| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2020/0189/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/215 |
| Огноо | 2020-05-21 |
| Зүйл хэсэг | 12.1.4., |
| Улсын яллагч | 166/2020/0189/Э |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/215
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2020/0189/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Г.Гэрэлт-Од, Н.Идэр нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч Г.Пүрэвсүрэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхзул,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Насанд хүрээгүй хохирогч Л.О-,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б,
Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Ө.*****,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгч Д.Г- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Г-од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2018000960159 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.Г-, суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Д.Г- нь ....... тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бага насны хүүхэд болох Л.О-гийн хүсэл зоригийн эсрэг 2016 оны 06 дугаар сар, 2017 оны 07 дугаар сар, 2019 оны оны 07 дугаар саруудад хөх, хөл зэрэгт нь хүрэх, бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийх зэргээр бие махбодид нь халдаж бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн, мөн 2019 оны 08 дугаар сарын 03-04-ний үед түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
Шүүгдэгч Д.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би 2019 оны 08 дугаар сарын яг хэдэнд гэдгийг нь санахгүй байна Л.О-тай бэлгийн харьцаанд орсон нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч Л.О-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2015 онд 5 дугаар ангиа төгсөөд Улаанбаатар хот руу шилжсэн. 2016 оноос эхлэн амралтаараа Дарханд ирдэг байсан. 2016 оны 06 дугаар сараас анхны үйлдэл нь эхэлсэн. Миний хөхнөөс барьж, хөл, бэлэг эрхтэн рүү гараа хийдэг байсан. Тэгээд “эгчдээ хэлбэл дүү чинь өнчирч, эгч чинь нөхөргүй болж, ах нь шоронд явна.” гэж хэлдэг байсан. 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр манай дүү төрсөн бөгөөд 2017 оны 07 дугаар сард эгчийг түр гарсан хойгуур өмнөх үйлдэл дахин давтагдсан. “Болиоч” гэхээр “ах нь шоронд явна шүү” гээд байдаг болохоор нь би айгаад эгчдээ хэлдэггүй байсан. 2019 оны 07 дугаар сард өмнөх шигээ хөлөөс барьж, хувцас тайлж, бэлэг эрхтэн рүү гараа хийж оролдоод “ах нь яах ч үгүй” гээд байсан. 2019 оны 08 дугаар сард эгч хүнс цуглуулахаар гарсны дараа намайг дуудаад байхаар нь би эхлээд гараагүй. Тэгээд дуудаад байхаар нь гартал намайг хажуу гэр лүү дагуулж оруулаад орон дээр хэвтүүлээд өмд тайлж, фудволка сөхөөд миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтнийг хийсэн. Би өвдөөд “ёо ёо” гээд орилтол аав хажуу гэрээс “хөөе” гээд орилохоор нь би шүүгдэгчийг түлхээд гэрээс гарсан. Манай хүргэн их худлаа ярьдаг, сүүлийн 3 жилийн хугацаанд эгчийг байнга зоддог, аавыг харваснаас хойш огт ажил хийгээгүй. Хүүхэд нь гарахаас өмнө нь эгчийг маань удаа дараа зодож, чих рүү нь цохиж, хутга бариад хөөгөөд “чамайг алчихсан байхад амийг чинь нэхэх хүн байхгүй” гэдэг байсан. Миний хажууд эгчийг байнга зодож, доромжилдог. Ахыг “дүү чинь өнчирнө, эгч чинь нөхөргүй болж, би шоронд явна.” гээд байдаг тул би айгаад болсон явдлын талаар хүнд хэлээгүй. Энэ хэрэг болохоос өмнө болон одоо би өөр хүнтэй бэлгийн харьцаанд орж үзээгүй, гомдолтой байна” гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хайрлаж өсгөсөн дүүг маань бузарласанд гомдолтой байна. Шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй. Ийм хүнээс авах ч юм байхгүй. Маш их гомдолтой байна. Шүүгдэгчид ялын дээд хэмжээг оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8/,
Насанд хүрээгүй хохирогч Л.О-гийн нас тоолсон тэмдэглэл хавтаст хэргийн 22/,
Гэрч Л.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.Г- бол миний нөхөр. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ч 2015 оноос үерхэж 2016 оноос нэг гэрт орж одоог хүртэл хамт амьдарч байна. Л.О- дүү маань Улаанбаатар хотод***** эгчийнд байдаг бөгөөд хичээлийн амралт бүрээр над дээр ирж аавыг асрахад тус болдог юм. Сүүлд 2020 оны 01 дүгээр сард хичээлийн амралтаараа манайд ирсэн. Тэгээд надад “доошоо цагаан юм их гараад байна.” гэж байсан. Тэгээд 2020 оны 01 дүгээр сард өдрийг нь сайн санахгүй байна дүү *****г дагуулаад 2 дугаар төвд шүдийг нь үзүүлээд охидын эмчид үзүүлэх гэтэл ***** уйлсан. Тэгэхээр нь би “яасан юм бэ?” гэхэд надад юу ч хэлэхгүй байхаар нь охидын эмчид хүчээр шахуу үзүүлсэн чинь охидын эмч “эмэгтэйчүүдийн чиглэлээр үрэвсэлтэй байна, эмэгтэйчүүдийн эмчид үзүүлчих” гэсэн. Ингээд*****гэдэг эмэгтэйчүүдийн эмчид үзүүлсэн чинь*****эмч “дүүгийн чинь охин хальс урагдалтай байна, дүүтэйгээ ярилц, яасан юм бэ?” гэж хэлсэн.
...манай нөхрийн бичиг баримт дээр *****т гэдэг боловч манайхан болон найз нөхөд нь нөхрийг маань ***** гэж дуудаад байдаг. Тэгэхээр аниа болон дүү 2 маань нөхрийг маань бүтэн нэрийг ГЗ гэж мэдэхгүй ГЗ гэж бодож байсан учраас тэгж мэдүүлсэн байх” гэх мэдүүлэх /хавтаст хэргийн 32-35/,
Хүүхдийн эрх, хамгааллын үйлчилгээнд хүүхэд хүлээн авах бүртгэл, ярилцлагын тэмдэглэл /хавтаст хэргийн 38-41/,
Хүүхэдтэй хамтран боловсруулах аюулгүй байдлын төлөвлөгөө /хавтаст хэргийн 42/,
Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ /хавтаст хэргийн 43-46/,
Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хавтаст хэргийн 47-50/,
Л.О-ийн иргэний эрүүл мэндийн дэвтрийн хуулбар /хх-ийн 51-53/,
Л.О-ийн бактерлогийн шинжилгээний хуудас /хавтаст хэргийн 54/,
Хүүхдийг хөгжүүлэх чиглэл, сэтгэл зүйчийн үйл явцын тэмдэглэл /хавтаст хэргийн 55-66/,
Л.Б-ийн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт Л.О-г өөрийн хамгаалалтад байлгах талаарх хүсэлт /хавтаст хэргийн 67/,
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны үйлчилгээнээс ар гэрт нэгтгэгдэж байгаа кейсийн зөвлөмж /хавтаст хэргийн 63/,
Гэрч Ж.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Л.О- нь миний ажилладаг Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын харьяа түр хамгаалах байранд 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн хамгааллын үйлчилгээ авч эхлээд 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гарч төрсөн эгч Л.Бгийн хамгаалтад гарсан. Л.О-тай яагаад энэ хэрэгт өртөж хохирогч болсон талаар ярилцахад “миний төрсөн эгчийн нөхөр ***** Дарханд өвчтэй аав дээрээ ирэхэд эгчийг маань эзгүйд оролддог байсан. Ингээд намайг энэ талаар гэрийнхэндээ хэлбэл эгчийг чинь ална, би шоронд явчихвал дүү чинь өнчирнө гэх зэргээр сүрдүүлдэг байсан. Хүргэн ах ***** намайг нилээн хэдэн удаа оролдож байгаад өнгөрсөн зун зуны амралтаараа аав дээрээ Дарханд ирэхэд эгчийг эзгүйд хүчиндсэн гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75-77/,
Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Л.О- гээд 14 настай охинд би 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ажлын байран дээрээ охидын үзлэг хийсэн. Анх энэ өдөр Л.О-г төрсөн эгч нь гээд эмэгтэй дагуулан ирсэн. Тухайн үед эгч нь Л.О-г “нилээд үрэвсэлтэй байж болзошгүй, доошоо цагаан юм гараад байна.” гэсэн зовиур хэлж байсан. Тэгээд би Л.О-д охидын тусгайлсан үзлэг хийхэд үтрээ үрэвсэлтэй, цагаан юм гарсан, бэлгийн харьцаанд орсон, охин хальс хуучин сорвижилттой байсан. Ингээд эгчид нь энэ талаар хэлээд “дүүтэйгээ сайн ярилцаарай.” гээд явуулсан. Мөн эмэгтэйчүүд талаасаа үрэвсэлтэй байсан учраас “дүүгээ нян судлал болон ийлдэс судлалын шинжилгээ өгүүл” гэж хэлсэн. Ингээд 2020 оны 01 дүгээр сарын 14-ний нян судлалын шинжилгээ болон 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн үтрээний арчдас нян судлалын шинжилгээний хариугаар Л.О-гийн биед бактерийн гаралтай үрэвсэлтэй байсан. Энэ нь бэлгийн замын халдварт өвчтэй гэсэн үг биш, энэ нь бохироос буюу хувь хүний ариун цэвэр алдагдсанаас үүсдэг бактери юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 129-132/,
“...Л.О-гийн охин хальс бүтэн бус, 10, 14 цагийн байрлалд урагдаж эдгэрсэн байдалтай, бэлгийн харьцаанд хэзээ орсныг тогтоох боломжгүй. Л.О- нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. Л.О- нь тестээр үзсэн шинжилгээнд жирэмсэн биш байна” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 116 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 139-140/,
“...Д. Г нь сэтгэцийн хувьд ямар нэгэн эмгэггүй, эрүүл, гар утасны тоглоомонд донтоогүй болно. Д.Г- нь сэтгэцийн хувьд ямар нэгэн эмгэггүй эрүүл учир болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч, мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай, дээрх гэмт хэргийг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай байсан. Д.Г- нь сэтгэцийн хувьд ямар нэгэн эмгэггүй эрүүл учир хэрэг хариуцах чадвартай. Д.Г- нь сэтгэцийн хувьд ямар нэгэн эмгэггүй эрүүл учир түүнд албадан эмчилгээ шаардлагагүй болно” гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасгийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 28/20 дугаартай шүүх сэтгэц судлалын эмнэлгийн магадлагаа болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч Д.Г- нь 2019 оны 08 дугаар сарын 03-04-ний үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 18 дугаар багийн Хөтөл хорооллын 14 дүгээр гудамжны 21 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бага насны хүүхэд болох 2005 оны 9-р сарын 24-ний өдөр төрсөн Л.О-гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь хохирогчийг 10 нас 9 сартай байхаас нь буюу 2016 оны 06 дугаар сараас эхлэн 2017 оны 07 дугаар сар, 2019 оны 07 дугаар сард тус тус хөхнөөс нь барих, бэлэг эрхтэн рүү нь гараа хийх зэргээр бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж байгаад улмаар 2019 оны 8-р сарын 3-4 ний үед 13 нас, 10 сар, 20 хоногтой байхад нь бэлгийн харьцаанд орж хүчинджээ.
Иймд шүүгдэгчийг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна” гэх дүгнэлт гаргасан болно.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэнд, сэтгэл санаанд учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байх боловч гэмт хэргийн улмаас гэм хор учирсантай холбоотой нэхэмжлэлээ холбогдох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.Г- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн болон ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч Д.Г-од эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 51 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Г-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бага насны хүүхдийг биеэ хамгаалах чадваргүй байгааг далимдуулан хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-од 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-од оногдуулсан 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ын энэ хэрэгт 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 51 /тавин нэг/ хоногийг хорих ялын 51 /тавин нэг/ хоногоор тооцон эдлэх ялаас хассугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8, 1.9-т зааснаар энэ хэрэгт шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас гэм хор учирсантай холбоотой нэхэмжлэлээ холбогдох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Г-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ