| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0377/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/396 |
| Огноо | 2020-12-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2020/ШЦТ/396
н МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч Г.Цогтмагнай,
Шүүгдэгч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул,
Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000406 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар баг 5-15-18 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Гэлэн овогт**************,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “Хишиг Монгол” караоке баарны гадна иргэн А.Сүхболдыг зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, баруун хацар, чихний хөхлөг сэртэн, зүүн зулай, дагзанд шарх, зовхинд цус хуралт, чамархай, дух, чих, зовхинд зулгаралт, хацар, чих, зулай, дагз, зовхи, хамар, чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад: Шүүгдэгч ******* нь 2020 оны 10 сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “Хишиг Монгол” караоке баарны гадна иргэн А.Сүхболдыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
Хохирогч А.Сүхболдын ... 2020 оны 10 дугаар сарын 13-ны орой 22:00 цаг өнгөрч байхад “Хишиг Монгол” нэртэй караоке бааранд Батбаатар гэдэг хүний хамт ороод Батбаатар ах баарны лангуун дээрээс юм авч байх шиг байсан. Тэгээд би жорлонгийн өрөөнд орчихоод гараад ирсэн чинь намайг таньдаг юм шиг байна лээ хоёр эмэгтэй хүн намайг “Сайн байна уу” гээд мэндэлсэн. Тэгсэн чинь нэг залуу бааранд орилоод байсан тэгэхээр нь би “Ахын дүү яагаад байгаа юм бэ” гэсэн чинь “Нааш ир, гараад ир дээ” гэхээр нь би “Яасан ахын дүү” гээд тэр залуугийн хүзүүгээр нь тэврээд цуг гарсан чинь баарны гадаа гараад би гараа санамсаргүй хойшоо болгосон чинь би санамсаргүй цохчихсон юм шиг байна лээ. Тэгсэн чинь тэр залуу намайг ташиж унагаад газраас нэг чулуу аваад миний толгой руу хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би “Ахын дүү болъё болъё ахынх нь буруу” гэсэн. Тэгсэн чинь намайг цохихоо болихоор нь би босоод тэр залуугаас салж яваад баарны жорлонд орж цусаа угаасан. Тэгээд цагдаад дуудлага өгч цагдаа ирсэн. Намайг******* гэдэг залуу л зодсон. Би тэр залууг “Цагаан Цахир” дээр ажиллаж байхад нь өмнө нь зүс харж байсан юм. Би бол тэр залууг цохиогүй ээ. Тэр залуу эхлээд намайг баарны гадна талд ташиж унагасан. Тэгээд газарт унасан байхад чулуу аваад миний толгой руу хэд хэдэн удаа цохисон. Миний толгой хагарсан байгаа. Би гомдолтой байгаа … гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-19/,
Шүүгдэгч *******ийн ... 2020 оны 10 дугаар сарын 13-ны орой би ганцаараа “Хишиг Монгол” нэртэй караоке бааранд орж байж байгаад гадаа гараад тамхи татаад зогсож байсан чинь Сүхболд гэдэг зүс үзсэн залуу гарч ирээд “Чи чулуун дээр ажилладаг залуу мөн үү” гээд миний мөрөн дээр гараа тавихаар нь “Би чамайг мэдэхгүй юм байна. Чи наад мөрөн дээрээс гараа авчих” гэсэн чинь “Чи чинь том болжээ” гэхээр нь “Би угаасаа л том ш дээ би хэзээ хүний нүхэн дээр ажилладаг байсан юм бэ” гэсэн. Тэгээд бид хоёр маргалдаад тэр залуу миний нүүр лүү гараараа цохихоор нь би тэр залууг тонгороод газарт унагасан. Тэгээд тархи руу нь гараараа нэг цохиод дээр дороо ороод зодоо хийсэн. Би тэр залууг тухайн үед юугаар.яаж цохисныг мэдэхгүй байна. Миний биед гэмтэж бэртсэн зүйл байхгүй ээ … гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-45/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 сарын 16-ны өдрийн №578 дугаартай шинжээчийн ... А.Сүхболдын биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, баруун хацар, чихний хөхлөг сэртэн, зүүн зулай, дагзанд шарх, зовхинд цус хуралт, чамархай, дух, чих, зовхинд зулгаралт, хацар, чих, зулай, дагз, зовхи, хамар, чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой ... гэсэн дүгнэлт /хх-ийн 31- 32/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 3-5/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-9/, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 14/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. Шүүгдэгч ******* нь хохирогч А.Сүхболдод 300.000 төгрөгийг хохирлыг төлж, хохирогч А.Сүхболд нь цаашид гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй тухайгаа бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулав.
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжилсэн *******ийн эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг чулууг устгаж, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч******* овогт**************ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ид 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******ид мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч А.ЦэндАюушийн эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг чулууг устгаж, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА