Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2017/ШЦТ/123

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга Д.Одончимэг, улсын яллагч Ц.Гэрэлбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан, шүүгдэгч Д.М******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д******* овгийн Д******* М*******ид холбогдох 132/2017/0119/Э индекстэй, эрүүгийн 171500003300015 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Булган аймаг Баяг-Агт суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 6, Булган аймгийн Баяг-Агт сумын 4 дүгээр багт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Д******* овогт Д******* М******* 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч: Д.М******* нь 2017 оны 7 дугаар сарын 12-ноос13-нд шилжих шөнө Булган аймгийн Баян-Агт сумын * дүгээр багийн нутагт байрлах “Цагаан гол” гэх амралтын газрын Хануй голын эрэг дээр байрлуулсан байсан ***-** УНВ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл дотроос эд зүйл хулгайлан авч 830000 /найман зуун гучин мянган/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М*******ийн өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг, 171500003300015 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд: Хохирогч Г.Э******* өгсөн: “2017 оны 7 дугаар сарын 12-13-ны шилжих шөнө Булган аймгийн Баян-Агт сумын * дүгээр багийн нутагт байрлах Цагаан гол 2 гэх амралтын газрын Хануй голын эрэг дээр гэр бүлийнхэн болон найзуудтайгаа амарч саравчин доор сууж байхад хажууд амар ч байсан 2 залуу ирээд “энэ хавиар хүн яваад байна, та нар мэдсэн үү” гэхээр нь майхнаа шалгаж үзэхэд зүгээр байсан. Тэгээд нөхөр маань машинаа шалгаж үзэхэд цахилгаантай бор өнгөтэй гар цүнхээ хулгайд алдсан байсан. Тэр хавиар хайгаад юу ч олоогүй. Өглөө нь манай нөхөр найзуудтайгаа яваад нэг залууг бариад ирсэн байсан. Тэгээд цагдаагийн газарт хүргэж өгсөн гэх мэдүүлэг /хх-н 21-24 тал/, Гэрч С.О******* өгсөн: Би гэр бүлийнхэн болон найзуудтайгаа 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Баян-Агт сумын Цагаан голын Рашаан дээр ирээд тэндээсээ цааш 3 км орчим яваад Хануй голын эрэг дээр майхан барьж байрласан юм. Тэгээд 2017 оны 7 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө гадаа сууж байтал хажуу майханд амар ч байсан Л гэх залуу ирээд “энэ хавиар хүн яваад байна, та нар мэдсэн үү” гэхээр нь “хүн ирээгүй” гэж хэлчихээд юу ч гэсэн машинаа үзье гээд үзтэл эхнэр Э******* гар цүнх нь алга болсон байсан. Тэгээд ойр орчмоор хайж байтал цүнхийг нь олж түрийвч болон, 3 ширхэг гар утас нь олдоогүй. Үүр цайхыг хүлээж байгаад би Баярдэлгэрийн хамт гарч хайж явтал урдаас асаагуурын гэрэл барьсан хүн ирж явснаа бидний хараад зугтаасан. Машиныхаа гэрлийг тусгаж байгаад түүнийг барьж авчирч модонд хүлсэн. Манай майхнаас 30 орчим метрийн зайд том модны доороос түрийвч, иргэний үнэмлэх, 1 ширхэг гар утас нь олдсон. Тэгээд өдөр 12 цаг болж байхад цагдаа ирсэн гэх мэдүүлэг /хх-н 25-27 тал/, Гэрч Т.Л өгсөн: Би 2017 оны 7 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Булган аймгийн Баян-Агт сумын Цагаан гол гэх амралтын газрын хойд зүгт байдаг гарамыг гараад майхнаа барьж байрласан. Тэгээд шөнө 00 цаг өнгөрч байхад манай майхан 2-3 удаа хүчтэй хөдөлсөн, хэсэг байж байгаад цахилгаан юм уу юм урагдах шиг чимээ гарч хүний хөлийн чимээ сонсогдсон. Тэгээд цонхоор хартал намхан биетэй, түрийтэй гуталтай, халимаг үстэй эрэгтэй хүн бургас руу зугтаасан. Тэгээд хажуу майхны хүмүүст хэлтэл тун удалгүй цүнх алга болсон байна гэсэн. Удалгүй үүр цайж байхад 1 хүнийг нь барьж цагдаад өгөхөөр авч явсан. Үүний дараа би бургас руу явж үзэхэд улаан дээлтэй болон саарал цамцтай 2 хүн хэвтэж байсан. Тэгээд хажуу майханы хүмүүстэй хамт нөгөө 2 залууг барьж модонд хүлсэн гэх мэдүүлэг /хх-н 28-30 тал/, Гэрч Б.Т өгсөн: Би 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 15 цагийн үед Цагаан голын рашаан орох гэж мотоциклтой явж байгаад Дулаанхаан багийн Цуурайн давааны доор М*******той таарсан. М******* намайг та хаашаа явж байгаа юм гэж асуухаар нь Рашаан орох гэж байна гэтэл цуг явах уу гэхээр нь тэгье гээд хамт явсан. Тэгээд цагаан голын рашаан ороод би дэлгүүрээс Боргио нэртэй 2.5 литрийн пиво аваад цагаан голын эрэг дээр очоод М, М******* нартай хувааж ууж дуусаад амралтын газрын дэлгүүр дээр М*******той хамт очоод “Вива” нэртэй 0.75 литрийн архи 2 шилийг, Боргио нэртэй 2.5 литрийн пиво нэгийг аваад буцаад голын эрэг дээр очоод авсан архи, пивоо уугаад байж байтал Бат-Эрдэнэ гэдэг залуу ирээд вива нэртэй 0.75 литрийн нэг шил архийг хувааж уугаад яваад өгсөн. М, М******* бид нар үлдэж архиа хувааж уугаад би унтаад өгсөн. Тэгээд өглөөний 06 цагийн үед унтаж байтал хүмүүс ирээд намайг бариад авсан ба тэдний нэг нь бид нарын цүнх, утас 3 алга болчихлоо та нар л авсан гээд байсан ийм зүйл болсон гэх мэдүүлэг /хх-31 тал/, Гэрч Н.Мгийн өгсөн: Би 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагийн үед Цагаан голын рашаан орох гээд Т хамт мотоциклтой явж байтал замд нэг машин Цагаан голын рашаан орох гэсэн юм зам мэдэхгүй байна гэхээр нь би зам заагаад машинд нь суугаад хамт явсан. Тэгээд би Цагаан голын рашаан дээр ирээд байж байтал Төрмөнх, М******* нар хамт ирсэн. Төрмөнх дэлгүүрээс боргио нэртэй 2.5 литрийн нэг пиво аваад бид гурав цагаан голын эрэг дээр уучихаад М*******, Төрмөнх хоёр дэлгүүр рүү явж “Вива” нэртэй 0.75 литрийн архи 2 шилийг, боргио нэртэй 2.5 литрийн пиво нэгийг авч ирсэн. Тэгээд оройны 20 цагийн үед голын эрэг дээр ууж байхад Бат-Эрдэнэ ах ирээд бид дөрөв хамт ууж суусан ба Бат-Эрдэнэ ах нэг шил архийг хувааж уучихаад яваад өгсөн. М*******, Төрмөнх бид гурав үлдсэн архиа хувааж ууж дуусаад би тэр газраа унтаад өгсөн. Тэгээд өглөө гэгээ орж байх үед хэдэн хүмүүс ирээд намайг чи бид нарын утсыг авсан гээд барьж авч уяагаар хүлээд машиндаа суулгаад Булган аймаг руу авч явж Цагдаагийн газарт өгч өдөржин байж байгаад орой 19 цагийн үед миний регистрийн дугаар болон гэрийн хаяг нэрийг минь тэмдэглэж аваад одоо харь гээд явуулсан гэх мэдүүлэг /хх-н 32-34 тал/, Д.М*******ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: Би 2017 оны 7 дугаар сарын 12-ны өглөө 11 цагийн үед гэрээсээ Цагаан гол орж хүнд хонь аваачиж өгчихөөд гэр рүүгээ харьж яваад нутгийн ах Төрмөнхтэй таарсан. Тэгээд бид хоёр Баян-Агт сумын Цагаан гол гэх газар руу дэлгүүр орж архи авах гээд явсан. Тухайн үед Цагаан голын Рашаан дээр танидаг ах Мтай таараад бид хоёр дэлгүүрээс 2 шил 0,75 литрийн Вива нэртэй архи авсан. Тэгээд бид гурав авсан архиа голын эрэг дээр хувааж уусан. Уугаад байж байхад орой болоод М ах гэр рүүгээ явлаа гээд яваад өгсөн. Тэгэхээр нь би М ахын араас яваад олоогүй. Буцаад явж байхад голын хажууд Приус маркийн саарал өнгийн машин байсан. Би тэр машин дээр очоод хаалгыг нь татахад онгорхой дотор нь хүн байхгүй байсан. Тэгээд би машин дотор ороод голын хайрцгийг нь онгойлгоход хүрэн өнгийн жижиг цүнх байсан ба уг цүнхийг онгойлгоод 2 ширхэг гар утас болон 30000 төгрөг хулгайлсан. Тэгээд Төрмөнх ах дээр очоод унтсан. Унтаж байхад нөгөө машины хүмүүс ирээд хулгай хийсэн гээд бариад авсан. Булган аймгийн Баян-Агт сумын хэсгийн төлөөлөгч ирээд М ах, Төрмөнх ах бид гурвыг аваад явсан. Тухайн үед голын эрэг дээр байсан машинаас авсан бэлэн 30000 мянган төгрөгөө гаргаж өгсөн. Би хулгай хийсэн 2 ширхэг гар утсаа тухайн үед авч яваад голруу шидсэн гэх мэдүүлэг /хх-н 42-44 тал/, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн эд зүйлийн үнэлгээгээр 1. Аая фоне 4 эйс утас, 1 ширхэг, 200,000 мянган төгрөг, хуучин, 2. Сам Сунг Галакси утас 1 ширхэг, 600,000 мянган төгрөг, хуучин, 3. Бэлэн 30000 мянган төгрөг, /20 мянгатын дэвсгэрт нэг ширхэг, 10 мянгатын дэвсгэрт нэг ширхэг/ гэх дүгнэлт /хх-н 37 тал/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар тогтоох тогтоол /хх-ийн 1-р тал/, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн 4 тэмдэглэл /хх-ийн 6-15 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 16-18 тал/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 38-39 тал/, хувийн баталгаа /хх-ийн 41 тал/, яллагдагчийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд /хх-ийн 45-47 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 тал/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 50-51 тал/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв. Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Д.М*******ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Д.М******* нь 2017 оны 7 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Булган аймгийн Баян-Агт сумын 4 дүгээр багийн нутагт байрлах “Цагаан гол” гэх амралтын газрын Хануй голын эрэг дээр байрлуулсан байсан 46-27 УНВ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл дотроос эд зүйл хулгайлан авч 830000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг, хохирогч Г.Энхтэс, гэрч С.О, Т.Л, Б.Төрмөнх, Н.М нарын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх бөгөөд прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч Д.М*******ийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.М*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.М*******ийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон бусад хувийн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлэн оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.М******* нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Д******* овогт Д******* М*******ийг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Д.М*******ийг нэг жилийн хугацаагаар тэнсэж, тус хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар Д.М******* нь тэнсэгдсэн нэг жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах талаар тайлбарласугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Д.М******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД