулахгүй” байх шаардлагад үндэслэгдэх учиртай.
“Ш” ХХК нь оруулсан хөрөнгөөр Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороололд 9 давхар 66 айлын 39-р орон сууцыг барьж ашиглалтад оруулсан талаар талууд маргаагүй байна.
“Ш” ХХК нь үйл ажиллагаа явуулахдаа бусдад төлөх дараах өр төлбөртэй байжээ. Үүнд:
- Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 6-р сарын 30-ны өдрийн 1230 тоот шийдвэрээр “Ш” ХХК-иас 4 669 186 136 төгрөг гаргуулж “Д Г” ХХК-д олгохоор шийдвэрлэж /хх 206-214/, төлбөр төлөгчийн өмчлөлийн орон сууцнуудыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс 3 523 926 789 төгрөг, 3707 м.кв газрыг 1 168 711 278 төгрөгийн төлбөрт тооцон шилжүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгасан /хх 105/,
- Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 12-р сары 25-ны өдрийн 63 тоот “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар “Ш” ХХК, Монгол субару автомашин ХХК-ний хооронд 1807 м.кв газар шилжүүлэх, гэрчилгээ гарсны дараа нэхмжлэгч нь 336 000 долларыг шилжүүлэхээр эвлэрсэн /164-168/,
- Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4-р сарын 9-ний өдрийн 02294 тоот шийдвэрээр З Ч ХХК, “Ш” ХХК-ний дундын дансанд байршуулсан 126 000 000 төгрөгийг З Ч ХХК захиран зарцуулах эрхтэй болохыг тогтоосон /хх 170-172/,
- Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 9-р сарын 4-ний өдрийн 1265 тоот шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2009 оны 11-р сарын 25-ны өдрийн 924 тоот магадлал, Дээд шүүхийн 2010 оны 01-р сарын 28-ны өдрийн 104 тоот тогтоолоор “Ш” ХХК-ас 247 582 320 төгрөг гаргуулж, үүнээс 121 582 320 төгрөгийг З Ч ХХК-д олгож, үлдэх 126 000 000 төгрөгийг хамтын дансанд байршуулахыг “Ш” ХХК-д даалгасан /хх 195-205/,
- Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2-р шүүхийн 2014 оны 9-р сарын 29-ний өдрийн 4521 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 10-р шүүхийн 2015 оны 1-р сарын 5-ны өдрийн 05 тоот магадалаар “Ш” ХХК-иас 908 944 200 төгрөг гаргуулж Нийслэлийн татварын газарт олгохоор /хх 215-221/ шийдвэрлэсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа,
- Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2-р шүүхийн шүүгчийн 2015 оны 5-р сарын 15-ны өдрийн 03232 тоот захирамжаар Вэй Ру И-ийн нэхэмжилсэн 95 038 055 төгрөгийг хариуцагч “Ш” ХХК төлөхөөр зөвшөөрсөн /хх 222-223/, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа,
- Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8-р сарын 12-ны өдрийн 04858 тоот шийдвэрээр Л.Эрдэнэчимэг нь Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, 39-р байрны 38 тоот 80.62 м.кв талбай бүхий сууцны үнэнд 15 527 ам.долларыг төлснөөр гаражийн хамт өмчлөх эрхийг “Ш” ХХК-иас шилжүүлэн авах эрхтэй болохыг тогтоосон /хх 227-228/ шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолууд хүчин төгөлдөр байна.
Эдгээрээс гадна хэрэгт авагдаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй боловч бусдад төлөх төлбөртэй шүүхийн шийдвэрүүд байгаа талаар талууд тайлбарласан /2-р хавтас 1-40/ болно.
Сэжигтэн, яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2011 оны 11-р сарын 24-ний өдрийн прокурорын 302 тоот тогтоол /хх 128, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 6-р сарын 12-ны өдрийн 750 тоот Л Ш Б-д холбогдох хэргийг цагаатгасан 750 тоот тогтоол /хх 129-134/, Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 3-р сарын 2-ны өдрийн Ө.С, В С Т нарт холбогдох 96 тоот шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 5-р сарын 3-ны өдрийн 364 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2012 оны 06-р сарын 29-ний өдрийн 468 тоот тогтоол /хх 147-163/ зэрэг нь талууд “Ш” ХХК-д хохирол учруулсан эсэх нөхцөл байдалтай нь холбоотой гэж дүгнэлээ.
Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэвэл, нэхэмжлэгч нар нь төлөгдсөн төлбөр, төлөгдөөгүй байгаа төлбөрийг төлөхөд оруулсан хөрөнгө нь хүрэлцэх эсэхийг тооцохгүйгээр оруулсан хөрөнгөө бүхэлд нь гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй.
Хамтран ажиллах гэрээнээс гарч байгаа тал үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүрэг нь хэвээр байхаас гадна биелүүлээгүй үүргийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийг жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилах, өөрөөр хэлбэл, өөрт ногдох хэсгээр үүргийг хариуцах хуулийн шаардлагыг зөрчиж оруулсан хөрөнгөө бүхэлд гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01-р сарын 18-ны өдрийн 48 тоот шийдвэрээр Гадаадын хөрөнгө оруулалтын газрын даргын /хуучин нэрээр/ 2009 оны 10-р сарын 13-ны өдрийн А-3630 дугаар тушаалыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргахгүй бол маргаан бүхий актыг хүчингүй болохыг /хх 75-82/ дурьдсан нь “Ш” ХХК-ний хувьцаа эзэмшигчийн хувь хэмжээ, эрх зүйн байдалтай нь холбоотой байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59-р зүйлд улсын тэмдэгтийн хураамжийг буцаах зохицуулалтыг заасан байх ба нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг буцаахаар заагаагүй байна. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлт үндэслэлгүй байна.
Хэргийн 21-34 талд авагдсан мөнгөний баримтууд нь өмнөх маргаантай хэрэгт хэлэлцэгдсэн баримтууд, 173-194 дэх талд авагдсан “орон сууцны сантехникийн төлөв байдлын тухай Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн 2011 оны 10-р сарын 10-ны өдрийн 06/49/996 тоот дүгнэлт нь энэ нэхэмжлэлийн шаардлага, татаглзалтай холбоогүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 479-р зүйлийн 479.1, 479.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Ш” ХХК-иас 1 322 451 000 /нэг тэрбум гурван зуун хорин хоёр сая дөрвөн зуун тавин нэгэн мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн БНХАУ-ын иргэн В Д Ч /Wang Diqing/, Ж Ю Б/Zhan Yuanbin/, В С Т /Wang Sentong/ нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 856 980 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА